Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2021/00260

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2021/00260

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т  холбогдох

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 55.7 дугаар зүйлд Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр гаргаж байна.

Нэг.Шинжээч хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж зөрчсөн үнэлгээний тайлан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-ийн 9.2.1 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал. онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хйисэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-ийн 9.2.1 дүгээр зүйл болон 9.2.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй тэр талаар үнэлгээний тайланд ч тусгагдаагүй байна. Түүнээс гадна үнэ тогтоосон үндэслэл нь тодорхой бус байна. Мөн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль -ийн тухай хуулийн 9.3 дугаар зүйлд заасан бүх мэдээллүүд бүрэн дүүрэн бодитой тусгагдаж чадаагүй байна. Тухайлбал Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн 9.3.8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланд бодитой тусгагдаж чадаагүй байна.

 

Хоёр. Зах зээлийн үнэ ханшаас хамаагүй бага үнээр үнэлсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 01772 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд М Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд хийсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө нь 104.5 м.кв том талбайтай, нэг давхарт байрлалтай тул үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь багадаа л 300 зуун сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч Сэлэнгэ эстимэйт" ХХК нь нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу 237,913,833 төгрөгөөр үнэлсэн байна. Түүний улмаас нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, ихээхэн хохирол амсах байдалд шууд хүрч байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн тус үнэлгээг үндэслэн, түүний 70, 50 хувиар рооцон дуудлага худалдаанд оруулах туг Ч.Цгийн үл хөдлөх хөрөнгө улам бүр үнэгүйдэж, энэ бүхний эцэст Ч.Ц эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүрч байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 01772 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч "Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар захирамжаар Ч.Цгээс 171,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,187,462 төгрөг гаргуулж Монголын санхүүгийн групп ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны едөр 18300211 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор эхлүүлж, төлбөр төлөгч Ч.Цд удаа дараа шүүхийн шиидвэр биелүүүлэх, зарлан дуудах мэдэгдэлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгч Ч.Цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо. Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4/19052 дугаар тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 18300211/11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1830211/14 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч Ч.Ц хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал өгөхгүй шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр 175,000,000 төгрөгөөр үнийн саналыг өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09/427 дугаартай шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилсон. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г Отгонбаяр 2020 оны 9 дүгээр 21-ний өдөр Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр. 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Үнэлгээний тайланг гаргаж тухайн үл хөдлөх 237,913,833 төгрөгөөр үнэлсэн байна

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Сэлэнгэ истэймэйт ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тайлан нь харьцуулалт хийх хөрөнгүүд нь ижил төстэй байх шаардлагыг хангаагүй, зах зээлийн хандлагыг барихад санал болгож байгаа бус худалдагдсан буюу борлуулсан хөрөнгийн үнийг суурь болгон харьцуулж чадаагүй, холбогдох стандартыг зөрчсөнөөрөө Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, тус байгууллагаас үнэлгээ хийх шинжээчээр томилсон Сэлэнгэ истэймэйт ХХК-ийн үнэлгээчин хуулийн дагуу ажилласан гэж үзэн мэтгэлцэж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

1.  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ-ын хариуцагч Ч.Ц, Л.Э нарт холбогдох 443,394,601 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталсан байна. Тус захирамжийн дагуу зохигчид эвлэрэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч Л.Эээс татгалзаж, Ч.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 272,394,601 төгрөгт холбогдох хэсгээс татгалзан үлдэх 171,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцжээ /хх-ийн 6-7 дугаар тал/. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна /хх-ийн 97 дугаар тал/. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу үргэлжилж, төлбөрт төлөгч Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 4-р хороо Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах 104,5 мкв орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдэн, үнийн саналыг төлбөр авагч ирүүлсэн боловч төлбөр төлөгч ирүүлээгүй байх тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 9/427 дугаартай тогтоол гаргасан нь хавтаст хэргийн 12 дугаар талд авагджээ.

 

2.  Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч Сэлэнгэ истэмэйт ХХК-ийн үнэлгээчний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэхдээ харьцуулалт хийсэн хөрөнгүүд нь үнэлж байгаа хөрөнгөөс зориулалт, ашиглалтын хугацаа, талбайн хэмжээний хувьд эрс ялгаатайн зэрэгцээ харьцуулахдаа хөрөнгүүдийн худалдан борлуулсан үнийг ашиглах ёстой байтал худалдахаар санал болгосон үнийг баримталсан нь хууль бус болсон гэх агуулгаар маргаж байна. Хариуцагч тус тайлбарыг үгүйсгэн ... харьцуулалт хийсэн хөрөнгүүд зориулалтын хувьд бүгд адил буюу орон сууцны барилга дахь үйлчилгээний зориулалтаар ашиглах талбай байсан, хэмжээ өөр боловч энэ нь зах зээлийн үнийн хандлагаар үнэлгээ гаргахад төдийлөн нөлөөлөхгүй. Ашиглалтын хугацааны хувьд харьцуулсан 2 хөрөнгөөс нэг нь 1980 онд, нөгөө нь 1990 онд ашиглалтад орсон хөрөнгө болох нь үнэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа нь өртгийн хандлагад чухал үзүүлэлт болдог бол тухайн барилгын ажлын чанар, арчлалт, үндсэн бүтээцийн байдалд биечлэн үзлэг хийсний дүнд зах зээлийн үнийн хандлагад чухал нөлөөлөхгүй, нөлөөлж болохуйц төвшнийг зохих ёсоор харгалзан үнийн тохируулгыг хийж 5 хувийн итгэлцүүр хэрэглэсэн. гэж тайлбарлаж байна.

Шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээний дагуу тогтоосон зах зээлийн үнийг эс зөвшөөрч, хөрөнгө үнэлэх ажиллагаа хууль бус болсон хэмээн харьцуулалт хийсэн хөрөнгө дэх зөрүүтэй шинжийг дурдан маргаж байх бол нөгөө талаас эдгээр зөрүүтэй байдалд үндэслэн үнийн тохируулга хийсэн талаараа тайлбарлаж байна. Тодруулбал, харьцуулалт хийгдэж байгаа хөрөнгүүдээс борлуулагдсан үнийг бус зарах нөхцлийн үнийг суурь болгон баримталсан нөхцөл байдлаа харгалзан хөрөнгө тус бүрийн үнээс 5 хувийн хасалт хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд борлогдсон үнийн талаарх нарийн дэлгэрэнгүй өгөгдлийн сан үүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбоотойгоор итгэж болохуйц бодит мэдээлэл олж авахад хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан зарах үнийн саналд үнэлгээчний туршлага, мэдрэмжид суурилан тохируулга хийдэг талаараа шүүх хуралдаанд мэдүүллээ. /хх-ийн 25 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Түүнчлэн харьцуулалт хийсэн барилгууд бүтээц хийцийн хувьд ялгаатай буюу үнэлж буй барилга болон харьцуулалт хийсэн хоёр барилга тус бүр тоосгоор хийгдсэн бол 104 мкв бүхий 2014 онд баригдсан нэг барилга төмөр бетон хийцтэй байгааг харгалзан 1 хувийн тохируулга хийсэн байна. Улмаар барилга тус бүрийн ашиглалтад оныг харгалзан 1990 онд ашиглалтад орсон барилгын үнээс 1 хувь, 1980 онд орсон барилгын үнээс 2 хувийн хасалт хийсэн бол 2014 оны барилгын үнэд 1 хувийн нэмэлт хийх замаар тохируулга хийжээ. Эдгээр үнийн тохируулгыг хэрхэн хийсэн талаар шинжээчээс тодруулахад судалгаан дээр үндэслээд, хөрөнгөтэйгөө танилцаж харьцуулаад ялгаатай талууд гарч байна гэдэг дээр үндэслэж, нэг талаас үнэлгээчний мэдрэмжээр тогтоосон. ... санал болгож байгаа үндсэн үнийн зөрүү маш бага байсан. ... ашиглалтад орсноороо үнэ цэнийн хэлбэлзэл байх боловч савласан үнэ үл хөдлөх эд хөрөнгөд байдаггүй гэх агуулга бүхий тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлгаргасныг үндэслэл бүхий гэж дүгнэлээ.

Хэрэв нэхэмжлэгч эдгээр тохируулгыг буруу эсхүл хангалттай тохируулга хийгдээгүй гэж үзэж байгаа бол энэ талаар өөрийн үнэлгээг гаргуулж, хийгдвэл зохих тохируулгыг тооцоолон холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд мэтгэлцвэл зохих байжээ. Тэрээр 2017 онд эвлэрлийн журмаар эцэслэсэн шийдвэрийг хэрэгжүүлэхээр 2018 үүсгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаж байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн саналыг ирүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шинжээч томилуулан үнэлгээ хийлгүүлэх санал гаргаж оролцсон байна. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны туршид төдийгүй, хэргийг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд үнийн тохируулгыг хэрхэн хийх талаарх өөрийн хувилбарыг санал болгох, нотлох, харьцуулалт хийх үнийн өгөгдлийн сангийн талаар улс орны хэмжээнд нийтлэг учирч байгаа практик бэрхшээлийг харгалзан өөрт байгаа мэдээллийг нотлох баримтаар бүрдүүлэн хэрэгт хавсаргаж өөрийн эрх ашиг бодитой зөрчигдсөнийг шүүхийн өмнө нотлох, цаашилбал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэн хуульд заасан үүргээ биелүүлэхээр чармайлт гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн төлбөр төлөгч Ч.Цгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2202020600 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэв. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Цгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2202020600 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА