| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 107/2020/0091/Э |
| Дугаар | 1197 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1197
107/2020/0091/Э
2020 09 17 2020/ДШМ/1197
Г.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Буяндэлгэр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Жанг Жихүнь /Jang Jihun/,
түүний орчуулагч О.Оюунбилэг,
шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цэцэгээгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 190400180016 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц-,
Г.Ц- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Toyota vitz” загварын 94-32 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Жанг Жихүнь /Jang Jihun/-ы жолоодож явсан “Lexus GX470” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Юн Мёнхи /Yun Myuoynghee/-ий биед хүнд хохирол, Жанг Иньжин /Jang Eunji/-ий биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Гомбожавын Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Гомбожавын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Ц-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Г.Ц- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Ц- нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5.000.000 төгрөгийг хохирогч Юн Мёнхи /Yun Myuoynghee/-д төлснийг дурдаж, Г.Ц-гээс 23.954.000 /хорин гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Ж.Билгүүнд олгож, Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5449 тоот шинжээчийн дүгнэлтэд /1хх 148-164/ хуудаст байгаа авто машины эвдрэл гэмтлүүдийг харуулсан зургуудад үндэслэн “Lexus GX470” загварын тээврийн хэрэгслийн хаана нь ямар эвдрэл гэмтэл учирсан, хэрэв гэмтэл учирсан бол 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болсон авто ослын үед үүссэн, эсэх, мөн авто осол болохоос өмнө СЭА 65-25 улсын дугаартай “Lexus GX470” загварын автомашинд үүссэн эвдрэл, гэмтэл байгаа эсэх гэсэн асуултуудад үндэслэн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалисткийн газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн авто техникийн шинжээч Г.Цэндсүрэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд авто машины урд бамбай, урд хөндөл, баруун зүүн их гэрэл, копуд, урд нүүр, хөргөлтийн радиатор, сэнс, хүрээ, зай хураагуур, дуут дохио, дээд хөндөл, хөдөлгүүрийн таг, зүүн толь, салхины шил, урд суудлын ард байрлах LED дэлгэц, жолооны хүчлүүрийн шингэн агуулах хуванцар сав, гал хамгаалагч гэх мэт эвдрэл, гэмтлүүд нь 2019 оны 7-р сарын 22-ны өдөр болсон авто ослын үед үүссэн байна гэж дүгнэсэн. Гэтэл “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компани автомашин техникийн хохирлын үнэлгээний тайланд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5449 тоот шинжээчийн дүгнэлтэд дүрдсан автотээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлээс өөр, урд панел /120.000/, урд жааз /400.000/, салон /450.000/, жолооч болон зорчигчийн аюулгүй дэр, компьютер /6.155.000/ зэргийн 7.185.000 төгрөгийн эвдрэл гэмтлийг сайн дураараа нэмж бичсэн. Мөн СЭА 65-25 улсын дугаартай “Lexus GX470” загварын авто машин нь 2006 онд үйлдвэрлэгдэж 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад орж ирж 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Батсүхийн Отгончимэгийн, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Аюурын Ганзоригийн, 2016 оны 8 дугаар 8-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Чулуунбаатарын Тамирын, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Гантөмөрийн Нарантамир нарын дөрвөн хүний эзэмшилд шилжиж байсан хуучин машин тул авто осол гарахаас өмнө дээрх эвдрэл гэмтэл үүссэн байж болзошгүй. “Lexus GX470” загварын 2006 оны авто машиныг “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компани нь 40.000.000 үнэлсэн байхад “Lexus GX470” загварын 2008 оны авто машины зах зээлийн үнэ техникийн зах дээр 28.000.000-30.000.000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд “Монбэт” авто сэлбэг болон бусад авто сэлбэгийн худалдаагаар явж “Lexus GX470” загварын 2006 оны авто машинд шинжээчийн дүгнэлтээр учирсан эд ангиудын эвдрэл гэмтлийг судлан үзэхэд “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компани нь авто сэлбэгийн худалдааны төвд зарагдаж байгаа эд ангиудын үнэлгээнээс 50 хувь илүү үнэтэй үнэлгээ гаргасан байна.
Жич: “Lexus GX470” загварын 2006 оны автомашины эвдрэл гэмтэл дээр нэмж бичсэн үрд суудлын ард байрлах LED дэлгэц 600.000 төгрөгийн үнэтэй, урд панел 60.000, урд жааз 200.000, салон 250.000 төгрөгийн үнэтэй байсан. Би мөрдөн байцаалын шатанд өөрийн эрх ашгийг хамгаалуулах өмгөөлөгч байхгүй, биеийн байдал хүнд гэмтэлтэй, нийт 5 удаа хагалгаанд орж байнгын хүний асаргаанд байж тухайн үеийн нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байсны улмаас мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж чадаагүй. Хэрэг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн хойно өмгөөлөгч авч, өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5449 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан эвдрэл гэмтлээс илүү эд анги хохирлын үнэлгээний тайланд бичигдсэн тул дахин хохирлын үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үе ч гэсэн би эд хөрөнгөд учирсан хохирол болох 23.214.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан дээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шийдвэрлэсэн учраас би өөрийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйн улмаас эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ болох 23.214.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5449 тоот шинжээчийн дүгнэлтэд “Lexus GX470” загварын автомашинд учирсан эвдрэл гэмтлийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын яриад байгаа эд ангийг дурдаагүй боловч хэргийн 18,19 хуудаст байгаа зурган дээр урд суудлын ард байрлах LED дэлгэц эвдэрсэн байна. Тийм учраас шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зөв гэж дүгнэсэн гэж шийтгэх тогтоолыг танилцуулахдаа хэлж байсан. Хэрэв машины эвдрэл гэмтлийг зургийг нь хараад шүүхээс гэмтэл болон хохирлын үнэлгээг тогтоох байсан бол тусгай мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй байсан байна гэж ойлгосон. Автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан хоёр хоорондоо зөрүүтэй, мөн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ “Монбэт” авто сэлбэг болон бусад авто сэлбэгийн худалдааны газруудын үнэлгээнээс 50 хувиар илүү үнэтэй гарсан зэрэг нөхцөл байдлууд байхад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж, “Lexus GX470” загварын авто машины эвдрэл гэмтэл, хохирлын үнэлгээг дахин гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч Л.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн хэсгээс татгалзаж, хохирлын үнэлгээн дээр шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй эвдрэл гэмтэл гарсан эд ангиудыг нэмж бичсэн урд панел /120.000/, урд жааз /400.000/, салон /450.000/, жолооч болон зорчигчийн аюулгүй дэр, компьютер /6.155.000/ зэргийн 7.185.000 төгрөгийг хохирлоос хасаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. 12.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. ...” гэв.
Хохирогч Юн Мёнхи /Yun Myuoynghee/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Жанг Жихүнь /Jang Jihun/ давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...гомдолд хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт’’ ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээг зах зээлийн үнээс өндөр, мөн дүгнэлтээр тогтоогдоогүй эд ангийг үнэлгээнд нэмж бичсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурджээ. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн шинжээч тээврийн хэрэгслийн эвдрэлийг биечлэн үзэж, баримтжуулан, эвдэрсэн эд анги нэг бүрийг тогтоон тооцож, үндэслэлтэйгээр зохих үнэлгээг гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5440 дугаартай дүгнэлтэд LED дэлгэц эвдэрсэн болохыг дурдсан байдаг. Гэтэл гомдолд LED дэлгэцийн эвдрэл дүгнэлтээр тогтоогдоогүй” хэмээн үндэслэлгүй зүйл бичжээ. Шүүгдэгч Г.Ц- шүүх хуралдаанд тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч, эвдрэлийг арилгуулах зардал болох 23.954.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байсан. Шүүх түүний хохирол төлөхөө хүлээн зөвшөөрсөн болон бусад байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Автомашинд Солонгос улсаас ирсэн нэг гэр бүлийн 7 хүн зорчиж явснаас 5 хүнд ямар нэг байдлаар хохирол учирсан. Бид шүүгдэгч Г.Ц-гийн өөрөө гэмтчихээд хүнд байдалтай байгааг нь ойлгож, хохирсон хүмүүсийн эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр нэхэмжлээгүй. Мөн нэхэмжилсэн хохирлоо Г.Ц-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хэмжээг нь багасгаж авсан. Ийм байтал үнэлгээгээр тогтоогдсон, мөн өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн хохирлоо “зөвшөөрөхгүй” хэмээн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Гомдолд дурдсанаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан асуудал үгүй, мөн харилцан зөрүүтэй гэж үзэхээр нотлох баримтууд байгаагүй болно. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Жанг Жихүнь /Jang Jihun/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхэд гаргасан тайлбар дээрээ нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор Б.Буяндэлгэр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр хуульчилсан. Шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ж.Билгүүний эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 23.954.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа удаан явагдсан. Шүүгдэгч өөрөө хүнд гэмтэл авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд техникийн эвдрэл, гэмтлийг дүгнэдэг нэг шинжээч ажилладаг бөгөөд тухайн автомашиныг хүлээлгэж өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа үнэлгээтэй шүүгдэгч, хохирогч аль аль талууд маргаагүй, гомдол гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар яриад, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн атлаа шийдвэр гарсны дараа дахин хохирлын талаар маргаж байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Өмнөх хурал дээр яг ийм байдалтай байж байгаад хохирлоо төлнө гэж хэлээд шийтгэх тогтоол гарсны дараа дахин энэ асуудлыг ярьж байгаа нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд автомашины урд бамбай 190х46 см хэмжээтэй чихэгдэж шахагдсан. Мөн бүхээг дотор урд хоёр суудлын дэрний ард байрлах LED дэлгэц хугарч, аюулгүйн дэр задарсан. Хөдөлгүүрийн дээд талд байрлах хуванцар хаалт хугарч бэхэлгээ сууриас хугарч гарсан гэж автомашины гэмтлүүдийг бүрэн тусгаж өгсөн. Шүүгдэгчээс үнэлгээний талаар маргаж, шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хурал давхацсан учраас хүсэлтээсээ татгалзсан. ...Шүүгдэгч Г.Ц- нь шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж мэдүүлсэн боловч өөрийн сайн дураар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлыг арилгахаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хохирлын тал дээр маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн анхан аштны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Прокуророос шүүгдэгч Г.Ц-г “Toyota vitz” загварын 94-32 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчин, эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан “Lexus GX470” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Юн Мёнхи /Yun Myuoynghee/-ий биед хүнд хохирол, Жанг Иньжин /Jang Eunji/-ий биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Г.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Г.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролтой холбоотой үнэлгээг эс зөвшөөрч маргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хэрхэн няцааж үгүйсгэсэн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр Г.Ц-гээс 23.954.000 төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Ж.Билгүүнд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасныг зөрчсөн, Г.Ц-д ял оногдуулахгүйгээр тэнссэн нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд учирсан хохирол болон түүнтэй шалтгаант холбоотой нотлох баримтуудаар хор уршгийг барагдуулах нь хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцогдоно.
Шүүгдэгч нь тухайн маргаантай байгаа эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн төлбөрийг шүүх хуралдаан дээр төлөхөө илэрхийлсэн гэх боловч маргаж буй давж заалдах гомдлоор уг нөхцөл байдлаа үгүйсгэжээ.
Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч Ж.Билгүүнд учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ц-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН