Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00288

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00288

 

 

 

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргаж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02275 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч хххххх холбогдох

Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 9/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 682 дугаар захирамжаар *******, *******нараас 52,057,070 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэснээс 6,800,000 төгрөгийг төлсөн. Бид Ковид 19 халдварын үед ажил, орлогогүй болоод төлбөрийг төлж чадалгүй удаасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах санал авахад 140,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн болно. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 108,251,890 төгрөг үнэлсэн байна. Тухайн үед бид хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгааг шийдвэр гүйцэтгэгчид хэлэхэд хүсэлт бичиж өгөөд өөрсдөө зар гэсэн боловч зарагдаагүй.

Нийслэлийн шүүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэх хуудас ирсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг 75,776,323 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсон.

Манай байр одоогийн зах зээлийн ханшаар 140,000,000 төгрөг бөгөөд хөрөнгийн үнэлгээг бодит үнээс хэт доогуур үнэлсэн, үнийг буулгаж зарах гэж байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээ хийсэн компани нь зах зээлийн судалгааг буруу хийсэн бөгөөд манай байр хотын ААА зэрэглэлийн бүсэд байрладаг БҮТИ ХХК барьсан энэ хавьдаа хамгийн чанартай өндөр өртөгтэй байр юм. Иймээс Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 9/23 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00682 дугаар захирамжаар *******, *******нараас 52,545,505 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20300911 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгч П.Болдбаатар, *******ын нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг мөн сарын 05-ны өдөр битүүмжлэн, мөн сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/68 дугаартай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХКйг хөндлөнгийн шинжээчээр томилж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 108,251,890 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Уг үнэлгээг талуудад мөн сарын 14-ний өдрийн 4-122/10659 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн.

Тус газраас мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, иргэн Г.Гэрэлтуяа 96,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлж барагдуулсан.

Нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах хугацаа хэтэрсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *********** нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22ххххх дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,  тоот хаягт байршилтай 48.11 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгө үнэлгээ тогтоох ажиллагаа, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. А.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэ үнэлгээний талаар мэдэгдэл өгөөгүй. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний компани үнэлгээ хийхдээ хэрхэн харьцуулан үнэлсэн талаар мэдээлэл өгөөгүй.

Албадан дуудлага худалдаагаар дээрх үнэлсэн үнэлгээгээр бус үнийн дүнгийн 70 хувиас дуудлага худалдаа явуулсанд гомдолтой. Шийдвэр гүйцэтгэгчээс нэхэмжлэгч нар өөрсдөө байраа зарж болно гэж хэлсэн. Ковид 19 халдвар гарсан нөхцөл байдлын улмаас үл хөдлөх хөрөнгийн худалдах ажиллагаа удаашралтай байгааг харгалзаж, тодорхой хугацаа өгч болох байсан. Гэтэл шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж,байна.

Б.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бхэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хязгаарласан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан давхцаж, хойшлуулах хүсэлтийг харгалзан үзээгүй, шүүх хурлыг явуулсан нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч *******, *******нар үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан учраас хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал бусад үнэлгээний компанаар үнэлгээ гаргуулсан, харьцуулсан судалгаа байхгүй, бодитой тайлан гаргуулаагүй, шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч *******, *******нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 9/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-1,22/

3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/00682 дугаар шийдвэр, мөн дүгээр сарын 07-ны өдрийн 681 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, улмаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /23-30, 35,36,38/

4.Талууд дээрх ажиллагаанд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэд нийцсэн, бодитой гаргасан эсэх, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5.Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь Ү-2202021043 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,тоот хаягт байршилтай 48.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашигласан байх ба зах зээлийн хандлагаар тогтоосон дүн, үнэлгээний тооцооллыг эцсийн үр дүн гэж үзсэн байна. /хх-55-71/ Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах, 42.9, 56.5, 57 м.кв талбай бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч арван нэгэн төрлийн үзүүлэлтээр харьцуулаад барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг 108,251,890 төгрөгөөр тогтоож, дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч *******, *******нарт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь мөн өдрийн 4-122/10659 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-74,76/

7.Төлбөр төлөгч ******* нарын үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах саналыг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт заасан 1 сарын хугацаа олгож, хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон байна. /хх-77-79/ Үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 9/23 дугаартай тогтоолоор анхны дуудлага худалдааг товлож, үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 70 хувиар тогтоожээ. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ дээрх хуулийг зөв хэрэглэсэн байх тул энэ талаар нэхэмжлэгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

8.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлын үндэслэлээ хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх, мэтгэлцэх зарчимд нийцсэн байна. /хх-102-103, 114-115/

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 9/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД