Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2021/00275

 

 

 

 

 

 

.-

 

                  2021       02          01  

                                181/ШШ2021/00275

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: С.Э-ын

хариуцагч: “АХ” ХХК -д холбогдох

2019 оны 04 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                          

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: С.Э миний бие 2018 оны 4 дүгээр сард “Алтай хүдэр” ХХК-д хангамжийн механикийн албан тушаалд ажилд орсон. 2019 оны 2 сард “Алтай хүдэр ”ХХК-ийн томилолтоор Замын-Үүд боомтоор 6 ширхэг САТ-777 маркийн дамп оруулж ирэн уул уурхайн хүнд даацын машин хүлээн авч Дорноговь амйгийн Мандах сумын нутагт байрлах Их говь энержи нүүрсний уурхайгаар дамжуулан Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах хүдрийн уурхайд хүргэх ажилд томилогдсон. Замд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатах тослох матриалын тооцоо, багаж төхөөрөмж зэргийн судалгааг гаргаж 100 км-т 350 л түлш зарцуулах нормыг нэмж өвлийн нормоор бодож зарцуулах төсөв өгөхийг хүссэн ч удирдлагууд хүлээж авалгүй зуны цаг уурт тохирсон нормоор төсөв олгосон.

Дээрх машинуудад техник үйлчилгээ хийж явахыг удирдлагуудад мэдэгдэж тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ингээд 2019 оны 2 дугаар сард туслах 3 механик түрээсийн суудлын машины жолооч миний бие 4 хүний хамт Замын-Үүд боомтоос хүлээж авсан. Ингээд машинуудад үзлэг хийхэд асах боломжтой машин байгаагүй. Эхний долоо хоногт өдөртөө -26 -28 градус хүйтэнд ажиллаж бүх машинуудын дугуйг хийлж дууссан. Дугуй хийлж байх хугацаанд хотруу компани руу холбогдох бодит байдлыг мэдэгдэхэд асаахад шаардлагатай акумляторын батерей 4 ширхгийг явуулсан. Машинуудыг эхнээс нь асаах арга хэмжээ авч шатахуун хийх болж Пертовис ХХК-иас шатахууны машиныг дуудан эхний удаа машин тус бүрд 300 гаруй литр ба 2297 литр шатахуун авсан. Машинуудын хөдөлгүүрийн маслыг гэсгээхийн тулд дороос нь гал түлж өдөржин халаан байж 4-5 цаг нэг нэгээр нь халааж эхэлсэн. Түрүүлж ассан машинаа шөнө 3 цаг тутамд 30-40 минут халааж хонодог ба бусад машинуудыг холбож асаахын тулд акумляторын батарейг байнга холбож цэнэглэж байсан. Энэ мэтчилэн машинуудыг бүгдийг нь асааж хөдөлгөн тест хийж шалгасаар байгаад эхний хийсэн шатахуунууд дуусах дөхөж байсан.

Дээрх бодит байдлын талаар хариуцсан мэргэжилтнээр дамжуулан удирдлагуудад мэдэгдэж байсан боловч анзаарч үзээгүй. Яаралтай 6 ширхэг машины цуваа хөдөлгөж гаргах үүрэг өгсөн. Ингээд үлдсэн төсөвтөө дахин НИК-аас шатахуун хийж 6 жолооч туслах механикуудын хамт Замын-Үүд сумаас Дорногоь аймгийн Хөвсгөл сумруу хөдөлсөн. Сумаас гараад 50 км яваад нэг машины хөдөлгүүрийн анхааруулга асч зогсохоос аргагүй болсон. Нэг машин зогсоход цуваа дагаж зогсдог. Эдгээр машинуудын аккумлятор нь муу машиндаа ирсэн 4 батерей -18 градус хүртэл ашиглах боломжтой учир тухайн үед -26 градус хүйтэнд хөлдөж царцаад машин унтраагаад 30-40 минутын дараа болоход асааж дийлдэггүй. Унтарсан ба алдаа заагдсан машины хөдөлгүүрийн тосыг сольж цаашаа явсан. Замын-Үүд сумаас Хөвсгөл сум хүртэл 300 км газар техник саатсан болон түлш хүлээж 2 хоног зарцуулсан 3 дахь хоногт Их говь энержийн уурхайн орсон. Тухайн 2 хоногт цаг агаар их муудсан цасан шуурга шуурч байсан. Ингээд  Их говь энержийн уурхайд 5 машины тос масло түлшний систем бүх Filter солих үйлчилгээ хийж машины хөдөлгүүрийн хөргөлтийн болон масло 3 төрлийн шингэн солигдсон учир орхиж 5 машины цуваагаар Говь-Алтай аймгийн Цээл суманд байх хүдрийн уурхайруу явж очсон. Хүдрийн уурхайруу нийт 1860 км буюу 14 хоног явсан. Ингээд ажлаа дуусч хотод ирэхэд санхүү эрхэлсэн захирал Пүрэвдорж миний цалинг хааж Замын-Үүдээс Хөвсгөл сум орох хугацаанд машинуудын түлш их зарцуулсан шалтгаан нь түлшийг хулгайгаар зарж компанийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээр асуудал үүсгэж удирдлагуудад танилцуулсан. Хуулийн хэлтэс, дотоод хяналтын албаны хүмүүс шалгаж явсаар ажлаа хийх боломжгүй болгож цалин өгөхгүй, утасны төлбөр төлөхгүй далд хэлбэрээр дарамталж шахалт үзүүлж эхэлсэн. 2019 оны 3 сард надад мэдэгдэлгүйгээр Дорноговь аймгийн цагдаагийн ЭЗГХТ тасагт гомдол гаргаж эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд би тухайн үед ажил гүйцэтгэсэн тухай бодит байдлын тухай бичгээр тайлагнаж байсан боловч харгалзаж үзэлгүй цагдаагийн байгууллагаар шалгуулж байж шийдвэрлэнэ гээд хүлээж аваагүй. Ажлын байрны дарамт шахалт үзүүлж ажиллах боломжгүй болгосон, ажлаа хүлээлгэж өг гэж шахсан.

Гэнэт 2019 оны 4 сарын 22-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн, захирал таны ажлыг хүлээн ав гэж үүрэг өгсөн учир та ажлаа өгөөд цаашдын ажиллах боломжоо бодоод харилцан тохирсон гэдэг тушаалаа гаргуулчих гээд ажлаас чөлөөлсөн. Иймд би тухайн үед хуулийн мэдлэг дутмаг, хөдөлмөрийн харилцааны маргаан үүсгэх мэдлэггүй мөн тус байгууллагад үнэнч шударгаар ажиллаж, ажиллах хугацаандаа багагүй эдийн засгийн хэмнэлт гарган санаалагатай ажиллаж байсан учир цагдаагийн байгууллагын шийдвэрийг хүлээж өдий болтол ажилгүй байсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж 9 сарын 18-нд буюу 7 сарын хугацаанд мөрдөн байцаалт явуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын прокурорын газар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр өгч тус прокурорын газар хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаасан тогтоол гаргасан. Иймд миний бие гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож байгаа тул “АХ”ХХК-д гомдолтой. Миний тухайн үед ажил гүйцэтгэсэн бодит байдлыг хүндэтгэн үзэж дээрх хэргийг шийдвэрлэн хэлэлцэж өгнө үү. Би түлшийг зарж үрсэн завшсан зүйл байхгүй, ажлаас гарах өргөдөл ч өгөөгүй. Гэтэл 2019 оны 4 сарын 14-нд хүний нөөцийн ахлах менежер А.Отгонжаргал намайг дуудаж чамайг захирал ажлаас хал гэсэн, захирлын үүргийг биелүүлэх ёстой, чамайг өмч хөрөнгө ашигласан гээд захирлын тушаал гарчихвал эргээд ажил олдохгүй, тийм болохоор харилцан тохирч хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болговол чамд ашигтай, энэ хэлцэлд гарын үсэг зурчихвал, чамайг цагдаа хуулийн байгууллагаар шалгуулж байгаа хүсэлтээ байгууллага буцааж авна гэсэн. Иймд чи хэлэлцэн тохирч хамтын гэрээ дуусгавар болох хэлцэлд гарын үсэг зурчих гээд шахаад байхаар нь хуулийн байгууллагын үүд сахиж байхаар гэж бодоод гарын үсэг зурсан юм. Энэ хэлцлээс үндэслээд 299 дугаартай тушаалаар ажлаас халсан. Ингээд халагдсаны дараа Дорноговь аймгийн Замын-Үүдийн цагдаа прокурор намайг дуудаж “АХ”ХХК-ийн гомдлын дагуу түлш ашигласан хэргээр байцаагдсан.Хуулийн байгууллагын үүдийг 6 сар орчим сахиулж зовоосон бөгөөд хуулийн баййгууллагад өгсөн гомдлоо татаж авна гэж хуурсан болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 5-100 тоот тушаал гарч миний түлш ашигласан гэх үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хааж хэрэгсэхгүй болгосон.

Иймд намайг хилс хэрэг болох түлш ашигласан гэж “АХ”ХХК нь гүтгэсэн ба энэ хэргийг чинь хуулийн байгууллагаас буцаан гомдлоо татан авна гэж хуурч залилсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгох тухай хэлцэлд гарын үсэг зуруулсан тул энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, намайг хууль бусаар халж ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны сард 2 000 000 төгрөгийн цалинтай байсан тул 7 сарын 14 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч “АХ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Эын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар С.Этай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Харилцан тохиролцоход аль нэг тал нь санал гаргаж нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгодог. Энэ утгаараа ажил олгогчийн зүгээс эхлээд С.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай саналыг 2019 оны 4 сарын 14-ний өдөр гаргасан, С.Э нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Ажил олгогчийн зүгээс гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх эсэхэд ажил олгогчийн зүгээс аливаа хэлбэрээр сэтгэл санааны болон бие махбодын дарамт шахалт үзүүлж хуурч мэхлээгүй. С.Э Харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл”-д 2019 оны 4 сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх Б/299 тоот гүйцэтгэх захирлын тушаал 2019 оны 4 сарын 22-ны өдөр гарсан. Хэрэв С.Э ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа бол тушаалыг 2020 оны 4 сарын 22-ны өдөр хүлээн авсан өдрөөсөө хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргалгүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь түүний нэхэмжлэлээс харагдаж байна. Иймээс С.Эаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэл бүхий хүндэтгэн үзэх шалтгаан болон ажил олгогчийн зүгээс ажлаас буруу халсан гэх үндэслэл тус тус байхгүй буюу талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай хэлцэл хуульд харшлаагүй хүчин төгөлдөр хэлцэл тул С.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “АХ” ХХК-д холбогдуулан, 2019 оны 04 сарын 14-ний өдрийн “талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хууль бусаар халж, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал шаардлагаа тодруулж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хууль бусаар халж, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.700.000 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэхээр шаардсан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ, түлш ашигласан гэж гүтгэн, цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо татаж авна гэж хуурч залилан хөдөлмөрийн гэрээг харилцан тохирч дуусгавар болгох тухай хэлцэлд гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хууль бусаар халсан гэж тайлбарлана.

Хариуцагч “АХ” ХХК-ийн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон, ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талууд, нэхэмжлэгч нь 2018 оны 5 сарын 21-ий өдөр “АХ” ХХК-ийн Хангамжийн хэлтэст хангамжийн механик ажил албан тушаалд Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хэргийн 33-36/ тус тус байгуулан ажилласан, тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б-299 дугаар тушаал/хэргийн 13/-аар, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болгож 2019 оны 4 сарын 22-ны өдрөөс С.Эыг ажил албан тушаалаас нь чөлөөлсөн, 2019 оны 10 сарын 02-н өдрийн Б/100 дугаартай Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын 5/100 дугаар тогтоол /хэргийн 14-18/-оор, 5 436 960 төгрөгийн үнэ бүхий 2256 литр түлшийг бусдад завшуулсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар,гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж С.Эт холбогдуулан шалгасан хэрэг бүртгэлийн 192000098 дугаартай хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсэг 1.1.-д заасныг баримтлан хааж шийдвэрлэсэн үйл баримтуудад талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” гэсэн ажил олгогчийг төлөөлж “АХ” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер А.Отгонжаргал, ажилтан иргэн С.Э нарын хооронд үйлдэгдсэн, талуудын нэрний урд гарын үсгийн гар бичвэр бүхий баримт нь талуудын хүсэл зориг мөн эсэх, хууран мэхэлж хийсэн, хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл мөн эсэхэд талууд маргаж байна.

Энэ баримтад үндэслэн бусад шаардлагыг шийдвэрлэх  үндэслэл бий болох юм.

С.Эын гаргасан “нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг сэргээх, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1265 дугаартай захирамж /хэргийн 9/,

Ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3384 дугаартай захирамж /хэргийн 8/-аар нэхэмжлэлүүдийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар  сарын 03-ны өдрийн 9921 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн/хэргийн 10/ байна.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай”гэсэн ажил олгогчийг төлөөлж “АХ” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер А.Отгонжаргал, иргэн С.Э нарын нэрээр үйлдэгдсэн, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.дэх заалтыг удирдлага болгон сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 201 оны 4 сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож байна гэсэн бичвэр бүхий баримт/хэргийн 11/  нь, тус компанийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан, хуулбарын үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байх ба энэ баримт үйлдсэн болон бичигдсэн агуулга, гарын үсгийн бичвэр зурагдсан болохыг талууд маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул баримтыг үнэлэх үндэслэл болж байна.

Хариуцагч тал С.Эын хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ/хэргийн 37/баримтуудыг эхээр нь, Хөдөлмөрийн дотоод журам/хэргийн 40-45/-ыг нотариатаар хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлснээр тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан байх тул үнэлэх боломжтой. Хангамжийн механикиийн ажлын байрны тодорхойлолт/хэргийн 38-39/ нь дугаар тэмдэглэлгүй, албан баримт гэж үзэх боломжгүй, тамга тэмдэг гарын үсэггүй,маргаанд хамаарал бүхий байдлыг нотлохгүй тул үнэлэх боломжгүй.

Шүүх талуудаас ирүүлсэн хуулийн шаардлага хангасан бичмэл баримтууд,талуудын тайлбарыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2.”Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”гэж заасны дагуу үнэлж дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнийг 2019 оны 3 сард хуулийн байгууллагад шалгуулах гомдол гаргасны улмаас гомдлыг буцаан авна гэж тохиролцсоны үндсэн дээр   маргаж буй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийсэн нь хууран мэхлэсэн үйлдэл гэжээ.

С.Эын гаргасан, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг сэргээх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлүүд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 20, 2020 оны 03 дугаар сарын 09, 2020 оны 08 дугаар  сарын 03-ны өдөр тус тус шийдвэрлэгдэж байсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл шаардлагыг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анх гаргасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.”Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.”, 59.4-т “сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан тул уг хэлцлийг хийсэн тал болох сонирхогч этгээд С.Э хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцэл хийсэн нь түүний тайлбарын үндэслэл болох ажил олгогч ажилтнаа хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан, уг гомдлоо татан авахаар тохиролцсоноор хийгдсэн эсэх асуудлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэж дүгнэх үндэстэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.-д Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно, хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 -д Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шийдвэрийг гаргах, гаргасан даруй энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэхийг зохицуулсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/100 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”тогтоолд дурьдсанаар, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг болохыг тэмдэглэсэн байгаа нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Эт холбогдох 192000098 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “..2019 оны 3 сард надад мэдэгдэлгүйгээр Дорноговь аймгийн Цагдаагийн ЭЗГХТ тасагт гомдол гаргаж эрүү үүсгэн шалгаж эхэлсэн...”гэсэн тайлбар нь прокурорын тогтоолд дурдсан хугацаагаар үгүйсгэгдэж, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай”хэлцэл хийгдэхээс өмнө цагдаагийн байгууллагад С.Эыг ажил олгогч гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг шалгагдаж байсан байдлыг нотлох ямар нэг баримтгүй тул нотлогдохгүй гэж үзэх үндэс болно. Энэ нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар  зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан зохигч, буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзнэ.

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа нь 2020 оны 4 сарын 29-ний өдрийн дотор Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар С.Э 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн баримтгүй байна.

Эндээс үзэхэд, маргаж буй 2 талын үйлдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.”Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., ”40 дүгээр зүйлийн 40.1.”Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”гэж заасан талуудын хүсэл зоригийн хүчин төгөлдөр илэрхийлэл гэж үзэх үндэстэй.

2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн хэлцэлд, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан утга бичигдээгүй байх ба Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нэхэмжлэгч тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхээ энэ үндэслэл байгааг мэдсэнээс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс, нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй хуулинд заасан хугацаа өнгөрсөн байна.

Нэгэнт талууд харилцан тохиролцож, хэлцэл хийснийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байгаа нь, уг хэлцлийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт үгүйсгэгдэхгүй тул нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэх, түүний үр дагаврыг шаардах эрхгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нотлогдохгүй байх тул нээхмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тооцон хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

 

  1.Иргэний хуулийн 59  дугаар зүйлийн 59.1., 59.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2.-т заасныг баримтлан “АХХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 04 сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, хууль бусаар халж, 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх 14.700.000 төгрөгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгчээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид тооцон 140 400 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.УРАНЧИМЭГ

 

 

 

 

      2021 оны 02 сары01 ө

                               181/ШШ2021/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: П.Э/-ын

            хариуцагч: ОТ ХХК-д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие П.Э нь 2003 оноос 2005 оны хооронд гэрээт компанид меникчаар ажиллаж байгаад “ОТ” ХХК-д 2005 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар ажилд орсон. Улмаар 2005-2009 онд хөргөлтийн механик, 2009-2011 онд хөргөлтийн ахлах ажилтан, 2011-2013 онд төвлөрсөн засварын ахлах ажилтан, 2013-2014 онд сайтын засварын ахлах мэргэжилтэн, 2014-2015 онд баяжуулах үйлдвэрийн механик засварын ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд сэргээгдэх засварын ахлах мэргэжилтэн, баяжуулах үйлдвэр, засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос дэд бүтцийн хэлтэст механик засварын менежерийн албан тушаалд тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй, дэвшин ажиллаж ирсэн.

Гэтэл ОТ ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтан үзнэ.

Түүнчлэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалтыг гардаж авах үед компанийн дотоод журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр миний бие оролцоогүй болно. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр П.Эийг ОТ ХХК-ийн дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-оос хойш 5 сарын хугацааны 126 сая орчим төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж гаргасан тайлбартаа: ОТ ХХК нь компанийн нэр бүхий ажилтнууд компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлж, завшиж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Эхлээд ОТ ХХК-ийн Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шалгалт явуулж, Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежерийн худалдан авсан нэг бүр нь 6,406.07 ам долларын нийт 384,364.55 ам.долларын өртөг бүхий 60 ширхэг компрессортой холбоотой хэргийг шалгасан. Шалгалтаар дээрх худалдан авсан 60 ширхэг компрессорын 15 ширхэг нь “ОТ”ХХК-ийн Хөргөлтийн багийн агуулахад байгаа нь тогтоогдсон.

Харин үлдсэн 288,273.4 ам долларын өртөг бүхий 45 ширхэг компрессорыг Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежер П.Э, ахлах мэргэжилтэн Б.Хосбаяр нар компанийн нэр бүхий бусад ажилтнуудтай хуйвалдан хууль бусаар авсан, завшсан, хулгай хийж, уурхайн талбараас гаргаж компанид 288,273 ам доллар буюу нийт 822,954,254 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байсан тул компани гомдол гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гомдол гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Тус компанийн Чөлөө олгох журмын 16.3 дугаар зүйлийн 16.3.3-т ...компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөө олгохгүй болно гэж заасны дагуу ажилтан П.Эийг шалгах ажиллагааны явцад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ нь тус хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга, хараат бусаар шалгах, түүнчлэн бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Өөрөөр хэлбэл “ОТ”ХХК нь ажилтан П.Эийг чөлөө олгох журмын дагуу ажлаас түр чөлөөлсөн бөгөөд ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь хэвээр байлгавал удирдах ажилтны хувьд шалгаж байгаа хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзсэн тул компанийн холбогдох журамд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авсан.

Харин “ОТ”ХХК нь ажилтан П.Эийг ажлаас халаагүй, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаагүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд, 128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол гэж заасан, харин ажил олгогчийн зүгээс ажилтан П.Эийг ажлаас нь халаагүй тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч “ОТ”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-оос энэ өдрийг хүртэл хугацааны 126 сая орчим төгрөгийн цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд шаардлагаа дэмжин  оролцов.

Хариуцагч нь ажлаас халаагүй, чөлөө олгох журмаар цалингүй чөлөөтэй байгаа гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч маргана.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Э нь 2018 оны 6 сарын 27-ны өдөр “ОТ”ХХК-д механикийн засвар үйлчилгээний менежерийн ажил албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба “ОТ”ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл”-ээр 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буюу дахин мэдэгдэх хүртэл, чөлөө олгох журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй, цалин хөлс олгогдохгүй нөхцөлтэйгөөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтган үзэж 2020 оны 08 сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9.”хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл болох тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаан болно.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.”Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.”, 129.2.”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.”гэж зааснаар П.Э гомдлоо ажил олгогчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс шүүхэд гаргах хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, түүнд холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал бий болсон тул гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж шалгаж байгаа, хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзэн түүнийг шалгаж дуустал ажлаас түр чөлөөлсөн, халсан тушаал шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлана.

П.Эт “ОТ”ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 7 сарын 28-ы өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэлд, хөдөлмөрийн гэрээ болон компанийн дүрэм,  журмыг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, эс үйлдэлтэй холбоотойгоор шалгалт явагдаж байгаа тул энэ өдрөөс 2020 оны 7 сарын 30-ны өдрийг дуустал 3 өдрийн цалинтай түр чөлөөлснийг, мөн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн мэдэгдлээр, 2020 оны 08 дугаар сарын 09-ий өдрийг дуустал 10 өдрийн хугацаагаар сунгасан болохыг мэдэгдсэн, 2020 оны 8 сарын 10-ы өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэлд, 2020 оны 8 сарын 16-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаатай тус тус ажлаас цалинтай чөлөөлсөн болохыг мэдэгдсэн, эдгээр мэдэгдлүүдийг П.Эт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч талын баримтуудаар нотлогдож, нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ хугацаанд холбогдох шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн /хэргийн 4 дөх тал/ “ОТ”ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн “Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл”-ээр холбогдох асуудлыг  шалгах явцад хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал тогтоогдсон тул 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн дахин мэдэгдэх хүртэл цалин хөлс олгохгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй,тодорхойгүй хугацаагаар ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болсон байх ба энэ нь ажлаас халсан эсэхэд талууд маргана.

 Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 53-87 дахь талд авагдсан баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангаагүй хуулбар тул үнэлэх боломжгүйгээс үнэлээгүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн “ОТ”ХХК-ийн Дотоод журмын 3-р хэсэг “Ажлын ба амралтын цаг, чөлөө олгох” хэсэгт захиргааны чөлөө олговортой, жилийн амралтаас суутгахгүй байхаар, харин удирдах ажилтан нь зөвшөөрсөн бол 80 цагаас дээш хугацаагаар цалингүй чөлөө олгохоор журамлажээ. /хэргийн 120-121/

“ОТ”ХХК-ийн “Чөлөө олгох журам/хэргийн 88-100/-ын 14.1-д ажилтны хүсэлтээр олговоргүй чөлөө олгохыг заасан ба мөн журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөөг олгохгүй, харин журмын 16.7.-д компанийн шийдвэрээр зөрчилтэй холбогдуулан хянан шалгах ажиллагааг явуулах тохиолдолд ажлаас чөлөөлж олговортой чөлөө олгохоор журамласан байна.

Нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас дуудаж алга болсон гэх компрессорын талаар гэрчээр 1 удаа асуусан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй, харин хариуцагч тал П.Эийг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх боловч 2020 оны 9 сарын 16, 2021 оны 1 сарын 21-ий өдрийн тус компанийн хуулийн ажилтан өмгөөлөгч нарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт хаягласан гомдол, хүсэлт гэх албан бичиг баримтаар П.Эт холбогдох гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан, гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдгийг нотлохгүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс гадна хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан зохицуулалтаар зохицуулагдана.

Нэхэмжлэгч П.Эийн хөдөлмөрийн гэрээ/хэргийн 6-11/-ний 10-т ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцлах үндэслэлүүдийг заасан ба 10.3.-т энэ 2 үндэслэлээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохыг тодорхойлжээ.

П.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журамд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах асуудлыг зөвхөн ноцтой зөрчлийн улмаас авахыг зохицуулсан байх ба ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгаварласан тухай эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаагүй хууль зүйн факт бий болоогүй, харин компанийн тодорхой эд хөрөнгө дутаасан асуудалд ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэл байгаа эсэх, зөрчлийн асуудлыг шалган тогтоох ажиллагаа явагдаж байна.

П.Эийн хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгосон асуудал байхгүй, хянан шалгах ажиллагааны хүрээнд шалгаж дуусан мэдэгдэх хүртэл хугацаагаар ажлаас түр чөлөөлсөн үйл баримт бий болсон байна.

“ОТ”ХХК-ийн “Чөлөө олгох журам”-ын 16 дугаар зүйлийн 16.3.3.-т заасан үндэслэл тогтоогдохгүй, харин 16.7 дахь заалтад заасан ажилтанд тусгай чөлөө олгох зохицуулалтын хүрээнд 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл олговортой тусгай чөлөө олгосон ба одоог хүртэл компанийн дотоод аудит эрх бүхий этгээд хянан шалгах ажиллагааны хариу, шалгасан тухай албан ёсны шийдвэр гаргасан баримтгүй тул шалгах ажиллагаа явагдаж байгаа, 2020 оны 8 сарын 20-ны өдрөөс одоог хүртэл П.Эт олгогдсон, Чөлөө олгох журам”-ын 16 дугаар зүйлийн 16.7.-д заасан олговортой захиргааны тусгай чөлөө үргэлжилж байна гэж үзэхээр байна.

Тус компанийн Чөлөө олгох журамд заасны дагуу ажилтан П.Эт холбогдуулан тодорхой зөрчлийг хянан шалгахтай холбогдуулан зөрчлийг шалган тодруулах хүртэл тусгай чөлөө олгосон нь П.Эт гардуулсан мэдэгдлүүдээр нотлогдож байх тул ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч П.Эийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна.

ОТ ХХК нь П.Эт компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл, шаардлагын дагуу тусгай чөлөө олгосон байх боловч түүнд олговор олгоогүй шалтгаанаа ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалттай холбон тайлбарлаж байгаа Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдол гэж заасан нөхцөл нотлогдохгүй байна.

Иймд ОТ ХХК нь П.Эт компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл, шаардлагын дагуу тусгай чөлөө олгосон байх тул П.Эт чөлөөтэй байх хугацаанд олговор олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн харилцаа нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний харилцаа нарийвчлан зохицуулагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн дотоод журамд хамаарах тул ОТ ХХК-ийг Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтад заасан ажилтанд тусгай чөлөө олгосон тохиолдолд тухайн хугацаанд ажилтанд олговор олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй боловч ажил олгогч ажилтанд олгосон чөлөөтэй холбоотой олговор олгох үүргээ биелүүлээгүй тул шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс чөлөөтэй хугацааны олговрын асуудлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад заасан хохирол барагдуулах зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд П.Эийн шаардаж буй 2020 оны 08-р сарын 20-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2021 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх 5 сар ажлын 11 хоногт П.Эийн сарын дундаж цалинг бүтэн олгогдсон 2020 оны 5-7 дугаар саруудын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн/хэргийн 108/ бичилт хийгдсэн дүн/19 720 668+22 596 953+24 162 167=/66 479  788:3=дундаж цалин 22 159 929 х 5 сар=110 799 647 төгрөг дээр, сарын ажлын дундаж цалин 22 159 929-ийг 21.5 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин 1 030 694х11 хоног=11 337 638 төгрөг, бүгд 122 137 285 төгрөгийг хариуцагч ОТ ХХК-аас олговорт гаргуулж, нэхэмжлэгч П.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Эийн болон хариуцагч ОТ ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ОТ ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 128 дугаар зүйлийн 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч ОТ ХХК-аас олговорт 122 137 285 /нэг зуун хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, олговор гаргуулах шаардлагын үлдэх 3 862 715 /гурван сая найман зуун жаран хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч П.Эийн болон хариуцагч ОТ ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ОТ ХХК-д даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ОТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 768,636 /долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ