Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00643

 

 

 

 

 

 

                  2021       03          19  

                                181/ШШ2021/00643

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаата дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч:Д. О -ын

хариуцагч: С ХХК -д холбогдох

2,270,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнхжаргал нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2006 онд анх С ХХК-ийн урьдчилсан төлбөрт ,  дугаарын хэрэглэгч болсон. С үүрэн телефоны байгууллагаас өөр ямар нэг дугаар авч барьж байгаагүй.

Гэтэл С компаниас миний нэр дээр , гэсэн хоёр дугаар үүсэж, төлбөр гарсныг мэдэгдсэн. Би өөрийн биеэр С ХХК-ийн төв байранд очиж энэхүү 2 дугаарыг барьж байгаагүй тухай өргөдөл бичиж өгсөн. Түүнээс хойш ямар нэг албан хариу өгөөгүй. Миний бие цалингийн зээл авах зорилгоор Хаан банкинд хандахад С ХХК нь миний нэрийг 2018 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банкинд найдваргүй зээлдэгч хэмээн бүртгүүлсэн байсан. Энэ нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэлгэж үзнэ. Би яаралтай зээл авах шаардлагатай байсан учир С ХХК-ийн дараа төлбөрт дугаарууд болох , гэсэн хоёр дугаарын төлбөрийг төлж, Монгол банк дах найдваргүй ззэлдэгчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулж зээлээ авсан. Дээрх хоёр дугааруудад  дугаарын төлбөрт 1,611,353 төгрөг, дараа төлбөрт дугаарын төлбөрт 659,260 төгрөг тус тус төлж, нийт 2,270,620 төгрөгийг С ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй шаардлагаар ямар ч үндэслэлгүйгээр төлсөн. Иймд С ХХК-иас нийт 2,270,620 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ огт байгуулагдаагүй. Би өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа учир шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, дүгнэлт нь ч намайг гарын үсэг зураагүй гэж гарсан.

Дараагийн шинжээч томилуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан, шинжээч мөн адил нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэсэн дүгнэлт гаргасан. Ийм учир гэрээ огт байгуулаагүй болох нь тодорхой тогтоогдсон гэж үзнэ.

Тухайн үед би иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Тэр үеийн иргэний үнэмлэх нь одоо олгогдсон үнэмлэхээс өөр болох нь мөн хэргийн материалаас тодорхой байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч үндэслэлгүйгээр төлүүлж авсан мөнгийг буцаан олгох ёстой гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах ёстой. 2017 оны 03 сарын 07-нд Өнөр салбараас маягт бөглөн  дугаарыг шилжүүлэн авч манай хэрэглэгч болсон. Энэ оны 3 дугаар сарын төлбөр 982 957 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 684 395 төгрөг гарсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 17-нд Сансар салбарт маягт бөглөн дугаарын хэрэглэгч болсон. Энэ оны 3 дугаар сарын төлбөр 317 723 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 361 534 төгрөг, нийтдээ энэ 2 дугаарын төлбөр болох 2 270 620 төгрөг бодогдсоныг 2018 оны 11 сарын 28-нд төлсөн байдаг. Тус 2 дугаар нь 20,000 төгрөгийн барьцаа төлж авдаг дараа төлбөрт дугаар. Тухайн үед нэхэмжлэгч Д.О манай салбар дээр ирээд барьцаанд байршуулсан 20,000 төгрөгийг дугаарын төлбөрөөсөө хасуулаад, үлдэгдэл төлбөр болох өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага дахь үнийн дүнг манай компанид төлсөн. Барьцаанд төлсөн төлбөр нь анх гэрээ байгуулсан этгээдийн хөрөнгө. Энэ мөнгөө хасуулж, Д.О захиран зарцуулалт хийгдэж байгаа нь өөрийнх нь төлбөр гэдгийг зөвшөөрч байгаа хэлбэр. Энэ агуулгаар С ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаан бүр дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон. 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүрэг үүсэх харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл 492 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд хариуцагч хөрөнгөжсөн байх хуулийн шаардлагатай. С ХХК хөрөнгөжсөн байна гэдгийг аваад үзвэл манай компани хөрөнгөжсөн зүйл байхгүй. Яагаад гэвэл Д.О өөрийн төлбөрийг төлсөн. С ХХК нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцэхүйц үйлчилгээ үзүүлсэн гэдгийг манай гэрээ, төлбөрийн билл, хэргийн 18, 21-р талд дугаар тус бүрийн биллийг гаргаж өгсөн. Дээрээс нь Д.О төлбөр төлсөн баримтаа гаргаж өгсөн. Ингээд С ХХК бол 2,270,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн  нь харагдана. 2,270,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн гэдэг нь манай төлбөр тэр хэмжээгээр буурсан байсан. Энэ үнийн дүнгээр хэрэглэгч өөрийн төлбөрийг төлөх тохиолдолд үндсэн үйлчилгээний төлбөр хийгдэж байгаа болохоос биш үйлчилгээ үзүүлэхээс өмнөх үеийн хөрөнгө нэмэгдсэн ойлголт огтхон ч байхгүй.

Нэхэмжлэгч би гэрээ байгуулаагүй, бусдын төлбөрийг төлсөн гэдэг. С ХХК-д өөрийн хэрэглээгүй төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд бусдын төлбөрийг бусад этгээдэд төлсөн асуудал үүсэж байгаа. Энэ харилцааг эхлүүлэх зүйл бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлд тусгагдсан байгаа. 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэн. Нэхэмжлэгч нь бусдын өмнөөс төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд үүрэг бүхий этгээд буюу өөр нэг үйлчилгээ авсан этгээдээс төлбөрөө шаардах болохоос С ХХК-аас шаардах хууль зүйн үндэслэл огт байхгүй. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч өөрийн жинхэнэ хариуцагчийг олоогүйн улмаас С ХХК нь шүүх хуралдаанд байнга ирж оролцдог, хүний нөөцийн бодлого, төлбөр, зардал, нэхэмжлэгчийн төлөвлөгөөт бус хэрэг дээр оролцох зэргээр байнгын цаг заваа зарцуулдаг. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан шаардлага байна. Бусад этгээдийн өр төлбөрийг өөрөө төлсөн энэ этгээд үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байхад С ХХК-аас шаардаж байгаад гомдолтой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 

Тухайн 2 салбарт ажилладаг гэрчүүд үүрэн телефоны хэрэглэгч болоход мөрддөг журмын дагуу дугаар шилжүүлэх болон үйлчилгээний гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн гэдэг. Иймд манай компанийн хувьд мөрдөгдөж байгаа журмын дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, өргөдлийн болон дугаар шилжүүлэх маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч иргэний үнэмлэхээ гээгдүүлснээ ярьдаг. Монгол банкинд зээлийн мэдээллийн хүсэлт гаргаагүй байгаа юм байна. Эдгээр баримтыг бүрдүүлээгүй гэдэг нь өөрөө эсвэл таньдаг хүндээ дугаарыг авч өгсөн байх боломжтой юм. Үүрэг гүйцэтгэгчийн үүргийн өөртөө шилжүүлэн авсан нь 210.4-т Үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгөөс үүргийг албадан гүйцэтгүүлэхээр бол тухайн эд хөрөнгийн хувьд эрхээ алдаж болзошгүй гэж үзсэн этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах эрхтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүргийн гүйцэтгэлийг хангасан гуравдагч этгээдэд шилжинэ гэж заасан гэв.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С ХХК-д холбогдуулан, үндэслэлгүйгээр  дугаарын төлбөрт 1,611,353 төгрөг, дугаарын төлбөрт төлсөн 659,260 төгрөг, нийт 2,270,620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд шаардлагаа бүхэлд нь дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ энэ 2 дугаарыг  хэрэглээгүй, ийм үйлчилгээ авах ямар нэг гэрээ байгуулаагүй гэж марган, яаралтай зээл авах шаардлагатай байсан учир С ХХК-ийн дугаарууд болох , гэсэн хоёр дугаарын төлбөрийг төлж зээлээ авсан гэж тайлбарлаж оролцлоо.

Хариуцагч СХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.О тус компанитай ,дугаарууд эзэмших гэрээ байгуулж уг 2 дугаарын хэрэглэгч болсон тул манайхаас шаардах эрхгүй, хэрэглэгч гэдгээ өөрөө бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрч төлбөрөө төлсөн,төлөхдөө өмнө төлсөн барьцааг ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэрэгт мэтгэлцээний үндэслэлээ 2 дугаарын гэрээ, нэхэмжлэх, мөн дугаарт үйлчилгээ үзүүлсэн гэх ярианы жагсаалтыг гаргаж ирүүлсэн.

Шүүх талуудаас маргаж буй үндэслэл болгож мэтгэлцээнд ирүүлсэн нотолгооны хэрэгсэл, нэхэмжлэлээ дэмжсэн  болон хариуцагчийн тайлбар зэрэгт үндэслэж дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О нь С ХХК-ийн  дугаарын төлбөрт 1,611,360 төгрөг, дугаарын төлбөрт 659,260 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн төлбөрийн баримт/хэргийг 7/, мөн өдрийн 2 дугаарын барьцаа хөрөнгийг буцаах маягт/хэргийн 5-6/ ирүүлсэн нь барьцаа төлбөрийг хүлээн авсан Д.О гарын үсэг зурсан барьцаа төлбөрийн дүн 0 төгрөг, гэсэн бичвэртэй, хүлээн  байна. Харин нэхэмжлэгч тал хариуцагч талын барьцаа 20,000 төгрөг хүлээн авсан гэсэн тайлбарыг үгүйсгэж маргаагүй тул 20,000 төгрөг хүлээн авсан гэж үзнэ. Мөн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн ХААН банктай байгуулсан 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийн ба барьцааны гэрээнүүд /хэргийн 28-33/, 2017 оны 6 сарын 05-ны өдрийн Д.Оын Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсд бүртгэлийн 2869 дугаарт бүртгэгдсэн иргэний үнэмлэх дахин авах хүсэлт/хэргийн 34-36/, Д.Од хаягласан Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 1 сарын 3-ны өдрийн түүний улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 38-41/,  

хариуцагч талаас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн С компани хэнтэй байгуулсан нь бичигдээгүй хоосон зай бүхий, харин гэрээ байгуулсан хэсэгт хэрэглэгчийг төлөөлж Дашцэрэн О гэсэн нэр, гарын үсгийн бичвэр бүхий хэвлэмэл “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, мөн  дугаарыг бүртгэлийн хураамж 0 төгрөг, үндсэн барьцаа 20,000 төгрөг гэж бичигдсэн гэрээний өргөдлийн маягт, хүлээн авагч дээр Отгон гэх гарын үсгийн бичвэртэй Батбаатараас Д.Од  дугаарыг шилжүүлсэн тухай эзэмших эрх шилжүүлэх маягт, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хэргийн 15-17/, мөн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэрэглэгчийг төлөөлж Дашцэрэн О гэсэн нэр, гарын үсгийн бичвэр бүхий хэвлэмэл “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, мөн дугаарыг бүртгэлийн хураамж 10,000 төгрөг, үндсэн барьцаа 20,000 төгрөг гэж бичигдсэн гэрээний өргөдлийн маягт, Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 19-20/, С ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хэргийн 18, 21/, С ХХК нь , дугааруудын гадагш гарсан дуудлагын мэдээллүүд /хэргийн 48-99/,

мөн хэрэгт талуудын хүсэлтээр Монгол банкны 2019 оны 3 сарын 01-ий өдрийн Б-10206 тоот албан бичиг бүхий зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээлэл /хэргийн 100-101/, Монгол банкны 2020 оны 9 сарын 02-ны өдрийн Б-17/759 тоот Д.О нь зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн өөрийн мэдээлэлд залруулга хийлгэхээр хүсэлт ирүүлээгүй тухай албан бичиг бүхий гэрч Э.Ариунсүрэн, Ш.Оюунтуяа, Х.Батбаатар нарын мэдүүлэг /хэргийн 131-134, 212-213/ гэсэн цугларсан баримтуудыг үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Д.О нь С ХХК-ийн  дугаарын төлбөрт 1,611,360 төгрөг, дугаарын төлбөрт 659,260 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Маргааны зүйл болох С ХХК-ийн , дугаарыг нэхэмжлэгч Д.О өөрийн хүсэлтээр авсан эсэх, эзэмшиж ашиглаж байсан эсэх асуудалд талууд маргана.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 сарын 5-ны өдрийн 1422 дугаартай шинжээчийн дүгнэлт, хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн 2019 оны 7 сарын 5-ны өдрийн 3355 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр, “С”ХХК-ийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 6281483 дугаартай гэрээний өргөдлийн маягт,дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, эзэмших эрх шилжүүлэх маягт, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 6638507 дугаартай гэрээний өргөдлийн маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ баримтуудад хэрэглэгчийг төлөөлж гэсэн хэсэгт тус тус зурсан гарын үсэг Д.Оын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэсэн, дүгнэлтэд талууд дахин маргаагүй болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ , 42.2.-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.

Энэ нь “С”ХХК-ийн үүрэн телефоны үйлчилгээ авах тухай хэрэглэгчийн өргөдөл, үйлчилгээ үзүүлэх бичгээр хийгдсэн гэрээ баримтуудад Д.О гарын үсэг зураагүй байх тул дараа төлбөрт үйлчилгээний 2 талт гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй.

Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй банкнаас зээл авах гэхэд түүний нэр дээр С ХХК-ийн ярианы төлбөртэй, муу зээлийн ангилалд орсон асуудал гарч ирсэн тул амьдралын хэрэгцээний улмаас төлбөрийг төлж, зээлээ авсан гэсэн нь нэхэмжлэгчийн ХААН банкны зээл барьцааны гэрээнүүд, төлбөрийн баримтууд нотлож, хариуцагч талын төлбөр төлсөн бодит үйлдлээрээ дугаарын эзэмшигч болохыг нотолно гэсэн тайлбар маргаж буй дугааруудыг эзэмшигч гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймд Д.О 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн С компанийн “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гэрээний өргөдлийн маягт, эзэмших эрх шилжүүлэх маягт, мөн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гэрээний өргөдлийн маягт гэх хэлцлүүдийг байгуулаагүй гэж үзэх үндэстэй.

Мөн хариуцагч тал дугаар эзэмшигч, ашиглагчтай бичгээр гэрээ байгуулахын тулд хэлцэлд гарын үсгий нь зуруулж, хувийн мэдээллийг нь манай ажилтан тулгаж, шалгаж авдаг гэж тайлбарласан, Д.О гэрээнд гарын үсэг зураагүй, харин С ХХК-ийн зүгээс хэрэглэгчийн хувийн мэдээллийг “тулгаж, хянаж шалгаж авах” үүргээ хэрэгжүүлсэн байдал нь нэхэмжлэгчийн 2012 оны 5 сарын 16-ны өдөр олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбараас өөр баримтгүй, энэ талаар гэрч нарын мэдүүлэг дангаар нотлогооны хэрэгсэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан, дахин авсан гэсэн нь нэхэмжлэлд хавсаргасан 2017 оны 6 сарын 05-ны өдрийн Д.Оын Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсд бүртгэлийн 2869 дугаарт бүртгэгдсэн иргэний үнэмлэх дахин авах хүсэлт,2017 оны 6 сарын 7-ны өдөр олгогдсон үнэмлэхийн нотариат гэрчилсэн хуулбараар нотлогдоно.

Нөгөө талаар тухайн дугаарын төлбөрт шаардсан 2,270,620 төгрөгийг Д.О хариуцан төлөх үүрэгтэй нь уг дугаараас гадагш гарсан дуудлагын мэдээллээр нотлогдохгүй.

“С”ХХК-ийн үүрэн телефоны үйлчилгээ үйлчилгээ үзүүлэх бичгээр хийгдсэн гэрээнүүдэд бичигдсэн хэрэглэгчийн гэсэн  дугаарууд нэхэмжлэгчид хамааралгүй болох нь Мобиком корпораци компанийн 18/5798, Юнител компанийн 05-01/5645 тоот албан бичиг лавлагаагаар нотлогдоно.

Төлбөр яг ямар хугацааны төлбөр гэдэг нь тодорхой бус, нэхэмжлэхэд 2017 оны 3 сарын 1-нээс 2017 оны 4 сарын 1, 2017 оны 4 сарын 25 гэсэн бичвэрүүд байх ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 3 сарын 1-нээс 2017 оны 4 сарын 1-ий өдөр хүртэл хугацааных гэж байна.

Нэхэмжлэгч талын, Д.Од хаягласан Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 1 сарын 3-ны өдрийн түүний улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудаар Д.О Замын Үүд боомтоор 2017 оны 3 сарын 27-ны өдөр улсын хилээр гараад 2017 оны 4 сарын 11-ий өдөр орсон, дахин мөн өдөр буцаж гараад 2017 оны 4 сарын 18-ны өдөр орсон, дахин 2017 оны 4 сарын 19-ний өдөр гараад 2017 оны 5 сарын 8-ны өдөр орж ирсэн байна, хариуцагчаас ирүүлсэн С ХХК-ийн дугааруудын гадагш гарсан дуудлагын мэдээллүүдэд, 2017 оны 3 сарын 27-ны өдрийн шөнийн 00 цаг 22 минутаас 23 цаг 52 минут буюу 2017 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл өдөр бүр олон дуудлагыг өдөр алгасалгүй хийсэн байгаа нь Д.О улсын хилээс гараад, гадаад улсаас дуудлагуудыг хийсэн гэхэд эргэлзээтэй ойлгомжгүй байдал болж байна.   

Маргааны үйл баримтыг нотлох нотолгооны хэрэгслийг бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал өөрөө бүрдүүлэх үүрэг хүлээдэг.

Хариуцагч талын баримтууд маргаж буй үндэслэлээ бүрэн нотлож чадахгүй байх тул хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэс болно.

Эндээс үзэхэд Д.О тухайн 2 дугаарын хэрэглэгч болсон, С ХХК-ийн үйлчилгээг Д.О авсан гэдэг үндэслэл, нөхцөл байдал талуудын мэтгэлцээнээр тогтоогдохгүй, С компани нэхэмжлэгчээс 2 дугаарын хэрэглээний төлбөр шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн хооронд үйлчилгээний гэрээ хэлцэл байгуулагдаагүй тул төлбөрт төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй, хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасан өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгөө тухайн этгээд буцаан шаардах шаардлагад Д.Оын шилжүүлсэн 2,270,620 төгрөг хамаарах тул нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн хангаж 2,270,620 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 51,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 51,280 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1.-д зааснаар хариуцагч С ХХК-иас 2,270,620 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас хариуцах хураамжид 51,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.УРАНЧИМЭГ