Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00751

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00751

 

П.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00274 дугаар шийдвэртэй

П.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч О ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, түүний өмгөөлөгч Д.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э нь 2003 оноос ажилласан. 2017-2018 онд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос дэд бүтцийн хэлтэст механик засварын менежерийн албан тушаалд тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй, дэвшин ажиллаж ирсэн. Гэтэл О ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. Ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтган үзнэ. Түүнчлэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалтыг гардаж авах үед компанийн дотоод журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр миний бие оролцоогүй болно. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр П.Эийг О ХХК-ийн дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-оос хойш 5 сарын хугацааны 126 сая орчим төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь компанийн нэр бүхий ажилтнууд компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлж, завшиж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Эхлээд О ХХК-ийн Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шалгалт явуулж, Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежерийн худалдан авсан нэг бүр нь 6,406.07 ам долларын нийт 384,364.55 ам.долларын өртөг бүхий 60 ширхэг компрессортой холбоотой хэргийг шалгасан. Шалгалтаар дээрх худалдан авсан 60 ширхэг компрессорын 15 ширхэг нь ОХХК-ийн Хөргөлтийн багийн агуулахад байгаа нь тогтоогдсон. Харин үлдсэн 288 273.4 ам долларын өртөг бүхий 45 ширхэг компрессорыг Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежер П.Э, ахлах мэргэжилтэн Б.Хосбаяр нар компанийн нэр бүхий бусад ажилтнуудтай хуйвалдан хууль бусаар авсан, завшсан, хулгай хийж, уурхайн талбараас гаргаж компанид 288 273 ам доллар буюу нийт 822 954 254 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байсан тул компани гомдол гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гомдол гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тус компанийн Чөлөө олгох журмын 16.3 дугаар зүйлийн 16.3.3-т ...компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөө олгохгүй болно гэж заасны дагуу ажилтан П.Эийг шалгах ажиллагааны явцад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ нь тус хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга, хараат бусаар шалгах, түүнчлэн бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл ОХХК нь ажилтан П.Эийг чөлөө олгох журмын дагуу ажлаас түр чөлөөлсөн бөгөөд ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь хэвээр байлгавал удирдах ажилтны хувьд шалгаж байгаа хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзсэн тул компанийн холбогдох журамд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авсан. Харин О ХХК нь ажилтан П.Эийг ажлаас халаагүй, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаагүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд, 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол гэж заасан, харин ажил олгогчийн зүгээс ажилтан П.Эийг ажлаас нь халаагүй тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О ХХК-аас олговорт 122 137 285 /нэг зуун хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, олговор гаргуулах шаардлагын үлдэх 3 862 715 /гурван сая найман зуун жаран хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжпэгч нэхэмжпэгч П.Эийн болон хариуцагч О ХХК- ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч О ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 768,636 /долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн зүгээс О ХХК-ийн дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлага гаргаснаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. О ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн хууль шүүхийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтган үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс тушаалын үндэслэл болоогүй чөлөө олгох журмын 16.7.1-д зааснаар чөлөө олгосон нь тусгай чөлөөний төрөлд хамаарч байна гэсэн нь хэрэгт хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд П.Эт холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагаас сэжигтэн, яллагдагчаар татсан зүйлгүй, П.Эийн ажлын багаж хэрэгсэл болох гар утас болон компьютерыг хураан авч ажил хүлээлцсэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүй болон ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байгааг харуулж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр П.Эийг О ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг үндэслэн хохирол арилгуулах шаардах эрхийг захиргааны чөлөөтэй байгаа ажилтанд олгох олговортой адилтган 122 137 285 төгрөгийн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл бөгөөд энэ нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3, 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтуудаар нарийвчлан зохицуулагдсан байдаг. Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг хэрэглэх шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь П.Эийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий хэргийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д заасан эрхийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн компани дотооддоо мөрдөх хөдөлмөрийн дотоод зохицуулалтыг баталж мөрдүүлэх эрхтэй гэж заасны дагуу О ХХК-д мөрдөж буй Чөлөө олгох журмын дагуу ажилтан П.Эт тэтгэмжгүй чөлөө олгож шийдвэрлэснийг хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж буй хэрэг юм. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй шаардлагыг шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс гэсэн үндэслэлээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч О ХХК- ийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас нэхэмжлэгч П.Эт холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг гаргуулж хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар Б.Хосбаярын нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг тогтоолгох хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт гаргасан юм. Ийнхүү хүсэлт гаргахдаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гаргасан гомдлоо буюу өөрөө олж авах боломжтой нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хүсэлтдээ хавсаргасан. Харин хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг О ХХК нь нотолж баримтын шаардлага хангасан байдлаар өөрөө олж авах боломжгүй /төр, байгууллага. хувь хүний нууцтай холбоотой, өөр орон нутагт байгаа/ баримт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1-т Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана, мөн зүйлийн 5-т Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорт мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно гэж тус тус заасан байдаг. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, талуудын нотлох баримтад тулгуурлан мэтгэлцэх, өөрийн гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхээр гаргуулан авах хуульд заасан эрхийг хязгаарласан үйлдэл болж энэхүү үйлдэлд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн 181/ШШ2021/00274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид О ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх мэдэгдэл-ийн талаар өөр өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгч П.Э ...Ажил олгогч түр чөлөөлөх мэдэгдэл гаргаад ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг үндэслэлгүйгээр ажлаас халагдсантай адилтгаж үзнэ гэж,

хариуцагч О ХХК ...Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шалгалт явуулахад Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежер П.Э, ахлах мэргэжилтэн Б.Хосбаяр нар компанийн нэр бүхий бусад ажилтнуудтай хуйвалдан хууль бусаар 288 273 ам.долларын өртөг бүхий 45 ширхэг компрессорыг авч, завшиж, хулгайлж компанид 288 273 ам.доллар буюу нийт 822 954 254 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн учраас түр чөлөөлсөн гэж тус тус тайлбарлан маргажээ.

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Б Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн тасгаас О ХХК-ийн гомдлын дагуу П.Э нарын ажилтнуудад холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 0000 тоот хэрэг үүсгэсэн тогтоолыг хуулбарлан гаргуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх.149-151/

Анхан шатны шүүх захирамж гарган хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа боловч хэрэгт бичгээр гарсан захирамж авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээж аваагүй нь тодорхой бус байх бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн эрхийн акт гаргаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

Түүнчлэн шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээгээр зохицуулагдах маргаан байхад нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн харилцаа гэж тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 768 636 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО