Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/00466

 

 

 

 

.-

 

                  2021       03          02  

                                181/ШШ2021/00466

          

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.О/-ийн

хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах НШШГГ,

хариуцагч: “В” ХХК / нарт холбогдох

үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх хариуцагч “В” ХХК-ийн захирал О.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Б.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийг дэмжин гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.Огаас 90.303.975 төгрөг гаргуулж “Проадд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу НШШГГт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Барьцаа хөрөнгө буюу Б.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн байна. Б.Огаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал авахад 250.000.000 төгрөгийн санал өгсөн байхад НШШГГаас “В” ХХК-ийг шинжээчээр томилж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ш-10/15 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар Чингэлтэй дүүргийн 3, дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115.718.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22286 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлээс хэт доогуур 115.718.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/2286 дугаартай албан мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Од үнэлгээ хийсэн талаар мэдээлэл хүргүүлсэн байдаг. Энэ баримт нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 10 дугаар сарын 15-ны өдөр уг мэдэгдлийг хүлээж аваад, 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг нь эдгээр баримтаас харагдаж байна. Өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.Огаас 90.303.975 төгрөг гаргуулж “Проадд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг ШШГТХуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж хураах ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ШШГТХуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр “В” ХХК-ийг томилж үнэлгээг 115.718.000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний талаарх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22286 дугаар мэдэгдлийг 2019 оны 10 сарын 17-ны өдөр гардуулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ 115.718.000 төгрөгийн 70% болох 81.002.600 төгрөгөөр дуудах үнийг тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд орж 82.202.600 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны ялагч тодорч худалдан борлогдсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо ШШГТХуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч В ХХК-ийн төлөөлөгч: 2019 онд Б.Огийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын 3-р байрны 41 тоотод байрлах 29мкв талбайтай 2 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоосон. Үнэлгээг Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн арга аргачлалын дагуу хийж, 115 сая төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний дүгнэлт хуульд нийцсэн, стандартын дагуу гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг шинжлэн судлаад                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ог төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “В” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа бүрэн дэмжин оролцлоо.

Хариуцагч нарын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч, ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар;

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 90.000.000 төгрөгийг 2018.04.30-ны өдрийн дотор “Проадд ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн, үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 11-ий өдрийн 474 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн /хэргийн 7-8, 43-46/.

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр НШШГГын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18280668 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хэргийн 47/.

2018 оны 06 сарын 25-ны өдрийн НШШГГын 4/10880 дугаартай барьцааны зүйлийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоотыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр 2018 оны 7 сарын 2-ны өдөр эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн /хэргийн 48-49/.

2019 оны 4 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 156/04 дугаартай тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 18280668/09 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол гарч дээрх эд хөрөнгийг хураах ажиллагаа явагдан 2019 он 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаа олгосон /хэргийн 50-55/.

2019 он 10 сарын 10, 11-ний өдрүүдэд талуудаас хураагдсан хөрөнгийн үнийн санал авсан ба төлбөр авагч төлбөр төлөгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, талууд тохиролцоогүй, төлбөр авагчаас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаснаар 2019 оны 10 сарын 11-ий өдөр шинжээч томилох тухай 314 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “В” ХХК-ийг шинжээчээр томилсон /хэргийн 56-58/.

5518113 регистрийн дугаартай “В”ХХК-д 2011 оны 09 сарын 30-ны өдөр даатгалын хохирлын үнэлгээ хийх, хөрөнгийн үнэлгээ хийхээр үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2014 оноос 2021 оны 3 сарын 1-ий өдөр хүртэл хугацаагаар хөрөнгийн үнэлгээ хийх 14120060 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг О.Бат-Эрдэнэд Сангийн сайдын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 245 дугаар тушаалаар 3 жилийн хугацаатай олгогдсоныг дахин 3 жилээр сунгасан /хэргийн 76-77/байна.  

2019 оны 10 сарын 11-ний өдөр “В” ХХК-ийн захирал, шинжээч О.Бат-Эрдэнэд Шинжилгээний тухай хуулийн 9, 12, 14, 15 дугаар зүйлд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан /хэргийн 59-60/.

2019 оны 10 сарын 15-ны өдөр “В” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний 10/15 дугаар тайлангаар эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115,718,000 төгрөгөөр үнэлсэн /хэргийн 63-79/.

2019 оны 10 сарын 15-ны өдөр НШШГГын шийдвэр гүйцэтгэгч нь “В”ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний 10/15 дугаар тайланг хүлээн авч хүлээлцсэн баримт үйлдсэн /хэргийн 61/

2019 оны 10 сарын 17-ны өдөр 19 цаг 50 минутад НШШГГын шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Од шинжээч “В” ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээний 4/22286 тоот мэдэгдлийг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэл үйлдсэн /хэргийн 83-84/.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/07 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэгчээс албадан дуудлага худалдаа явуулах 12/07 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчийн хаягаар 2019 оны 11 сарын 14-ний өдөр шуудангаар, 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 4/25655 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид мөн шуудангаар тус тус хүргүүлжээ/хэргийн 94-95/.

2019 оны 11 сарын 14-ний өдрийн Монголын мэдээ сонинд төлбөр төлөгч Б.Огийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаа явагдахыг зарласан/хэргийн 80/.

2019 оны 12 сарын 03-ны өдөр төлбөр төлөгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан, 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 4/74 дугаартай гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол гарч, төлбөр төлөгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ/хэргийн 92-93/.

 Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ 115.718.000 төгрөгийн 70% болох 81.002.600 төгрөгөөр дуудах үнийг тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаж, 82.202.600 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны ялагч тодорч худалдан борлогдсон тухай дуудлага худалдааны тэмдэглэл үйлдсэн ажиллагаанууд явагдсан байна/хэргийн 88-91/.

Эндээс үзэхэд;

2019 оны 12 сарын 03-ны өдөр төлбөр төлөгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг гаргаж хариу хүлээн авсан байх ба төлбөр төлөгч Б.О үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг анх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг гардан авч танилцсанаас хойш 3 хоногийн дараа гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.”гэж заасан хугацаанд байна.

Гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7.”Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон”гэж заасан шаардлага хангасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Хариуцагч НШШГГ нь 2019 оны 10 сарын 11-ий өдөр шинжээч томилох тухай 314 дугаар тогтоолоор шинжээчээр “В”ХХК-ийг томилохдоо эрх бүхий этгээдэд шинжээчийн эрх, хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцжээ.

Шинжээч “В” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх ба компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал О.Бат-Эрдэнэ нь эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн,

НШШГГын шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Од 2019 оны 10 сарын 17-ны өдөр 19 цаг 50 минутад тус газрын 4/22286 тоот мэдэгдлээр үнэлгээг танилцуулж гардуулан, энэ тухай тэмдэглэл үйлдсэн /хэргийн 83-84/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1”.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.”гэж заасанд нийцэж байна.

Өмчлөгч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5. “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах” үүрэгтэй, 11.1.2. “үнэлгээчний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах”, 11.1.3. “хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлд гаргах”, 11.1.4. “хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар үнэлгээчнээс тайлбар авах” боломжууд өөрт нь байсан боловч үнэлгээ хийх хугацаанд хэрэгжүүлээгүй.  

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

Шинжээч “В” ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар нотлогдож байна

2019 оны 10 сарын 15-ны өдөр НШШГГын шийдвэр гүйцэтгэгч нь “В” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний 10/15 дугаар тайланг хүлээн авч хүлээлцсэн, төлбөр төлөгч Б.Од 2019 оны 10 сарын 17-ны өдөр “В” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний 10/15 дугаар тайлан, үнэлгээний тухай мэдэгдлийг хүлээлгэн өгч танилцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.”Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.”гэж заасанд нийцсэн ажиллагаа болжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн, 2019 оны 4 сарын 23-ны өдөр Б.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 156/04 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилж, 18280668/09 дугаартай “Эд хөрөнгийг хураасан тогтоол”-оор уг орон сууцыг 2019 оны 10 сарын 10-ны өдөр хураан авсан, 2019 оны 10 сарын 15-ны өдөр эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн ажиллагаа хууль зөрчөөгүй, ажиллагааны талуудын эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “В” ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч нар хуульд нийцүүлэн явуулсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Огийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд зөвхөн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан, шийдвэр гүйцэтгэх эд хөрөнгө битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаа бусад ажиллагааны талаар гомдол гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 55.7., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “В”ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.УРАНЧИМЭГ