Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00133

 

 

 

 

 

 

 

 

 

Р.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/02141 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.М-ын хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Р.М- нь бага, дунд, ерөнхий боловсрол эзэмшээгүй бөгөөд уншиж чаддаггүй. Гэтэл Ё.С- нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Р.М- руу утсаар залгаад чи бичиг үсэг мэдэхгүй юм чинь би хашаа, байшинг нь хүнд хөлслүүлж өгнө, чи гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлээд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т-ын нотариатын газар очиж бичиг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Р.М- нь зөвхөн нэрээ бичиж чаддаг, 1-р ангид бүрэн суугаагүй. Нотариат дээр орж хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан гэж ярьдаг ч хэдэн цаасан дээр гарын үсэг зурснаа ч мэддэггүй. Мөн гарын үсэг зурсан цаасыг нь Р.М-д өгөөгүй. Тийм учраас хариуцагчаас итгэмжлэлийн эх хувийг шаардсан. н.Бат-Ирээдүй гэх хүний нэхэмжлэлтэй Д.Золзаяа, Х.Ганхуяг нарт холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л Р.М- нь гэрчээр оролцохдоо өөрийнхөө хашаа байшин зарагдсан гэдгийг мэдсэн. Мөн уг газар нь юуны үндсэн дээр худалдагдсан болохыг мэдэхгүй байгаа. Маргаан бүхий газарт Р.М- нь Х.Ганхуяг болон Д.Золзаяа нар нь хамтран амьдарч байсан. н.Бат-Ирээдүй гэх хүн хашаа байшинг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Ё.С- нь Р.М-ыг бичиг үсэггүй гэдгийг мэдэж байгаа. Мөн хаана гарын үсэг зурахыг нь хэлж өгсөн. Итгэмжлэлийн хугацааг 3 жил гэсэн байх ба одоо ч итгэмжлэлийн хугацаа дуусаагүй бөгөөд бүтэн 3 жилээр итгэмжлэл олгосныг Р.М- өөрөө мэдээгүй. Насан туршийн боловсролын төв дээр очиж шалгалт өгөхөд сургалтанд суулга, 35 үсгээс 13 үсгийг нь мэддэг юм байна гэж хэлсэн. Нотариатч нь итгэмжлэлийн үр дагаврыг уншиж танилцуулах, гэрч оролцуулах, тэмдэглэл үйлдэж хавсаргах үүрэгтэй байдаг. Гэвч Б.Т- нотариатч нь уг үүргээ биелүүлэхгүй зөрчсөн. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар Р.М- нь өөрийн өмчлөх эрхийнхээ хувийн сууц болон газрыг эгүүлэн авч өмчлөх эрхээ хамгаалах, сэргээн тогтоолгох боломжтой болно. Р.М-ын хувьд н.Бат-Ирээдүй гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах ямар нэгэн хүсэл, зориг байгаагүй, итгэмжлэл хийнэ гэж өөрийнхөө хувьд бодоогүй, мөн н.Бат-Ирээдүй гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй. Нотариатын хууль бус үйлдлийн улмаас хөрөнгөө бусдад алдаж хохироход хүрээд байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар өмчлөх эрхээ хамгаалах боломж бүрдэнэ. Анх Р.М- нь Ё.С-гийн хамтран амьдрагч н.Эрдэнэзул гэх хүнээс 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлсэн мөнгөө гаргуулж авахын тулд Р.М-ын хашаа байшинг хөлслүүлнэ гэж хэлээд Ё.С- нь Р.М-ыг дагуулж яваад хэдэн цаасан дээр гарын үсэг зурахад болно гэж хэлсэн боловч энэ нь Р.М-ын бичиг үсэггүйг мэдээд үүнийг нь далимдуулан өөрийнх нь хашаа, байшинг худалдан борлуулах хэмжээнд хүрээд өөрийнхөө өмчлөх эрхийг алдчихаад байгаа нөхцөл байдалд хүрээд байна. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.М-аас Ё.С-д олгосон 316, 317 дугаартай итгэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилсэн. Ийнхүү гэрчлэхдээ хууль, журам зөрчсөн зүйл байхгүй. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон гэрээ хэлцлийг заасан байна. Гэхдээ итгэмжлэл бусдад шилжүүлж байгаа зүйл биш юм. Харин тэр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдэж байгаа гэрээг тухайн тойргийн нотариатч гэрчилдэг. Энэ нь агуулгын хувьд өөр зүйл юм. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг бусдад шилжүүлэхтэй холбоотой өмчлөлийг шийдэж байгаа гэрээ хэлцлийг тухайн тойргийн нотариатч гэрчлэх хуулийн зохицуулалттай. Харин итгэмжлэлийн хувьд ямар нэгэн байдлаар тойрог харгалзаж хийдэг зүйл биш юм. Б.Т- нотариатч нь Нотариатын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Итгэмжлэлийг гэрчлэх үед нотариатууд итгэмжлэлийг уншиж сонсгож, эрх үүргийг тайлбарлаж өгч, асууж байгаад гэрчилдэг. Итгэмжлэлийн дор Р.М- нь итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд хүсэл зоригт бүрэн нийцсэн гэдгийг бичиж танилцуулаад гарын үсгийг нь зуруулсан. Нотариатын дэвтрийн хамгийн арын нүүрэнд гарын үсэг зурдаг. Үүнийг нь хүн мэддэггүй. Иймээс уг хүснэгтийн энэ нүдэнд гарын үсэг зурж, нэр бичнэ гэдгийг зааж өгдөг. Нэхэмжлэгч нь өөрөө бичиг үсэг мэдэхгүй гэж хэлээгүй л бол бичиг үсэг мэдэхгүй гэж ойлгох боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харах юм бол нэхэмжлэгчийг бичиг үсэг мэддэггүй хүн гэж тодорхойлсон зүйл байхгүй байна. Насан туршийн боловсролын Үндэсний төв гэх газраас боловсролгүй болохыг тодорхойлох боломжгүй тул харьяа дүүргийн Насан туршийн боловсролын төвд хандана уу гэсэн байна. Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвд үсэг бичүүлж, үг асууж уншуулсан зүйл байна. Гэхдээ Р.М-ын өргөдөл дээр нэрээ бичсэн байдлыг нь харахад үсэг мэддэггүй хүн биш юм. Р.М- нь уншаад, үг бичсэн байна. Гэхдээ хүн алдаатай бичдэг байж болно. Цээж бичиг хийгээд алддаг хүнийг бичиг үсэггүй хүн гэж ойлгох боломжгүй. Тухайн бичсэн зүйл уншаад, хүний ярьсан зүйлийг ойлгодог байхад болдог. Р.М- нь бичиг үсэг мэддэггүй гэж хэлсэн бол тухайн үед нотариатч Б.Т- нь гэрч оролцуулах байсан. Өөрөө мэдэж байгаа гээд гарын үсэг зурсан болохоор гэрч оролцуулаагүй. Нотариатыг сонгож үйлчлүүлэх нь үйлчлүүлэгчийн эрх юм. Нотариатчийн хувьд үйлчлүүлье, үйлчилгээ авъя гэсэн хүн болгонд үйлчилдэг. Хэрэв нэхэмжлэгч тал таньдаг талаараа хуйвалдаж хийсэн гэж үзэж байгаа бол тусдаа өөр газар хандаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3.Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Т-д холбогдох Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0316, 0317 дугаартай Р.М-аас Ё.С-д итгэмжлэл олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Р.М- нь албан болон албан бус сургалтад хамрагдаж боловсрол эзэмшээгүй хүн юм. Монгол хэл бичгээр уншиж ойлгох чадваргүй болохыг Баянзүрх дүүргийн насан туршиин боловсролын төв шалгаж тогтоосон. Гэтэл шүүх энэ баримтыг үнэлээгүй. Мөн Р.М- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дулам итгэмжлэл олгоход түүнийг нотариатч бичиг үсэггүй тул тэмдэглэл үйлдэж, 2 гэрч оролцуулан итгэмжлэлийг хуулийн дагуу олгосон баримт хэрэгт авагдсан байхад үүнийг мөн л үнэлээгүй. Энэ хоёр баримтыг хариуцагч няцаагаагүй, хариу нотлох баримт шүүхэд гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Р.М- бичиг мэдэхгүй гэдгээ хэлсэн ч нотариатч итгэмжлэл хийж Ё.С- Р.М-ын хашаа байшинг хүнд худалдсан. Ё.С- манай нотариат дээр очиж хэдэн гарын үсэг зур гэж Р.М-ыг дагуулж явсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн хүсэлтээр Ё.С-г гэрчээр асуусан. Шуух хуралдаан дээр асуусан учраас нэхэмжлэгч тал мэтгэлцэх боломжоор хангагдаагүй. Хариу нотлох баримт гаргах нөхцөлөөр хангагдаагүй болно.

4.2.Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу дүгнэлт хийсэн . Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс уйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 39.2 Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж заасан буюу итгэмжлэл нь нэг талын хэлцэл мөн. Харин Нотариатын тухай хуулийн 7.3-т аливаа хэлцлийг гэж заасан учраас үл хөдлөх хөрөнгийг худалдах итгэмжлэлийг тухайн тойргийн нотариатч гэрчлэх ёстой. Хэдий практикт итгэмжлэлийг тойрог харгалзахгүй аль ч нотариат дээр хийж болдог гэх нийтлэг ойлголт тогтсон байлаа гээд энэ нь хуульд нийцсэн гэсэн үг биш юм. Итгэмжлэл дотроо олон төрөлтэй. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон нэг талт хэлцэл буюу итгэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчлэх ёстой. Энэ асуудлаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үндэслэх хэсэгтээ тайлбарлаагүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р.М- нь хариуцагч Б.Т-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Р.М-аас Ё.С-д 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд тус итгэмжлэлд Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин 73 гудамж, 13а тоот, 40 м.кв, хувийн сууц /316 дугаар бүртгэлтэй/, мөн хаягт байрлах 467 м.кв газрыг /317 дугаар бүртгэлтэй/ барьцаанаас чөлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, бусдад худалдах, хөлслүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримт хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна гэжээ. /хх-ийн 26, 28-р тал/. Дээрх итгэмжлэлийг нотариатч буюу хариуцагч Б.Т- гэрчилж, нотариатын бүртгэлийн дэвтрийн 316, 317 дугаарт бүртгэсэн байна. /хх-ийн 30-р тал/

 

Нэхэмжлэгч Р.М- нь бичиг үсэг мэддэггүй, нотариатч нь итгэмжлэлийг надад уншиж танилцуулаагүй гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр дээрх итгэмжлэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч эс зөвшөөрч үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгсөн, тухайн үед нэхэмжлэгч Р.М- нь бичиг үсэг мэдэхгүй гэж хэлээгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

 

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлсэн гэж тайлбарлан, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг баримтаар ирүүлсэн нь хэргийн 30-31 дугаар талд авагдсан байна.

 

Дээрх 316, 317 дугаартай итгэмжлэлд нэхэмжлэгч Р.М- нь гарын үсгээ зурсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус итгэмжлэлд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, мөн итгэмжлэлийн учир холбогдол, үр дагаврыг ойлгоогүй буюу эрх зүйн чадамжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нотариатч Б.Т- нь нэхэмжлэгч Р.М-ыг бичиг үсэг мэдэхгүйг нь мэдсээр байж эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлалгүйгээр итгэмжлэлийг гэрчилсэн гэх байдал тогтоогдсонгүй. Иймд хариуцагч Б.Т-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.М-ыг Монгол хэл бичгээр уншиж, ойлгох чадваргүй болохыг нотолсон баримт болон хуулийн дагуу 2 гэрч оролцуулан олгосон итгэмжлэл зэргийг үнэлээгүй, мөн Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Баянзүрх дүүргийн насан туршийн боловсролын төвийн бичиг үсгийн түвшин тогтоох шалгалт авсан баримтад нэхэмжлэгч Р.М-ыг бичиг үсэг мэдэхгүй болохыг шууд тодорхойлон заагаагүй, бичгийн чадвар сулавтар, хангалтгүй гэсэн байгаа нь итгэмжлэл олгох цаг хугацаанд нотариатч Б.Т- нь Нотариатын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг нотлохгүй юм. Мөн хэргийн 6, 7-р талд итгэмжлэл болон хоёр гэрч оролцуулан үйлдсэн нотариатчийн тэмдэглэл авагдсан боловч тус баримт нь нэхэмжлэгч Р.М- нь хожим шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл байх бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотолсон баримт биш байна.

 

Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасан бөгөөд нотариатч Б.Т-ын гэрчилсэн итгэмжлэлийн хувьд дээрх хуульд заасан өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон хэлцэлд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/02141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ