Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/02141

 

                         

 

 

 

 

 

 

2021 оны 11 срын 11 өдөр

                          181/ШШ2021/02141

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.М-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т д холбогдох

 

Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дулам /зүүм аппликейшнээр оролцсон/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, гэрч Ё.Соёлхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Р.М  нь бага, дунд, ерөнхий боловсрол эзэмшээгүй бөгөөд уншиж чаддаггүй хүн юм. Гэтэл Ё.Соёлхүү нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Р.М  руу утсаар залгаад чи бичиг үсэг мэдэхгүй юм чинь би хашаа, байшинг нь хүнд хөлслүүлж өгнө, чи гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлээд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т ын нотариатын газар очиж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Р.М  нь зөвхөн нэрээ бичиж чаддаг, 1-р ангид бүрэн суугаагүй. Нотариат дээр орж хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан гэж ярьдаг ч хэдэн цаасан дээр гарын үсэг зурснаа ч мэддэггүй. Мөн гарын үсэг зурсан цаасыг нь ерөөсөө Р.М д өгөөгүй. Тийм учраас хариуцагчаас итгэмжлэлийн эх хувийг шаардсан юм. Гэтэл н.Бат-Ирээдүй гэх хүний нэхэмжлэлтэй Д.Золзаяа, Х.Ганхуяг нарт холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л Р.М  нь гэрчээр оролцохдоо өөрийнхөө хашаа байшин зарагдсан гэдгийг мэдсэн. Мөн уг газар нь юуны үндсэн дээр худалдагдсан болохыг мэдэхгүй байгаа. Маргаан бүхий газарт Р.М  нь Х.Ганхуяг болон Д.Золзаяа нар нь хамтран амьдарч байсан. н.Бат-Ирээдүй гэх хүн хашаа байшинг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг.

Ё.Соёлхүү нь Р.М ыг бичиг үсэггүй гэдгийг мэдэж байгаа. Мөн хаана гарын үсэг зурахыг нь хэлж өгсөн. Итгэмжлэлийн хугацааг 3 жил гэсэн байх ба одоо ч итгэмжлэлийн хугацаа дуусаагүй бөгөөд бүтэн 3 жилээр итгэмжлэл олгосныг Р.М  өөрөө мэдээгүй. Миний бие Р.М  эгчийг бичиг мэддэг эсэхийг харах гээд юм уншуулахаар үсэглэж уншина, мөн зарим үсгийг нь мэддэггүй. Насан туршийн боловсролын төв дээр очиж шалгалт өгөхөд энэ хүнийг сургалтанд суулга, 35 үсгээс дөнгөж 13 үсгийг нь мэддэг юм байна гэж хэлсэн. Нотариатч нь итгэмжлэлийн үр дагаврыг уншиж танилцуулах, гэрч оролцуулах, тэмдэглэл үйлдэж хавсаргах үүрэгтэй байдаг. Гэвч Б.Т  нотариатч нь уг үүргээ биелүүлэхгүй зөрчсөн. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар Р.М  нь өөрийн өмчлөх эрхийнхээ хувийн сууц болон газрыг эгүүлэн авч өмчлөх эрхээ хамгаалах, сэргээн тогтоолгох боломжтой болно.

Р.М ын хувьд н.Бат-Ирээдүй гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах ямар нэгэн хүсэл, зориг байгаагүй, итгэмжлэл хийнэ гэж өөрийнхөө хувьд бодоогүй, мөн н.Бат-Ирээдүй гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй. Нотариатын хууль бус үйлдлийн улмаас бусдад алдаж хохироход хүрээд байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар өмчлөх эрхээ хамгаалах боломж бүрдэнэ. Анх Р.М  нь Ё.Соёлхүүгийн хамтран амьдрагч н.Эрдэнэзул гэх хүнээс 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлсэн мөнгөө гаргуулж авахын тулд Р.М ын хашаа байшинг хөлслүүлнэ гэж хэлээд Ё.Соёлхүү нь Р.М ыг дагуулж яваад хэдэн цаасан дээр гарын үсэг зурахад болно гэж хэлсэн боловч энэ нь Р.М ын бичиг үсэггүйг мэдээд үүнийг нь далимдуулан өөрийнх нь хашаа, байшинг худалдан борлуулах хэмжээнд хүрээд өөрийнхөө өмчлөх эрхийг алдчихаад байгаа нөхцөл байдалд хүрээд байна. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.М аас Ё.Соёлхүүд олгосон гэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэг талын хэлцэл юм. Иргэний хуульд нэг талын хэлцэл гэж заасан бол Нотариатын тухай хуульд аливаа хэлцэл, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой аливаа хэлцлийг хийхдээ тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын тойргийн нотариатч гэрчилнэ гэж зохицуулж өгсөн. Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсгийн зохицуулалт болон Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2014 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 14 дүгээр зүйлд зааснаар бичиг үсэг мэдэхгүй хүнтэй нотариатын үйлдэл хийхдээ 2 гэрч оролцуулах, тэмдэглэл үйлдэх, үйлдсэн итгэмжлэлээ уншиж танилцуулах үүргийг нотариатч хүлээсэн байдаг. Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн заалтыг зөрчиж нотариатын үйлдэл хийсний улмаас Р.М ын өмчлөх эрх зөрчигдсөн.

Би Р.М  гэдэг хүнийг бичиг үсэггүй гэдгийг мэдээгүй. Р.М ын өмчлөх эрх зөрчигдсөн. Б.Эрдэнэсувд, Ё.Соёлхүү хоёрын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн үүдэнд ярьж байхыг сонсоод бичиг, үсэггүй гэдгийг нь мэдсэн. Р.М  нь Б.Эрдэнэсувдаас 5,000,000 төгрөг зээлсэн. Ё.Соёлхүү нь Б.Эрдэнэсувдын хамтран амьдрагч бөгөөд Р.М аас ирж зээлүүлсэн мөнгөө нэхдэг байсан. Нэг өдөр ирээд чи мөнгөний боломжгүй байгаа бол хоёулаа нотариат ороод хэдэн гарын үсэг зуръя, хашаа байшинг нь түрээслэх хүн олчихлоо гэж хэлээд Р.М ыг ботаникийн Түргэн үйлчилгээний цэгээс ирж аваад явсан. Ингээд талбайн зүүн урд талд байрлах Соёлын төв өргөө дэх Б.Т ын нотариатын газар ирсэн. Ботаникаас Сүхбаатар дүүрэг хүртэл явж ирж өөрийнхөө таньж мэддэг, харилцдаг нотариат дээр аваачиж гарын үсэг зуруулсан. Нотариатчийн тухайд байшинг зарах гэж байна гэдгийг Р.М д уншиж, танилцуулж, ойлгуулаагүй. Р.М  нь одоо 38 настай, гэхдээ бага дунд суурь ерөнхий боловсрол ерөөсөө эзэмшээгүй. Р.М  нь нотариатын газар очоод бичиг үсэг тааруу гэхэд цэг тавиад энд гарын үсэг зур гэж зааж байгаад зуруулсан зүйл байдаг. Р.М д итгэмжлэлийн үр дагаврыг уншиж танилцуулаагүйн улмаас ойлгоогүй, мөн өөрөө унших чадваргүй. Ийм учраас нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Р.М  нь өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг алдсан. Ё.Соёлхүү гэх хүн уг 2 итгэмжлэлийг үндэслээд н.Бат-Ирээдүй гэх хүнд 5,000,000 төгрөгөөр байшинг зараад өөрөө мөнгийг нь авсан гэх маргаан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд явж байгаа.

Р.М  байшингаа 5,000,000 төгрөгөөр худалдах гээд Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон бол Ё.Соёлхүү тэр мөнгийг авах Р.М  тэр мөнгийг авах ёстой. Р.М  нь н.Бат-Ирээдүй гэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй мөн энэ хүнд байшингаа зарна гэж бодож байгаагүй. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.М аас Ё.Соёлхүүд олгосон 0316, 0317 дугаартай итгэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилсэн. Ийнхүү гэрчлэхдээ хууль зөрсөн, журам зөрчсөн зүйл байхгүй. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон гэрээ хэлцлийг заасан байна. Гэхдээ итгэмжлэл бусдад шилжүүлж байгаа зүйл биш юм. Харин тэр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдэж байгаа гэрээг тухайн тойргийн нотариатч гэрчилдэг. Энэ нь агуулгын хувьд өөр зүйл юм. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг бусдад шилжүүлэхтэй холбоотой өмчлөлийг шийдэж байгаа гэрээ хэлцлийг тухайн тойргийн нотариатч гэрчлэх хуулийн зохицуулалттай. Харин итгэмжлэлийн хувьд ямар нэгэн байдлаар тойрог харгалзаж хийдэг зүйл биш юм. Б.Т  нотариатч нь Нотариатын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй.

Итгэмжлэлийг гэрчлэх үед нотариатууд итгэмжлэлийг уншиж сонсгож, эрх үүргийг тайлбарлаж өгч, асууж байгаад гэрчилдэг. Итгэмжлэлийн доор нь Р.М  нь итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд хүсэл зоригт бүрэн нийцсэн гэдгийг бичиж танилцуулаад гарын үсгийг нь зуруулсан. Нотариатын дэвтрийн хамгийн арын нүүрэнд гарын үсэг зурдаг. Үүнийг нь хүн мэддэггүй. Иймээс уг хүснэгтийн энэ нүдэнд гарын үсэг зурж, нэр бичнэ гэдгийг зааж өгдөг. Нэхэмжлэгч нь өөрөө бичиг үсэг мэдэхгүй гэж хэлээгүй л бол бичиг үсэг мэдэхгүй гэж ойлгох боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харах юм бол нэхэмжлэгчийг бичиг үсэг мэддэггүй хүн гэж тодорхойлсон зүйл байхгүй байна.

Насан туршийн боловсролын Үндэсний төв гэх газраас боловсролгүй болохыг тодорхойлох боломжгүй тул харьяа дүүргийн Насан туршийн боловсролын төвд хандана уу л гэсэн байна. Нэхэмжлэгч нь бичиг үсэг мэдэхгүй байя гээд мэдэхгүй хүн шиг жүжиглэж чадна. Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвд үсэг бичүүлж, үг асууж уншуулсан зүйл байна. Гэхдээ Р.М ын өргөдөл дээр нэрээ бичсэн байдлыг нь харахад үсэг мэддэггүй хүн биш юм. Р.М  нь уншаад, үг бичсэн байна. Гэхдээ хүн алдаатай бичдэг байж болно. Цээж бичиг хийгээд алддаг хүнийг бичиг үсэггүй хүн гэж ойлгох боломжгүй. Тухайн бичсэн зүйл уншаад, хүний ярьсан зүйлийг ойлгодог байхад болдог. Р.М  нь бичиг үсэг мэддэггүй гэж хэлсэн бол тухайн үед нотариатч Б.Т  нь гэрч оролцуулах байсан. Өөрөө мэдэж байгаа гээд гарын үсэг зурсан болохоор гэрч оролцуулаагүй.

Нотариатыг сонгож үйлчлүүлэх нь үйлчлүүлэгчийн эрх юм. Нотариатчийн хувьд үйлчлүүлье, үйлчилгээ авъя гэсэн хүн болгонд үйлчилдэг. Хэрэв нэхэмжлэгч тал таньдаг талаараа хуйвалдаж хийсэн гэж үзэж байгаа бол тусдаа өөр газар хандаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                             

                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.М  нь хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т д холбогдуулан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0317 дугаартай итгэмжлэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 73 дугаар гудамж, 13а тоот хаягт байрлах 467 м.кв талбайтай, нэгж талбарын Г-2201046451 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцааний газар,  0316 дугаартай итгэмжлэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 73 дугаар гудамж, 13а тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг Р.М  нь Ё.Соёлхүүд барьцаанаас чөлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах, бусдад худалдах, хөлслүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох баримт бичгийг хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т  гэрчилжээ.

 

Нэхэмжлэгч нь “Р.М  нь бага, дунд, ерөнхий боловсрол эзэмшээгүй бөгөөд уншиж чаддаггүй хүн юм. Гэтэл Ё.Соёлхүү нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Р.М  руу утсаар залгаад чи бичиг үсэг мэдэхгүй юм чинь би хашаа, байшинг нь хүнд хөлслүүлж өгнө, чи гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлээд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т ын нотариатын газар очиж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулсан тул Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Нотариатын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Үйлчлүүлэгч нь хараагүй, хэлгүй, дүлий, бичиг үсэг мэддэггүй, түүнчлэн эрх зүйн чадамжгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон нотариатч шаардлагатай гэж үзвэл гэрчийг оролцуулна.” гэж заасан бөгөөд нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ бичиг үсэг мэдэхгүй байдлыг мэдэх боломжгүй тул бичиг үсэг мэдэхгүй байдлыг тайлбарлах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Р.М  нь бичиг үсэг мэдэхгүй гэж Насан туршийн боловсролын үндэсний төвд хандаж, түвшин тогтоолгосон боловч 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай албан тоотод “Р.М ыг бичиг үсгийн боловсролгүй болохыг тодорхойлох боломжгүй тул харьяалах дүүргийн Насан туршийн боловсролын төвд хандана уу” гэж хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгчийг зөвхөн Насан туршийн боловсролын төвийн баримтад үндэслэн бичиг үсэг мэдэхгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Итгэмжлэл гэрчлэхэд заавал тухай тойргийн нотариатч байх хуулийн шаардлага тавихгүй бөгөөд нотариатч Б.Т ын үйлдэл хууль зөрчсөн байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т д холбогдох Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т д холбогдох Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М аас Ё.Соёлхүүд итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР