Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02183

 

Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэртэй,

Б.Ч-ын нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн  тогтоолгох,  ажилгүй  байсан  хугацааны  цалинтай  тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэсэнээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “С” ХХК-ийн гүний уурхайн засварын хэлтэст засварчнаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргалгүй ажиллаж байсан ба 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ахлахаас ажлын зааварчилгаа аваад засвар хийж байхад AV5 нэртэй жижиг оврын автомашины дугуй хагарсан шалтгаанаар засварт орж ирсэн. Яаралтай ажил тул засварлаад өгөөч гэсний дагуу төлөвлөгөөт засварын автомашинаа түр орхиод, эвдрэлтэй автомашины дугуйг солих үеэр “Оюу толгой” ХХК-ийн засварын менежер Роби Вүүдэн /Rhoby Wooden/ ирж миний ажлыг зогсоосон. Шалтгаан нь намайг хамт ажиллаж байсан хүний хамт тусгаарлалт хийгээгүй байна гэсэн. Надад сануулга өгөх үед “С” ХХК-ийн Мариус Бритс /Marius Brits/ хамт байсан. Энэ удаа анхаарууллаа, дахин ийм зүйл гаргахгүй шүү гээд бид хоёрыг ажилд оруулсан. Тэр орой нь Мариус Бритс /Marius Brits/  бид хоёрт юу болсон талаар тайлбараа бичиж өгөөрэй гэсэн. Бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 11-нд тайлбараа бичиж өгөөд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр амарсан.

Гэтэл төв байгууллагаас намайг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуудахаар нь очиж уулзахад “2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбарыг хоёр хүн нэг цаасан дээр бичсэн байна. Тусдаа бич” гэсний дагуу би тайлбараа бичиж байтал “маргааш 13:00 цагт ирж уулзаарай” гэсэн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 19-нд уулзахад ажлаас халсан тушаал өгсөн. Анх удаа алдаа гаргахад сануулах болон цалингийн арга хэмжээ авах боломжтой байсан. Миний бие осол аваар гаргаагүй, тус үйлдлээс компанийн ажлын нөхцөл байдал муудаж, компаний нэр хүнд алдагдаж, цаашаа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал хүрсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.  

Иймд хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зөрчил гаргасан талаар маргаагүй, харин сахилгын арга хэмжээг шат дараалан авах ёстой гэж маргаж байна. “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “С” ХХК-ийн ажилтан Б.Ч  нь “Оюу толгой” ХХК-ийн ажлын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэдэг засвар үйлчилгээний ажил хийдэг. Ажлын байрны чиг үүрэг дээр ажилтан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Аюулгүй ажиллагааны журмын зайлшгүй нэг арга хэмжээ бол нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бөгөөд хамгийн чухал зүйл нь хувийн цоож юм. “Оюу толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хувийн цоожийг ажилтан болгон зүүдэг. Тухайн машинд хувийн цоожийг зүүснээр тухайн цоож бүхий машиныг ажиллуулахгүй, хүн цахилгаан дээр ажиллаж байгаа тохиолдолд хувийн цоож зүүснээр хэн нэгэн этгээд тухайн генераторыг ажиллуулахгүй гэсэн үг юм.

Гэтэл Б.Ч энэ хувийн цоожийг хэрэглэхгүйгээр шууд ажиллагаа хийсэн нь өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулсан тусгаарлалтын журам зөрчсөн үйлдэл юм. Чинбат нь “Оюу толгой” ХХК-ийн Амь нас хамгаалах дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны амь настай холбоотой том эрсдэл дагуулсан үйлдлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Б.Ч-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил, хөдөлмөрийн гэрээний 10.2 дахь заалт дотроо техник технологийн горим журмыг зөрчсөн буюу осол аваар гаргасан бол, аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал гэсэн заалтаар ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ыг ”С” ХХК-ийн уурхайн талбар дахь засварын хэлтсийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагч байгууллагаас 7 445 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 777 051 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 134 080 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолд заасны дагуу компани болон Б.Ч  нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу 10 дугаар зүйлийн 10.2-д заасан зөрчил нь ноцтой болох талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Ч нь зөрчлийн шинж чанар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэн тэргүүний баримтлах, эрсдлээс хамгаалах дүрэм журмыг зөрчсөн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, зөрчлийн шинж чанарын хувьд хэдийгээр амь нас эрсдээгүй байсан ч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй осолд дөхсөн ноцтой үйлдэл болохыг зөвшөөрсөн. Гэтэл шүүх Б.Ч-ын гаргасан зөрчлийг ноцтой зөрчил гэж зөвшөөрсөн атлаа зөрчлийн шинж чанарыг осол гараагүй учраас компанийн авсан арга хэмжээ нь зөрчлийн шинж чанарт тохироогүй гэж хэтэрхий явцуу тайлбар хийсэн байна.

Шүүхийн дүгнэлт нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал зөрчлийн шинж чанарыг хүнд гэж үзэхээр байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан ажил олгогчийн эрхэнд халдан шийдвэрлэжээ. Оюу толгой” ХХК-ийн Амь нас хамгаалах дүрмийг зөрчсөнөөр ажилтны эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах эрсдэл маш өндөр тул компаниас хатуу шаардлага тавьж, зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй байдаг. Гэтэл шүүхээс талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж зөрчлийн шинж чанарыг харгалзан үзээгүй гэх байдлаар хууль хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Нөгөө талаар компани Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлөөр ажлаас халсан атал шүүх хэргийн нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг буруу тогтоон мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-д заасан сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм.

2. Б.Ч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний англи хэл дээрх хувийн 10.4-д заасан ажил олгогчид ажилтны гаргасан ноцтой зөрчлийн шинж чанарыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулж болох эрхийг компанид олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл тус гэрээний Монгол орчуулгын техникийн буюу үсгийн алдаа гарсныг шүүх үл хайхран, алдаатай орчуулгыг хэрэглэж шийдвэр гаргасан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 10.4 дэх заалтыг хэрэглэж болох буюу эрхтэй гэсэн утга агуулгаар тайлбарласан.

Б.Ч зөрчлийн шинж чанарын талаар ноцтой, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болохуйц нөхцөл байдал байсан талаар зөвшөөрсөн атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн шинж чанарын талаарх Б.Ч-ын тайлбар, хариуцагчаас гаргасан тайлбарыг зөвшөөрсөн байдал зэргийг шүүх харгалзаж үзээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг зөрчин зохигчийн тайлбарыг нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд зөрчлийн шинж чанарын талаар мэтгэлцээн болоогүй байхад шүүх нэхэмжлэгчийг 10.4 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан мэтээр мэтгэлцээн өрнүүлсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, бодит байдалтай зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 85/18 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Уурхайн талбар дахь засварын хэлтсийн засварчины үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх чиг үүргийн онцлогоос шалтгаалан ямар зөрчлийг “ноцтой” гэж үзэх талаар харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдолд бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ба ийнхүү нэрлэн заасан зөрчлийг ажилтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлтэй.

Хариуцагч талаас шүүхэд “...ажилтан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т “...техник технологийн горим журмыг ноцтой зөрчсөн буюу осол аваар гаргасан, аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал нь ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, хохирол учруулсан” гэж заасныг зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгасан тайлбар гаргасан боловч тушаалд “техникт тусгаарлалт хийлгүйгээр ажил гүйцэтгэж, ОТ ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчиж, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй” гэснийг үндэслэл болгосон. “Аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүйгээс хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, хохирол учруулсан” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тушаалд дурдсан “ОТ ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчсөн, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй” гэх заалтыг шууд хамааруулан үзэх боломжгүй бөгөөд талууд эдгээр дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ямар заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааснаар хэрэгжих учиртай. Гэвч шүүх уг зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн шинж чанар, үр дагавар, ажилтны хувийн байдлыг харгалзан гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийн аль нэгийг хэрэглэнэ гэж  дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 7 445 625 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА