Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00112

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00112

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Х.Ч-тхолбогдуулан гаргасан 5,179,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Х.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.А би 2017 оны 4 сард Жи тайм харилцагчийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Ч гэдэг хүнд оффисын тавилгуудыг 5,109,300 төгрөгөөр үнэлж худалдсан. Х.Ч нь надад удахгүй Казакстаны Жи тайм компаниас мөнгө ирнэ хэлээд миний эд зүйлс, тавилгыг өөрийн оффис руу аваад явсан. Гэвч Х.Ч нь надад өгсөн оффисийн хаягтаа байхгүй, над руу холбоо барихгүй, залгахаар утсаа авахгүй, мессеж бичихэд хариу өгөхгүй байсан. Х.Ч нь гэрээний дагуу хүлээлгэн өгсөн тавилганы үнэ болох 5,109,300 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Хариуцагч Х.Ч-тхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 02683 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагчийн хаягийг тодруулснаар дахин шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Х.Ч оос тавилганы үнэ болох 5,109,300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 5,179,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,822 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Х.Ч намайг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр МУСГЗ Цогтсугар нарын 200 гаруй нөхөд цугларч Казакстан улсын Жи тайм компаний үйл ажиллагааг хууль хяналтын байгуулагад буруутай гэж үзэж шийдвэрлэж байгаа учир олон нийтийн байгууллага байгуулах санал гаргаж Жи тайм корпарацийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо нийгэмд үйлчилдэг ТББ байгуулж удирдах зөвлөлийн гишүүн 15 нөхдийн саналаар иргэн Х.Ч ыг тэргүүнээр сонгож удирдах зөвлөлийн гишүүдийн санаачилагаар оффис түрээслэхээр болоход Ж.А нь миний оффисийг ашиглая бүх тавилга тоног төхөөрөмж нь бэлэн гэхэд УЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжин Ж.А-ийн оффис дээр төвлөрөн ажилласан. Гэтэл сарын түрээс 2,000,000 төгрөг байсанд шинээр үүсэж байгаа ТББ-д хүндээр тусч хямдхан байр Сансарт /сарын 500,000 төгрөг/ 3 өрөө шинэ байр түрээслэж УЗ-ийн гишүүн санхүү аж ахуйн асуудал хариуцахаар томилогдсон Б.Ж гэдэг эмэгтэйд үүрэг өгөн Ж.А болон бусад гишүүдийн тавилга төхөөрөмжийг тоо ёсоор нь хүлээн авч хариуцан эвдэрч сүйдэх, бусдад шилжүүлэхгүй байхыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн нөхцөл байдал хүндрэн эрүүгийн хэргийн шинж чанартай болоод ирэх үед холбооны гишүүд болон удирдах зөвлөлийн нөхдүүд өөрийн санаачлагатай ажлаа хийхээ больж санхүүжилт доголдож түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй болсон. Ингээд Ж.А болон бусад нөхдүүдэд оффист нийлүүлсэн тавилга тоног төхөөрөмжөө ав гэсэн саналыг удаа дараа тавьсаны үндсэн дээр УЗ-ийн гишүүн Ж.А нь өөрийн дүү явуулж холбооны ажилтан н.Ж, н.А, н.Ч нарыг байхад 4 хүний суудалтай оффисийн диван, 1 хүний суудалтай 2 кресло, сэтгүүлийг жижиг ширээ 6 ширхэг түшлэгтэй хар сандал, иж бүрэн комьютер зэргийг авч яваад 1,2 метр, 1,4 метр хэмжээтэй 2 ширээ 1 хар сандал, 2 туг тугны суурийг тавих газар байхгүй гээд түр үлдээгээд явсан байдаг. Энэ хугацаанд УЗ-ийн гишүүн Ж.А нь холбооны нэрийг ашиглан олон арван хүнээс янз бүрийн шалтгаан хэлж их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг УЗ-ийн гишүүд бид Ж.Атай маш удаан хугацаатай холбогдож дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулан үлдсэн тавилгаа авах тохиролцоонд хүрсэн байдаг. Холбооны УЗ-ийн шийдвэрээр Ж.А-ийн эцэг н.Жыг Казакстан улс дахь Жи тайм корпорацийн ажлыг шалгах ажлын хэсэгт оруулж, тус улсад явах зардлыг бүх гишүүдээсээ гарган дэмжлэг үзүүлж байснаас гадна хууль бус олон үйлдлийг холбооны удирдлага зохицуулан ажиллаж байсан. Ж.А-ийн нэмэмжилж байгаа тавилгын үлдэгдэл нь түрээсэлж байсан үлдсэн бөгөөд түрээсийн төлбөрөө төлөөд 2 ширээ, 1 сандалаа авах боломжтой гэдгийг байрны эзэн хэлж байгаа бөгөөд уг тавилгыг хүлээлгэж өгсөн хүн н.Жтай тооцоо хийх нь зүйтэй. Ж.А Жи тайм компанитай харьцаж байхдаа гэр бүлийн хамтаар их хэмжээний ашиг олж үнэтэй оффис түрээслэн шатсан тухайгаа бидэнд ойлгуулж өөрийн тавилгаа холбоондоо өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Хамгийн сүүлд оффис дээр холбооны гишүүн н.Мянганбуу, Х.Ч нарыг байхад байр түрээслэгч орж ирээд оффист байсан бүх зүйлийг тэр чигээр нь хүлээн авч түрээсийн төлбөрөө төлөөд дээрх зүйлээ авахыг шаардаж н.Мянганбуу, Х.Ч нараас үүдний болон өрөөнүүдийн түлхүүрийг хүлээн авч биднийг гаргасан. Иймд Ж.А-ийн нэхэмжилж байгаа тавилга Х.Ч-тхамааралгүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Ч оос 4,429,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749,540 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ч оос 85,829 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй тул хүчингүй болгуулах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а/ Анхан шатны шүүх хариуцагчаас 4,429,960 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч өөрийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Ж.А нь Жи тайм корпорацийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд анх тус төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулахын тулд түүний хэрэглэж байсан оффисийн тавилгыг авч хэрэглэж байсан. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн. Түүнээс би өөрийн хувийн хэрэгцээнд оффисийн тавилга авах ямар ч шаардлага байгаагүй. Жи тайм корпараци нь үүсгэн байгуулагдаад 3 сарын дараа үйл ажиллагаа нь зогссон учир төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогссон, тухайн тавилга бидний түрээсэлж байсан байранд үлдсэнийг нэхэмжлэгч сайн мэдэж байсан. Тус төрийн бус байгууллага нь миний хувийн аж ахуйн нэгж биш, надаас хэрэглэгдэхгүй болсон тавилгын үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжилж буй тавилга нь одоо ч тухайн байрандаа байгаа очоод аваа гэхээр би нялх хүүхэдтэй, тавих газар байхгүй гэдэг. Гэтэл намайг хувийн хэрэгцээндээ авсан мэтээр надаас шинэ тавилгын үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бидний хооронд оффисийн тавилга худалдах-худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн ямар ч асуудал байгаагүй, надад хүлээлгэж өгсөн баримт байхгүй нэхэмжлэгч тус төрийн бус байгууллагад ажилладаг байсан.

б/ Анхан шатны шүүх Жи тайм корпорацийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоонд зориулж өгсөн баримтыг нотлоогүй гэж дүгнэсэн. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас ямар зориулалтаар оффисс тавилга хэрэглэж байсан нь тодорхой харагдаж байхад ийм үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль бус болсон. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөл гэж байдаг түүний шийдвэрээр эд хөрөнгө худалдан авах асуудлыг шийдвэрлэдэг. Шүүх жинхэнэ хариуцагч мөн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Х.Ч-тхолбогдуулан тавилгын үнэ 5,179,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /4а/

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ж.А-ийн өмчлөлийн тавилгыг Х.Ч худалдаж авсан гэж, хариуцагч татгалзлаа Төрийн бус байгууллагын эд хөрөнгөтэй холбоотойгоор үүссэн харилцаа гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байгааг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлдээ зааж буй хөрөнгүүд хэний өмчлөлийн эд хөрөнгө зүйл болох, одоо хэний эзэмшилд байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулах, хэрэв уг эд хөрөнгө хариуцагч Х.Ч-тбодитой байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгөөр шаардаж буй үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

6. Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно. /4б/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ