Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 436

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0672 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох,

Иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60000000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гуравдагч этгээд М.С, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн М.С-ын барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Х.Б-ын “илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60,000,000 төгрөгийн хохирлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0672 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн М.С нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу баримт бичгийг бүрдүүлэн барилга барих хүсэлтээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2013 онд гаргасан. Барилга барих хүсэлтийг судлан Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Улмаар 2014 оны 333/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Манай байгууллага нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан дүрэм, журмыг баримтлан олгодог бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн М.С-н гадна дулаан хангамжийн ажлын зургийн зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журмын дагуу хийгдсэн болно.

Иргэн М.С-н барилга нь иргэн Х.Б-ын газартай ямар нэгэн байдлаар газрын давхцалгүй бөгөөд баригдсан байгаа барилга нь өөрөө нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад саад болсон эрх ашгийг нь зөрчсөн зүйл байхгүй бөгөөд, магадлалд дурдсанчлан газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй, тогтоогдоогүй, маргаагүй байхад буруу дүгнэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар мэтгэлцээн дээр үндэслэн дүгнэлт гаргах ёстой билээ.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ захиргааны хууль бус актын улмаас 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан газар маань барилга барих боломжгүй болж зах зээлийн үнэлгээ буурсан бодит үнэлгээгээр зарж борлуулах эрх маань хаагдсан мэтээр дурдсан. 

Нэхэмжлэгч Х.Б нь ямар нэгэн барилга барих хүсэлтээ манай байгууллагад гаргаж байгаагүй бөгөөд барилга байгууламж барих эрх нь хязгаарлагдсан мөн газрын үнэлгээ нь буурсан талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримтгүй зүйл бичсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл болжээ.

Мөн Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрэм"-д барилгын ажлын зөвшөөрлийг үе шатны дарааллаар олгож болдог байхаар тусгаж өгсөн байдаг бөгөөд дээр дурдсан он цаг дарааллыг нягтлан тогтоож шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч гуравдагч этгээд нь уг асуудлаар маргадаггүй. Гэтэл шүүх маргаагүй зүйлийг хөндөж судлахаар буцааж байгаа нь өөрөө үндэслэлгүй болсон.

Мөн нэхэмжлэгч нарын шаардлага нь үндэслэлгүй бөгөөд шүүх хурлын явцад асуулт хариултын шатанд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд тухайн газраа худалдахдаа ямар нэгэн дарамт шахалтад ороогүй өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн худалдсан болохоо хэлсэн. Нэгэнт нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхээсээ татгалзсан, өөрийн өмчлөлийн газрын үнэ тохирч худалдсаны дараа би их мөнгөөр зарах байсан. өмчлөлийн зүйл минь үнэ буурсан зэргээр маргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй болсон зүйл юм.

Хэрвээ газраа худалдаж борлуулаагүй байсан тохиолдолд захиргааны актын улмаас хохирол учирсан эсэх үнэлгээ буурсан эсэх талаа шүүх дүгнэлт хийх боломжтой байсан бөгөөд уг тохиолдолд боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг орон сууцны шинэ 7 дугаар хороолол болгон хөгжүүлэх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” батлагдаж улмаар 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн 254 тоот протоколыг үндэслэн нэгдсэн нэг техникийн нөхцөлүүдийг олгож, үүнээс тулгуурлан гуравдагч этгээд М.С би барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан болно. Ийм байхад анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн хэмээсэн нь ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дүгнэлт хийлгүй, хүлээн авахаас татгалзсан нь буруу юм хэмээн нэхэмжлэгчийг хохироосон мэтээр үзэж байна. Гэвч тус маргаж буй газар доогуур дулааны шугамаа татахдаа гуравдагч этгээд М.С миний бие хууртагдаж Ц.Б-д өгсөн 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б нь Б-аас авсан гэдгээ шүүх хурлын явцад өөрөө хэлсэн байдаг.

Мөн нэхэмжлэгч Х.Б нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд маргаж буй өөрийн өмчлөлийн газраа Д.Ч-ын өмчлөлд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 80.000.000 төгрөгөөр үнэлэн өмчлөх эрхээ шилжүүлсэн байх тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д зааснаар Х.Б-ын газар өмчлөх эрх дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөж, хохирол үүсэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь төрийн бодлого хөрсөн дээрээ буухад иргэдийн зүгээс төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч, Улс орноо хөгжүүлэх их үйлсэд "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” уриаг хэрэгжүүлэн амьдрах нь өнөө үеийн зайлшгүй шаардлага болж буйг ухамсарлах нь зүйтэй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдуулан иргэн М.С-н барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, М.С-д олгосон барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, илт хууль бус захиргааны актын улмаас учирсан 60000000 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Х.Б нь 2007 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 271 мкв газрыг өмчилдөг байх бөгөөд уг газарт дайруулан иргэн М.С-ын барьж байгаа барилгын гадна дулааны шугам байрлуулах зөвшөөрлийг захиргааны байгууллагаас олгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаж, нэхэмжлэгчээс “газар өмчлөгч иргэдээс зөвшөөрөл авалгүйгээр дулааны шугам татаж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэлд тодорхой тусгаж, захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн тухай заах шаардлагатай.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “барилгын гадна шугамын трассыг миний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг маань дайруулан баталсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлага нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, захиргааны байгууллагаас хэзээ гаргасан, ямар захиргааны акттай маргаж байгаа нь тодорхойгүй байна.

Захиргааны хууль бус актын хувьд “маргаан бүхий эсхүл илт хууль бус” гэсэн  хоёр төрөлтэй, үүнээс илт хууль бус захиргааны акт нь аливаа этгээд хэн ч харсан илэрхий алдаатай тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргасан боловч түүний үндэслэл тодорхойгүй, ямар учраас “илэрхий алдаатай” захиргааны актад тооцох хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тодорхойлох нь чухал юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргадаг, энэ хүрээнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг болно.

Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн газрыг бусдад шилжүүлсэн, маргаан бүхий газар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ч-ын өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхол зөрчигдөж байгаа, улмаар энэхүү ашиг сонирхолтой уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлох нь хэрэгт ач холбогдолтой байна.

Анхан шатны шүүхээс  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, хүсэл зоригийг шүүхээс гарах шийдвэрийн төрөлтэй уялдуулан дүгнээгүй атлаа “...М.С нь Х.Б-ын хашаанд сууж байсан Ц.Б-тай тохиролцож зөвшөөрөл авсан, хохирол гаргуулах шаардлага нь захиргааны шүүхийн харьяаллын бус” гэх зэргээр буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас иргэн М.С-ын барилгын гадна дулааны шугамыг нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр дайруулан байршуулах зөвшөөрөл олгохдоо газар дээр нь биечлэн очиж, тулгалт хийсэн эсэх, газрын өмчлөгч этгээдээс зөвшөөрөл авсан эсэх, захиргааны хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэх шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх дуусгавар болсон, бусдад газраа шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” тухай гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх ба нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй байсан, энэ эрхэд үндэслэн тухайн цаг хугацаанд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа байсан эсэхийг тогтоолгох, уг асуудлаар маргах эрхийг хязгаарлахгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2017/0672 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ