Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00096

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/00096

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02076 дугаар шийдвэртэй

Д.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох 2 270 620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд анх Б ХХК-ийн урьдчилсан төлбөрт дугаарууд болох 96017988, 90547979 дугаарын хэрэглэгч болсон. 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Б ХХК-ийн үүрэн телефоны байгууллагаас өөр ямар нэг дугаар авч барьж байгаагүй. Гэтэл Б ХХК-аас миний нэр дээр 96959990, 90067795 гэсэн хоёр дугаар үүсэж, төлбөр гарсан байна гэж мэдэгдсэн. Энэ дагуу Б ХХК-ийн төв байранд очиж энэхүү 2 дугаарыг барьж байгаагүй болох тухай өргөдөл бичиж өгсөн боловч түүнээс хойш ямар нэг албан хариу өгөөгүй. Цалингийн зээл авах зорилгоор Хаан банк ХХК-нд хандахад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банк дахь найдваргүй зээлдэгч хэмээн Б ХХК нь бүртгүүлсэн байсан. Яаралтай зээл авах шаардлагатай байсан учир Б ХХК-ийн дараа төлбөрт дугаарууд болох 96959990, 90067795 гэсэн хоёр дугаарын төлбөрийг төлж, Монгол банк дахь найдваргүй зээлдэгчдийн нэрсийн жагсаалтаас өөрийн нэрийг хасуулж зээлээ авсан. Дээрх хоёр дугааруудад 96959990 дугаарын төлбөрт 1 611 353 төгрөг, дараа төлбөрт 90067795 дугаарын төлбөрт 659 260 төгрөгийг тус тус төлж, нийт 2 270 620 төгрөгийг Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зайлшгүй шаардлагаар ямар ч үндэслэлгүйгээр төлсөн. Иймд Б ХХК-аас нийт 2 270 620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах ёстой. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өнөр салбараас маягт бөглөн 96959990 дугаарыг шилжүүлэн авч манай хэрэглэгч болсон байдаг. 2019 оны 3 дугаар сарын төлбөр 982 957 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 684 395 төгрөг гарсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 17-нд Сансар салбарт маягт бөглөн 90067795 дугаарын хэрэглэгч болсон. 2019 оны 3 дугаар сарын төлбөр 317 723 төгрөг, 4 дүгээр сарын төлбөр 361 534 төгрөг, нийтдээ энэ 2 дугаарын төлбөр болох 2 270 620 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-нд төлсөн. Тухайн 2 салбарт ажилладаг гэрчүүд үүрэн телефоны хэрэглэгч болоход мөрддөг журмын дагуу дугаар шилжүүлэх болон үйлчилгээний гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн гэдэг. Иймд манай компанийн хувьд мөрдөгдөж байгаа журмын дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, өргөдлийн болон дугаар шилжүүлэх маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-аас 2 270 620 төгрөг гаргуулж Д.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-аас 51 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа Х.Батбаатараас гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан. Улмаар тус шүүхээс шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, гэрчээс мэдүүлэг авахуулахаар болсон. Х.Батбаатарын 90470909 дугаарын утсаар холбогдоход эмэгтэй хүн утас авсан ба Х.Батбаатарыг өөр дугаарын утастай байгаа гэж хэлсэн. Удалгүй 88119728 дугаарын утаснаас X Батбаатар нь өөрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх надтай холбогдож ярьсан. Б" ХХК-аас Х.Батбаатарыг гэрчийн мэдүүлэг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан, гэрчийн мэдүүлэг шүүхэд ирж өгөх шаардлагатай байна гэж хэлэхэд "...би Сэлэнгэ аймагт хөдөө их завгүй ажилтай явж байна, Улаанбаатар хот орно, орохоороо мэдүүлэг өгч болно.." гэж тухайн үед хэлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон ба Х.Батбаатарыг тус шүүх хуралдаанд ирж гэрчийн мэдүүлэг өгөх талаар хэлэхэд "...ажил амжихгүй хөдөө байна" гэж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Х.Батбаатараас гэрчийн мэдүүлэг авахуулах талаар тус шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байсан ба хүсэлтээсээ татгалзаагүй болно. Анхан шатны шүүх нь хариуцагчаас шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдсэн хирнээ гэрчээс мэдүүлэг аваагүй, уг захирамжийн биелэлт хангагдаагүй. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 96959990, 90067795 дугааруудын төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 2 270 620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б ХХК нь Д.Б манай компанитай 96959990, 90067795 дугаарууд эзэмших гэрээ байгуулж уг 2 дугаарын хэрэглэгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчид маргааны зүйл болж буй хоёр дугаарыг нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр авсан эсэх асуудлаар маргаж, хариуцагч талаас нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр Х.Батбаатараас 96959990 дугаарыг шилжүүлж авсан гэсэн тайлбар гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Батбаатарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2019/07054 дүгээр захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх.124,128/ Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан гэрчээс тайлбар, мэдүүлэг авах үндэслэлээр хойшилжээ./хх.150/

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан гэж бичигдсэн байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан тайлбар гаргаагүй байхад шүүх хуралдааны тэмдэглэлд түүний хэлээгүй зүйлийг бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. /хх.156 ар талд/

Анхан шатны шүүх Х.Батбаатарыг гэрчээр асуух тухай шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО