Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2021/02251

 

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2021/02251

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э,

Хариуцагч: М.М-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Д.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч М.М, хариуцагчин өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.Н би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Э, М.М нартай Орон сууцны барилгыг захилгаар барих 67/15 тоот гэрээ байгуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 44 дүгээр байрны 50 тоот 43,31мкв орон сууц нийт үнэ 80,123,500 төгрөгөөр худалдахаар, дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 24,037,050 төгрөгийг 2016 оны 06-р сарын 27-нд төлөх, үлдэгдэл 70 хувь болох 56,086,450 төгрөгийг ипотекийн зээлээр төлүүлэхээр гэрээ байгуулсан. Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны төлбөр 80,123,500 төгрөгнөөс банкны найман хувийн ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа төлбөрийг төлсөн байдлаар харагдуулахын тулд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 27,040,000 төгрөгийг Голомт банк дахь М.Н миний 1805108209 энэ тоот дансанд Голомт банк дахь Д.Эы 1609222880 тоот данснаас бэлэн бусаар шилжүүлэн өгч М.Н би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк дахь М.Мийн 5270389908 тоот дансанд бэлэн бус шилжүүлгээр 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн.

Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөхөөр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах-Худалдан авах 05 тоот гэрээ байгуулсан байсан тул би Д.Э, М.М нарын дээрх 27,040,000 төгрөгийг буцаагаад шилжүүлээд өгөөч гэсэн гуйлтаар энэ төлбөрөө усны тоолуураар төлчих байх гэж итгэж 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн. Гэтэл Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 27,040,000 төгрөгийг М.Н надад буцааж төлөлгүй хохироож байгаа тул Иргэний хууль болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууцны барилгыг захилгаар барих гэрээний заалтуудыг үндэслэн М.Н би Орон сууцны барилгыг захиалгаар барих 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 тоот гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэлд Д.Э, М.М нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 44 дүгээр байрны 50 тоот нийт 80,123,500 төгрөгний үнэ бүхий орон сууцыг буцааж шилжүүлэн авахаар М.Н миний өмчлөлд уг орон сууцыг буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Э, М.М нарт даалгуулах, Д.Э, М.М нар нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 44 дүгээр байрны 50 тоот орон сууцыг М.Н надаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсанаас хойш 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцыг бусдад түрээслүүлж ашиг олж байсан тул Д.Э, М.М нараас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцоож нийт 29,866,660 төгрөгийн түрээсийн ашгийн төлбөрийг буцааж гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын Орон сууцны барилгыг захиалгаар барих 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 тоот гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт шилжүүлсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 44 байрны 50 тоот нийт 80,123,500 төгрөгний үнэ бүхий орон сууцыг М.Нын өмчлөлд буцааж шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Э, М.М нарт даалгуулахаар, уг орон сууцыг түрээсэлж олсон ашиг болох 29,866,660 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь огт үндэслэлгүй юм.

Д.Э, М.М нар нь 2016 онд орон сууц худалдан авах ямар ч бодолгүй бөгөөд санхүүгийн хувьд боломжгүй байсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулганаас тодорхой харагдана. Тухайн үед М.М нь гэртээ 3 хүүхдээ хардаг байсан бөгөөд нөхөр Д.Э нь замын цагдаад зохицуулагч хийдэг байсан учир байр авах бодолгүй байсан. Гэтэл Д.Эы эмээгийн талын хамаатны эгч болох И.Энхзаяа гэгч нь манай найз О.Ибартерт авсан байраа урьдчилгаагүйгээр зах зээлийн үнээс хямд зарна гэж байна, төрийн албан хаагч юм чинь найман хувийн зээл хөөцөлдөөд тэр байрыг аваач гэсэн санал тавьсан.

Хариуцагч нар тэрхүү саналыг хүлээн авч нагац талын хамаатан болох Энхзаяа болон түүний нөхөр Батзориг нарын хамт Ирбуян, М.Н нартай очиж уулзсан бөгөөд О.Инь би бартерт авсан байрнуудаа хямд зарж байгааөөрийн нэр дээр ордер нь гарсан байсан байраа би өөр хүнд өгчихлөө, дахиад нэг бартерт авсан ордер нь гараагүй байгаа, тэрийг урьдчилгаагүйгээр авчих гэсэн. Ирбуянг ингэж хэлэх үед М.Н хамт байсан, мэдэж байсан. Ирбуянгийн хэлснийг М.Н зөвшөөрч байсан тул байрны 30 хувийн урьдчилгааг тоолуур нийлүүлэхээр тохиролцсон гэж тоолуур нийлүүлэх гэрээ гээч зүйлд гарын үсэг зуруулсан. Энэхүү гэрээг нь банкны зээлийн эдийн засагч дээр очиж үзүүлэхэд банк урьдчилгааг бэлэн мөнгөөр байршуулсан байхыг шаардана, ийм гэрээ байж болохгүй гэж хэлсний дагуу Д.Э, М.М нар нь мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө авч Насанбатын дансанд байршуулж, банкнаас найман хувийн хүүтэй зээл авч байрны төлбөрийг бүрэн төлж өмчлөлдөө авсан байна.

Хариуцагч нар өнөөдрийг хүртэл тухайн байрыг авах гэж тавьсан өрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлээс зээлийн хооронд 4 хүүхдийнхээ хэрэглээг ч бүрэн хангахгүйгээр гэр хороололд амьдарсаар байна. Худалдан авсан байрандаа багтахгүй, 4 хүүхдийн цэцэрлэг, сургууль нь холдоно гэх шалтгаанаар өөрсдөө ч амьдарч чадахгүй байсаар байтал 2016 оноос хойш 2021 оныг хүртэл нэг ч удаа байрны мөнгөний үлдэгдэл тооцоо гэж шаардаж байгаагүй байж, гэнэт шүүхэд дуудсан байна.Тухайн байрыг бартерт авсан гэж хэлж зарсан н.О.Игэгч нь тухайн үед тэмдэглэж өгсөн утсаа авахгүй байгаа бөгөөд Ирбуянд урьдчилгаа төлбөргүй байр өгч байсан М.Н нь гэнэт 5 жилийн дараа байрыг авна гэж байгаа нь үндэслэлгүй юм. М.Н нь М.М, Д.Э нараар ийм олон жил банкны хүү төлүүлчихээд хүний мөнгийг хүүгүйгээр ашиглачихаад эцэст нь гэрээнээс татгалзана гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тал хариуцагч талыг гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа бол энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч тал 2016 оноос 2021 он хүртэл мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах гэж гаргаагүй байгаа нь үүрэг гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэдгийг нотолж байгаа юм. Энэхүү тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан орон сууц худалдан авах үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд байршуулж, банкны зээлээр үлдэгдэл төлбөрөө төлснөөр Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ-ний үүрэг бүрэн биелэгдэж, Д.Э, М.М нар Насанбатын гаргаж өгсөн тодорхойлолтоор Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээгээ авсан. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Тиймээс хариуцагч нар нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч тал Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ-ний үүрэг бүрэн биелүүлсэн бөгөөд одоогоор банкинд Ипотекийн зээлийн үүргийн гүйцэтгэлтэй байгаа болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 12 дугаар сард нагацын талын хамаатан болох Энхзаяагийн зуучилж өгснөөр О.Игэх хүний Твин констракшн ХХК-иас бартераар аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа гэх 1 өрөө байрыг зах зээлийн ханшнаас хямдаар буюу 53,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож тус компанийн захирал М.Нтай уулзуулж гэрээ байгуулсан.

Ийнхүү харилцан тохиролцох үед надад бэлэн мөнгө байхгүй тул Голомт банкны найман хувийн зээлээр авсан бөгөөд банкнаас 53,000,000 төгрөгийн зээл бүтнээр гарахгүй урьдчилгаа төлбөрт 27,040,000 төгрөг төлж байрны үнээ нэмж байж 53,000,000 төгрөгөөр авч буй мэт хуурамч гэрээ хийсэн.

Иймд талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 дугаартай Орон сууцны барилгыг захиалгаар барих хуурамч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, М.Нын дансанд шилжүүлсэн 53,000,000 төгрөг болон Голомт банкны орон сууцны зээлийн гэрээний дагуу төлсөн 19,221,491.17 төгрөг, нийт 72,221,491 төгрөгийг М.Наас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь тухайн 1 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшнаас бага үнээр буюу төлбөргүйгээр бидэнд зарахаар харилцан тохиролцсон. Орон сууц худалдан авахдаа хариуцагчид ямар гэрээ байгуулах талаар мэдлэггүй байсан ба М.Наас очиж зөвөлгөө авч гэрээгээ шинэчилж байсан. М.Н нь өөрөө боловсруулж Худалдах худалдан авах гэрээг 3 удаа өөрчилж 3 янзын гэрээнд гарын үсэг зуруулж байсны нэг нь хэрэгт авагдсан Усны тоолуур худалдах, худалдан авах гэрээ юм. Иймд М.Нын өөрөө зохиож, боловсруулан, банкийг хуурахаар хийсэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 05 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: М.Н, Д.Э, М.М нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 67/15 дугаартай Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ нь Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйл, 343-358 дугаар зүйлүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Уг гэрээний 1.2 дахь заалтад М.Нын бариулсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 77 айлын орон сууцны 50 тоот 43,31м кв 1 өрөө орон сууцыг 1м.кв-ийн үнэ 1,850,000 төгрөгөөр тохиролцож нийт үнэ 80,123,500 төгрөгөөр худалдах -худалдан авах гэрээг байгуулсан. 2.4 дэх зүйлд Захиалагч нь энэ гэрээнд гарны үсэг зурснаар дараах хуваарийн дагуу төлбөрийг төлнө. Төлбөрийн 30 хувь болох 24,037,050 төгрөгийг 2016 оны 06 сарын 27-нд төлөхөөр, үлдэгдэл 70 хувийг ипотекийн зээлээр төлнө. Гэрээний 2.5-д Орон сууцны нийт төлбөрийн үлдэгдэл болох 56,086,450 төгрөгийг зээлээр төлнө гэж тус тус тохиролцож гэрээнд гүйцэтгэгч тал болох М.Н, захиалагч тал болох Д.Э, М.М нар гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Иймээс орон сууцны төлбөрт авсан 53,000,000 төгрөг болон голомт банкны зээлийн төлбөрт Д.Э, М.М нарын төлсөн 19,221,491 төгрөг нийт 72,221,491 төгрөгийг би төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч Д. Энхтайван, М.М нарт дээрх орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож байгаагүй. О.Игэх хүн Твинхаус констракшн ХХК-аас бартераар аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй гэх 1 өрөө байрыг зах зээлийн ханшнаас хямдаар буюу 53,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэснийг би мэдэхгүй О.Ирбуянд дээрх 50 тоот орон сууцыг худалдаж байгаагүй болно. Би өөрийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хямдаар зарах ямар ч шаардлага байхгүй 80,123,500 төгрөгөөр зарсан мэт хуурамч гэрээ огт хийж байгаагүй.

Мөн Ийнхүү харилцан тохиролцох үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул гэж байгаа нь ямар ч мөнгөгүй хүн урьдчилгаа мөнгө төлөлгүй орон сууц худалдан авна гэж байхгүй. Би орон сууцаа зах зээлд борлогдож байгаа ханшнаас хямдаар зарах шаардлага байхгүй. Харин урьдчилгаа төлбөр 27,040,000 төгрөгийг хүнээс зээлж төлөөд буцаагаад шилжүүлээд өгөөч гэж гуйсан тул урьдчилгаа төлбөрийг усны тоолуураар төлөхөөр тохиролцсоны дагуу 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн юм. Худалдах худалдан авах тухай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 05 тоот гэрээний 2.1-т зааснаар гэрээгээр нийлүүлэх тоолуурын үнэ 24,037,050 байна. Гэрээний 4.1-д зааснаар худалдан авагч нь усны тоолуурын үнэ 24,037,050 төгрөгийн дүнг иргэн М.Нын 77 айлын орон сууцны 9 давхарын 50 тоот 43,31 м.кв 1 өрөө орон сууцыг 1м.кв -ийн үнэ 1,850,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 30 хувьд тооцно гэсэн гэрээний заалтын дагуу тоолуураар дээрх төлбөрийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 27,040,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Д.Э, М.М нар нь дээрх орон сууцыг 2016 онд худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл бусдад түрээслэн түрээсийн мөнгө авч байсан. Сард дунджаар 500,000 төгрөгөөр түрээслэж байсан гэж үзвэл 5 жил 6 сард нийт 33,000,000 төгрөгийн ашиг олсон байх үндэслэлтэй тул голомт банкны зээлийн төлбөрт төлсөн гэх 19,221,491 төгрөгийг би төлөх ямар ч үндэслэлгүй байна. Д.Э, М.М нартай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 05 дугаартай 24,037,050 төгрөгийн үнэ бүхий усны тоолуур нийлүүлж дээрх 50 тоот орон сууцыг 1м.кв-ийг 1,850,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 30хувьд тооцно гэсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээнд Д.Э гарын үсэг зурж баталгаажуулж гэрээ байгуулсан. Дээрхи 50 тоот орон сууцны урьчилгаа төлбөрийг усны тоолуур нийлүүлж төлнө гэж тохиролцсон ба Усны тоолуураа О.Ирбуянгаас авч өгнө О.Ирбуянд машин өгсөн гэж надад хэлж байсан. Д.Э, М.М нар нь миний дансанд мөнгө байршуулж буцаагаад шилжүүлээд өгөөч гэдэг саналыг өөрсдөө гаргаж би тухайн үед урьдчилгаа төлбөрийг тоолуураар төлөх гэрээтэй тул энэ саналыг нь зөвшөөрч мөнгийг нь буцааж шилжүүлсэн.

Иймд М.Н болон Д.Э нарын 2015 оны 12-р сарны 31 -ний өдөр байгуулсан 05 дугаартай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулан тэдгээрийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 67/15 дугаартай орон сууны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж тус гэрээгээр шилжүүлсэн орон сууцаа буцаан гаргуулах, уг орон сууцыг бусдад түрээсэлж орох байсан орлогод 29,866,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан тэдгээрийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 05 тоот Тоолуур худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус учир гэрээнээс аливаа үр дагавар үүсэхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 67/15 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон өгсөн авснаа харилцан буцаах тухай сөрөг нэхэмжнэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, талуудын хооронд байгуулсан орон сууцны захиалгын гэрээгээр 43.31 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-ыг нь 1,850,000 төгрөгөөр тохирч нийт 80,123,500 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч худалдан авагч тал өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй 27,040,000 төгрөгийн дутуу төлөлттэй байх тул энэ гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах үндэстэй, түүнчлэн өнгөрсөн хугацаанд орон сууцыг бусдад түрээслэх, хөлслөх замаар олж байсан орлогыг нэг сард 500,000 төгрөгөөр тооцон нийт 29,866,660 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцыг бид нийтдээ 53,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, тухайн үед М.Н хамтран ажилладаг этгээддээ худалдаж байсан хөнгөлөлттэй үнээр бид авахаар тохирсон, бид төлбөрөө бүрэн төлсөн, тийм ч учраас өнгөрсөн хугацаанд биднээс нэг ч удаа зөрүү төлбөр нэхэмжилж байгаагүй, шүүх дээр гэнэт дуудагдах үед л энэ талаар анх сонсож мэдлээ. Гэрээнээс татгалзах эрх үүсгэх үүргийн зөрчил гаргаагүй, хуульд заасан урьдчилан мэдэдэх тухай татгалзах журмыг ч нэхэмжлэгч тал мөрдөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар

 

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.  Нэг талаас иргэн М.Н, нөгөө талаас иргэн Д.Э, М.М нар харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 67/15 дугаартай Орон сууцын барилгыг захиалгаар барих гэрээ гэх нэртэй баримтыг бичгээр үйлдсэн байна. /хх-ийн 4-6 дугаар тал/. Тус гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших 77 айлын орон сууцны Стандарт форм гэх барилга дахь 9 дүгээр давхрын 50 дугаартай хаалга буюу 43,31 мкв талбайтай нэг өрөө орон сууц байхаар гэрээний 1.2-т заасан байна. Энэхүү орон сууцыг Баянгол дүүргийн 9-р хорооны Дулаахан байр хотхоны 44 дүгээр байрны 9 давхрын 50 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205063635 дугаар бүхий 43.31 мкв талбайтай орон сууц болох талаар зохигчид харилцан маргаагүй байна. /хх-ийн 135 дугаар тал/

 

Нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулсан орон сууцыг бусдад шилжүүлэх гэрээний үнийг нэг мкв-ыг нь 1,850,000 төгрөгөөр тооцож, нийт 80,123,500 төгрөгөөр тохирсон гэж, харин хариуцагч нийт үнийг бартерын хүмүүстээ худалддаг хөнгөлөлттэй үнээр буюу 53,000,000 төгрөгөөр тооцож тохирсон гэж маргаж байна. Шүүх зохигчдын хооронд Баянгол дүүргийн 9-р хорооны Дулаахан байр хотхоны 44 дүгээр байрны 9 давхрын 50 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205063635 дугаар бүхий 43.31 мкв талбайтай орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч орон сууцны үнийг 80,123,500 төгрөг гэж тохирсон гэж үзэж байгаа өөрийн тайлбараа дэмжин зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээнд орон сууцны үнийг 80,123,500 төгрөг гэж заасан байдал, орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авахаар хариуцагч нарын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байсан өргөдөл хүсэлтэд үнийг мөн дээрх байдлаар тэмдэглэсэн байдал зэргийг нотлох баримтаар заан тайлбарлаж байх бол хариуцагч нар тус орон сууцыг М.Нын захиалан бариулж байгаа барилгад тоолуур нийлүүлж байраар солилцдог н.О.Игэгч хүний авах байсан үнээр өмчлөлдөө шилжүүлэн авсан тул тухайн үеийн захиалгын үнээс багаар авсан, харин банкны зээлийн урьдчилгаанд өгөх мөнгө байгаагүй тул байр худалдаж авах бүх мөнгийг банкны зээлээр гаргуулах зорилгоор байрны үнийг нэмж 80,123,500 төгрөг болгон харагдуулах зорилгоор гэрээнд энэ үнийг тусгасан. Орон сууц худалдагчийн зүгээс өнгөрсөн 5 жилийн хугацаанд хариуцагч нарт нэг ч удаа тухайлан хандаж үлдэгдэл төлбөрөө нэхэж байгаагүй нь энэ бүхнийг нотлоно. гэж хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч тал н.О.Игэх хүнтэй тоолуур нийлүүлэх асуудлаар хамтран ажилладаг байсан талаар маргаагүйн зэрэгцээ уг хүнтэй маргаан үүсэж асуудлаа нэг тийш шийдэж чадахгүй болсноор хариуцагч нарт хандаж байгаагаа тайлбарлаж байх ба хариуцагч нарыг олохгүй эрэн сурвалжлуулж байж хаягийг нь тодорхойлсон гэжээ. Хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10207 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж, хариуцагч нарыг эрэн сурвалжлах захирамжууд нотлох баримтаар авагдсан байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид шаардлага тодорхойгүй байгааг дурдсан бол хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжид Д.Э, М.М нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 41 дүгээр байрны 45 тоот хаягаар нэхэмжлэл гаргасныг хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэхээс татгалзсан талаар дурджээ. Гэвч нэхэмжлэгчийн хариуцагч нартай 2015 онд байгуулсан маргаан бүхий гэрээнд хариуцагч нарын оршин суугаа хаягийг тодорхой тэмдэглэсэн байх /хх-ийн 6-р талба хариуцагч нар өнөөдрийг хүртэл энэ хаягтаа 4 хүүхдийн хамт амьдарч байгаа, М.Наас худалдаж авсан орон сууц жижиг, олон хүүхэдтэй тул нүүж ороогүй, тухайн үед эзэмшиж байсан гар утасны дугаар ч хэвээр байгаа талаар тайлбарлаж байна. Энэхүү хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны шүүхийн ажиллагаа гэрээнд заасан хариуцагч нарын хаяг болох Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 63 дугаар гудамж, 844 тоот гэх хаяг, мөн гэрээнд тэмдэглэсэн 91030008, 99069122 гэх утасны дугаараар дамжуулан явагдаж байгаа бөгөөд энэ нь хариуцагч нар гэрээ байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч М.Нын мэдэх тухайн хаягт амьдарсаар байгааг, мөнгөө дутуу төлсөн гэж үзэж байсан бол хэзээ ч биднээс нэхэж болох байсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий дэмжиж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх гэрээтэй нэг өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зохигчдын хооронд байгуулсан 05 тоот тоолуур худалдах худалдан авах гэрээний үнийн дүн болох 24,037,050 төгрөг нь 80,123,500 төгрөгийн 30 хувь болохыг дурдаж, энэ гэрээ нь зохигчид байрыг 80,123,500 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохирсныг гэрчлэх баримт мөн гэж маргадаг. Хариуцагч нар тус гэрээг хүчин төгөлдөр бус, банкны зээлийг гаргуулахын тулд урьдчилгаа төлсөн байх ёстой гэсний дагуу тооцсон зохиомол дүн бүхий зохиомол гэрээ. Бидэнд урьдчилгаанд төлөх бэлэн мөнгө байгаагүй, гэвч худалдагчийн хувьд М.Над мөнгөө бүтэн гаргуулах нь ашигтай байсан тул бидэнд ийм хэмжээний тоолуур нийлүүлэхээр бартердаж байгаа гэх хуурмаг гэрээг үйлдэхийг санал болгосон. Гэвч бартерийн гэрээг урьдчилгаа төлснийг илтгэх баримт гэж үзэхгүй гэж банк хэлсэн тул энэ гэрээг огт ашиглаагүй, оронд нь өдрийн зээл олгодог хүнээс 27,040,000 төгрөг зээлж М.Нын дансанд хийж тэр даруй буцаан гаргах үйлдэл хийцгээсэн. Би тэрхүү тоолуур нийлүүлэх тухай хуурамч гэрээг шууд устгах ёстой байсан боловч устгаагүй орхисныг нэхэмжлэгч өнөөдөр буруугаар ашиглаж байна гэж тайлбарлан маргаж байна. Нэхэмжлэгч тоолуур худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр тохиролцоо мөн хэмээн тайлбарлаж байх боловч гэрээнд заасан тоолуур нийлүүлэх үүргээ хариуцагчаас биелүүлэхийг хэрхэн шаардсан талаар тодорхой тайлбар гаргаж чадаагүй, тоолуурыг бус тоолуурын мөнгийг оронд нь шаардах эрхтэй гэж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч орон сууцны нийт дүн 80,123,500 төгрөг хэмээн маргахдаа хариуцагч нар банкны зээлээр төлсөн 53,000,000 төгрөгөөс гадна үлдэх төлбөрийг тоолуур, эсхүл мөнгөний аль хэлбэрээр, ямар хугацаанд төлөхөөр тохиролцсоныг тухайлан тайлбарлаж чадаагүй, хэрэв тоолуур нийлүүлэх тохиролцоо хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол тоолуурын гэрээний гүйцэтгэлийг өнгөрсөн хугацаанд яагаад нэг ч удаа шаардаагүй, үлдэх төлбөрийн хугацааг яагаад тохироогүй нь ойлгомжгүй хэвээр байна.

 

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас 80,123,500 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гэх 27,040,000 төгрөгийг төлөөгүй зөрчлийг гаргасан гэж үндэслэл зааж орон сууц захиалгын гэрээнээс татгалзахаар шаардахдаа тоолуур худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэ гэрээ нь Д.Э М.М нар үүргийн зөрчил гаргасныг нотлох хэрэгсэл болно гэж үзэж байгаа нь логикийн алдаатай, эсрэгээрээ, зохигчид орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэх хариуцагч нарын тайлбарыг дэмжих үйл баримт гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, хэрэв нэхэмжлэгч нь Д.Э, М.М нараас анхнаасаа тоолуур бус мөнгөө шаардах хүсэл зоригтой бсан бол 80,123,500 төгрөгийн дүн бүхий захиалгын гэрээ хангалттай эх сурвалж байх атал яагаад давхар тоолуур нийлүүлэх гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байна. Хэрэв мөнгө бус тоолуур авах зорилготой байсан бол нэхэмжлэгч тоолуурын үнийн дүнг дутуу авсан мөнгөн дүн гэж маргаж байгаа 27,040,000 төгрөгийн хэмжээнд яагаад байгуулаагүй нь тодорхойгүй байна. Хэрэв тухайн үед тоолуурын тохиролцоо мөнгийг орлох зорилготой байсан бол өнгөрсөн хугацаанд тоолуур нийлүүлэх шаардлагаа огт тавиагүй нь ойлгомжгүй байна. Тоолуур ба мөнгөн хөрөнгийн тохиролцооны аль ч тохиолдолд нэхэмжлэгч үүргийн зөрчлийн талаар нөгөө талд зохих журмын дагуу мэдэгдэж улмаар үндсэн гэрээ болох орон сууцны гэрээнээс татгалзах эрх үүсэх учиртай. Гэвч нэхэмжлэгч эдгээр үйлдлийн алийг ч эс хийсэн байх ба хариуцагч нартай холбогдох үнэнхүү оролдлого хийлгүйгээр олон жилийн дараа шүүхэд шууд хандсан, энэ учир шалтгаанаа М.Н н.Ирбуянтай төлбөр тооцооны асуудлаа дуусгах нь бэрхшээлтэй болж эхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь түүний шаардлагын үндэслэл, үйл баримтууд үнэн зөв эсэхэд зүй ёсоор эргэлзэхэд хүргэж байна. Энэхүү нөхцөл байдал болон хэрэгт авагдсан гэрчийн бусад мэдүүлгээр зохигчдын маргаж байгаа хоёр үнийн хооронд гарч байгаа зөрүүний асуудал нэхэмжлэгч ба н.О.Игэх этгээдүүдэд хамаатай, хариуцагч нарт үүрэг үүсгэхээргүй байжээ гэх дүгнэлтэд хүргэж байна.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч М.Н болон хариуцагч Д.Э, М.М нарын хооронд 53,000,000 төгрөгөөр Баянгол дүүргийн 9-р хорооны Дулаахан байр хотхоны 44 дүгээр байрны 9 давхрын 50 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205063635 дугаар бүхий 43.31 мкв талбайтай орон сууц худалдах худалдан авах гэрээ буюу үүргийн хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу амаар байгуулагдсан байх ба тус гэрээний үндсэн дээр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах өмчийн хэлцэл зохих журмын дагуу хийгдэж бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ бүртгүүлсэн гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулсан гэх 67/15 дугаартай орон сууцыг 80,123,500 төгрөгөөр захиалан бариулах тухай орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл, зохигчид банкнаас өндөр хэмжээтэй зээл гаргуулах зорилгоор жинхэнэ үнийн дүн бүхий хэлцлийг халхавчлан хуурамчаар байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн дүнд талууд өгсөн авсан зүйлсээ харилцан буцаах хууль зүйн үр дагавартай хэдий ч дээр дурдсанчлан тэдгээрийн хооронд байгуулсан халхавчлагдсан хэлцэл нь хуульд нийцсэн байхын зэрэгцээ тус хэлцлийн дүнд орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлсэн өмчийн хэлцэл хуулийн дагуу явагдсан байх тул халхавчилсан хэлцлийн үр дагаврыг арилгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл өмчийн хэлцлийн үндэс болсон үүргийн хэлцэл нь 53,000,000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах хэлцэл байна. Улмаар тус гэрээг үндэслэн өмчийн хэлцэл хийгдэж нэгээс нөгөөд орон сууцны өмчлөх эрх шилжсэнийг шүүх хуульд нийцсэн гэж үзлээ.

 

2.   Нэхэмжлэгч М.Н нь зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүй зөрчсөн тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж энэ эрхийн хүрээнд үр дагаврыг арилгуулж орон сууцаа буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь хариуцагч нар гэрээнд тохирсон хариу төлбөрийг бүрэн төлсөн байх ба гэрээний үндсэн үүргийн тухайд аливаа зөрчил гаргаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа тогтоож өгөх, үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхийг нөгөө тал эдлэнэ. Нэгэнт гэрээний үүрэг зөрчигдөөгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйн зэрэгцээ аливаа этгээд нэг талын санаачилгаар, зөрчлийн үндсэн дээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх бол дээр дурдсан урьдчилсан нөхцлийг хангасан байх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

 

3.  Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан орон сууцыг бусдад түрээслүүлсэн болон орох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг түүний гэрээнээс татгалзах, орон сууцаа буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 тоот дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид шилжүүлсэн 53,000,000 төгрөг, Голомт банкинд өнөөдрийг хүртэл төлсөн 19,221,491 төгрөг, нийт 72,221,491 төгрөг гаргуулах, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай тоолуур худалдах худалдан авах тухай 24,037,050 төгрөгийн үнэ бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө 67/15 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 72,221,491 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 05 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгох шаардлагаа дэмжин мэтгэлцэж байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байх ба тэрээр 05 дугаартай тоолуур худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарлаж байна. Гэвч тэрээр тус гэрээний дагуу аливаа шаардлага гаргахгүй, тоолуураа шаардахгүй, харин түүний оронд 67/15 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөрт 27,040,000 төгрөгийн зөрчил үүсгэсэн тул 67/15 дугаартай гэрээнээс татгалзах шаардлагаа дэмжин мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангасан дүгнэлтэд суурилан сөрөг шаардлагыг буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 05 дугаартай худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж дүгнэв. Тодруулбал, тус хэлцлийн талууд анхнаасаа хариуцагч нар тоолуурын болон барилгын материалыг нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа эрхэлдэггүй, энэ хэлцлийг бодитой хэрэгжүүлэх хүсэл зориггүй байсан нь хэргийг хэлэлцэх явцад зохигчдын гаргасан тайлбар, түүнчлэн 27,040,000 төгрөгийг нэг өдрийн хугацаатай авч М.Над шилжүүлэн буцаан авсан тухай зохигчдын маргаагүй үйл баримт, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс тус гэрээний хэрэгжилтийг хариуцагч нараас нэг ч удаа шаардаж байгаагүй, цаашид ч шаардахгүй талаар тайлбарласан байдал, 05 тоот тоолуур худалдах худалдан авах гэрээнд усны тоолуур нийлүүлэх худалдагчийн үүргийн хугацааг тодорхой заагаагүй зэрэг нөхцөл байдлаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх байдлаар тус гэрээ нь гэрээ байгуулсан этгээдийн хүсэл зоригийн дутагдал бүхий бодитой хэрэгжих шаардлага, хэрэгцээнд суурилаагүй хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл байсан гэх үндэстэй байна. Энэ ч агуулгаар уг хэлцлийн тухайд аливаа бодит үр дагавар бий болоогүй нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгч М.Нын хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 дугаартай орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай усны тоолуур нийлүүлэх зорилго бүхий худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,001,708 төгрөг, хариуцагч нийт 797,196 төгрөг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч ба хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Наас 278,135 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э, М.М нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Нэхэмжлэгч М.Нын хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67/15 дугаартай орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай усны тоолуур нийлүүлэх зорилго бүхий худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,001,708 төгрөг, хариуцагч нарын төлсөн 797,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Наас 278,135 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э, М.М нарт олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА