Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1195

 

187/2020/0452/Э

 

 

 

  2020             09            17                                        2020/ДШМ/1195    

 

Т.Ц-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Т.Ц-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Ц-ид холбогдох эрүүгийн 2010003690501 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц-,

Т.Ц- нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцсийн автобусны буудал дээр асаалттай байсан С.Содномдоржийн эзэмшлийн “Toyota Prius20” загварын 8546 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн уг тээврийн хэрэгсэлд байсан машины хучлага, цэргийн өвлийн хувцас, албаны бэлэн байдлын аранз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг, “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 90 /ер хоног/-ыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ээс 473.000 төгрөг гаргуулж хохирогч С.Содномдоржид олгож, Т.Ц-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Т.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй болно. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Ц- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 473.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Дээрх гэмт хэргүүдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байхад шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг /90 хоногийг/ нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Ц- нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцсийн автобусны буудлын орчим машинаа халаахаар асааж орхисон байсан С.Содномдоржийн эзэмшлийн “Toyota Prius 20” загварын 8546 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн уг тээврийн хэрэгсэлд байсан машины хучлага, цэргийн өвлийн хувцас, албаны бэлэн байдлын аранз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Содномдоржийн “...орой 19 цагийн үед машинаа асааж орхичихоод, Мөнхбаяр ахыг гарч ирэхгүй болохоор нь эргээд орсон. …Бид хоёр 30 гаруй минут болоод гараад ирэхэд автомашин алга болсон байсан. ...Машиныг Саппорогийн тэр хавьд үлдээсэн байсан. ...Харин машин дотор байсан автомашины хучлага, цэргийн өвлийн хувцас, миний албаны бэлэн байдлын аранз буюу цүнх, бичиг баримт гэх зүйлүүд алга болсон байсан. ...” /хх 13-14/,

Т.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын машин асаалттай, дотор нь хүн байхгүй байхаар нь хаалгыг нь татсан чинь онгойсон. Согтуу байсан болохоор тэр машиныг нь унаад Ханын материалын эцэс ороод уг машинд байсан ногоон эрээн хучлагыг цэргийн аранзтай нь заръя гэхэд нэг танихгүй залуу “хэдээр зарах юм” гэхээр нь “20.000 төгрөгөөр зарна” гэхэд тэр залуу “байгаа нь 10.000 л байна” гэхээр нь хучлага, аранз хоёрыг нь өгөөд 1 шил архи аваад Ардын эрхийн тийшээ очоод байрнууд дунд нэг зогсоол олоод машинаа байрлуулаад, авсан архиа уучихаад унтсан. ...” /хх 46/ гэх мэдүүлгүүд,

“...сэжигтэй этгээд нь 19 цаг 28 минут 17 секундэд уг тээврийн хэрэгсэлд орж суун 19 цаг 28 минут 39 секундэд тээврийн хэрэгслийг унаж хөдөлж байгааг харуулав. ...”  гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, “...“Toyota Prius 20” загварын 8546 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх 25-27/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Т.Ц-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс түүний гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Т.Ц-ийн өмгөөлөгч У.Батцэцэгийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар, …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 6 /зургаа/ сарын хорих ялаар. …” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 90 /ер хоног/-ыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 90 /ер хоног/-ыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай. …” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид оногдуулсан 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэж тус тус  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН