Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2018/0465

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2018/0465

                                                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ё.Г

Хариуцагч: СДЗД

Гуравдагч этгээд: Д.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Д.М, Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Г миний бие Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн 1993 оны 109 тоот тушаалаар энэхүү зуслангийн дэлгүүрийг худалдан авсан. Азийн Хөгжлийн Банкны төслөөр 2004 онд газар зохион байгуулалт, кадастрын зураг нэгдсэн журмаар хийгдэж Баянбулаг орчимд зургийг хийж гүйцэтгэсэн билээ. Энэхүү байршил 532 гэсэн дугаартай болно. Дээрх гарал үүсэл болон кадастрын зургийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 163 тоот шийдвэрээр газар эзэмших ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон юм. 1993 оны сууцны барилга барьж зуны улиралд өнөөг хүртэл зуссаар ирсэн билээ. Иргэн Д охин Мгийн нэр дээр авсан газраа иргэн Д.Т 2 сая төгрөгөөр заржээ. Д нь манай хашаанд байрлуулсан газар үгүй амбаарыг 800 мянган төгрөгөөр худалдан авсныг бас л мэднэ. Д нь амбаарын байршсан газрыг таслан авч гадаадад амьдардаг охиныхоо нэр дээр үл зөвшилцөх байдлаар гэрчилгээжүүлсэн байсныг хожим нь 2017 оны үед бид мэдсэн. Иргэн Д нь миний эзэмшлээс гадна 2 газар эзэмшин зарах зар тавьсан байгааг дурьдяа. 2015 онд манай эзэмшил газраас таслан кадастрыг бас л үл зөвшилцсөн байдлаар хийлгэн 2017 оны 5 дугаар сараас манай хашааг нураан хашаан дотор сууцны хаалга үүд таглан хашаа барин хөрс газрыг эвдэж эхэлсэн.

Энэ талаар 2017 оны 8 дугаар сард Сүхбааатар дүүргийн газрын албанд өргөдөл өгөөд одоо болтол байцаагч Х албан ёсны хариу өгөөгүй шүүхэд ханд гэсэн ам хариулт өгсөн. Одоо З гэдэг зохион байгуулагч дээр миний өргөдөл байгаа билээ. 2 дахь өргөдлөө мөн өгсөн. Тухайн асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага, хүсэлтээ 2018 оны 2 дугаар сард Нийслэлийн Засаг дарга С.Б гаргаж хариу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний 02-06/1578 тоотоор  тухайн газрын хамтран эзэмшиж байсан, тэрчлэн байршил талбайн хэмжээг томруулан бичиж илтээр Д.М, одоо маргаан үүсгэсэн Д.Т нарын талд давуу байдлыг олгож шийдвэр гаргах боломжгүй гэсэнд харамсаж байна. Одоогийн байдлаар Нарансоёл түүнээс 15 сая төгрөгөөр худалдан авсан Т нарын аль нь эзэмшигч болох мэдэгдэхгүй байгаа билээ.

Иймд уг эзэмшил газрын анхдагч эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамж, мөн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.М, Д.Тт нар холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Тухайн үед 400 м.кв талбайг зуслангийн зориулалтаар олгож байсан гэдгийг үгүйсгэхгүй. Намайг тус газарт 30 гаруй жил амьдарсныг мөн газар зохион байгуулалт, кадастрын зураг, тухайн газар дээр байсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан зэргийг минь үндэслэж газрыг эзэмших эрх үүссэн. Тухайн үед гарал үүслийн л үндэслэж газар олгодог байсан. Надад 2004 онд газар эзэмших эрх үүссэн. Харин гуравдагч этгээдэд 2005 онд газар эзэмших эрх үүссэн байдаг. Гуравдагч этгээдийн кадастрын зураг 2015 онд хийгдсэн байдаг. Тус кадастрын зургийг ямар үндэслэлээр хэрхэн гаргасан нь тодорхой бус байна. Шүүх шударга үнэнээр нь шийдвэр гарах байхаа гэж бодож байна. Гуравдагч этгээдийг тус газрыг худалдаж авах үед нь 400 м.кв газар л байсан болохоос биш кадастрын зураг нь байгаагүй. Худалдаж авах үеийнхээ кадастрын зургийг үзүүлэх юм бол би хүлээн зөвшөөрнө. Гуравдагч этгээд хаагуур ямар хашаатай байсан гэдэг нь нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн дагуу орц, гарц гаргах ёстой юм бол 3 метрийн өргөнтэй орц, гарц гаргаж болж байна. Гэхдээ заавал миний эзэмшиж газраар гарц гаргах албагүй гэж бодож байна. Гуравдагч этгээд 356,8 м.кв талбайг эзэмшиж байгаа. Гэтэл гуравдагч этгээд манайхаас 2,5 метр авна гээд байгаа. Ийм дээрмийн үйл ажиллагааг өөгшүүлж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 “Нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг зусланд 2004 оны 163 дугаар Засаг даргын захирамжаар 400 мк.в газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар 2005 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Нэхэмжлэгчийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаар бичигдээгүй. Дүүргийн Засаг даргын 2005 оны 118 дугаар захирамжаар иргэн Д.Мд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг зусланд 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн 049687 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Улсын бүртгэлийн 049687 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаар мөн бичигдээгүй.

Иргэн Д.Т тус дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр захирамжаар 15 дугаар хороо, Баянбулаг зусланд 400 м.кв газрыг Д.Мгээс эрх шилжүүлсэн байна. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 9.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмшигч иргэн кадастрын зураглалыг эрх бүхий байгууллагаар үйлдүүлэх ёстой.

Иймд нэхэмжлэгч ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхэлж, кадастрын зураг үйлдсэний дараа маргаан бүхий асуудлыг тодруулж дахин хариу тайлбар хүргэх боломжтой.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 “Д.Т миний бие 2006 онд Д.Мгээс тухайн үед Сүхбаатар дүүргийн 15-р хороо /одоо 19-р хороо/ Баянбулагын гудамжинд байрлах 400 м.кв газрыг худалдан авч, 2006 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 74 тоот ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гарсан билээ. Ингээд 2015 онд өөрийн төрсөн эгч болох Д.С д уг газрыг бэлэглэж түүний нэр дээр шилжүүлэхээр газрын албанд хандаж, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хийлгэж авсан.

Анх газрыг худалдан авах үед болон 2015, 2016 онуудад кадастрын зураг дахин гаргуулж байх үед Ё.Ггийн эзэмшилтэй давхацсан мэдээлэл гарч байгаагүй. Мөн 2006 оноос хойш 10 жилийн хугацаанд Ё.Гтой ямар нэгэн маргаан зөрчилтэй байгаагүй бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээр газрын албаны баталгаажсан зургийн дагуу хашаа барих үеэс эхлэн Ё.Г нь манай газрыг өөрийн эзэмшлийн газар гэж манай 100 гаран мкв хамруулан хашаа барьж орц гарцыг таглан жорлон ухаж манай хашааг нураасан. Би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн газрыг Ё.Ггийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч Ё.Г нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан тус хэргийг шийдвэрлэсний дараа газрыг чөлөөлүүлэх эсэх асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул миний бие хүсэлт гарган энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна.

Ё.Г нь манай 400 м.кв газрыг бүхэлд нь өөрийн газар гэж маргадаг бөгөөд энэ нь үндэслэлгүй юм. Учир нь дээр дурдсанаар Ё.Ггийн газартай залгаа орших манай газрыг одоогоос 10 жилийн өмнө Д.М нь эзэмшиж байсан бөгөөд бид түүнээс худалдан авч зусланд гарсаар өнөөдрийг хүрснийг Ё.Г мэдэж байсан боловч өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар ч гомдол саналыг бидэнд болон хууль хяналтын  байгууллагад хандан гаргаж байгаагүй юм. Зөвхөн өөрийнх нь хууль бусаар эзэмшиж буй газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандмагц ийнхүү үндэслэлгүйгээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэн хуулийн этгээд нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үеэс эсхүл түүнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандахаар заасан байна.

Иймд Ё.Г нь бидний эзэмшиж буй газрыг өөрийн газар хэмээн 12 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн түүний нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоо байгаа манай хашаа 272 м.кв талбайтай. Хэрвээ 3 метрийн гарц гарах юм бол манайх 340 м.кв орчим талбайтай болно. Ё.Ггийн 400 м.кв талбайн хажууд ямар ч эзэмшилгүй газар байгаа. Тухайн үедээ асуудлаа шийдвэрлэсэн байсан бол бид тус газрыг худалдаж авахгүй, хохирох зүйл байхгүй байх байсан.гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бид бүхэн төр улсын иргэд бид Монгол Улсын Үндсэн хуульд болон бусад хуульд захирагдах ёстой. Өнөөдөр шүүх хуралдаанд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасан нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн юм бэ. Нэн ялангуяа 118 тоот захирамж болон 74 тоот захирамжаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Заавал эрхийн гэрчилгээ бичигдэж байж кадастрын зураг хүчин төгөлдөр болохоос биш кадастрын зураг байхад газар хүчин төгөлдөр болно гэсэн ойлголт болон хууль зүйн үндэслэл ч байхгүй. Өөрөөр хэлбэл газар нь заавал гэрчилгээгээр баталгааждаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Г тус шүүхэд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Д.М, мөн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.Тт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 118 тоот захирамжийн Д.М, 2006 оны 74 тоот захирамжийн Д.Т нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ё.Г Сүхбаатар дүүргийн 15-р хороо /одоогийн 19-р хороо/ Баянбулаг дахь зуслангийн дэлгүүрийг Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвийн ерөнхий захирлын 1993 оны 109 дугаар тушаалаар худалдан авч, 2004 онд кадастрын зураг хийлгэсэн нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын зураглалын мэдээллийн санд ******* тоот нэгж талбар бүхий 817 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн гэж маргадаг боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар Ё.Гд зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Гуравдагч этгээд Д.Т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 74 дүгээр захирамжаар  Д.Мгээс 400 м.кв   газрыг шилжүүлэн авсан бөгөөд Д.М нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар уг газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Хариуцагчаас Ё.Г, Д.М нарт газар эзэмшүүлэх болон Д.Тт Д.Мгийн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.2.эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршлыг харуулсан тойм зураг;” гэж заасныг зөрчиж эзэмшил газрын байршлыг тодорхойлолгүй газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн.

Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” үүргийг нийслэл, дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр, 16 дугаар зүйлийн 16.10 Нэгж талбар заагтай байна”, 16.11 Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна. гэж заасан бөгөөд хариуцагч маргаж буй газар эзэмшигч нарын эзэмшил газрын байршлыг тодорхойлоогүй, кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, түүнчлэн газар дээр нь судалгаа хийгээгүйгээс маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Ё.Г болон Д.Мгийн Газар эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаар бичигдээгүй. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 9.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмшигч иргэн кадастрын зураглалыг эрх бүхий байгууллагаар үйлдүүлэх ёстой.

Иймд нэхэмжлэгч Газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхэлж, кадастрын зураг үйлдсэний дараа маргаан бүхий асуудлыг тодруулж дахин хариу тайлбар хүргэх боломжтой.” гэснээс үзэхэд эзэмшил газрын байршил, нэгж талбарын дугаар  тодорхойгүй байхад Ё.Г, Д.М нарт газар эзэмших эрх олгосон түүнчлэн Д.Тт газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус болсныг хүлээн зөвшөөрч, түүнийгээ зөвтгөх боломжтой гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Ё.Ггийн эзэмшил газрын хэмжээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын зураглалын мэдээллийн санд ******* тоот нэгж талбарт 817 мк.в хэмжээтэйгээр бүртгэгдсэн боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасан тул Ё.Гг 817 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүйгээс гадна түүний эзэмших эрх бүхий 400 м.кв газрын байршил тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээд Д.Тт газар эзэмших эрхээ шилжүүлсэн Д.М нарын хэн аль нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрээр тус бүр 400 м.кв газар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч тэдгээр газрын байршил, хил зааг тодорхойгүй байгааг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Иймд газар эзэмшигч Д.Мгээс ямар байршилтай газрыг гуравдагч этгээд Д.Тт шилжүүлсэн эсэхийг тогтоон, маргааныг зөвтгөн шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээд Д.Т нарын газрын байршлыг тодорхойлж, шинээр акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 118 тоот захирамжийн Д.М, 2006 оны 74 тоот захирамжийн Д.Тт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Д.Мгийн газар эзэмших эрх нэгэнт 2006 онд Д.Тт шилжсэн бөгөөд маргаан бүхий актын улмаас зөвхөн Д.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүсэхээр байх тул Д.Мг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, 16.11 зааснаар нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээд Д.Т нарын газрын байршлыг тодорхойлж, шинээр акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 118 тоот захирамжийн Д.М, 2006 оны 74 тоот захирамжийн Д.Тт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр

 зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН