Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1196

 

185/2020/0622/Э

 

 

 

  2020             09            17                                        2020/ДШМ/1196    

 

Н.О-, С.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Түвшинбаяр,

шүүгдэгч /хохирогч/ Н.О-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч /хохирогч/ С.Х-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор Н.О-, С.Х- нарт холбогдох эрүүгийн 2009000000726 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-,

 

Х-,

 

Н.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд С.Х-тэй хэрүүл маргаан үүсгэн, харилцан зодолдож С.Х-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

С.Х- нь мөн өдөр Н.О-той хэрүүл маргаан үүсгэн, ус буцалгагч авч шидсэний улмаас Н.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.О-, С.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О-, Х- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч С.Х-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.О-, С.Х- нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Х-ээс 598.900 төгрөгийг гаргуулан хохирогч Н.О-д, шүүгдэгч Н.О-гоос 153.220 төгрөгийг гаргуулан хохирогч С.Х-д тус тус олгож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, шүүгдэгч Н.О-, С.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс намайг С.Х-ийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, тухайн цаг хугацаанд хэрүүл маргааныг миний зүгээс эхлүүлээгүй, С.Х- нь над руу дайрч ус буцалгагчтай халуун усыг миний нуруу луу хийж түлэх явцад өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн болохоос тухайн хүнд хүч хэрэглэж зодсон үйлдлийг хийгээгүй. Энэ талаар түүний нөхөр П.Алтантөгс гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд бид хоёрыг харилцан үсдэлцэн, зодолдсон мэтээр худал мэдүүлэг өгснийг шүүх нотлох баримт болгож шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Н.О- С. Х- рүү довтолж, түүний биеийн олон хэсэг газарт хүч хэрэглэсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй гэх байдлаар хэргийн бодит байдалд хийсвэр дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Х- над руу довтолж намайг үсдэн халуун ус нуруу луу хийж байгаа нь миний амь нас эрүүл мэндэд аюултай довтолгоон учруулах явцад амь тэмцэх үедээ Х-ийг өөрөөсөө холдуулах зорилгоор самардсан, түлхсэн асуудал байх бөгөөд шууд өөрийн өмсөж явсан цамцаа тайлж түлэгдсэн хэсэгт арга хэмжээ авсан. Гэтэл анхан шатны шүүхээс намайг Х-тэй тодорхой хугацаанд үргэлжлүүлэн зодолдож, харилцан гэмтэл учруулсан мэтээр дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Миний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт байсан тул гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Н.О- С.Х-д ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй гэж сая тайлбарлалаа. С.Х-ээс Н.О- руу чиглэсэн довтолгоо эхэлсэн буюу түүнийг үсдэн нуруу луу нь халуун ус хийж түлсэн байдаг бөгөөд Н.О-гийн нурууны 15 хувь нь түлэгдсэн. Тухайн үед байсан Н.О-гийн охин болон С.Х-ийн нөхрийн мэдүүлгээр “Х- нь О-гийн нуруу луу халуун ус хийсний дараа Н.О- С.Х-ийг үсдэхэд С.Х-ийн нөхөр салгасан” болох нь тогтоогддог. Тэгэхээр хохирогч Н.О- руу чиглэсэн довтолгооны эсрэг тухайн үед амь тэмцэхдээ хариу үйлдэл хийж гэмтэл учруулсан учраас аргагүй хамгаалалт гэж үзнэ. Аргагүй хамгаалалтын үндсэн шинж нь өөрийн амь бие, эрүүл мэндэд аюултай довтолгоо учирсан тохиолдолд аргагүй байдалд орж хариу хүч хэрэглэсэн үйлдэл хийдэг. Харин аргагүй хамгаалалтын 2 дахь шинж нь тухайн довтолгоон үргэлжлээд харилцан зодолдсон тохиолдолд энэ шинжээ алддаг. Тэгэхээр нь халуун усанд түлэгдсэний улмаас хариу үйлдэл хийж Х-ийг олон удаа цохиж, зодсон үйлдэл үргэлжлээгүй бөгөөд нуруу нь түлэгдсэн учраас цамцаа тайлж арга хэмжээ авснаар тухайн үйлдэл зогссон нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын үндсэн нэг шинж харагдаж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. С.Х-ийг ус буцалгагчтай ус цацахаар нь өөрийгөө хамгаалж С.Х-д гэмтэл учруулсан гэж яриад байна. Шүүгдэгч нар нь харилцан зодолдож байх явцад Х- ус буцалгагчтай ус цацсан асуудлыг гуйвуулж яриад байна. Мөн С.Х-ийн нөхрийн мэдүүлгээр намайг ялласан гэж байна. Хэрэгт Н.О-гийн охин П.Номингийн “энэ хоёр үсдэлцээд байж байхдаа С.Х- эгч ус буцалгагчтай ус аваад цацсан” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар С.Х-, Н.О- нар нь хоорондоо маргалдаж, үсдэлцэн зодолдох явцдаа С.Х- нь Н.О- руу ус буцалгагчтай ус авч цацсан асуудал гаргасан. Давж заалдах гомдолд дурдсан маргааны явцад Н.О- руу чиглэсэн хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хуульд заасан аргагүй хамгаалалтын шинж Н.О-гийн гаргасан хариу үйлдэлд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд С.Х-тэй хэрүүл маргаан үүсгэж харилцан үсдэлцэж, толгой, гар луу нь гараараа цохих, маажих, гуя, шилбэ рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Х- нь мөн өдөр Н.О-той “хүүхдэд намайг шулам гэж хэллээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, харилцан үсдэлцэж зодолдох явцдаа ус буцалгагч авч цохисны улмаас эрүүл мэндэд нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуугийн 8.5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Н.О-гийн хохирогчоор өгсөн “...Шарга морьтын зусланд хадам ээжийн гэрт зурагт үзээд сууж байхад манай хадам дүү Х- “цэцэрлэгийн хүүхдэд ээж чинь шулам гэж хэллээ, аавыг минь үхэхээс өмнө цагдаад дуудуулж мууг нь үзлээ” гэж хэрүүл үүсгэсэн. Тэр үед би өөрийнх нь бага наснаас нь алдаа оноог нь мэддэг учраас тэр алдаа оноонуудыг нь дурдаж хэлсэн. Тэгэхэд Х- ширээн дээр байсан буцалгасан савтай усыг миний нуруу хэсэг рүү шидсэн. ...” /хх 16-17/,

С.Х-ийн хохирогчоор өгсөн “...би эгчид хандаж манай хүүхдэд яахаараа “ээж чинь шулам” гэж хэлсэн юм, хэлэх байсан бол надад хэлчих гэж хэлсэн чинь “чи шулам л биз дээ” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд улмаар хэрэлдээд, барьцалдаж авсан. О- миний толгойтой үснээс зуурсан, би бас зуурсан байсан бөгөөд О- миний толгой руу цохисон. Хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Тэгээд би гарт тааралдсан юмаа авч цохисон .Тэр нь буцалсан усны сав байсан бөгөөд дотроо устай байсан. ...Миний баруун гарын шууг самардаад тохойноос маажаад тохой руу цохиж байсан санагдаж байна. Бас толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн. ...” /хх 21-22/,

гэрч П.Алтантөгсийн “...зурагт үзээд сууж байхад О-, Х- нар бие биенийгээ үсдээд байгаа харагдсан. Би нялх хүүхдээ газарт хэвтүүлээд дундуур нь орж салгасан. ...” /хх 26-27/,

насанд хүрээгүй гэрч П.Номингийн “...Х- эгч ээж рүү “би шулам юм уу, хүүхдэд тэгж хэлсэн байна” гээд хэрэлдэж эхэлсэн. Ээж рүү Х- эгч ууж байсан цайныхаа шавхрууг цацсан. Хэрэлдэж байгаад ээжийг Х- эгч үсэдсэн. Тэр үед нь ээж зөрүүлээд Х- эгчийг үсэдсэн. Тэр хоёр зууралдаад үснээсээ таталцсан. Х- эгч ард талд байсан ус буцалгагчтай усаа барьж аваад ээжийн ууц руу хийсэн. Тэр хоёр үснээсээ таталцаад зууралдаад байж байхад нь Алтантөгс ах очиж салгасан. ...” /хх 29-30/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...Н.О-гийн биед нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8.5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. …” /хх 41-42/,

шинжээч М.Золжаргалын “....Х-ийн биед тархи доргилт, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүснэ. ...Тархи доргилт гэмтэл нь үснээс зулгаах зулгаагдах үед үүсэх боломжтой. ...” /хх 43-44/,

Н.О-гийн яллагдагчаар өгсөн “...бид хоёр хэрэлдээд Х- намайг үсдэхээр нь би хариу биеэ хамгаалаад Х-ийн үснээс нь зууралдсан байсан. Тэгтэл Х- миний нуруу луу ус буцалгагч шууд тонгойлгож хийсэн. ...Бид хоёрын аль аль нь зууралдсан байсан. ...” /хх 5-6/,

С.Х-ийн яллагдагчаар өгсөн “...бид хоёр үсдэлцээд би гарт таарсан эд зүйлийг барьж аваад хаашаа цохисон талаар санахгүй байна. Цохисон чинь халуун устай ус буцалгагч байж таараад ус нь асгараад О- цаашаа болсон. ...” /хх 9-10/ гэх мэдүүлгүүд,

 

“...Н.О-, С.Х- нарын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5111, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5169 дугаартай дүгнэлт /хх 32-33, 37-38/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Н.О-, С.Х- нарыг харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.О-, С.Х- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, С.Х-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Н.О- нь “...С.Х- миний нуруу луу халуун ус хийсэн үйлдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор түүний биед гэмтэл учруулсан нь аргагүй хамгаалалт байсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.О-, С.Х-, гэрч П.Алтантөгс, П.Номин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.О-гийн хувьд аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.

Мөн аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг бол шүүгдэгч С.Х- нь Н.О-д хандан “хүүхдэд намайг шулам гэж хэлсэн байна” гэх шалтгаанаар маргаан үүсэж, улмаар маргаан даамжирч бие биенийхээ үснээс зулгаан доош тонгойсон байх үедээ С.Х- нь ус буцалгагч аван Н.О-гийн нуруу руу цохисноос халуун ус асгарч Н.О-гийн биед хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/633 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН