Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0535

 
     

Ё.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Г-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, 16.11-д зааснаар нэхэмжлэгч Ё.Г, гуравдагч этгээд Д.Т нарын газрын байршлыг тодорхойлж, шинээр акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 118 тоот захирамжийн Д.М, 2006 оны 74 тоот захирамжийн Д.Т-т холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Хууль хэрэглээний тухайд:

1.1. газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал: газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ “эзэмшил газрын байршлыг тодорхойлолгүй газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн” гэжээ. Иргэн нь газар анх эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан баримтыг бүрдүүлэх ёстой байна. 1.2. Д.Т-ын эзэмшил газар нь кадастрын зургаар тодорхой байхад ямар байршилтай газрыг түүнд шилжүүлсэн болохыг тогтоох шаардлагатай гэсэн нь буруу дүгнэлт юм.

1.3. Ё.Г-ийн эзэмшил газар тодорхойгүй тул түүний газар эзэмших эрх хөндөгдөх боломжгүй юм. Нэгэнт газар эзэмших эрх нь хөндөгдөөгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

1.4. Хариуцагчийн хариу тайлбарт “...нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхэлж...” гэснийг Д.Т-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус болохыг хүлээн зөвшөөрч хэмээн буруу дүгнэлт хийсэн байна. Хариуцагчийн уг тайлбар нь Ё.Г-ийн эзэмшил газрын байршил тодорхойгүйгээс шалтгаалж маргаан үүссэн байна, эргэлтийн цэгийг нь тодорхой болгочихвол маргаан дуусгавар болно гэсэн утгатай байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын тухайд. Д.М-д холбогдох захиргааны актыг түдгэлзүүлж байгаа бол түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Ё.Г нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжийн Д.Мягмарсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.Т-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянбулагт 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар нэхэмжлэгч Ё.Г эзэмших эрхтэй болсноор 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнд олгожээ.

Гуравдагч этгээд Д.Т-ын тухайд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар мөн нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газрыг Д.М-с шилжүүлэн эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээг авсан. Харин Д.М нь анх уг газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар захирамжаар эзэмших эрхтэй байжээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ё.Г болон гуравдагч этгээд Д.Т-ын хэн алинд нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагт 400 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанаас нэхэмжлэгч Ё.Г болон гуравдагч этгээд Д.М нараас гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг үндэслэн тэдэнд тус бүр 400 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газруудын байршлыг тодорхойлоогүй байна.

Тодруулбал, Ё.Г-ийн газар эзэмших эрхийн 00000 гэрчилгээ, Д.М-ийн газар эзэмших эрхийн 00000 гэрчилгээ, Д.Т-ын газар эзэмших эрхийн 00000 гэрчилгээнүүд тус бүр нэгж талбарын дугааргүйгээс гадна нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын эргэлтийн цэг тэмдэгт, хил зааг тодорхойгүй, тухайн газруудын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, 16.11-д заасан бусдад газар эзэмшүүлэх, газрын кадастрын харилцааг зохицуулах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн зүгээс эдгээрийг тогтоох боломжгүй юм.

Тиймээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь газрын байршил, хил заагийг захиргааны байгууллагаас тогтоосны дараа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 118 захирамжийн Д.М, 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийн Д.Т нарт холбогдох хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР