Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03791

 

 

 

 

 

 

 

     2021         11         19

 101/ШЗ2021/03791

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч З.Баярмаа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч Г.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г и ХХК-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Я.О нар оролцсон,

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтүшиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, өмгөөлөгч Б.Сүрэнхүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгч Г.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхтүшиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Г.Н нь Г и ХХК-аас 2012 онд орон сууц худалдаж авсан. Улмаар гарааш худалдан авахаар тус компанийн борлуулалтын менежер албан тушаалтай Я.О-д хандсан ба гараашийн үнэ болох 16,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бэлнээр, 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Гэвч гараашийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэгдээд 2015 онд хэрэгсэхгүй болж, Я.О өршөөлд хамрагдаж дууссан бөгөөд Г.Ныг иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шүүгчийн захирамжид дурдсаны дагуу энэхүү нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Тухайн үед Я.О нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч Г и ХХК-д ажилладаг байсан, мөн түүнд гарааш борлуулах, орон сууц борлуулах чиг үүрэг байсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил олгогч болох Г и ХХК-аас ажилтны учруулсан хохирол 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Г и ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, өмгөөлөгч Б.Сүрэнхүү нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Н болон түүний ээж Д.Эрдэнэчимэг нар анх 2012 оны 05 дугаар сард манай компанийн барьж ашиглалтанд оруулсан Ногоон төгөл хотхоны 75 байр, 49 тоот хаягтай 3 өрөө байрыг орон сууц захиалах гэрээ байгуулан төлбөр тооцоог хийсэн. Иргэн Д.Эрдэнэчимэг нь тухайн үед борлуулалтын ажилтан байсан Я.Оаар хувийн шугамаар авто зогсоол зарах сонирхолтой хүн байгаа эсэхийг судлуулж, улмаар Я.О нь өөрийн таньдаг ах автомашины зогсоолоо зарах болсныг хэлснээр тэд хоорондоо харилцан тохиролцож аман хэлцэл хийгээд гарааш өгч, авахаар болсон байдаг. Аман хэлцлийнхээ үндсэн дээр Д.Эрдэнэчимэг нь Я.Од 2013 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг бэлнээр, 2014 оны 07 дугаар сард 4,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сард 2,000,000 төгрөг тус тус өгсөн гэж үздэг. Гэвч төлсөн мөнгөө Я.О-аас буцааж авч чадахгүй болохоор Г и ХХК-аас нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Г.Н, түүний ээж Д.Эрдэнэчимэг нар нь Я.О-тай хувийн харилцаа холбоондоо үндэслэн хувийн шугамаар авто зогсоол авахаар тохиролцсон нь эрүүгийн хэргийн материал дахь Г.Н-ынудаа дараа өгсөн мэдүүлэгт тусгагдсан байдаг. Мөн Д.Эрдэнэчимэг нь 2012 оны 05 дугаар сараас хойш орон сууцны үнэд 2012 оны 05 дугаар сард 30,000,000 төгрөг бэлнээр, 2012 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг бэлнээр, 2013 оны 09 дүгээр сард дансаар 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сард дансаар 81,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, орон сууцаа хүлээж авсан. Энэ хугацаанд Д.Эрдэнэчимэг нь манайхаас гарааш худалдан авч байгаа талаар юу ч хэлээгүй, гэтэл одоо танайхаас гарааш авсан гэж ойлгосон гэж хэлж байгаа. Энэ үйл явдлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалттай холбогдоно гэж үзэхгүй байна. Гарааш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байгаа боловч тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулахаар удаа дараа хандсан боловч Я.О нь гэрээ байгуулж өгөхгүй байна гээд явсан гэж мэдүүлсэн байдаг. Төлбөрөө төлөх явцдаа компани дээр ирээд гэрээгээ баталгаажуулъя гэх боломж зөндөө байсан. Хувийн харилцаа үүсгээд мөнгөө авч чадахгүй байгаа учраас компанийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татаж оруулсныг хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаад Г и ХХК-ийг иргэний хариуцагч мөн гэж тогтоогоогүй. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 5 жил өнгөрчихөөд байхад хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Эрүүгийн шүүхийн тогтоол дээр Я.Оаас 8,000,000 төгрөгөө иргэний журмаар авч болно гэсэн байна. Я.О нь Өршөөлийн тухай хуульд хамрагдахдаа өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд төлбөр мөнгийг төлж барагдуулах болно гэж ам өчгөө өгсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Иймд Г.Н-ын гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.О шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Г и ХХК-д 2001-2013 онуудад ажилласан. 2013 онд ганцаараа захиалга хийж, байраа борлуулж байсан. Д.Эрдэнэчимэг нь Япон улсад байдаг хүүгийнхээ нэр дээр орон сууц захиалах гэрээ хийгээд, хүүгээ төлөөлөөд орон сууцны мөнгөө төлөөд явж байсан. Явцын дунд гарааш сонирхсон ба гараашийн захиалга дуусчихсан байсан тул миний захиалга авсан хүн гараашаа буцааж зарах тухай хэлэхэд авахаар тохиролцсон. Гараашийн төлбөрт эхлээд бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн, би нөгөө хүнтэй яриад тооцоо бодож байж нэрийг нь шилжүүлдэг, гэтэл тэр хооронд будилаантай алдаа гаргасан. Д.Эрдэнэчимэгт шууд хэлээгүй, би танд ямар ч байсан зохицуулж өгнө, та хүлээж бай гэж хэлээд явсаар байгаад хүний итгэлийг алдсан. Энэ хооронд асар их цаг хугацаа алдсан. Г и ХХК, Г.Ннараас уучлал хүсэж байна. Би Г.Над мөнгөө төлнө гэж хэлээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр яваад 3 сар цагдан хоригдоод гарч ирсэн. Үүний дараа 2 жилийн хугацаанд ажил хийж чадаагүй, бие өвдсөн, гэр бүлийн асуудал байсан, маш хүнд байсан. Албан ёсны тушаалтай ажил хийгээгүй, өдөрт 18,000-20,000 төгрөгийн цагийн ажил хийж байсан. Би 2020 оны 09 дүгээр сард 116 дугаар сургуульд бэлтгэгчийн ажилд орсон. Төрийн алба учраас ажлын 5 өдөртэй, 586,000 төгрөгийн цалин авч байгаа. Сүүлийн 2 сар ажлаа хийгээгүй, хагалгаанд ороод, энэ долоо хоногт эмнэлгийн магадлагаа дуусч байгаа. Надаас Э.Гансайхан гэдэг хүнд 10,000,000 төгрөг олгох шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж, миний цалингаас сар бүр 235,000 төгрөгийг суутгадаг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараа төлөөд үлдсэн мөнгөө нэхэмжлэгчид төлөөд явъя, өдий хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг төлөөгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ннь хариуцагч Г и ХХК-д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.О нь нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн барагдуулна гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоолоос үзэхэд Я.Оыг Г и ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Г.Над автомашины зогсоол зарна гэж 16,000,000 төгрөгийг хуурч мэхлэн залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Г и ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Над, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1 дэх хэсэгт зааснаар Я.О-аас 8,000,000 төгрөг гаргуулан Г и ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 616 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаажээ /хх-4-10/.

 

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2783 дугаар захирамжаар яллагдагч Я.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хүсэлтээ гаргасан үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн 2015250002212 дугаар хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Н, Э.Гансайхан нар Я.О- ын гэм буруутай үйлдлээс учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ /хх-11-12/.

 

Гуравдагч этгээд Я.О эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгчид хохирол 8,000,000 төгрөг төлж, өнөөдрийн байдлаар 8,000,000 төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар зохигч шүүхэд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хор учруулсан этгээд болох гуравдагч этгээд Я.О хариуцагч компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа гэм хор учруулсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан ажилтныхаа хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тайлбарласан.

 

Хариуцагч нь гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь хөдөлмөрийн гэрээний ажил үүрэгтэй холбоогүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд авто зогсоолын захиалгын талаар хувийн харилцаа үүссэн, мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.  

 

Эрүүгийн хэргээс нотлох баримтаар гаргуулсан Г и ХХК болон Я.О нарын хооронд байгуулагдсан 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд Я.О нь Г и ХХК-д борлуулалтын менежерээр ажиллах, ингэхдээ борлуулалт хариуцах, зах зээлийн судалгаа хийх, захиалагч нартай гэрээ хийх зэрэг ажил, үүргийг гүйцэтгэхээр тусгагджээ /хх-61-62/.

 

Мөн нэхэмжлэгч нь Г и ХХК-ийн борлуулалтын менежер Я.Отай 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13-50-63 дугаар бүхий гараж захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол, Г171 хаягт байршилтай авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр захиалжээ /хх-86-87/.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн кассын зарлагын ордер, Хаан банкин дахь Т.Туяацэцэгийн 5059258311 тоот дансанд 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, Голомт банкин дахь С.Лхагважавын  3100000375 тоот дансанд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтууд, мөн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Н.Лувсандоржийн мэдүүлгийг тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан /хх-64-67/.   

 

Хариуцагч нь Д.Эрдэнэчимэгтэй байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13-170Е-49 дугаар бүхий орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, уг гэрээний төлбөрийг 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг бэлнээр, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг бэлнээр тус тус төлсөн кассын орлогын ордерууд, Капитрон банкин дахь компанийн 3000000189 тоот дансанд 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  81,000,000 төгрөг тус тус хүлээн авсан дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж /хх-25-32/, тус компанийн зүгээс орон сууцны асуудлаар Д.Эрдэнэчимэгтэй харилцаж байсан, авто зогсоолын төлбөр тооцоог мөн Д.Эрдэнэчимэг гүйцэтгэсэн учир Г.Н нэхэмжлэгч биш, гараашийн гэрээг компанийн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулаагүй, тамга дараагүй, хүчин төгөлдөр бус гэж маргасан. Мөн Я.О бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлснээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон учир тус нэхэмжлэлийг гуравдагч этгээд хариуцах нь зүйтэй гэж татгалзаж байна /хх-60/.

 

Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.

 

Шүүх хэргийн баримтууд, талуудын тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Г.Н нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13-50-63 дугаар бүхий гараж захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг бичгээр байгуулсан, улмаар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон хэрхэн хохирсон талаараа мэдүүлгүүд өгсөн байгаагаас үзэхэд түүнийг нэхэмжлэлд дурдсан авто зогсоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж дүгнэх үндэстэй.

 

Түүнчлэн авто зогсоолын талаарх тохиролцоо нь хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж буй байранд, мөн хариуцагч компанийн борлуулалт хариуцах, захиалагчтай гэрээ хийх чиг үүрэг бүхий ажилтантай бичгээр хийгдсэн, тухайн гарааш нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн зэрэг байдлаас үзэхэд уг тохиролцоог нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн хувийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалтын дагуу хариуцагч компаниас ажилтан Я.О-ын учруулсан гэм хор хариуцахыг шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шуудангийн байгууллагаар дамжуулан шүүхэд гаргасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 209 дүгээр тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс шалтаалан хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж чадаагүй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон цаг хугацаанаас эхлэн тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусах боловч нийтэд илэрхий үйл баримт болох гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэл болох тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэвч авто зогсоолын захиалгын гэрээг гүйцэтгэгч тал болох Г и ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан хянаж баталгаажуулаагүй, тамга дарагдаагүй байх ба нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хүчинтэй байдлыг хангуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, авто зогсоолын төлбөр тооцоог хариуцагч компанийн Улаанбаатар банкны 2600066964 тоот дансанд буюу бэлнээр төлөхөөр гэрээнд тусгагдсан байтал нэхэмжлэгч нь Т.Туяацэцэг, С.Лхагважав зэрэг гэрээнд тусгагдаагүй этгээдэд шилжүүлсэн, мөн бэлнээр мөнгө шилжүүлсэн кассын зарлагын ордер баримт хариуцагч компаниар баталгаажаагүй байна.

 

Түүнчлэн дээрх гэрээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн огноотой байтал авто зогсоолыг хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 3 дугаар улирал гэж гэрээнд тусгасан, тухайн гэрээ бодитой хэрэгжих үндэслэлтэй эсэхийг тодруулаагүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч /түүнийг төлөөлөн эх Д.Эрдэнэчимэг/ нь 2012-2013 онуудад хариуцагч талтай орон сууцны захиалгын асуудлаар байнга харилцаж, төлбөр тооцоог компанийн дансаар болон бэлнээр нийт 4 удаа гүйцэтгэн улмаар орон сууцаа хүлээн авсан атлаа авто зогсоолтой холбоотой асуудлаар, тодруулбал захиалгын гэрээг гүйцэтгэгч талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг болон тамгаар баталгаажуулах, бэлнээр төлсөн 10,000,000 төгрөгийн кассын орлогын ордерыг шаардлага хангуулах зэрэг асуудлаар хариуцагч компанид огт хандаж байгаагүй, өөрөөр хэлбэл  хууль тогтоомжид нийцсэн аргаар үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж үзэхээр байна.

 

Тэрээр 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авто зогсоолын төлбөрт бэлнээр 10,000,000 төгрөг төлснөөс 2 хоногийн дараа буюу 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч компанид орон сууцны төлбөрт 10,000,000 төгрөг мөн бэлнээр төлж зохих шаардлага хангасан баримт авсан атлаа авто зогсоолын төлбөр төлсөн талаараа компанид мэдэгдээгүй байна. 

 

Түүнчлэн гэрээнд заасны дагуу хариуцагч компанийн дансанд бус, гэрээнд заагдаагүй этгээд болох Т.Туяацэцэг, С.Лхагважав нарын дансанд авто зогсоолын төлбөрийг шилжүүлж, нэхэмжлэгч өөрөө илтэд болгоомжгүй хандсан байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь өөрийн ажилтан Я.Оаас нэхэмжлэгчид учруулсан гэм хор 8,000,000 төгрөгийг хариуцах үндэстэй боловч нэхэмжлэгч нь гэм хор учрахад илтэд болгоомжгүй хандсан, мөн хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй болох нь тогтоогдож байх тул шүүх хариуцагч байгууллагыг уг хариуцлагаас чөлөөлөх үндэстэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Г и ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Иргэдийн төлөөлөгч Н.Батцогтод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд Ийгл телевизэд зураглаачаар ажилладаг, энэ 7 хоногт Төрийн ордонд ажиллах хуваарьтай үндэслэлээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлаа шүүхэд бичгээр мэдэгдсэн ба талуудаас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах санал гаргасныг үндэслэн шүүх иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г и ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

    ШҮҮГЧИД                                                     З.БАЯРМАА

 

                                                                       Н.САРАНГҮН