Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00033

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/02251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-, М.М- нарт холбогдох, гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамиймаа, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: М.Н- нь 2015 оны 12 сарын 31-ний өдөр Д.Э-, М.М- нартай “Орон сууцны барилгыг захиалгаар барих” 67/15 тоот гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 9-р хороо, 44-р байрны 50 тоот 43.31 м.кв орон сууцыг нийт 80,123,500 төгрөгөөр худалдах, дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувь 24,037,050 төгрөгийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр төлөх, үлдэгдэл 70 хувь болох 56,086,450 төгрөгийг ипотекийн зээлээр төлүүлэхээр гэрээ байгуулсан. Д.Э-, М.М- нар урьдчилгаа төлбөрийг төлсөн мэт харагдуулахын тулд 2016 оны 06 сарын 28-ны өдөр 27,040,000 төгрөгийг “Голомт банк” ХХК дахь М.Н-ын эзэмшдэг 1805108209 тоот дансанд “Голомт банк” ХХК дахь Д.Э-ы эзэмшдэг 1609222880 тоот данснаас бэлэн бусаар шилжүүлэн өгч, улмаар М.Н- нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр “Хаан банк” ХХК дахь М.М-ын эзэмшдэг 5270389908 тоот дансанд бэлэн бусаар 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн. Д.Э-, М.М- нар урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөхөөр 2015 оны 12 сарын 31-ний өдөр 05 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Иймд 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлээд өгөөч гэснийх нь дагуу тоолуураар төлчих байх гэж итгээд 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн. Гэтэл Д.Э-, М.М- нар дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 27,040,000 төгрөгийг төлөлгүй хохироож байгаа тул 2015 оны 12 сарын 31-ний өдрийн “Орон сууцны барилгыг захиалгаар барих” 67/15 тоот гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлд Д.Э-, М.М- нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн Баянгол дүүргийн 9-р хороо, 44-р байрны 50 тоот нийт 80,123,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг М.Н-ын өмчлөлд буцаан шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Д.Э-, М.М- нар дээрх орон сууцыг М.Н-аас 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авснаас хойш 2021 оны 08 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд уг орон сууцыг бусдад хөлслүүлж ашиг олж байсан тул нэг сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцож, нийт 29,866,660 төгрөгийн түрээсийн төлбөрийн ашгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.Э-, М.М- нараас орон сууцны төлбөрт төлсөн 53,000,000 төгрөгийг буцаан өгөх болно.        

 

  1. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Э-, М.М- нар 2016 онд орон сууц худалдан авах санхүүгийн боломжгүй байсан. Гэтэл Л.Энхтайваны хамаатны эгч н.Энхзаяа гэгч “манай найз Ирбуян бартерт авсан байраа урьдчилгаагүйгээр зах зээлийн үнээс хямд зарна гэж байна, төрийн албан хаагч юм чинь 8 хувийн зээл хөөцөлдөөд тэр байрыг аваач” гэсэн санал гаргасныг хүлээн авч н.Энхзаяа, түүний нөхөр н.Батзориг нарын хамт О.Ирбуян, М.Н- нартай очиж уулзсан бөгөөд О.Ирбуян нь “би бартерт авсан байрнуудаа хямд зарж байгаа, өөрийн нэр дээр ордер нь гарсан байгаа байраа өөр хүнд өгчихлөө, дахиад нэг байр бартерт авсан, ордер нь гараагүй байгаа, тэрийг урьдчилгаагүйгээр авчих” гэсэн байдаг. О.Ирбуянг тэгэж хэлэхэд М.Н- хамт байсан, мэдэж байсан. О.Ирбуянгийн хэлснийг М.Н- зөвшөөрч байсан тул байрны 30 хувийн урьдчилгааг тоолуур нийлүүлэхээр тохиролцсон гэж тоолуур нийлүүлэх гэрээ гэх зүйлд гарын үсэг зуруулсан. Энэхүү гэрээг банкны эдийн засагчид үзүүлэхэд “банк урьдчилгааг бэлэн мөнгөөр байршуулсан байхыг шаардана, ийм гэрээ байж болохгүй” гэж хэлсний дагуу Д.Э-, М.М- нар мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө авч М.Н-ын дансанд байршуулж, банкнаас 8 хувийн хүүтэй зээл авч, байрны төлбөрийг бүрэн төлж өмчлөлдөө авсан. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл тухайн байрыг авах гэж зээлсэн мөнгөн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлээс зээлийн хооронд 4 хүүхдийнхээ хэрэглээг ч бүрэн хангахгүйгээр гэр хороололд амьдарсаар байна. 2016 оноос 2021 оныг хүртэл нэг ч удаа байрны мөнгөний үлдэгдэл тооцоо гэж шаардаж байгаагүй байж гэнэт шүүхэд дуудсан байна. Тухайн байрыг бартерт авсан гэж хэлж зарсан О.Ирбуян гэгч нь тухайн үед тэмдэглэж өгсөн утсаа авахгүй байгаа бөгөөд түүнд урьдчилгаа төлбөргүй байр өгч байсан М.Н- гэнэт 5 жилийн дараа байрыг авна гэж байгаа нь үндэслэлгүй юм. М.Н- нь Д.Э-, М.М- нараар олон жил зээлийн хүү төлүүлчихээд хүний мөнгийг хүүгүйгээр ашиглачихаад эцэст нь гэрээнээс татгалзана гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал хариуцагч талыг гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа бол энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч тал 2016 оноос 2021 он хүртэл, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзах гэж гаргаагүй байгаа нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгэсэн гэдгийг нотолж байгаа юм. Д.Э-, М.М- нар орон сууцны урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд байршуулж, банкны зээлээр үлдэгдэл төлбөрөө төлснөөр гэрээний үүрэг бүрэн биелэгдэж, М.Н-ын гаргаж өгсөн тодорхойлолтоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь дээрх 1 өрөө орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшнаас бага үнээр буюу “урьдчилгаа төлбөргүйгээр” бидэнд зарахаар харилцан тохиролцсон. Орон сууц худалдан авахдаа хариуцагч нар ямар гэрээ байгуулах талаар мэдлэггүй байсан ба М.Н-аас очиж зөвөлгөө авч гэрээгээ шинэчилж байсан. М.Н- нь өөрөө боловсруулж “худалдах, худалдан авах гэрээ”-г 3 удаа өөрчилж, 3 янзын гэрээнд гарын үсэг зуруулж байсны нэг нь хэрэгт авагдсан “Усны тоолуур худалдах, худалдан авах гэрээ” юм. Энэхүү гэрээ нь орон сууц худалдан авагч нь байрны урьдчилгаа төлбөрийг усны тоолуур нийлүүлэх замаар төлж барагдуулсан болж харагдуулж, банкнаас зээл авах зорилготой хийгдсэн хуурамч гэрээ бөгөөд уг гэрээг банкинд авч очиход “урьдчилгаа төлбөрийг заавал бэлэн мөнгөөр М.Н-ын данс руу хийсэн байх ёстой” гэх шаардлага тавихад нэхэмжлэгч “мөнгө олоод дансанд байршуулчих, би буцаад гаргаад өгчихье” гэсний дагуу мөнгө хүүлэгчээс мөнгө зээлж М.Н-ын дансаар оруулаад гаргаж авч байсан болно. Хариуцагч Д.Э- нь 2002 оноос өнөөдрийг хүртэл төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд ямар нэг “тоолуур борлуулах” ажил хийж үзээгүй, энэ талаар мэдэхгүй учраас хэрэгт авагдсан хуурамч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

  1. Нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Усны тоолуур нийлүүлэх гэрээ байгуулагдсан, талууд гарын үсэг зурсан. Энэ гэрээнд бичигдсэн 24,037,050 төгрөг гэсэн тооцоо яаж гарсан гэхээр М.Н-, М.М-, Д.Э- нартай байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнд тусгагдсан. Гэрээний 2.4-т заасан төлбөрийн 30 хувь болох 24,037,050 төгрөгийн урьдчилгаа төлнө гэсэн гэрээний заалттай тохирч байна. О.Ирбуян гэдэг хүн М.Н-аас 3, 4 байр авсан байдаг. Хариуцагч нарыг байрны урьдчилгаа 27,040,000 төгрөгөнд О.Ирбуянгийн нийлүүлсэн усны тоолуур тооцогдохгүй болсон учир Д.Э-, М.М- нараас үүнийг нэхэмжилж авах шаардлага гарсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.   

 

  1. Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч М.Н-ын хариуцагч Д.Э-, М.М- нарт холбогдуулан гаргасан 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 67/15 дугаартай орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 05 дугаартай усны тоолуур нийлүүлэх зорилго бүхий “худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,001,708 төгрөг, хариуцагч нарын төлсөн 797,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Н-аас 278,135 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Э-, М.М- нарт олгож шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бодитоор үнэлээгүй, үнэн зөв, эргэлзээгүй дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж М.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

а/. “Орон сууцны барилгыг захиалгаар барих” 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 67/15 дугаар гэрээний заалтуудыг бүрэн гүйцэд дүгнээгүй, гэрээнд хэн хэн оролцсон, хэн хэн гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний 1.2-т заасан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх заалтуудыг огт тусгалгүйгээр хасч, гэрээнд орон сууцны үнийг огт тусгаагүй мэт харагдуулахаар дутуу дүгнэлт бичсэн гэж үзэж байна. Шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж зөвхөн хариуцагчийн нотлоогүй ам тайлбарт үндэслэн орон сууцны үнийг 53,000,000 төгрөгөөр тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй. М.Н- нь хариуцагч Д.Э-, М.М- нарт өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдаж байгаагүй бөгөөд 53,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах ямар ч гэрээ байгуулаагүй, мөн О.Ирбуянд дээрх байрыг 53,000,000 төгрөгөөр худалдаагүй болно. Харин 53,000,000 төгрөг бол М.Н-ад Д.Э-, М.М- нараас дээрх 80,123,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 70 хувийн үнэ болох 53,000,000 төгрөгийг Голомт банкны орон сууцны 8 хувийн ипотекийн зээл авч М.Н-ад Голомт банкнаас шилжүүлсэн мөнгөний дүн юм.

б/. Худалдах, худалдан авах 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 05 тоот гэрээ нь Орон сууцны барилгыг захиалгаар барих 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 67/15 тоот гэрээтэй ижил он сар өдөртэй, тухайн үед 67/15 тоот гэрээгээр худалдан авах орон сууцны 30%-ийн урьдчилгаа төлбөр болох 24,037,050 төгрөгийг төлнө гэж хийгдсэн гэрээнд М.Н- болон Д.Э- нар гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

в/. Гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 12 сарын 31-ний өдөр Д.Э-, М.М- нар М.Н-ын дансанд 27,040,000 төгрөгийг шилжүүлээгүй байсан бөгөөд 2016 оны 06 сарын 28-ны өдөр шилжүүлсэн байхад шүүхээс “хэрэв мөнгө биш тоолуур авах зорилготой байсан бол тоолуурын үнийн дүнг дутуу авсан мөнгөн дүн гэж маргаж байгаа 27,040,000 төгрөгийн хэмжээнд яагаад байгуулаагүй байгаа нь тодорхойгүй байна” гэж үйл баримтыг хэдийд болсон он сар өдрөөр авч үзэж дүгнэлт хийхгүй нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн гэж үзэж байна. М.Н-ад Д.Э-, М.М- нар нь 27,040,000 төгрөгийг шилжүүлээд М.Н- нь 27,040,000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн нөхцөлд 27,040,000 төгрөгөөр орон сууцны нийт үнэ 80,123,500 төгрөгөөс дутуу төлөгдсөн нь тодорхой байхад 24,037,050 төгрөгийн усны тоолуур авна гэж нэхэмжлэхгүй 27,040,000 төгрөгөө нэхэмжлэх нь тодорхой юм.

г/. Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст Д.Э-, М.М- нарын 2016 оны 07 сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 сарын 07-ны өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд, Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолт  зэргээр орон сууцны үнэ 80,123,500 төгрөг байсан, үүнээс 27,040,000 төгрөг дутуу төлөгдсөн болох нь тус тус нотлогдоно.

д/. М.Н- нь Д.Э-, М.М- нараас орон сууцны үлдэгдэл төлбөр 27,040,000 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 сарын 17-ны өдөр гаргасан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс “тоолуурын гэрээний гүйцэтгэлийг өнгөрсөн хугацаанд яагаад нэг ч удаа шаардаагүй, үлдэх төлбөрийн хугацааг яагаад тохироогүй нь ойлгомжгүй хэвээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

е/. Нэхэмжлэгч М.Н- нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүй зөрчсөн тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж энэ эрхийн хүрээнд үр дагаврыг арилгуулж орон сууцаа буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй байхаар зохицуулсан. Д.Э-, М.М- нар орон сууцаа түрээсэлж Голомт банкны ипотекийн зээлээ төлдөг, анх орон сууц худалдан аваад урьдчилгаа төлөх мөнгөгүй машин зээлээр авсан 11,000,000 төгрөгийг өртэй байсан зэргээс үндэслэн ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэж байна.

ё/. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2015 оны 12 сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах” 05 тоот гэрээг М.Н-, Д.Э-, М.М- нарын байгуулсан 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 67/15 тоот “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээнээс салгаж авч үзэх боломжгүй юм. Энэ гэрээний үүргийн урьдчилгаа төлбөр 24,037,000 төгрөгийг яаж төлөх талаар нэг өдөр хийгдсэн гэрээ тул гэрээний талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Э-, М.М- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна.   

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, улмаар давж заалдах шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит үнэнийг тогтоох, маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч М.Н- нь 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 67/15 тоот “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-нээс татгалзаж, уг гэрээний дагуу хариуцагч нарт шилжүүлэн өгсөн Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол /16095/, 44-р байрны 50 тоот хаягт байршилтай 43.31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, мөн уг орон сууцыг 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нар бусдад түрээслүүлж олсон ашиг 29,866,660 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Э-, Мөнх-Оч нар бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч М.Н-ад холбогдуулан 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 05 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигчид маргажээ. /1хх 180-181, 121-122/

 

  1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ /1хх 4-6/, Голомт банкны мемориалын баримт /1хх 7/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 8/ зэргийг шүүхэд гарган өгч, Хаан банк дахь М.М-ын эзэмшдэг дансны хуулга /1хх 48/, Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, түүнд хавсаргасан баримтууд /1хх 79, 80-116/, Зээлийн хувийн хэрэг, түүнд хавсаргасан баримтууд /1хх 134, 135-149, 166-172/ зэргийг шүүхийн журмаар гаргуулан авч, эдгээр бичгийн нотлох баримтуудаар “маргаан бүхий орон сууцыг талууд 80,123,500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нотлогдоно” гэж тайлбарладаг бол хариуцагч тал “О.Ирбуян гэх этгээд бартерт авсан орон сууцаа зах зээлийн үнэ ханшаас доогуур худалдана гэснээр ипотекийн зээл авч, орон сууцны үнэ болох 53,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан, үлдэх төлбөргүй” гэж тайлбарлан маргадаг.

 

  1. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын талаар зохигчид харилцан адилгүй тайлбар гарган маргаж, нэг талаас гаргасан нотлох баримтыг нөгөө тал нь үгүйсгэж байгаа тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг үнэн зөв шийдвэрлэхэд гэрээний талууд орон сууцны үнийг 80,123,500 төгрөг, эсхүл 53,000,000 төгрөг байхаар анх тохиролцсон үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой байна.

 

  1. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан “...О.Ирбуян нь ... миний бартераар аваад хараахан нэр дээрээ шилжүүлээгүй байгаа доод давхрынх нь яг адилхан байрыг та 2 шууд компанитай гэрээ хийгээд зээлээ хөөцөлдөөд авчих гээд уг нэхэмжлэл гаргагч М.Н-тай уулзуулж өгсөн ба М.Н- нь урьдчилгаагүйгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн” гэсэн тайлбар /1хх 24/, гэрч С.Энхзаяагийн өгсөн “...Эрбуян гэдэг хүнийг би таньдаг. Над руу залгаад урьдчилгаагүй байр байна, Насанбатаас бартераар байр авсан, байр авах хүн байна уу гээд би дүү нартаа хэлээд бид уулзаад байрыг үзье гээд Эрбуянтай, Насанбуянтай уулзаж тохиролцоод байр авсан...” /1хх 205/, “...Хоёулаа миний байр, бартераар авсан гэж Эрбуян хэлсэн...” /1хх 206/, “...Эрбуян надад хэлэхдээ Насанбат нь миний бизнесийн түнш юм. 27 сая төгрөгийн урьдчилгааг хийгээд байраа авчих, бусад нь Насанбат бид хоёрын хоорондын асуудал гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батзоригийн өгсөн “...Эрбуян гэдэг хүн манай эхнэрийн найз, эхнэр бид хоёрт урьдчилгаагүй өөр байдлаар зохицуулаад авах боломжийн байр байна, би компанид тоолуур хийж бартераар авсан, миний байр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 208/, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас өгсөн “...н.Ирбуян гэх хүн М.Н-аас 3, 4 байр авсан байдаг. Хариуцагч нарын байрны урьдчилгаа 27,040,000 төгрөгөнд Ирбуянгийн нийлүүлсэн усны тоолуур тооцогдохгүй болсон учир Д.Э-, М.М- нараас үүнийг нэхэмжилж авах шаардлага гарсан...” /2хх 13/, “...Ирбуянгийн асуудал энэ хэргээс тусдаа асуудал. М.Н-аас 2-3 байр хүлээн авсан. Байрны асуудал тусдаа шалгагдаж байгаа... Энэ хэрэгтэй холбоогүйгээр шүүх дээр маргаантай зүйл байгаа...” /2хх 14/ гэсэн тайлбар зэргийг харьцуулан үзвэл, О.Ирбуян болон нэхэмжлэгч М.Н- нар арилжааны гэрээ байгуулж байсан үйл баримт тогтоогдож байхаас гадна О.Ирбуян нь М.Н- болон Д.Э-, М.М- нарын хийсэн орон сууцны үнийн талаарх тохиролцоог мэдэж болзошгүй этгээд гэж үзэхээр байна.

 

  1. Хариуцагч нарын нагац эгч гэх С.Энхзаяа /гэрч/ нь О.Ирбуянг таньдаг гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.Н- нь О.Ирбуянтай ажил хэргийн холбоотой байсан, тэдгээрийн хоорондын өөр маргаан шүүхээр хянагдаж байгаа гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан зэргээс үзэхэд зохигчид О.Ирбуянг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, маргаантай асуудлын талаарх нөхцөл байдлыг тодруулах боломжтой байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нь өөрийн шаардлага, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээх хэдий ч зохигчдын аль алины тайлбарт дурдагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах нь талуудын зарчимд харшлахгүй юм.

 

  1. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.   

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/02251 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 707,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ                                                        

                           ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР