Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01968

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/01968

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.А-т холбогдох,

 

20,910,980 төгрөг гаргуулах, түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилга, эд хогшил болох сэнс, кассны ширээ, хөргөгч, гоёлын гэрэл, богино долгионы цахилгаан зуух /пэйж/, ус цэвэршүүлэгч, тарагны сав, асрыг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, машинаа барьцаанд тавьсны улмаас учирсан хохирол, түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл, цахилгааны төлөгдөөгүй төлбөр, дэлгүүрийн хөргөгчийг засуулсан зардал нийт 18,807,067 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Ж.Ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь Ж.Ад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр 575,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 480,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 156,800 төгрөг, 2019 оны 09 дүгээр 13-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 52,700 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 600,000 төгрөгийг зээлдүүлснээр нийт 2,864,500 төгрөг болсон.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Ж.Ад Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдан борлуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл хийж, Э.О гэх хүнд 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Автомашиныг худалдан борлуулах явцад запас дугуй болон автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688,000 төгрөг болон тухайн автомашиныг зарах үедээ үнийн дүнгээс надад 1,500,000 төгрөг шилжүүлж, нийт 9,188,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага нь 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Ж.Агийн эзэмшлийн Жигжидийн уулзварт байрлах мах сүүний төрөлжсөн худалдаа дэлгүүрийг аман тохиролцоогоор тохиролцож, ажиллуулж байсан бөгөөд уг дэлгүүрийн засварт зориулж 3,291,800 төгрөгийг материалд зарцуулсан. Ажилчдын цалин хөлсөнд 1,950,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд уг хөрөнгийг хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн. Уг засварын мөнгийг Ж.А мэдэж байгаа бөгөөд тухайн засварын мөнгийг төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нийт засварын мөнгө болон ажилчдын цалин хөлс 5,241,800 төгрөг болсон.

Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Агийн эзэмшлийн дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн дэлгүүрийн 6,7,8 саруудын барааг Ж.Ад зээлж өгсөн. Тухайн барааны мөнгийг өдөр өдрийн орлогоос миний орлогын дэвтэр болон дансны дэвтэр дээр зарлага гэж бичүүлж Ж.А надаас өөрөө зээлж хэрэглэдэг байсан. Тухайн 3 дугаар сард надаас зээлж хэрэглэсэн мөнгө нь 1,212,880 төгрөг. Тухайн дэлгүүрийг би 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэсэн. Түрээс дуусаад 08 дугаар сарын 31-ний өдөр гарахад Ж.Ад зарагдаагүй зарах ёстой байсан 2,403,800 төгрөгийн үнэ бүхий барааг тооллогоор хүлээлгэж өгсөн. Эдгээр мөнгө нь нийтдээ 3,616,680 төгрөг болсон.

Нэхэмжлэлийн тав дахь шаардлага нь Ж.Агийн эзэмшлийн зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа би дараах эд зүйлийг шаардлагатай гэж үзэн худалдаж авсан. Худалдаж авсан эд зүйлсээ би дэлгүүрээс нь аваагүй орхисон. Эдгээр зүйлсэд шинжээч томилуулан үзлэгт хамруулсан. Худалдаж авсан зүйлсэд сэнс 150,000 төгрөг, кассын ширээ 250,000 төгрөг, хөргөгч 1,950,000 төгрөг,засвар хийсний дараа дээврийн гоёлын гэрэл нэг ширхэгийг 30,000 төгрөгөөр буюу 5 ширхэг гэрэл 150,000 төгрөг, цагаан пеж 150,000 төгрөг, ус цэвэршүүлэгч 100,000 төгрөг, тарагны сав 4 ширхэг 25,000 төгрөг, гадна асар 350,000 төгрөгөөр тус тус худалдаж авснаар нийт 3,150,000 төгрөг болсон. Нийт нэхэмжлэлийн тав нь шаардлагын хүрээнд 24,060,980 төгрөг байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлага болгон дээр тайлбар хэлье. Нэгдүгээрт 2,864,500 төгрөгийн тухайд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А нь Эмеральд Файнанс ХХК-д Ж.Агийн эзэмшлийн 5460 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12,000,000 төгрөг авсан бөгөөд энэхүү зээлээ тухайн үед барагдуулаагүй. Энэ хугацаанд ямар нэг байдлаар мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Шаардаж байсан зүйл нь барьцаанд тавьсан автомашинаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Тийм учраас Г.Агаас Ж.А нь 2,864,500 төгрөгийг зээлж авсан нөхцөл байдал байхгүй. Энэ асуудлаараа Цагдаагийн байгууллагад хандаж гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А Эмеральд Финайнс ХХК-д миний эзэмшлийн 5460 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12,000,000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү зээлээсээ тал төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг миний бие өөрөө төлж барагдуулсан байдаг. Г.А надтай тухайн 12,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай зээлийн гэрээ үйлдсэн. Тухайн зээлийг бүрэн төлөхөө илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан. Эмеральд Финайнс ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрийг Г.А төлж байсан бөгөөд эхний хэдэн сарын төлбөрийг төлж байгаад огт төлөхөө больсон. Эмеральд Финайнс ХХК зээлийн эргэн төлөлтийг төлөгдөхгүй байна гээд миний бие өөрийн эзэмшлийн автомашиныг хуурч мэхлэн, залилах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Г.Аг Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан боловч Баянгол дүүргийн прокуророос 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаартай хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоолоор учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан.

Миний бие өөрийн эзэмшлийн 5460 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас гаргуулан авсан 10,000,000 төгрөг, үүнээс 9,500,00 төгрөг нь зээлийн төлөлтөд, 500,000 төгрөг нь тухайн грашийн төлбөрт төлөгдсөн. Эмеральд Финайнс ХХК-д төлсөн мөнгөний баримтыг сөрөг нэхэмжлэл гаргахдаа баримтаар шүүхэд өгсөн. Мөн Г.А нь 12,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж зээлийн гэрээг бичгээр байгуулсныг нотлох баримтаар өгсөн.

Хоёрт Г.А нь 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд ажилчдын анги байрыг ашиглаж байсан бөгөөд энэхүү хугацааны сарын төлбөрөөс 500,000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд нийт 12 сарын хугацаанд бодохоор 6,000,000 төгрөг болдог. Энэхүү мөнгийг нэхэмжлэх шаардлагын үндэслэл нь тухайн аж ахуйн зориулалтаар ашиглалтад газартай нь түрээслэсэн бөгөөд Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3-т тус тусад нь үнэлж, түрээсийн төлбөрийг авахаар зохицуулсан үндэслэлээр Г.Агаас 6,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд дэлгүүр нь тус тусдаа төлбөр төлдөг гурав нь цахилгааны кодтой, ажилчдын байрны код, дэлгүүрийн махны код, дэлгүүрийн сүүний код гэж байдаг. Энэхүү дэлгүүрийг түрээслэж буй Г.А нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлж байгаад 2019 оны цахилгааны төлбөрийн үлдэгдэл 400,500 төгрөг, 400,000 төгрөг 505,000 төгрөгийг тус тус төлөлгүй дэлгүүрийг хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд Г.А нь дэлгүүрийн 3 кодыг өөрийн нөхөр Ж.Тын нэр дээр шилжүүлэн цахилгааны төлбөрөө төлж байсан. Энэхүү төлөөгүй үлдэгдэл цахилгааны төлбөр болох нийт 1,307,067 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Төлсөн баримтаа сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан. Иймд өөрийн төлсөн 1,307,067 төгрөгийг нэхэмжилж байна. Дөрөв дэх шаардлагын тухайд Г.А зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх 3 жилийн хугацаанд мах, сүүний хөргөгч нь ашиглалтын буруугаас болж гэмтсэн асуудал байдаг. Засварын төлбөр болох 1,500,000 төгрөгийг Чиглэл ХХК-д төлсөн байдаг. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 18,807,067 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ж.Агийн нэхэмжилж байгаа Эмеральд Финайнс ХХК-д барьцаалж 12,000,000 төгрөгийг намайг авсан гэж байна. би үүнийг надад огт хамааралгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Ж.А Эмеральд Финайнс ХХК-иас өөрийн гарын үсгээр зээл авсан байдаг. Тийм учраас надад огт хамааралгүй. Мөн 12,000,000 төгрөгийн зээл авсан гэсэн миний гарын үсэгтэй эх бичгийг миний хүслээс гадуур ашиглаж байна гэж үзэж байна. Үүнийг Ж.А нь надад хэлэхдээ эгч нь нөхөртөө үзүүлэх гэсэн юм, миний дүү бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өөрийнх нь гар бичмэл хуулбарыг би дуурайлган хуулбарлан бичиж өгсөн. Хоёр дахь шаардлагын тухайд 2017-2019 оны бүх саруудад мах, сүүний ажилчдын байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед бэлнээр болон дансаар төлж байсан. 2021 оны 05 дугаар сард 12 сарын ажилчдын байрны түрээс гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл 6,7,8 дугаар сар буюу гуравхан сар түрээслэдэг. 3 жилийн хугацаанд 9 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд би ямар ч өр төлбөргүйгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Гурав дахь шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулах үед тогны мөнгөний төлбөр гаргасан гэсэн. Энэ тогны төлбөрийг тухайн сар болгон төлөхгүй бол Зуслан хэрэглэгчдийн төвөөс надад өдөр болгон тог тасална гэсэн мессеж ирдэг. Мөн манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож болно. Дэлгүүрт байгаа мах, сүү нь амархан муудах хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр нэг ч өдрийн тогны төлбөрийг би төлөхгүй байна гэж байхгүй учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна. Дөрөв дэх шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхад хөргөгч бүрэн эвдрэлгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэвийн үйл ажиллагаатай хөргөгчийг хөлдүү мах, сүү болон хүнсний бүтээгдэхүүний хамт хүлээлгэж өгсөн. Тийм учраас 2020 оны 05 дугаар сар хүртэл өөрөө ажиллуулж байх явцдаа эвдрэлд гарсан зардлаа надаас нэхэмжилж байна. Тэгэхээр би эдгээр сөрөг нэхэмжлэлд хамааралгүй, тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А хариуцагч Ж.Ад холбогдуулан түүнд зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэгт 2,864,500 төгрөг, гэр бүлийн дундын өмч болох тээврийн хэрэгслийг итгэмжлэн заруулсан үнийн дүнгийн зөрүү төлбөр 9,188,000 төгрөг, Ж.Агийн дэлгүүрийг түрээсэлж байхдаа түүний зөвшөөрөлтэй хийсэн засан сайжруулалт, засварын төлбөрт 5,241,800 төгрөг, Ж.Ад дэлгүүрийг шилжүүлэх үед хүлээлгэж өгсөн бараа болон зээлээр худалдсан барааны нийлбэр үнэ 3,616,680 төгрөг, түрээсийн гэрээ дуусгавар болоход дэлгүүрт үлдээсэн тавилга, хогшлыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилга, хогшлын үнэ 3,150,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байсан боловч нэхэмжлэлийн сүүлийн шаардлагыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр өөрчилж, эдгээр тавилгууд одоо байгаа учир тэр чигээр нь буцаан гаргуулахаар нэхэмжилсэн болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин Хариуцагч Ж.Агийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн уулзварт байрлах хүнсний дэлгүүрийг түрээсэлж байсан боловч түрээсийн гэрээ дуусгавар болсон. Уг гэрээг хүчинтэй байх үед удаан хугацаагаар түрээслэнэ гэсэн төсөөлөлтэй байсан тул засвар хийж, дэлгүүрийн байдлыг илт сайжруулсан. Харин тэдгээрийн хооронд үл ойлголцол үүсэж гэрээ үргэлжлэх боломжгүй болсон. Иймд түрээсийн гэрээний хугацаанд хийсэн засварын үнэ, дуусгавар болгох үед хүлээлцсэн бараа бүтээгдэхүүний үнэ, дэлгүүрийг түрээсэлж байхад Ж.Агийн зээлж авсан барааны үнэ зэргийг нэхэмжилнэ. Түүнчлэн Ж.Атай сайн харилцаатай байх үед түүний авсан зээлийн төлбөрт ББСБ-д шилжүүлсэн болон Ж.Ад шилжүүлж байсан мөнгөн төлбөр зэргийг түүнд зээлдүүлсэн мөнгө гэж үзэж шаардана. Азаа нь нэхэмжлэгч Г.Агийн нөхөр Ж.Тодролын нэр дээр байдаг автомашиныг борлуулж өгөөд тэдэнд шилжүүлээгүй үлдсэн үнийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хүнсний дэлгүүр түрээслэх харилцаа үүссэн нь үнэн. Гэвч дэлгүүрийг түрээсэлж байх хугацаанд засвар хийх зөвшөөрлийг өгөөгүй. Иймд түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хийсэн засварт тооцогдох тул энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Дэлгүүрийг хүлээлцэх үед үлдээсэн бараа бүтээгдэхүүнтэй тэнцэх үнийг Г.Агийн төлөх ёстой төлбөр байсан сүүний төлбөрт тооцон түүний өмнөөс сүүний худалдаачинд шилжүүлсэн. Одоо энэ талаар ямар нэг төлбөрийн үлдэгдэлгүй. Гэр бүлийн дундын өмчийг нь итгэмжлэлээр бусад этгээдэд зарж борлуулсан нь үнэн бөгөөд машины төлбөрийг Г.Атай хамтран үүсгэсэн өрийг төлөхөд зарцуулсан. Ийнхүү төлөхийг Г.А нь зөвшөөрсөн. Г.Агаас ямар нэг зээл аваагүй. Харин бизнес санаа нь амжилтгүй болсны улмаас түүний өмнөөс миний бие өрөнд орсон. Уг зээлийн төлбөрийг бид хамтран хариуцах учиртай байсан. Иймд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхгүй гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Хариуцагч 18,807,067 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг шаардлагаа дэмжин Г.Агийн өмнөөс Эмеральд Файнанс ХХК-нд зээлийн гэрээ байгуулж, машинаа барьцаанд тавьсан бөгөөд зээлийг төлж машиныг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд өөрөөсөө 10,000,000 төгрөг зарцуулсан. Г.А нь дэлгүүрээс гадна ажилчдын байр түрээсэлж байсан. Тус байрны түрээсийн төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр, 12 сарын хугацаагаар тооцвол 6,000,000 төгрөгийг гаргуулах үндэстэй. Г.А түрээсэлж байх хугацаандаа дэлгүүрийн цахилгааны төлбөр 1,307,067 төгрөг төлөөгүй орхисныг шаардана. Түүнчлэн дэлгүүрийн хөргөгчийг эвдсэн байсныг 1,500,000 төгрөгөөр засуулсан үнийг нэхэмжлэх үндэстэй гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Ж. Азаагийн Эмеральд Файнанс ХХК-тай байгуулсан гэрээ өөрийнх нь асуудал тул Г.А хариуцахгүй, ажилчдын байрны түрээсийн төлбөрт сар бүр 150,000 төгрөг төлж байсан бөгөөд 500,000 төгрөгийг төлөх тохиролцоо байгаагүй. Цахилгааны төлбөрийг бүгдийг төлж барагдуулсан, түрээсэлж байх хугацаанд хөргөгч хэвийн ажиллаж байсан гэх хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаас үзвэл зохигчдын хооронд хэд хэдэн төрлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, төлөөллийн харилцаа түүнчлэн хууль ёсны эзэмшлээс үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Эдгээр шаардлагуудыг нотлох баримт, зохигчдын тайлбарын уялдаа холбоонд суурилан үйл баримтын дараах дарааллаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

1.    Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн зуслангийн уулзварт байрлах Мах, сүүний төрөлжсөн дэлгүүрийг түрээслэхээр тохиролцон нэхэмжлэгч Г.А уг дэлгүүрийн үйл ажиллагааг дээрх гурван сарын хугацаанд эрхлэн явуулсан байна. Зохигчид энэ талаар маргаагүй. Уг үйл ажиллагааг явуулах хугацаандаа Г.А, Ж.А нар нь тус бүрийн бизнесийг өргөжүүлэх, хэрхэн ашигтай хамтран ажиллаж болох талаар санал бодлоо хуваалцдаг, дэлгүүрийн үйлчилгээ болон хувийн асуудлаараа ойлголцон ажилладаг анд нөхдийн харилцаатай байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Улмаар дэлгүүрийн үйл ажиллагааг Г.А албан ёсоор эрхлэн явуулж эхлэхээс өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ж.А Эмеральд Файнанс ХХК-аас 12,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан байна. /хх-ийн 184, 185 дугаар тал/

 

Шүүхэд үүссэн зохигчдын хоорондын маргаан Ж.А, Эмеральд Файнанс ХХК нарын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, түүний эргэн төлөлтийн зөрчлөөс үүдэлтэй байна. Хэдийгээр нэхэмжлэгч Г.А уг зээлийн гэрээг Ж.А өөрийн хүсэл зоригоор, өөрийн нэрээр Эмеральд Файнанс ХХК-тай байгуулсан тул тус байгууллагын өмнө хүлээсэн зээлийн болон барьцааны гэрээний хариуцлагаа өөрөө хүлээх учиртай хэмээн тайлбарлаж байх боловч тэрээр уг зээлийн гэрээг байгуулах үед Ж.Атай хамт байж тухайн зээлийн үр дүнгийн тухайд ашиг сонирхол бүхий байсан нь дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд:

    зээл авах үйлдэлд идэвхтэй тусалж машиныг барьцаанд тавих зардлыг шилжүүлсэн (зээлийн гэрээ байгуулсан 2019.05.16-ны өдөр 500,000, 25,000, 20,000, 30,000 төгрөг, нийт 575,000 төгрөгийг Ж.Аийн 5065289115 дугаартай дансруу машинд, машины нэр шилжих зэрэг утгаар шилжүүлсэн, хх-ийн 29, 30, 97 дугаар тал),

    тухайн зээлийн зарим эргэн төлөлтийг Ж.Агийн өмнөөс хийсэн (156,800, 480,000, 500,000, 500,000, 52,700 төгрөг буюу нийт 1,689,500 төгрөгийг 2019.09 дүгээр сард Эмеральд Файнанс ХХК-ийн 5009772472 дугаартай дансанд хийсэн, хх-ийн 13-17, 97 дугаар тал),

    зээлийн дүн болох 12,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг нь өөрийн дансруу авсан (2019.05.16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, хожим 4,500,000 төгрөгийг Азаагаас Ариунаа шилжүүлэн авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан болон мөнгө хүлээн авсан дансны хуулгууд нь эрүүгийн хэрэгт авагдсан түүний мэдүүлэгтэй тохирч байгаа),

    Ж.Аг зээл авах үед Г.А нь сүлжээний бизнест холбогдсон талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна (энэхүү тайлбар нь эрүүгийн хэрэгт өгсөн түүний өөрийн мэдүүлэгтэй тохирч байна)

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ж.А нар нь Ж.Агийн Эмеральд Файнанс ХХК-аас авсан зээлийг хамтран ашиглах, хэдийгээр зээлийн гэрээг Ж.Агийн нэрээр байгуулж, түүний автомашиныг барьцаалсан боловч зээлийн эргэн төлөлтийн талаар Ж.Агийн өмнө Г.А тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээхээр зөвшилцсөн нэрлэгдээгүй гэрээний тохиролцоо зохигчдын хооронд байсан гэх үндэстэй байна. Шүүх дээрх дүгнэлтийг эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт суурилж гаргаагүй харин уг мэдүүлгээр яригдсан зүйлс нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар цуглуулсан нотлох баримт болон зохигчдын тайлбартай тохирч байгааг тэмдэглэж байна.

 

2.    Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.Агийн Эмеральд Файнанс ХХК-аас авсан зээлийн гэрээтэй холбоотойгоор Ж.Агийн өмнө хүлээсэн хариуцлагын хэмжээг тодорхойлохын тулд хэрэгт бүрэлдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг задлан шинжлэх замаар уг тохиролцоог хийх үеийн зохигчдын хүсэл зоригийн байдлыг тогтоох нь зүйтэй байна. Дээр дурдсанчлан Ж.А Эмеральд Файнанс ХХК-аас зээлийн дүнг авсан өдрөө 3,000,000 төгрөгийг Г.Ад шилжүүлсэн /3,000,000 төгрөгийг 5029228756 тоот данснаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.Ад шилжүүлсэн дансны хуулга хх-ийн 30 дугаар талд авагдсан байх ба хх-ийн 154 дүгээр талд авагдсан хуулгаар тус данс нь Ж.Агийн данс болох нь тогтоогдож байна/ ба хожим 4,500,000 төгрөгийг 2,000,000 төгрөг /2019.05.20-ны өдөр хх-ийн 31 дүгээр тал/ болон 2,500,000 төгрөг /2019.05.24-ний өдөр, хх-ийн 32 дугаар тал/-өөр хоёр салгаж Ж.Агаас түүнд нэмж шилжүүлсэн талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан /2021.09.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-р тал/. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Ж.Агаас нийт 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу Ж.А нь зээлээс 4,500,000 төгрөгийг өөртөө үлдээсэн үйл баримт тогтоогдож байна.

Улмаар Ж.Агийн ББСБ-аас авсан зээл нь хугацаатай, хүүтэй зээл байх ба тус зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тогтосноос үзвэл 6 сарын дараа ББСБ-д 14,928,000 төгрөгийг төлөх үүргийг Ж.А хүлээсэн байна. Харин Ж.А болон Г.А нарын хооронд байгуулсан нэрлэгдээгүй гэрээний хувьд Г.А нь Ж.Агийн өмнө 7,500,000 төгрөгт холбогдох хариуцлагыг буюу хүүгийн хамт нийт 9,348,000 төгрөгийн хариуцлагыг хүлээхээр тохирсон гэж дүгнэхээр байна. Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ж.А нарын хооронд хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан, эсхүл Г.А нь банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэж шүүх дүгнээгүй. Гагцхүү Г.А болон Ж.А нарын хооронд Ж.Агийн ББСБ-тай байгуулсан гэрээний үүргийг хуваан хариуцах талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж үзэж байна.

 

3.    Энэхүү нэрлэгдээгүй гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч Г.А нь Ж.Ад нийт 10,764,500 төгрөг /1,689,500+575,000+8,500,000/-ийг төлсөн гэж үзэх үндэстэй байна. Тодруулбал,

    Эмеральд Файнанс ХХК-нд 5 удаагийн гүйлгээгээр нийт 1,689,500 төгрөгийг (2019.09 дүгээр сард 156,800, 480,000, 500,000, 500,000, 52,700 төгрөгийн гүйлгээний хуулга, хх-ийн 13-17, 97 дугаар тал) шилжүүлсэн.

    Хариуцагч Ж.А Эмеральд Файнанс ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үед Ж.Агийн дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 575,000 төгрөг шилжүүлсэн.

    2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгөөр гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн машин зарагдсан дүн болох 10,000,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг Ж.А авсан байх ба машин зарж олсон төлбөрийг өнөөдрийг хүртэл Ж.Агаас шаардаагүй учир холбогдол ойлгомжгүй байна. Түүнчлэн иргэний журмаар хянан шалгах явцад бий болсон дээрх эргэлзээтэй нөхцөл байдал нь зохигчдын хооронд байгуулагдсан нэрлэгдээгүй гэрээний харилцаагаар тайлбарлагдаж байх ба эрүүгийн журмаар Г.А, Ж.А нарыг нүүрэлдүүлэн байцаахад Г.Агийн өгсөн ...машиныг худалдсан залуу 8,500,000 төгрөгийг Ж.А эгчид өгөөд ... маргааш нь Азаа эгч бид хоёр ББСБ дээр очиж 6,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулаад гэх мэдүүлэгтэй нийцэж байна.

 

4.      Дээр дурдсан 1-3 дахь хэсгийн дүгнэлтүүдээс Г.А нь хариуцагч Ж.Ад нэрлэгдээгүй гэрээгээр 9,348,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 10,764,500 төгрөгийг шилжүүлж, 1,416,500 төгрөгийн илүү төлөлт хийжээ. Иймд Г.Агийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаас 1,416,500 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хангах үндэстэй гэж үзлээ.

 

5.      Нэхэмжлэгч түүний гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулж олсон төлбөрийг тэдний гэр бүлд шилжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй дүн 9,188,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Бидний хамтын өмч учир нөхөрт ногдох хэсгийг ч би нэхэмжилж шаардах эрхтэй гэх агуулгаар мэтгэлцэж байна. Тэрээр машиныг Ж.А нь 10,000,000 төгрөгөөр бусдад худалдсан, тус автомашиныг худалдах үед дагалдах эд зүйл 688,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хамт зарагдсан. Гэвч машин болоод дагалдах эд зүйлсийг худалдан борлуулсан дүнгээс 1,500,000 төгрөгийг л Ж.Агаас хүлээж авсан тул үлдэх төлбөр 9,188,000 төгрөгийг нэхэх эрхтэй гэжээ. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзав. Нэхэмжлэгч Ж.Агаар машин заруулсан үндэслэлээ сайн харилцаатай байсны улмаас гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч хэргийн нөхцөл байдал, үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийж үзвэл тэрээр уг автомашиныг түүний Ж.Атай байгуулсан нэрлэгдээгүй гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс харилцан тохирч зарсан, энэ ч агуулгаар төлбөрийг хэрэглэсэн учир өнгөрсөн хугацаанд Ж.Агаас нэхэмжлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн машинд байсан бусад эд зүйлсийг зарснаас бий болсон мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэх боловч ямар эд зүйл тухайлан байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсангүй. Энэ талаар нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлсэнгүй.

 

6.      Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Зохигчдын хооронд дэлгүүр түрээслэх түрээслүүлэх харилцаа байсан. Уг гэрээний харилцааны явцад түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дэлгүүрт засвар хийсэн. Уг засварын үнийн дүн нийтдээ 9,741,800 төгрөг болсон. Үүнээс 4,500,000 төгрөгийг нь надад шилжүүлсэн, үлдэх 5,241,800 төгрөгийг нэхэмжилнэ /эцэслэн шийдсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр тал/ гэж тайлбарлаж байна.

 

Зохигчид шүүх хуралдааны явцад үл хөдлөх эд хөрөнгө буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн уулзвар гэх газарт байрлах хүнсний дэлгүүр болон ажилчдын байр гэх байшин сууцыг 3 сарын хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үйл явдал болсон талаар маргаагүй. Түүнчлэн уг дэлгүүрийн байшин болон ажилчдын байшингийн хаяг албан ёсоор баталгаажаагүй, газрын гэрчилгээ ч гараагүй хэдий ч эдгээр нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байсан гэж адил тайлбар гарган зөвшөөрч байна. Шүүх 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар уг байшингуудыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх лавлагааг гаргуулахаар захирамжлан шийдвэрлэсэн боловч эдгээр байшингийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр лавлагаа гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн. Түүнчлэн Ж.Агийн нэр дээр ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй талаар лавлагаанд дурдсан байна. Маргаан бүхий байшин, дэлгүүрийн хаяг, дэвсгэр газрын хаягийг зохигчдоос тодруулахад хэн аль нь хариулах боломжгүй, угаас албан ёсны хаяг олгогдоогүй, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий хөрөнгийн албан ёсны хаяг тодорхойгүй, эсхүл хаяггүй үед тэдгээр хөрөнгийн талаар лавлагааг аль ч байгууллагаас авах боломжгүй болохыг тэмдэглэж байна.

 

Шүүх шаардлагатай ажиллагааг хийж маргаан бүхий дэлгүүр ба байшингийн эрх зүйн нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээг хуулиар олгогдсон боломжит бүрэн эрхийн хүрээнд авсан хэдий ч эдгээр хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Түүнчлэн хариуцагч Ж.Агийн хууль ёсны өмчлөл, эсхүл эзэмшилд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдсангүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ гэж дүгнэх боломжгүй байна. Гэвч зохигчид 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Г.А дээрх хөрөнгийг бодитой мэдэлдээ байлган ашиглаж байсан үйл баримт, уг хөрөнгө нь өнөөдөр бодитойгоор оршин байгаа хөрөнгө болох үйл баримтын тухайд маргаагүй байна.

Иймд шүүх уг хөрөнгийг хөдлөх хөрөнгөтэй адилтган үзэж Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу дээрх хугацаанд Г.А нь хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр шударгаар эзэмшилдээ байлгасан гэж дүгнэв. Мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан байна.

Хавтаст хэргийн 4-18 дугаар талд авагдсан засан сайжруулалтыг хийхэд зарцуулсан зардлын баримтын нийлбэр дүн 1,356,500 төгрөг байна. Уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжтой байх ба үлдэх зөрүү дүн болох 3,885,300 төгрөгийг хангахаас татгалзав.

 

7.      Нэхэмжлэгч тооллогоор хүлээлгэж өгсөн барааны төлбөр, Ж.Ад зээлээр худалдсан барааны үнийн нийлбэрт 3,616,680 төгрөгийг нэхэмжилж байна. Тэрээр нэхэмжлэлийн энэ шаардлагаа дэмжин дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах үед хөтөлж байсан гар бичмэл бүхий дэвтрийн хуудсуудыг баримтаар гаргаж өгчээ. Хариуцагч шүүх хуралдаанд уг гар бичмэлийн Ж.Агийн бичиг биш гэж мэтгэлцсэний улмаас нэхэмжлэгч уг гар бичмэл нь Азаагийн бичиг мөн болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй шийдвэрлэсэн. Учир нь эдгээр гар бичмэлүүд Ж.Агийн бичиг мөн эсэх нь тогтоогдсоноор нэхэмжлэгчийн мэтгэж байгаа 3,616,680 төгрөг, эсхүл түүний зарим хэсгийг нотлох баримт болж чадахгүй байна. Уг баримтад гарчиг, огноо, үйлдсэн газрын талаар мэдээлэлгүй гагцхүү барааны нэрийг жагсааж бичсэн болно. Иймд гар бичмэлийн эзэн хэн болохыг тогтоох нь хэрэгт шууд ач холбогдолтой биш байна.

Харин хариуцагч талаас хариу тайлбартаа 585,300 төгрөгийн бараа үлдсэнийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байх /хх-ийн 141 дүгээр тал/ ба н.Жанцансамбуу гэх хүнд сүүний төлбөрт уг мөнгийг Г.Агийн өмнөөс төлснөөр үүрэг харилцан тооцогдсон гэж маргажээ. Гэвч хэрэгт хариуцагч нь н.Жанцансамбууд уг төлбөрийг шилжүүлж байсан талаар аливаа баримт авагдаагүй байна. Иймд түүний хүлээн зөвшөөрсөн үлдэгдэл барааны үнэ гэх 585,300 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэх юм.

 

8.      Нэхэмжлэгч шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дэлгүүрийн түрээсийн хугацаа дуусаж хүлээлгэж өгөх үед дэлгүүрт үлдээсэн 8 төрлийн хөдлөх эд хөрөнгө буюу сэнс, кассны ширээ, хөргөгч, гоёлын гэрэл, богино долгионы цахилгаан зуух, ус цэвэршүүлэгч, тарагны сав, асрын үнэ 3,150,000 төгрөгийг гаргуулахаар дурдсан боловч 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн эдгээр хөдлөх эд хөрөнгийг одоо байгаа байдлаар нь буцаан авахаар шаардсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн болно. Иймд зохигчдын эвлэрлийг баталж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцнэ.

 

Сөрөг шаардлагын талаар:

 

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 18,807,067 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үл баримт, дор дурдсан хууль зүйн дүгнэлтийн үндсэн дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 184,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.  Хариуцагч Ж.А өөрийн эзэмшлийн 5460 УНП усын дугаартай тээврийн хэрэгслийг Эмеральд Файнанс ХХК-иас өөрийн авсан зээлийн барьцаанд тавьсан үйлдэлдээ Г.Аг буруутган тус гэрээний дагуу Эмеральд Файнанс ХХК-нд төлсөн зээлийн төлбөр 9,500,000 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас түүнд учирсан хохирол болох гаражийн төлбөр 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг тус нэхэмжлэгч Г.Агаас гаргуулахаар нэхэмжлэлийн эхний шаардлагаа тодорхойлжээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагатай холбогдуулан Г.А болон Ж.А нарын хооронд үүссэн харилцааг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэн Г.А нь Ж.Агийн Эмеральд Файнанс ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй, харин Ж.Атай байгуулсан нэрлэгдээгүй гэрээний харилцаанд түүний өмнө 9,348,000 төгрөгийн хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэж, уг төлбөрөө нэгэнт төлж барагдуулсан талаар дүгнэсэн. Иймд хариуцагч Ж.Агийн нэхэмжлэгч Г.Агаас нэхэмжилж байгаа дээрх шаардлага буюу 10,000,000 төгрөгийг Г.Агаас гаргах шаардлага хангагдах үндэслэлгүй.

 

2.  Хариуцагч Ж.А нэхэмжлэгчид холбогдуулан 3 жилийн хугацаанд буюу жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэг жилд 4 сар, нийт 12 сарын хугацаатай ажилчдын байр ашиглаж байсны төлбөрийг төлөөгүй. Нэг сард 500,000 төгрөгөөр тохирсон учир нийт 6,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч дээрх хугацаанд ажилчдын байр гэх байшинг хөлсөлж байсан үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд харин энэ хугацаанд тус байшинг сарын 150,000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн. Улмаар энэ төлбөрийг 200,000, 250,000 төгрөгөөр төлж байсан, ийнхүү төлсөн тухай баримтыг хавсаргасан гэжээ. Хавтаст хэргийн 205, 206 дугаар талд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотолсон мөнгөн гүйлгээний баримт авагдсан байх ба хариуцагч Ж.Агийн дансанд зуслангийн байр түрээс гэх утгаар 2 удаагийн гүйлгээгээр 450,000 төгрөгийг шилжүүлжээ. Харин хариуцагч талаас зуслангийн байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлслүүлсэн гэх нотлох баримт авагдаагүй. Энэ талаар нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

 

3.  Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүнсний дэлгүүрийг түрээсэлж байх хугацааны цахилгааны төлбөрийг дутуу төлсөн гэх үндэслэлээр цахилгааны үлдэгдэл төлбөр 1,307,067 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн тус шаардлагын нарийвчилсан үндэслэл, үйл баримтын талаар шүүх хуралдаанд тайлбарлаж сайтар чадахгүй байх бөгөөд чухам аль сард холбогдох хэдэн төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаагаа ерөнхий байдлаар тайлбарлаж байна. Тэрээр Г.А нь амьдрах байшин хөлсөлж нэг дэлгүүр ажиллуулж байсан, эдгээр нь 9711293, 9500953, 9500689 кодтой хэрэглэгчдийн 3 цахилгааны тоолууртай байсан гэжээ. Гэвч хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж байх бөгөөд түүнийг дэлгүүрийг ажиллуулж байх хугацаанд хамаарах 9711293, 9500953 хэрэглэгчийн код бүхий тоолуурын гүйлгээг мэднэ. Энэ тоолуурт бичигдсэн цахилгааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр цахилгааны төлбөрт холбогдох хэсгээс 184,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Үүнд:

a)  9711293 хэрэглэгчийн кодтой цахилгааны төлбөрт нийт 401,511 төгрөгийг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 9711293 дугаартай кодтой хэрэглэгчийн цахилгааны төлбөр 217,411 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бичигдсэн цахилгааны төлбөр 184,100 төгрөг байна. Нэхэмжлэгч Г.А эдгээр 08 дугаар сарын 16-ны өдрийн цахилгааны төлбөр болох 217,411 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлан холбогдох нотлох баримтыг ирүүлсэн нь хавтаст хэргийн 209 дүгээр талд авагдсан байна. Иймд энэ хэсгээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

b)    Харин 09 дүгээр сарын 15-ны өдөр бичигдсэн 184,100 төгрөгийн төлбөрийг Г.А хэрхэн төлсөн талаар баримт үгүй байна. Цахилгааны төлбөрийн бичилт нэг сараар ухарч бичигддэг бөгөөд 09 дүгээр сарын бичилтийг 08 дугаар сарын цахилгааны хэрэглээ гэж тооцох нь үндэслэлтэй. Хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан баримтаас харвал эцсийн үлдэгдэл 36,95 төгрөг гэж байх ба төлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн байх тул уг төлбөрийг эрх бүхий байгууллагад нь Ж.А Г.Агийн өмнөөс төлж барагдуулсан гэх тайлбар үндэстэй байна.

Шударга эзэмшигч Г.А эд хөрөнгийг эзэмшиж байх хугацаанд эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахтай холбогдож өөрөөс гарсан зардлыг эрх бүхий этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч дэлгүүрийг ажиллуулж, эзэмшиж байх хугацаанд гаргасан цахилгааны зардал нь эдгээр зардлын аль нэгэнд тооцогдохгүй. Энэ нь эд хөрөнгийн үр шимийг олж авахын тулд шударга эзэмшигчээс гарсан зардал байх бөгөөд уг эд хөрөнгийг ашиглаж тодорхой орлого олсон бол үүнтэй холбоотой зардлаа өөрөө хариуцах нь иргэний эрх зүйн шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ агуулгаар тэрээр эд хөрөнгийг ашиглаж байх хугацаанд гарсан цахилгааны зардал 184,100 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулах үндэстэй байна.

c)    9500689 кодтой цахилгааны тоолуурт бичигдсэн 500,166 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Г.А хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр дээрх цахилгааны тоолуурын 9711293, 9500953 дугаартай кодуудтай цахилгааны тоолуурыг өөрөө хариуцдаг байсан, гуравдахь код буюу 9500689 кодод бичигдсэн төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна. Тус кодны хэрэглэгчийн нэр Батзогсохын Арвинбуудай гэж бүртгэгдсэн байх ба энэ нь хэрэгт хамааралгүй этгээд байна /хх-ийн 148 дугаар тал/ Иймд хэрэглэгчийн 9500689 кодтой цахилгааны төлбөр Г.Агийн эзэмшиж, ашиглаж байсан байшингуудад хамаарна гэх баримт хэрэгт үгүй гэж үзэж шүүх уг нэхэмжлэлийг хангахаас татгалзав.

d)    9500953 хэрэглэгчийн кодтой цахилгааны төлбөрийн тухайд Г.А өөрөө хариуцагч байсан талаараа шүүх хуралдаанд тайлбарласан байхын зэрэгцээ энэ тоолуурын төлөлтийг хийж байснаа нотолж баримт гаргаж өгсөн байна. Уг тоолуурын маргаан бүхий хугацаанд хамаарах нийлбэр дүн 833,324 төгрөг байх бөгөөд үүнээс 400,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлж өнөөдрийг хүртэл эцсийн үлдэгдэл нь 433,275 төгрөг гарчээ. Өөрөөр хэлбэл уг цахилгааны төлбөрийг Г.А хариуцан арилгах үндэстэй байх боловч уг төлбөрийг Ж.А Г.Агийн өмнөөс төлж барагдуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлагыг энэ хэсгээр хангах үндэсгүй байна. Энэ төлбөрийг Ж.А төлөөгүй байх тул түүнд хохирол бодитой учраагүй байна. Ирээдүйд төлөх нь гарцаагүй гэх дүгнэлтийг шүүх урьчилан гаргах хууль зүйн боломжгүй.

 

4.  Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгч нь дэлгүүрийг ажиллуулж байхдаа дэлгүүрт тавигдсан хөргөгчийг эвдсэний улмаас засварчинд өгч засуулсан зардал 1,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Хавтаст хэргийн 149 дүгээр талд хөлдөөгч засварлаж 1,500,000 төгрөгийн тооцоо гарсан талаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чиглэл ХХК нь тодорхойлолт үйлдсэн нь нотлох баримтаар авагдсан байх боловч энэ нь дэлгүүрийн хөлдөөгч мөн эсэх, хөлдөөгчийг Г.А ашиглаж байсан эсэх, эвдрэл гэмтэл нь түүний ашиглалтад байх хугацаанд тохиолдсон эсэх гэх мэт олон асуултад хариулт өгөх баримт биш болно.

 

Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 184,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрт холбогдох хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу хариуцагч Ж.Агаас 3,357,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,553,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Агаас 184,100 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Ад олгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,229,967 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 5 дахь шаардлага буюу 3,150,000 төгрөгт холбогдох шаардлагыг өөрчилж 8 төрлийн хөдлөх эд хөрөнгө буюу сэнс, кассны ширээ, хөргөгч, гоёлын гэрэл, богино долгионы цахилгаан зуух, ус цэвэршүүлэгч, тарагны сав, асрыг эзэмшилдээ буцаан авах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно. Иймд анх тодорхойлсон 24,060,980 төгрөг гаргуулах тухай мөнгөн шаардлагын үнийн дүн 20,910,980 төгрөг болсон гэж үзнэ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 5 дахь хэсэг буюу дээр дурдсан 8 төрлийн хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу зөвшөөрлийг баталж энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 6,173 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу хариуцагч Ж.Агаас 3,357,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,553,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Агаас 184,100 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Ад олгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,229,967 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүндсэн нэхэмжлэлийн шаардлагын 5 дахь хэсэг буюу дээр дурдсан 8 төрлийн хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 6,173 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА