Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02275

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02275

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Э,

Нэхэмжлэгч: П.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00682 дугаартай захирамжаар Г.Э, П.Б нараас 52,057,070 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн. Бид төлбөрөөс 6,800,000 төгрөгийг төлсөн байгаа болно. Цар тахлын үед ажил, орлогогүй болоод төлбөрийг төлж чадалгүй удаасан. Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 34 дүгээр байрны 46 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулна, үнийн санал өг гэсний дагуу 140,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн болно. Гэтэл Хөрөнгө истэмэйт ХХК-аар үнэлүүлсэн үнэ 108,251,890 төгрөг байна. Та нар өөрсдийнхөө үнээрээ зарвал зар гэсний дагуу зар тавьсан боловч зарагдахгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар шийдвэр гүйцэтгэлийн газраас мэдэгдэх хуудас ирсэн. Энэ мэдэгдэлд 75,776,323 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд орохоор болсон тухай бичсэн байна.

Манай байр нь одоо зах зээлийн ханшаар 140,000,000 төгрөг бөгөөд бодит үнээс хэт доогуур үнэлсэн тэр үнээс нь дахин буулгаж зарах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бид хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тухайн үед нь хэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэл та хэд тэгвэл хүсэлтээ бичиж өгөөд өөрсдөө зар гэсэн. Одоо л байрны зарагдах үе нь ирж байхад хэт хямдхан үнээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь учир дутагдалтай байна. Хөрөнгийн үнэлгээ хийсэн компани нь зах зээлийн судалгааг буруу хийсэн бөгөөд манай байр хотын ААА зэрэглэлийн бүсэд байрладаг БҮТИ ХХК барьсан энэ хавьдаа хамгийн чанартай өндөр өртөгтэй байр юм. Иймээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, мөн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00682 дугаар захирамжаар П.Б, Г.Э нараас 52,545,505.84 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20300911 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч П.Б, Г.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 46 тоот хаягт байршилтай 48.11 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20300911/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20300911/122-02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Эд хөрөнгө хураах тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/44 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолыг үндэслэн хүчингүй болгосон тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20300911/122-03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/68 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Бг томилж үнэлгээг гаргуулсан.

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяагаас үл хөдлөх эд хөрөнгийг 108,251,890 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулж, төлбөр төлөгч П.Б, Г.Э нар нь тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бие даан борлуулах 30 хоногийн хугацаа авах хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/20300911 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолыг үйлдэж, төлбөр төлөгч нарт гардуулсан байдаг. Тус газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь үнэлгээний 70 хувь болох 75,776,323 төгрөгөөр доод үнийг тогтоон оруулахад иргэн Г.Гэрэлтуяа 96,000,000 төгрөгөөр худалдан авах эрхийг авсан болно. Г.гэрэлтуяа нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тус газрын дансанд бүрэн төлж барагдуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах хугацаандаа гаргаагүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э, П.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээ бодит бус болсон, энэ үнэлгээнд суурилан албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, Бүх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчид хөрөнгөө өөрийн тодорхойлж байгаа үнээрээ худалдах боломж олгож хангалттай хугацаагаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг хойшлуулж байсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах хугацаандаа гаргаагүй гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00682 дугаар захирамжаар П.Б, Г.Э нараас 52,545,505.84 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20300911 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх-ийн 24-27, 30 дугаар тал/ Түүнчлэн төлбөр төлөгч П.Б, Г.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 46 тоот хаягт байршилтай 48.11 мкв. талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20300911/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20300911/122-03 дугаартай тогтоолоор тус тус хураан авсан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч ба авагчид үнийн талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/68 дугаартай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон үйл баримтын тухайд зохигчид харилцан маргаагүй. /хх-ийн 25, 43, 49 дүгээр тал/

2. Улмаар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийг 108,251,890 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байх /хх-ийн 54-79 дүгээр тал/ ба нэхэмжлэгч П.Б, Г.Э нарт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр энэ талаар мэдэгдэл хүргүүлж шууданд хийсэн үйл баримт хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан мэдэгдэлд мөн өдрийн огноотой Монгол шуудан компанийн тамга дарагдсан байдлаар тогтоогдож байна. Уг мэдэгдлийг хүлээн авсан төлбөр төлөгчид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацаа авахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүсэлтээ гаргасан нь хавтаст хэргийн 83, 84 дүгээр талд авагдсан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шинжээчийн дүгнэлтийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан боловч нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргажээ. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бие даан худалдахаар хүсэлт гаргаж дуудлага худалдааг хойшлуулсан явдал нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайланг хүлээн зөвшөөрөхгүй талаараа хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах хугацааг хойшлуулах хууль зүйн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нарын хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч нар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр тус шаардлагын үндэслэлээ хууль бус хөрөнгийн үнэлгээнд суурилан дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон нь хууль бус болсон гэх агуулгаар тайлбарлаж байна. Гэвч шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүйтэй холбоотойгоор албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг нэхэмжлэгчийн дурдаж байгаа энэ үндэслэлээр хянах боломжгүй болжээ.

Харин албадан дуудлага худалдааг зарласан, мэдэгдсэн нөхцөл байдлууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, тус хуульд заасан холбогдох журам, хугацааны дотор явагдсан байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр танилцуулж, төлбөр төлөгч П.Б, Г.Э нар нь тус газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийг бие даан борлуулах 30 хоногийн хугацаа авах хүсэлтийг бичгээр гаргасан байх ба 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/20300911 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоолыг үйлдэж, төлбөр төлөгч нарт гардуулсан байна. Улмаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргаж 09 дүгээр сарын 03-ны өдөр явуулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлийн 68.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ. Тус газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн доод үнийг үнэлгээний 70 хувь болох 75,776,323 төгрөгөөр тогтоон оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн төлбөр төлөгч П.Б, Г.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 46 тоот хаягт байршилтай 48.11 мкв. талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгө үнэлгээ тогтоох ажиллагаа, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч П.Б, Г.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021043 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 дүгээр байрны 46 тоот хаягт байршилтай 48.11 мкв. талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгө үнэлгээ тогтоох ажиллагаа, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА