Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00104

 

Б.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2183 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С М” ХХК--д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Б.Дөлгөөн нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “С М” ХХК--ийн гүний уурхайн засварын хэлтэст засварчнаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргалгүй ажиллаж байсан ба 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ахлахаас ажлын зааварчилгаа аваад засвар хийж байхад AV5 нэртэй жижиг оврын автомашины дугуй хагарсан шалтгаанаар засварт орж ирсэн. Яаралтай ажил тул засварлаад өгөөч гэсний дагуу төлөвлөгөөт засварын автомашинаа түр орхиод, эвдрэлтэй автомашины дугуйг солих үеэр ”Оюу толгой” ХХК-ийн засварын менежер Роби Вүүдэн /Rhoby Wooden/ ирж миний ажлыг зогсоосон. Шалтгаан нь намайг хамт ажиллаж байсан хүний хамт тусгаарлалт хийгээгүй байна гэсэн. Надад сануулга өгөх үед “С М” ХХК--ийн Мариус Бритс /Marius Brits/ хамт байсан. Энэ удаа анхаарууллаа, дахин ийм зүйл гаргахгүй шүү гээд бид хоёрыг ажилд оруулсан. Тэр орой нь Мариус Бритс /Marius Brits/ бид хоёрт юу болсон талаар тайлбараа бичиж өгөөрэй гэсэн. Бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 11-нд тайлбараа бичиж өгөөд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр амарсан.

Гэтэл төв байгууллагаас намайг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуудахаар нь очиж уулзахад 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбарыг хоёр хүн нэг цаасан дээр бичсэн байна. Тусдаа бич гэсний дагуу би тайлбараа бичиж байтал маргааш 13:00 цагт ирж уулзаарай гэсэн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 19-нд уулзахад ажлаас халсан тушаал өгсөн. Анх удаа алдаа гаргахад сануулах болон цалингийн арга хэмжээ авах боломжтой байсан. Миний бие осол аваар гаргаагүй, тус үйлдлээс компанийн ажлын нөхцөл байдал муудаж, компаний нэр хүнд алдагдаж, цаашаа үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал хүрсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч зөрчил гаргасан талаар маргаагүй, харин сахилгын арга хэмжээг шат дараалан авах ёстой гэж маргаж байна. “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “С М” ХХК--ийн ажилтан Б.Ч- нь “Оюу толгой” ХХК-ийн ажлын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэдэг засвар үйлчилгээний ажил хийдэг. Ажлын байрны чиг үүрэг дээр ажилтан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Аюулгүй ажиллагааны журмын зайлшгүй нэг арга хэмжээ бол нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бөгөөд хамгийн чухал зүйл нь хувийн цоож юм. “Оюу толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны удирдлагын тогтолцооны журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хувийн цоожийг ажилтан болгон зүүдэг. Тухайн машинд хувийн цоожийг зүүснээр тухайн цоож бүхий машиныг ажиллуулахгүй, хүн цахилгаан дээр ажиллаж байгаа тохиолдолд хувийн цоож зүүснээр хэн нэгэн этгээд тухайн генераторыг ажиллуулахгүй гэсэн үг юм.

Гэтэл Б.Ч- энэ хувийн цоожийг хэрэглэхгүйгээр шууд ажиллагаа хийсэн нь өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулсан тусгаарлалтын журам зөрчсөн үйлдэл юм. Б.Ч- нь “Оюу толгой” ХХК-ийн Амь нас хамгаалах дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны амь настай холбоотой том эрсдэл дагуулсан үйлдлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Б.Ч-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил, хөдөлмөрийн гэрээний 10.2 дахь заалт дотроо техник технологийн горим журмыг зөрчсөн буюу осол аваар гаргасан бол, аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал гэсэн заалтаар ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ыг “С М” ХХК--ийн уурхайн талбар дахь засварын хэлтсийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор хариуцагч байгууллагаас 7 445 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 777 051 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 134 080 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2183 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4.2-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж заасан. Үүний дагуу, Компани болон Б.Ч- нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ)-нд тухайлан заасан ноцтой зөрчил буюу 10 дугаар зүйлийн 10.2-т заасан зөрчил нь ноцтой болох талаар талууд маргаагүй болно.

... зөрчлийн шинж чанарын хувьд хэдийгээр амь нас эрсдээгүй байсан ч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй осолд дөхсөн ноцтой үйлдэл болохыг талууд зөвшөөрсөн. Гэтэл шүүх Б.Ч-ын гаргасан зөрчлийг ноцтой зөрчил хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрнээ зөрчлийн шинж чанарыг өөрөө дур мэдэн дүгнэж, осол гараагүй учраас Компанийн авсан арга хэмжээ нь зөрчлийн шинж чанарт тохироогүй гэж хэтэрхий явцуу тайлбар хийсэн байна. Шүүхийн дүгнэлт нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирвал зөрчлийн шинж чанарыг хүнд гэж үзэхээр байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна.” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх” гэж заасан ажил олгогчийн эрхэнд халдан шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2183 тоот магадлалын үндэслэх хэсэгт заасан “....Аюулгүй ажиллах дүрэм журмыг биелүүлээгүйгээс хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, тасалдуулсан, хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.” гэж үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 183/ШШ2018/01970 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2183 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч “С М” ХХК--д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Зохигч нь хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан талаар шүүхэд мэдэгджээ.

Эвлэрлийн гэрээнд:

1.Талууд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болох өдрөөс эхлэн дуусгавар болсон гэдгийг харилцан зөвшөөрч, энэхүү  гэрээнд өөрөөр заагаагүй бол компани эсхүл ажилтны зүгээс хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохтой холбоотойгоор цаашид аливаа үйлдэл хийх, мэдэгдэл өгөх шаардлагагүй болохыг харилцан зөвшөөрөв.

2. Хэргийг хэрэгсэхгүй болгох,

А/. Компани болон ажилтан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 74 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийн журмаар хэрэг болон нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон болно.

Б/. Ажилтан нь хэрэгтэй холбоотойгоор түүнийг компанид өмнө нь эрхэлж байсан буюу Оюун Толгойн гүний уурхайн Засварын хэлтэст засварчнаар эгүүлэн тогтоолгох тухай Монгол Улсын дээд шүүх дэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахыг зөвшөөрсөн бол, компани үүний хариуд дараах зүйлийг хийхийг харилцан зөвшөөрөв.

            1.Компаниас 31 188 918 төгрөг /эвлэрлийн дүн/-ийг энэхүү гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу ажилтанд төлөх, болон

            2.Ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд компани нөхөн бичилт хийх,

            С/. Ажилтан нь дараах зүйлсийг баталсан шүүхийн бичгээр гаргасан тогтоолын эх хувийг УДШ-ээс авна.

1. УДШ-ээс энэхүү эвлэрлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагуудын талаарх талуудын эвлэрлийг баталсан тухай,

2.Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай,

3.Ажилтан нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой нэхэмжлэлийг аливаа шүүхэд гаргах эрхгүй тухай; болон

4.Бусад байдлаар энэхүү гэрээний нөхцөл шаардлагад нийцсэн байх,

Д/. Компани нь 2/с/ хэсэгт заасан захирамжийг тийнхүү хүлээн авахыг үүргээр зөвшөөрч байна гэжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх ба талууд ийнхүү эвлэрэн хэлэлцсэний эрх зүйн үр дагаврыг ойлгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01970 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2183 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг батлан, “С М” ХХК--д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 222 676 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Б.Ч-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаа хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 134 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН