Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/02091

 

 

 

 

 

 

 

2021      11           03  

       181/ШШ2021/02091

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.А-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х.Ч-т холбогдох

 

5,179,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А , хариуцагч Х.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жи тайм  гэх сүлжээ байгуулагдахад хариуцагч нь миний оффис дээр нэг сар байсан. Үүний дараа дөнгөж ирээд бид хуралдсан. Тэгэхэд ахын дүү Жи тайм  дээр зөндөө хохирол үлдсэн байгаа юм чинь ах нь энэ холбоог тэргүүлж байгаагийн хувьд чиний тавилгуудыг худалдаж авъя гэсэн. Х.Ч  гуай намайг даргалж байсан учраас мэдээж би итгэсэн. Тэгээд тавилгуудаа Х.Ч  гуайд өгсөн. Х.Ч  гуай миний оффисын өрөөнд суудаг байж байгаад сүүлд оффис нүүхэд миний тавилгуудыг ачиж аваад шинэ 3 өрөөний өөрийнхөө суудаг байсан нэг оффисын өрөөнд миний тавилгуудыг тавиад цоожилсон. Бусад 2 өрөөнд хямдхан тавилгууд байсан учраас нээлттэй байсан. Би нялх хүүхэдтэй байсан учраас 7 сараас заримдаа очдог болсон. Энэ үед Х.Ч  гуай шалтгаан хэлээд тавилгыг маань өгөөгүй. Дараа нь манай ээж тавилгаа авъя гэж нэхсэн, гэтэл би Жи тайм -д ямар ч үнэ хөлсгүй ажилласан, Ж.А гийн тавилгуудыг цалин болгож авсан, манай лагер дээр байгаа гэж хэлсэн. Мөн н.Сармандах эгчийн сейфийг авч явсан. н.Сармандах эгч болон манай ээжид лагер дээр байгаа гэж хэлсэн байсан. Гэтэл сүүлд би аваагүй, түрээсэнд өгсөн гэх тайлбарыг хэлдэг. Би Х.Ч  гуай руу зөндөө залгасан боловч миний утсыг авч байгаагүй, мөн мессеж бичихэд хариу бичдэггүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хаягтаа байхгүй гээд ирээгүй. Янз бүрийн шалтгаан хэлээд шүүх дээр ирж байгаагүй. Хүн өөрийнхөө юмыг алдаагүй бол эсвэл зарж төлбөр тооцооны асуудал үүсээгүй байсан бол хайж цаг хугацаа алдахгүй байх байсан. Ямар нэг харилцаа үүссэн учраас л Х.Ч  гуайгаас юмаа нэхэмжлээд байгаа юм.

Би Жи тайм -д 220 хүн оруулсан. Энэ нь сайтаас одоо ч гарна, гэтэл би ерөөсөө мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Холбооны тэргүүн л зөвхөн дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан. Ганцхан зарцуулах эрхтэй хүн нь Х.Ч  гуай байсан юм байна лээ. Гэхдээ бид нарт мөнгөний асуудал нь хамаагүй байсан. Миний дарга байсан учраас танд өглөө шүү гэж гарын үсэг зуруулаагүй. 3 өрөө байрны нэг өрөөнд нь Х.Ч  гуай суудаг. Тэр өрөө нь цоожтой байсан. Намайг 8 удаа 20,000,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байна. Үүнийг Улсын мөрдөн байцаах газар тогтоосон. Би тэндээс 35,000,000 төгрөгийн авлагатай байгаа. Би хэнийг ч залилаагүй, харин хохирсон гэдгээ нотолсон” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр н.Цогтсугар гэж хүн надтай уулзаад Жи тайм  гэх корпораци маш олон Монголчуудыг хохироосон, ер нь хэдүүлээ Жи тайм д оръё гээд орсон чинь 200 гаруй хүн цугларсан газар намайг аваачсан. Надад Жи тайм -н талаар ойлголт ерөөсөө байгаагүй. Гэтэл намайг аваачаад ард түмэнд хэрэгтэй юм хийж байхад төр засаг бид нарыг баллачихлаа, холбоо байгуулна гэж хэлээд сонгууль явагдаж, удирдах зөвлөл нь 17 хүний гишүүнтэй 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 тогтоолоор холбоо байгуулагдсан. Ж.А  холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан. Ж.А  тухайн хурал дээр хамгийн түрүүнд суучихаад намайг холбоондоо ав, би оръё гэсээр байгаад орсон. Холбоо байгуулахаар тодорхой хэмжээний оффис хэрэгтэй болсон. Баянзүрх захын тэнд очиход Ж.А  ийм юманд ажиллуулаад байхдаа яадаг юм гэдэг саналыг анх гаргасан. Ж.А  Баянзүрх захын зүүн талд нэлээн өндөр шилэн байшингийн 5 давхарт 2,000,000 төгрөгийн түрээстэй оффис ажиллуулдаг. Энэ нь олон нийтийн байгууллага, олон хүний өмнөөс ажиллаж байгаа хүмүүс юм. Удирдах зөвлөлд орсон хүн болгон үүрэг гүйцэтгэж авахаар харилцан ажилласан. Би холбооны тэргүүн болохдоо ямар нэг мөнгө, санхүүгийн асуудалд холбогдохгүй шүү гэж хэлж байгаад энэ ажлыг авсан юм. Мөнгө санхүүг нь нягтлан бодох гэж ярьж байгаа н.Жаргалсайхан хариуцахаар болж Ж.А гийн оффис дээр ажлаа хийж байсан. Оффисын түрээс нь сарын 2,000,000 төгрөг байсан. Олон нийтийн байгууллагад 2,000,000 төгрөгийн түрээс төлөөд ажиллах боломжгүй байсан учраас тэнд ажиллаж байсан 16 хүмүүс хямдхан оффис олох эрэлд гарч Сансарын тунелын ар талын шинэ байшинд 3 өрөө байрыг 500,000 төгрөгөөр түрээслэхээр болж очоод Ж.А гийн оффисод байсан бүх тавилгыг тэр чигээр шинэ оффисод аваачсан.

Тухайн газраа нүүдэлж очоод 2, 3 сар ажилласан. Хүн болгон 10,000 төгрөг цуглуулж Жи тайм  хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоог байгуулж, хүн болгонд сар бүр цалин өгч ажилласан. Тухайн үед эрүүгийн шинж чанартай асуудал үүсээд явах болсон. Цагдаагийн байгууллага болон шүүх, прокурорын байгууллага та нар Жи тайм  гэх компаниа байдаг эсэхийг нотлох хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. Тийм учраас бид нар холбооны болон иргэдийн төлөөлөгчдийг цуглуулаад 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт Ж.А гийн аав н.Жаргалсайхан гэх хүнийг төлөөллийн хэсэг хүртэл явуулаад энэ ажилд оролцуулсан. Ж.А  эхний 1, 2 сар үнэхээр идэвхтэй ажиллаж байсан. 2,000,000 төгрөгийн түрээсийн байр бид нарт ахадсан учраас дараагийн асуудал руу шилжсэн. Ингэж явах явцдаа Ж.А  холбооны нэрээр маш олон хүнийг залилсан. Ж.А д тавилгаа ав гэдэг асуудлыг удаа дараа шаардсан учраас Ж.А гийн дүү нь өөрөө ирээд нэхэмжилж байгаа тавилгын ихэнхийг аваад явсан. Задалж угсраагүй нэг том ширээ, 140 нэг ширээ миний ажиллаж байсан өрөөнд үлдсэн. Сүүлдээ оффисын түрээсийн 500,000 төгрөгийг төлж чадахгүй болж түрээсийн эзэн бид нарыг байрнаас гарах талаар ярьсан. Тухайн үед Казахстаны хүмүүстэй нэлээн холбоотой ажиллаж байсан ч гэнэт бид нараас нүүрээ буруулсан. 

Тэнд ажиллаж байсан удирдах зөвлөлийн 17 гишүүн, холбогдох хүмүүсээр дамжуулаад хохирогч биш гэсэн өргөдөл цуглуул тэгэх юм бол хохирлыг барагдуулна гэж бичиг ирүүлсэн. Ж.А  нь Жи тайм  компанид хүмүүсийг оруулна гэж хэлээд 8 удаа 20,000,000 төгрөг авсан. Би Ж.А д Казахстаны хүмүүс бид нарыг харж үзэх юм шиг байна, миний дүү хүнд байгаа, компанийн нөхдүүд мөнгө өгөх юм шиг байна, хэрэв мөнгө гарах юм бол чиний асуудлыг зохицуулж өгье гэж нэг удаа хэлж байсан. Би амьдралдаа хүнээс нэг ч төгрөг авч үзээгүй. Хамгийн сүүлд н.Алтанцэцэг, н.Жаргалсайхан нар алга болж, бүр ирэхээ байсан. Удирдах зөвлөлийн гишүүд цалингүй болсноос хойш нэг ч удаа ирэхээ больсон. н.Мянганбуу бид хоёрыг үлдсэн байхад байрны эзэн орж ирээд бид хоёрыг төлбөрөө төлөхгүй бол гар гэж хэлээд хөөгөөд гаргасан. Тухайн үед холбооны сейфийг аваад гарсан. Харамсалтай нь сейфний түлхүүрийг авч чадаагүй түрээсийн байранд үлдээчихсэн байсан. Би Ж.А д холбооны гишүүдийн хөрөнгөөр авсан нэг сейф байгаа тэрийг ав гэж хэлсэн. Түрээсийн байранд хоёр тугны суурь, хоёр ширээ нэг сандал үлдсэн. Тавилга авахдаа гарын үсэг зурж авсан, манай хурлын тэмдэглэл байгаа даанч авч гарж ирээгүй.

Яагаад Ж.А  өнөөдөр ийм асуудал ярих болов, намайг яагаад гүжирдэх болов. Жи тайм  хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны нэрээр Ж.А  маш олон хүнийг залилсан. Үүгээрээ шүүх, цагдаагийн байгууллагаар явж сурсан. Үүгээрээ далимдуулаад надаас юм нэхэмжилж байгаад нь үнэхээр харамсалтай байна. Ж.А гийн ээж нь надтай ярьсан гэдэг нь үнэн. Намайг цагдаа дуудах болгонд би өөрөө очдог байсан. Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн хэлтсийн цагдаа манай гэрт очоод та гэртээ байдаг юм байна шүү дээ, таныг гэртээ байхгүй гэдэг асуудал яригдсан гэж хэлсэн. Би Ж.А гийн болон оффисод үлдсэн тавилгаас нэг ч юм аваагүй. Хэрэв намайг авсан гэж үзэж байгаа бол надад хэзээ хүлээлгэж өгсөн талаар ярих хэрэгтэй. Би мөнгө болон эд хөрөнгийн асуудалд оролцохгүй гэдэг амлалт авч байж тэргүүний ажилтнаар ажилласан” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А  нь хариуцагч Х.Ч т холбогдуулан тавилганы үнэ 5,179,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоонд ашиглаж, зарим хэсгийг нь түрээсийн төлбөрт үлдээсэн, миний бие нэг ч тавилга аваагүй гэж шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбооны үйл ажиллагаа эхлэж, үйл ажиллагаа явуулахаар болсон. Тэр үед холбоог би өөрийн түрээслэж байсан оффиссдоо байрлуулсан боловч удалгүй нүүсэн. Нүүхдээ Х.Ч  ах миний тавилга болох ширээ, буйдан, сандал зэрэг бусад тавилгыг аваад явая, дараа нь мөнгийг нь гаргаад өгнө гэж хэлээд авч явсан. Тэгээд одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй” гэж, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоонд ашиглаж байсан нь үнэн. Миний бие нэг ч тавилга аваагүй. Сүүлдээ төлбөрөө төлөх боломжгүй болж зарим тавилга нь тэндээ үлдсэн. Би хариуцахгүй” гэж маргасан.

 

Талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх гэж үзэхээр байна.

 

Мөн, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах харилцаа үүсээгүй гэж үзсэн бөгөөд талуудын талбараас үзэхэд оффиссын зориулалттай тавилгын үнийг дараа төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гишүүний хувиар үнэ төлбөргүй ашиглуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбооны байрнаас зарим тавилгыг авч явсан гэх бөгөөд талуудын маргаагүй үйл баримтаар дараах тавилга Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбооны байранд үндсэн байна. Үүнд, ширээ 2 ширхэг, түшлэгтэй сандал /дарга/ 1 ширхэг, хүлээлгийн буйдан 1 ширхэг тус тус үлдсэн байна.

 

Нэхэмжлэлд дурдсан ширээ 609,900 төгрөг, хурлын ширээ 659,900 төгрөг, түшлэгтэй сандал /дарга/ 539,900 төгрөг, хүлээлгийн буйдан 2,550,000 төгрөг, нийт 4,359,760 төгрөгийн үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч аваагүй үлдээсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоонд ашиглаж байсан, хувиараа аваагүй гэх тайлбарыг өгч байх боловч хариуцагч нь уг тавилгыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, үнийг төлөх үүргийг биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Жи тайм корпорацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоонд зориулж өгсөн үйл баримтыг нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Х.Ч ыг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд, хариуцагч Х.Ч оос 4,429,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749,540 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Ч оос 4,429,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749,540 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ч оос  85,829 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХБАЯР