Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 435

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Т.Ц-ид холбогдох эрүүгийн 2010003690501 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ....

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Ц- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцсийн автобусны буудал дээр асаалттай байсан С.С-ийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яваад Саппорогийн хавьд орхисон,

Мөн уг тээврийн хэрэгсэлд байсан машины хучлага, цэргийн өвлийн хувцас, албаны бэлэн байдлын аранз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Ц- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцсийн автобусны буудал дээр асаалттай байсан С.С-ийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яваад Саппорогийн хавьд орхисон,

Мөн уг тээврийн хэрэгсэлд байсан машины хучлага, цэргийн өвлийн хувцас, албаны бэлэн байдлын аранз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 473.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Т.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

2. Яллагдагчаар Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гадуур тэнэмэл байдлаар амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Жаргаланты 5-135 тоотод эгч Баясгаланбаярынд очоод гарсан. Жаргалантын 6 дугаар гудамжаар явсаар Яармагийн хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг хоёр ТҮЦ-ний харгалдаа цагаан өнгийн приус-20 загварын машин асаалттай, дотор нь хүн байхгүй байхаар нь хотын төв орох гээд унааны мөнгөгүй болсон байсан болохоор уг машиныг унаад хотын төв орсон. ...бусдын машин авч явах үедээ ногоон өнгийн куртик, бор өнгийн өмд, хар өнгийн гуталтай, гартаа улаан өнгийн торонд хөнжил хийж барьсан байсан. Би машинаас машины хучлага, ногоон өнгийн үүргэвч байсныг авч гудамжаар явж байгаад танихгүй хүнд 10.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-н 46/,

3. Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М- ах миний машиныг авч явсан ба би лангуун дээрээ байж худалдаа хийсэн. Орой 19 цагийн үед гэр рүүгээ харихаар машинаа халаах санаатай гараад машинаа асаачихаад буцаад М- ах дээр орсон. Машиныг М- ах Хан гэрэл супер маркетийн урд зогсоол дээр зогсоосон байсан. Би ороод 30 гаран минут болоод гараад ирэхэд машин маань алга болсон байсан. Камер шүүхэд ногоон өнгийн куртиктэй хүн машиныг унаад явж байгаа бичлэг байсан. Цагдаа нар машиныг олоход зүс таньдаг архи уудаг хүн машиныг унаад Саппорогийн тэр хавьд үлдээсан байсан. Харин машин дотор байсан автомашины хучлага, цэргийн өвлийн хувцас бүгдээрээ, бас миний албаны бэлэн байдлын аранз буюу цүнх бичиг баримт гэх зүйлүүд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...сэжигтэй этгээд нь 19 цаг 28 минут 17 секунтэд уг тээврийн хэрэгсэлд орж сууж байгааг харуулав. Мөн 19 цаг 28 минут 39 секунтэд тээврийн хэрэгслийг унаж хөдөлж байгааг харуулав” гэжээ /хх-н 8-11/,

 

5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 12/,

 

6. Эд зүйлийн үнэлгээ /хх-н 25-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ц-ийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Ц- нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн эцсийн автобусны буудал дээр асаалттай байсан С.С-ийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яваад Саппорогийн хавьд орхисон,

Улмаар уг тээврийн хэрэгсэлд байсан машины хучлага, цэргийн өвлийн хувцас, албаны бэлэн байдлын аранз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 473.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Ц-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ид эд зүйлийн үнэлгээгээр 473.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь тухайн хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Т.Ц-ээс 473.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-ид олгохоор шүүх шийдвэрлэв.

Хохирогч С.С-ийн ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Ц- нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Т.Ц-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч Т.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ц-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Т.Ц-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 01 /нэг/ жилийн хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 90 /ер хоног/-ыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ид оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ц-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ээс 473.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-ид олгосугай.

 

7. Т.Ц-ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг

эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Ц-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН