Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01445

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01445

 

 

Г.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01283 дугаар шийдвэртэй,

Г.А-гийн нэхэмжлэлтэй

Ж.А-д холбогдох

Гэрээний үүрэг, хохиролд 20,910,980 төгрөг гаргуулах, эд хөрөнгө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Гэрээний үүрэг, хохиролд 18,807,067 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Ж.А-, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.А- нь Ж.А-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 2,864,500 төгрөгийг зээлдүүлсэн.

1.2. Ж.А-д Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.А-д итгэмжлэл хийж өгсний үндсэн дээр Ж.А- нь Тоёота приус-20 маркийн автомашиныг Э.Отгонбаярт 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс 1,500,000 төгрөг өгч, үлдэх 8,500,000 төгрөгийг өгөөгүй.

Автомашиныг худалдан борлуулах явцад запас дугуй болон автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688,000 төгрөгийг машины үлдэх төлбөрийн хамт нийт 9,188,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

1.3. Г.А- нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ж.А-гийн эзэмшлийн, Жигжидийн уулзварт байрлах мах, сүүний төрөлжсөн худалдааны дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан бөгөөд уг дэлгүүрийн засварт зориулж 3,291,800 төгрөгийг материалд зарцуулсан. Засварын ажлын хөлсөнд 1,950,000 төгрөгийг зарцуулж нийт, зардал 5,241,800 төгрөг болсон. Ж.А- нь засварын мөнгийг төлнө гэсэн боловч төлөөгүй.

1.4. Г.А- нь дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байхдаа 6, 7, 8 саруудад Ж.А-д 1,212,880 төгрөгийн бараа зээлсэн. Дэлгүүрийг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Г.А- түрээсэлсэн. Түрээсийн гэрээ дуусахад Ж.А-д зарагдаагүй 2,403,800 төгрөгийн үнэ бүхий барааг тооллогоор хүлээлгэж өгсөн. Эдгээр нь нийтдээ 3,616,680 төгрөг болсон.

1.5. Дэлгүүрийг ажиллуулж байх хугацаанд би шаардлагатай гэж үзэн худалдаж авсан, эд зүйлсийг дэлгүүрт орхисон. Худалдаж авсан сэнс (150,000 төгрөг), кассын ширээ (250,000 төгрөг), хөргөгч (1,950,000 төгрөг), дээврийн гоёлын 5 ширхэг гэрэл (150,000 төгрөг), богино долгионы цахилгаан зуух (150,000 төгрөг), ус цэвэршүүлэгч (100,000 төгрөг), 50 литрийн сав 4 ширхэг (25,000 төгрөг), гадна асар (350,000 төгрөгөөр) зэрэг нийт 3,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч эдгээр хөрөнгийг буцаан хүлээлгэж өгнө гэвэл татгалзах зүйлгүй.

1.6. Иймд хариуцагчаас нийт 20,910,980 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тухайн хугацаанд Г.А-гаас ямар нэг байдлаар мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Харин миний барьцаанд тавьсан автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг удаа дараа би түүнээс шаардаж байсан.

2.2. Итгэмжлэлийн дагуу заруулсан автомашин болон дагалдах хэрэгслийн төлбөр 9,188,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г.А- нь Эмеральд Файнанс ХХК-д Ж.А-гийн эзэмшлийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12,000,000 төгрөг авсан бөгөөд энэхүү зээлээ тухайн автомашиныг зарж зээлийн хүү болон үндсэн төлбөрийг барагдуулсан.

2.3. Г.А- нь дэлгүүрт засвар хийх шаардлагатай талаар надад мэдэгдэж байгаагүй. Дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад засвар хийх хэмжээнд хүрээгүй, хэвийн ашиглаж болохоор байсан. Тэрээр өөрөө сайн дураар засвар хийсэн тул засварын зардал гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.4. Дэлгүүрийн барааг тооллогоор хүлээлгэж өгөхөд нийт 585,300 төгрөгийн бараа үлдсэн. Г.А- нь дэлгүүрт сүү нийлүүлдэг н.Жанцансамбуу гэх хүнд сүүний үлдэгдэл төлбөр 450,000 төгрөгийн өртэй байсныг надаар төлүүлснээр бидний хооронд ямар нэгэн барааны үлдэгдэл тооцоо байхгүй болсон.

2.5. Дэлгүүрт үлдээсэн эд хогшил байгаа учраас буцаан авахад татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Г.А- нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эмеральд Финайнс ХХК-д миний эзэмшлийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тэрээр эхний хэдэн сарын төлбөрийг төлж байгаад сүүлдээ төлөхөө больсон.

Г.А- нь надтай 12,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай зээлийн гэрээ байгуулсан. Миний бие өөрийн эзэмшлийн **** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас гаргуулан авахдаа зээлд 9,500,000 төгрөг, гараашийн төлбөрт 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг төлсөн. Иймд уг мөнгийг Г.А-с гаргуулж өгнө үү.

3.2. Г.А- нь 2017, 2018, 2019 онуудад 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл жил бүр 4 сар буюу нийт 12 сарын хугацаагаар ажилчдын амьдрах байрыг ашиглаж байсан. Байрны нэг сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг тул нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

3.3. Г.А- нь дэлгүүрийг түрээсэлж байх хугацаандаа нөхөр Ж.Тодролын нэр дээр шилжүүлэн цахилгааны төлбөрийг төлж байсан бөгөөд 2019 оны цахилгааны төлбөрөөс 1,307,067 төгрөгийг төлөлгүй, дэлгүүрийг хүлээлгэж өгсөн. Би уг төлбөрийг төлж барагдуулсан тул уг мөнгийг гаргуулж өгнө үү.

3.4. Г.А- нь дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа мах, сүү хийдэг том хөргөгчийг ашиглалтын буруугаас гэмтээсэн. Би тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийдэг Чиглэл ХХК-аар хөргөгчийг засуулж, төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн.

3.5. Г.А-гаас түрээсийн төлбөр, хохиролд нийт 18,807,067 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Ж.А- Эмеральд Финайнс ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээл авсан нь надад хамааралгүй. Хуурамч гэрээ ашиглан надаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Үүнийг Ж.А- нь надад хэлэхдээ ...эгч нь нөхөртөө үзүүлэх гэсэн юм, миний дүү бичээд өгөөч... гэсэн хүсэлтийн дагуу өөрийнх нь гар бичмэл хуулбарыг би дуурайлган хуулбарлан бичиж өгсөн.

4.2. 2017-2019 оны бүх саруудад мах, сүүний ажилчдын байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед бэлнээр болон дансаар төлж байсан. Зуны гурван сард түрээсэлдэг. 3 жилийн хугацаанд 9 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд би төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

4.3. 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулах үед цахилгааны төлбөр гаргасан гэсэн. Энэ төлбөрийг тухайн сар болгон төлөхгүй бол Зуслан хэрэглэгчдийн төвөөс надад өдөр болгон тог тасална гэсэн мессеж ирдэг. Мөн манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож болно. Дэлгүүрт байгаа мах, сүү нь амархан муудах хүнсний бүтээгдэхүүн. Иймд нэг ч өдрийн тогны төлбөрийг би төлөхгүй байна гэж байхгүй

4.4. 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхад хөргөгч бүрэн эвдрэлгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэвийн үйл ажиллагаатай хөргөгчийг хөлдүү мах, сүү болон хүнсний бүтээгдэхүүний хамт хүлээлгэж өгсөн.

4.5. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А-гаас 8,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,410,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Ж.А-гийн Г.А-д гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Г.А-гаас 3,000,000 төгрөгийг хариуцагч Ж.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15,807,067 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн 5 дахь шаардлага болох 8 төрлийн хөдлөх эд хөрөнгө болгох суурьтай хар өнгийн сэнс 1 ширхэг, цагаан өнгийн ус цэвэршүүлэгч 1 ширхэг, 50 литрийн, тараг хийдэг гэх цэнхэр өнгөтэй 4 ширхэг сав, кассын ширээ 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 5 ширхэгтэй дээврийн гэрэл 1 ширхэг, цагаан пейч 1 ширхэг, гаднах том асар 1 ширхэг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Ж.А- нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Ургаагаас татгалзаж, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэж хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03858 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04272 дугаар захирамжаар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хувийг хариуцагчид гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг нэмж явуулахаар болсон. Улмаар мөн сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан хувийг Ж.А-д гардуулсан мөртлөө нэг хоногийн дараа шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарны 02-ны өдөр товлон зарлаж, утсаар мэдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заажээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргах 14 хоногийн хугацаа хуулиар олгогдсон бөгөөд энэ хугацаа өнгөрсний дараа шүүх шүүх хуралдааныг товлохоор ойлгогдож байна. Гэтэл нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас нэг хоногийн дараа шүүх хуралдааныг товлон зарласан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн шүүгчийн туслах хариуцагчтай 2022 оны 04 дүгээр сарны 14-ний өдөр утсаар ярьж шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мөн сарын 29-ний өдөр утсаар хариуцагч руу ярихад ...зайлшгүй шаардлагаар 45 хоног эмчилгээнд явж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн цахим хаягаар явуулсан. Хэдийгээр энэ хүсэлтэнд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт хавсаргаагүй боловч түүний хүүхэд нь энцефолимелит /мэдрэлийн саажилт/ оноштой, байнгын асаргаа, эмчилгээ хийх шаардлагаар 45 хоногийн хугацаатай сувилалд байсны улмаас баримтаа хавсаргах боломж олдоогүй байна.

Дээрх байдлуудаас үзэхэд хариуцагч Ж.А- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан, шүүх хуралдааны товыг мэдэж байсан боловч амьдралын гарцаагүй байдлын улмаас /26 настай хүүхэд нь мэдрэлийн саажилтын улмаас өөрөө явж, хөдөлж чаддаггүй, ээж нь хажууд нь байнга асарч байдаг/ шүүх хуралдаанд оролцож, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул энэ байдлыг харгалзан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 137 дугаар талд авагдсан хариуцагчийн гаргасан хүсэлтийг харахад өвчтэй байгаа, миний бие зайлшгүй шаардлагаар удаан хугацаагаар 45 хоног эмчилгээнд явах болсон гэж бичсэн нь ямар ч нотлох баримтгүй байна. Өнөөдөр миний хүүхэд өвдсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хангалттай хугацаа олгосон. Хариуцагчийн мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч Ж.А-д холбогдуулан гэрээний үүрэг, хохиролд 20,910,980 төгрөг гаргуулах, эд хөрөнгө буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэг, хохиролд нийт 18,807,067 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч Ж.А-гаас 8,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д өгсөн, нэхэмжлэлээс 12,410,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Г.А-гаас 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Ж.А-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 15,807,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэсэн нь материаллаг эрх зүйн дүгнэлтэд зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээлээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөн найруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ. Тодруулбал, тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо мөнгөн тэмдэгт хэрэгсэхгүй болгож, найруулгын алдаа гаргажээ.

 

Цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл шийдвэрлэх учиртайг тэмдэглэв.

 

4. Мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө буцаан гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрснийг батлахдаа хэл зүйн болон найруулга зүйн алдаа тус тус гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл шийдвэрлэж буй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох учиртайг анхааруулав.

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулсныг шүүх хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардуулж, тайлбар гаргах 14 хоногийн хугацаа түүнд олгож, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр товлосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 1 хоногийн дараа шүүх хуралдааныг товлон зарласан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч нь ...зайлшгүй шаардлагаар удаан хугацааны /45 хоног/ эмчилгээнд явах шаардлагатай болсон... гэх үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд цахим хаягаар ирүүлсэн байх боловч хүсэлтэд заасан хүндэтгэн үзэх шалтгааныг өөртөө хамааралтай агуулгаар тодорхойлсон бөгөөд үүнийг нотолсон баримтыг ирүүлээгүй. Иймд шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/05655 дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Уг хүсэлтэд хариуцагч Ж.А-гийн хүүхэд хүнд өвчний улмаас зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатай байсан гэх үндэслэл заагаагүй байсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хариуцагчийн хүүхэд хүнд өвчтэй байсны улмаас шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх үндэслэлээр ирээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Иймд хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчлөн найруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/01283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А-гаас 8,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлээс 12,410,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.А-гаас 3,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.А-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 15,807,067 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.А- нь сэнс 1 ширхэг, ус цэвэршүүлэгч 1 ширхэг, 50 литрийн хэмжээтэй сав 4 ширхэг, ширээ 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, дээврийн гэрэл 1 ширхэг, богино долгионы цахилгаан зуух 1 ширхэг, асар 1 ширхэгийг тус тус нэхэмжлэгч Г.А-д хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА