Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2018/00026

 

 

Д.Л-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2018/00531 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Л-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Л-д  холбогдох,

“Орон сууц чөлөөлүүлж, 2 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л , хариуцагч Г.Ц , өмгөөлөгч С.Сувдмаа, Б.Баярмагнай , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно. Г.Ц  нь өөрийн Бэржин хайрхан ХХК-ийн эзэмшлийн 7 531 мкв газрыг Бат-Оюунд шилжүүлж гэрчилгээ гаргуулах, Д.Л нь өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Л-д  шилжүүлэх гэрээ байгуулж, миний бие орон сууцандаа Г.Ц ыг оруулсан бөгөөд гэрчилгээ гарч амжаагүй байсан. Гэтэл Г.Ц ы эзэмшлийн гэх 7 531 мкв газар нь Тээвэр төв ХК-ийн эзэмшлийн газар хэмээн С.Бямбасүрэн гэдэг хүн уг газар руу оруулахгүй байсан. Газрын маргаан үүссэн, Г.Ц  биднээс орон сууц худалдан авсны зөрүү гэж 15 513 000 төгрөг нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, бид ч мөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Газрын эзэмшилтэй холбогдуулан Тээвэр төв ХК, С.Бямбасүрэн нар Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, миний бие гуравдагч этгээдээр оролцсон 2017 оны 12 сарын 21-ний өдрийн шүүх хурлаар 0044 дугаар шийдвэр гарч, Г.Ц ы бидэнд шилжүүлсэн 7 531 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн захиргааны хэрэг үүссэн үндэслэлээр Г.Ц ы нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэгэнт Г.Ц аас Бат-Оюунд шилжүүлсэн 7 531 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон тул миний бие бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, мөн шилжүүлэн авсан газрын техникийн нөхцөл хийлгэхээр Д.Л-д  өгсөн 2 000 000 төгрөгийг шаардах эрхтэй тул Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот орон сууцнаас Г.Ц ыг гэр бүлийн хамтаар чөлөөлж, 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Л тай 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу худалдагч Д.Л , худалдан авагч Д.Л-д  50 000 000 төгрөг шилжүүлэх үүндээ Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Нарлаг хотхоны 1 дүгээр байрны 9 тоот орон сууц шилжүүлэх, худалдан авагч Г.Ц , худалдагч Д.Л ад тодорхой хэмжээний эзэмшил газар шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу би өөрийн эзэмшил газрыг 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн боловч Д.Л нь эрх шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул засаг захиргааны зүгээс уг газрыг хураах шийдвэр гарсан, үүнд миний бие хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Тээвэр төв ХК, иргэн С.Бямбасүрэн нарын нэхэмжлэлтэй хариуцагч Төв аймгийн Засаг дарга, аймгийн ГХБХБГ, Зуунмод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдээр оролцвол зохих Г.Ц  надыг оролцуулалгүйгээр шийдвэрлэж, миний эрхийг зөрчсөн бөгөөд би энэ тухай хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Хажидмаад холбогдуулж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан болно. Миний бие гэрээний дагуу орон сууцанд орсон боловч шүүхээр маргаан шийдвэрлэгдээгүй байгаа гэсэн үндэслэлээр одоог хүртэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна. гэж заасан, гэтэл нэхэмжлэгч Д.Л надтай 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн, шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэсгүй байна. Тухайн үед Тээвэр төв ХК-ийн Автодромын хэсэгт барилга байгууламж байхгүй, хоосон байсан болохоор энэ газрыг тохиролцож зарсан. Тухайн үеийн Засаг дарга Г.Энхбатад энэ газар дээр жолооны курс ажиллуулна, өргөтгөнө гээд хүсэлт гаргаж, тэр газрыг авч байсан. Тэрний дагуу тэр газрыг надад өгсөн. Д.Л бид 2 тохиролцоод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Газрын талаар ярихгүй, газартай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар ярих ёстой. Тээвэр төв ХК-ийн газар гэдгийг мэдсээр байж надад газар эзэмшүүлэх захирамж гаргасан тухайн үеийн дарга нар хүртэл энд холбоотой. Захиргааны хэргийн шүүх намайг дуудаж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр асуудлыг шийдсэн, үүнд гомдолтой байна. Иймд Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгчид холбогдуулан гаргасан миний гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэргийг хойшлуулах, түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод, Нарлаг хотхон 1 байр 9 тоот хаягт байрлах гэрчилгээний 000422898, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427003437 дугаартай, 38,22 мкв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Ц ы хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хариуцагч Г.Ц аас үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц аас 117 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Л ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагч Г.Ц  давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 сарын 21-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.  Миний бие Д.Л тай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж
Зуунмод сумын Нарлаг хотхоны 1-р байрны 9 тоот байрыг худалдан авах, үүний хариуд
өөрийн эзэмшлийн “Бэржин хайрхан” ХХК-ны 7531 мкв газрыг Бат-Оюунд шилжүүлэх
үүргийг тус гэрээгээр хүлээсэн. Газрын тухай хууль зааснаар Д.Л нь дээрх газрыг
зориулалтаар ашиглаагүй тул хуульд заасан журмаар Захиргааны байгууллага уг газрыг хураан авсан. Нэхэмжлэгч Д.Л нь шилжүүлэн авсан газрыг зориулалтын дагуу
ашиглаагүйгээс газрыг хурааж авах шийдвэр гаргасанд миний бие ямар нэгэн буруу
байхгүй. Мөн тухайн газрыг анх надад олгохдоо тэр газар дээр өөр иргэний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байсан, тэр үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч нь газрын хамт эзэмшихээр нэхэмжлэл гаргасан. Засаг захиргааны газар эзэмшүүлэхтэй холбогдсон
хариуцлагагүй байдлаас иргэн би хохирч байна.

2. Д.Л өнөөдөр нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0044  дугаар шийдвэр байсан.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад дээрх 7531 мкв газрыг анх өмчлөн авсан намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж тэрхүү шүүхийн
шийдвэрээр надад эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож миний орон сууц худалдах
худалдан авах гэрээг хүчингүй болгох суурь үндсийг бүрдүүлсэнд иргэн би маш ихээр гомдолтой байгаа юм. Дээрх асуудлаар шүүхийн ерөнхий зөвлөлийн мэргэжлийн
хариуцлагын хороонд гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

3. Анх надад газар олгосон шийдвэр хуулийн үндэслэлтэй эсэх Засаг захиргааны буруутай үйл ажиллагаа байсан эсэх, иргэд ААН-д газрыг давхардуулж олгосон эсэх, нэхэмжлэгч Д.Л нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас уг газрыг хураалгасан эсэх, шүүх хэргийн оролцогчоор намайг оролцуулалгүй миний эрхийг зөрчиж шийдвэр гаргаж болох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.05.21-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж намайг болон миний гэх бүлийг орон сууцнаас гаргах шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд уг хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Л орон сууцыг чөлөөлүүлж, гэрээний дагуу шилжүүлсэн 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн шаардлага агуулгыг тодорхойлбол  Д.Л нь  Г.Ц тай байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг цуцалсан гэж үзэж, үр дагаврыг арилгуулахаар шаардсан байна. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Л нь Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байрлах 38,22 мкв талбай бүхий өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар, уг байрны төлбөрт  Г.Ц  нь  гэрчилгээний 0175777, нэгж талбарын 18646286399973 дугаартай Бэржин хайрхан ХХК-ийн эзэмшил газрыг иргэн Б.Бат-Оюуны эзэмшилд шилжүүлж, нэр дээр нь гэрчилгээ гаргуулахаар /хх-72/ 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэн тохирч бичгээр гэрээ  байгуулжээ.  

 

Талууд дээрхи бичгийн  гэрээ  “орон сууц худалдах-худалдан авах гэрээ” –ны маягтыг бөглөж гарын үсэг зурсан байх бөгөөд  зохигчдын тайлбар гэрээний агуулгаас үзвэл  талуудын хооронд  Иргэний хуулийн  274 дүгээр зүйлийн 274.1-т заасан арилжааны гэрээ байгуулагдсан, харилцан эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл 38,22 мкв талбайтай 1 өрөө орон сууц,  7 531 мкв талбай бүхий газар эзэмших эрх байна.  

Хариуцагч Г.Ц  гэрээний үүргээ биелүүлж захиргааны байгууллагад бичгээр хүсэлт гаргаснаар  Төв аймгийн засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/288 дугаар захирамжаар 7 531 мкв газрыг  иргэн Б.Бат-Оюунд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч энэхүү газар эзэмших эрхийн талаар гуравдагч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар  уг захирамжийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0044 дүгээр шийдвэрээр хүчингүй болгожээ.

 

            Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан  арилжааны гэрээ цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн,  эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл бий болсон төдийгүй хариуцагч Г.Ц  нь эрхийн доголдолтой газрыг нөгөө талдаа шилжүүлсэн байна.

 

Иймээс  нэхэмжлэгч Д.Л нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн  эрхийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалж,  шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах буюу өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэх 2 000 000 төгрөгийг   буцаан шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Л нь газар эзэмших эрхийн талаар доголдолтой болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн  газрын асуудал  маргаан  үүссэнтэй холбогдуулан  Д.Л нь гэрээний зүйл болох 38,22 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг Г.Ц ы өмчлөлд  шилжүүлээгүй байх ба гэрээ байгуулагдсанаас хойш одоог хүртэл амьдарч байгаа Г.Ц ыг  орон сууцнаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасантай нийцэж байна. .

 

Хэрэгт  авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, /хх-47тал/  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, /хх-41тал/, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, /хх-14-17тал/, зэрэг шийдвэрүүдээс үзвэл 2015 оноос  2017 оны 6 дугаар сарын 28-ны хүртэл хугацаанд талууд хооронд үүссэн арилжааны гэрээний маргаантай хэргийг шүүх хянан шалгаж, Г.Ц ы гэрээний үүрэгт 15 513 000 төгрөг гаргуулах үндсэн, Д.Л-н гэрээг цуцалж оруулсан хөрөнгөө гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Дээрх иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсаны дараа  нэхэмжлэгч  Д.Л  2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд  урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана  “ гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т “ Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан  бол өмнө өнгөрсөн  хугацаа тооцохгүй , хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэсэн хуулийн зохицуулалтаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, гэрээний үүргийг шаардах эрхийн  хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох үндэслэл бүрдсэн  гэж үзнэ.  

 

Иймээс хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан гаргасан хариуцагч болон түүний өмгөөлөгч нарыг  тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй  орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2018/00531 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

 

2.Хариуцагч Г.Ц ы  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950  төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.БОЛОРМАА   

           

   ШҮҮГЧИД                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                             Т.ЭНХМАА