Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00557

 

2021.03.26                                          МАГАДЛАЛ

 

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Цгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-ийн 55.7 дугаар зүйлд Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр гаргаж байна. Шинжээч хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж зөрчсөн үнэлгээний тайлан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй тэр талаар үнэлгээний тайланд ч тусгагдаагүй байна. Түүнээс гадна үнэ тогтоосон үндэслэл нь тодорхой бус байна. Мөн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасан шаардлагыг бодитой тусгагдаж чадаагүй байна. Зах зээлийн үнэ ханшаас хамаагүй бага үнээр үнэлсэн. Нэхэмжлэгч Ч.Цгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө нь 104.5 м.кв том талбайтай, нэг давхарт байрлалтай тул үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь хамгийн багадаа 300 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Иймд үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаар захирамжаар Ч.Цгээс 171 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 187 462 төгрөг гаргуулж Монголын санхүүгийн групп” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18300211 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор эхлүүлж, төлбөр төлөгч Ч.Цд удаа дараа шүүхийн шийдвэр биелүүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул төлбөр төлөгч Ч.Цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо. Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4/19052 дугаар тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 18300211/11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1830211/14 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Ч.Ц хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал өгөхгүй шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр 175 000 000 төгрөгөөр үнийн саналыг өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09/427 дугаартай шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярыг томилсон. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч Г Отгонбаяр нь 2020 оны 9 дүгээр 21-ний өдөр Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр. 3 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Үнэлгээний тайланг гаргаж тухайн үл хөдлөх 237 913 833 төгрөгөөр үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Цгийн НШШГГт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2202020600 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн аргыг үндэслэж, үнэлэгдэж буй хөрөнгийг ижил төсөөтэй гэх 3 үл хөдлөх хөрөнгийн ялгаатай байдалд нь тохируулга хийснээр үнэлгээний тайлан гарсан байна. Зах зээлийн жишиг үнийн мэдээллийг судлахдаа тухайн байршил, объектын зориулалт, хүчин чадал, ашиглалт, чанар байдал зэргийг харгалзан үзсэн гэсэнтэй огт нийцэхгүй байна. Үнэлэгдэж буй хөрөнгө болон харьцуулагдаж буй хөрөнгийн чанар байдлыг огт харгалзаж үзэлгүйгээр дүгнэлт гаргасан. Харьцуулагдаж буй хөрөнгүүдийн чанар байдлыг тодорхойлохгүйгээр харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй. Барилгын чанар байдал нь барилгын насжилттай шууд холбоотой. Үнзлгээчин нь чанар байдлыг харгалзахгүйгээр 1990 онд ашиглалтад орсон барилгыг 2013 онд ашиглалтад орсон барилгатай харьцуулахдаа 1 хувийн, 1980 онд ашиглалтанд орсон барилгыг 2013 онд орсон барилгатай харьцуулахдаа 2 хувийн итгэлцүүр хассан хирнээ 2014 онд ашиглалтад орсон барилгыг 2013 онд ашиглалтад орсон барилгатай харьцуулахдаа 1 хувийн итгэлцүүр нэмсэн нь харьцангуй зөрүүтэй байгаа төдийгүй үнэлгээчнээс шүүх хуралдаанд итгэлцүүрийг үнэлгээчний мэдрэмжээр тогтоосон гэх тайлбарыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй юм. Харьцуулагдаж буй мэдээллийн эх сурвалж тодорхой, ил байх ёстой. Үнэлгээний тайланд цахим сайтыг ашигласан боловч ямар линкээр хандах нь тодорхойгүйгээс харьцуулагдаж буй хөрөнгө, тэдгээрийн мэдээлэл нь үнэн зөв эсэхийг мэдэх боломжгүй. Мөн үнэлгээчин нь харьцуулагдаж буй хөрөнгүүдийг газар дээр нь очиж үзэж, судалж тайлан гаргасан гэх боловч энэ талаар тайланд огт тусгаагүй байгаа нь знэхүү үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Харьцуулагдаж буй хөрөнгүүдийн ашиглалт үнэлэгдэж буй хөрөнгийн ашиглалт өөр өөр байхад үүнийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэсэн ерөнхий байдлаас харж үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй. Түүнчлэн зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлгээг тогтооход борлуулагдсан хөрөнгүүдийн үнийн мэдээллийг ашиглах ёстой. Монголын нөхцөлд энэ нь боломжгүй гэж үзэж борлуулагдаагүй хөрөнгүүдтэй харьцуулалт хийсэн. Харьцуулагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ нь өөрөө тогтвортой үнэ биш байтал харьцуулалт хийсэн нь мөн л хуульд нийцэхгүй. Тайлангийн хавсралтад цахим зар бүхий фото зураг хавсаргагдсан. Энэхүү зард “төлбөрийн нөхцөл сонсоно” гэсэн. Энэ нь эцсийн үнэ тодорхойгүй нөхцөл байгааг харуулсаар байтал харьцуулалт хийсэн нь ойлгомжгүй байна.Үнэлгээчин нь үнэлэх болон харьцуулах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цуглуулах, өмчийн төрөл, онцлог, борлуулалт хийсэн хугацаа, эрх зүйн байдал, байршил, өрөөний тоо, ашигласан болон цаашид ашиглах хугацаа, загвар, хийц, чанар, гэх мэт мэдээллийг цуглуулсан, харьцуулах хөрөнгийг газар дээр нь очиж үзсэн зэрэг ажиллагааг огт хийгээгүй, үнэлгээний тайлан гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ч.Ц нь НШШГГт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байршилтай, 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 237 913 833 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01772 дугаартай захирамжаар Ч.Ц нь 171 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөрМонголын санхүүгийн групп ББСБ төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 6,7 дугаар тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, ямар нэг хэмжээгээр төлбөр төлөөгүй тул хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18300211/11 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 18300211/14 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 8-11 дүгээр тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ч.Цгээс үнийн санал өгөх боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлжээ. /хэргийн 101,102 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/427 тоот ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 12 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Ч.Цгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байр, 3 тоот хаягт байршилтай, 104.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 237 913 833 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 14-27 дугаар тал/

            Тодруулбал, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь шинжээч дүгнэлт гаргахдаа жишиг үйлчилгээний зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаа хийж ойролцоо хугацаанд буюу 2014 онд ашиглалтад орсон ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулан үнийг тогтоосон байх тул үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээнд үндэслэгдсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв. Нийтэд хандсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсан үнийн дүнгээс илүү үнээр тухайн эд хөрөнгө худалдан борлогдох боломжтой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/Ш32020/10190 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 33,34 дүгээр тал/

            Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                                                                        

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.ЦЭНД

 

                                                 ШҮҮГЧИД                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           С.ЭНХТӨР