Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00241

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03791 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н-ын хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Г.Н- нь Г- ХХК-аас 2012 онд орон сууц худалдаж авсан. Улмаар гарааш худалдан авахаар тус компанийн борлуулалтын менежер албан тушаалтай Я.О-д хандсан ба гараашийн үнэ болох 16,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бэлнээр, 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Гэвч гараашийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэгдээд 2015 онд хэрэгсэхгүй болж, Я.О- өршөөлд хамрагдаж дууссан бөгөөд Г.Н-ыг иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шүүгчийн захирамжид дурдсаны дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Тухайн үед Я.О- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч Г- ХХК-д ажилладаг байсан, мөн түүнд гарааш борлуулах, орон сууц борлуулах чиг үүрэг байсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажил олгогч болох Г- ХХК-аас ажилтны учруулсан хохирол 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Н- болон түүний ээж Д.Эрдэнэчимэг нар анх 2012 оны 05 дугаар сард манай компанийн барьж ашиглалтанд оруулсан Ногоон төгөл хотхоны 75 байр, 49 тоот хаягтай 3 өрөө байрыг орон сууц захиалах гэрээ байгуулан төлбөр тооцоог хийсэн. Иргэн Д.Эрдэнэчимэг нь тухайн үед борлуулалтын ажилтан байсан Я.О-аар хувийн шугамаар автозогсоол зарах сонирхолтой хүн байгаа эсэхийг судлуулж, улмаар Я.О- нь өөрийн таньдаг ах автомашины зогсоолоо зарах болсныг хэлснээр тэд хоорондоо харилцан тохиролцож аман хэлцэл хийгээд гарааш өгч, авахаар болсон байдаг. Аман хэлцлийнхээ үндсэн дээр Д.Эрдэнэчимэг нь Я.О-д 2013 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг бэлнээр, 2014 оны 07 дугаар сард 4,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сард 2,000,000 төгрөг тус тус өгсөн гэж үздэг. Гэвч төлсөн мөнгөө Я.О-аас буцааж авч чадахгүй болохоор Г- ХХК-аас нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Г.Н-, түүний ээж Д.Эрдэнэчимэг нар нь Я.О-тай хувийн харилцаа холбоондоо үндэслэн хувийн шугамаар авто зогсоол авахаар тохиролцсон нь эрүүгийн хэргийн материал дахь Г.Н-ын удаа дараа өгсөн мэдүүлэгт тусгагдсан байдаг. Мөн Д.Эрдэнэчимэг нь 2012 оны 05 дугаар сараас хойш орон сууцны үнэд 2012 оны 05 дугаар сард 30,000,000 төгрөг бэлнээр, 2012 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг бэлнээр, 2013 оны 09 дүгээр сард дансаар 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сард дансаар 81,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, орон сууцаа хүлээж авсан. Энэ хугацаанд Д.Эрдэнэчимэг нь манайхаас гарааш худалдан авч байгаа талаар юу ч хэлээгүй, гэтэл одоо танайхаас гарааш авсан гэж ойлгосон гэж хэлж байгаа. Энэ үйл явдлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалттай холбогдоно гэж үзэхгүй байна. Гарааш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байгаа боловч тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулахаар удаа дараа хандсан боловч Я.О- нь гэрээ байгуулж өгөхгүй байна гээд явсан гэж мэдүүлсэн байдаг. Төлбөрөө төлөх явцдаа компани дээр ирээд гэрээгээ баталгаажуулъя гэх боломж зөндөө байсан. Хувийн харилцаа үүсгээд мөнгөө авч чадахгүй байгаа учраас компанийг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татаж оруулсныг хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаад Г- ХХК-ийг иргэний хариуцагч мөн гэж тогтоогоогүй. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 5 жил өнгөрчихөөд байхад хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Эрүүгийн шүүхийн тогтоол дээр Я.О-аас 8,000,000 төгрөгөө иргэний журмаар авч болно гэсэн байна. Я.О- нь Өршөөлийн тухай хуульд хамрагдахдаа өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Иймд Г.Н-ын гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г- ХХК-д 2001-2013 онуудад ажилласан. 2013 онд ганцаараа захиалга хийж, байраа борлуулж байсан. Д.Эрдэнэчимэг нь Япон Улсад байдаг хүүгийнхээ нэр дээр орон сууц захиалах гэрээ хийгээд, хүүгээ төлөөлөөд орон сууцны мөнгөө төлөөд явж байсан. Явцын дунд гарааш сонирхсон ба гараашийн захиалга дуусчихсан байсан тул миний захиалга авсан хүн гараашаа буцааж зарах тухай хэлэхэд авахаар тохиролцсон. Гараашийн төлбөрт эхлээд бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн, би нөгөө хүнтэй яриад тооцоо бодож байж нэрийг нь шилжүүлдэг, гэтэл тэр хооронд алдаа гаргасан. Д.Эрдэнэчимэгт шууд хэлээгүй, би танд ямар ч байсан зохицуулж өгнө, та хүлээж бай гэж хэлээд явсаар байгаад хүний итгэлийг алдсан. Энэ хооронд асар их цаг хугацаа алдсан. Г- ХХК, Г.Н- нараас уучлал хүсэж байна. Би Г.Н-ад мөнгөө төлнө гэж хэлээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр яваад 3 сар цагдан хоригдоод гарч ирсэн. Үүний дараа 2 жилийн хугацаанд ажил хийж чадаагүй, бие өвдсөн, гэр бүлийн асуудал байсан. Албан ёсны тушаалтай ажил хийгээгүй, өдөрт 18,000 - 20,000 төгрөгийн цагийн ажил хийж байсан. Би 2020 оны 09 дүгээр сард 116 дугаар сургуульд бэлтгэгчийн ажилд орсон. Төрийн алба учраас ажлын 5 өдөртэй, 586,000 төгрөгийн цалин авч байгаа. Сүүлийн 2 сар ажлаа хийгээгүй, хагалгаанд ороод, энэ долоо хоногт эмнэлгийн магадлагаа дуусч байгаа. Надаас Э.Гансайхан гэдэг хүнд 10,000,000 төгрөг олгох шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж, миний цалингаас сар бүр 235,000 төгрөгийг суутгадаг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараа төлөөд үлдсэн мөнгөө нэхэмжлэгчид төлөөд явъя, өдий хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг төлөөгүй гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-аас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Н- болон Г- ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Я.О- нарын хооронд байгуулагдсан гэрээ нь баталгаажаагүй, тухайн гэрээ бодитой хэрэгжих боломжтой эсэхийг тодруулаагүй, авто зогсоол худалдан авахтай холбоотой асуудлаар хариуцагч компанид огт хандаж байгаагүй гэх үндэслэлээр хууль тогтоомжид нийцсэн аргаар үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж үзсэн. Тухайн үед Я.О- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Г- ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг байсан ба, түүний чиг үүрэгт захиалагч нартай гэрээ хийх чиг үүрэг багтдаг байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Тиймээс гэрээг Я.О-тай хийсэн нь зүй ёсны хэрэг юм. Гэрээнд гарын үсэг зурсны дараа Я.О- нь захирлуудаас баталгаажуулаад 1 хувийг нь буцаан өгнө гэж хэлээд 2 хувь гэрээг аваад явсан хэдий ч буцаан өгөөгүй. Улмаар баталгаажаагүй гэрээг хуулбарлан авч үлдсэн байдаг. Тус гэрээ нь Г- ХХК-ийн ашигладаг гэрээ мөн болох нь тогтоогдсон. Энэхүү гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу нөхөж байгуулагдсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдах үед нийт учирсан хохирол болох 16,000,000 төгрөгийг Я.О-д өгчихсөн байсан. Гэрээнд гарын үсэг зурснаас хойшхи хугацаанд нэмж хохирол учраагүй тул гэрээг баталгаажаагүйг мэдсэнээр ямар нэгэн ач холбогдолгүй гэж үзэж байна. Анх 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа Д.Эрдэнэчимэгийн жолооч Н.Лувсандорж 10,000,000 төгрөгийг тушаахаар Г- ХХК-ийн байранд очсон байдаг. Гэтэл тухайн үед борлуулалтын менежер Я.О- нь санхүү гадуур явж байгаа гэж хэлэн мөнгийг нь өөртөө авч, санхүүгийн баримтыг дараа өгье гэсэн байна. Улмаар баримт шаардсан ч өгөхгүй байсан тул өөрийн компаниас зарлагын баримт үйлдэн Я.О-аар гарын үсэг зуруулсан байдаг.

5.2. 2,000,000 төгрөг болон 4,000,000 төгрөгийг Т.Туяацэцэг, С.Лхагважав нарын дансаар шилжүүлсэн тухайд: Я.О- 2015 онд эрүүгийн хэргийн явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа, Манай таньдаг ах Г- ХХК-аас гарааш авах гээд мөнгөө өгчихсөн байж байгаад авахаа больсон юм. Тэр гараашийг авчих. Тэр хүний мөнгийг манай компани авсан учраас та шууд тэр хүнд мөнгөө шилжүүлэх хэрэгтэй гэж Д.Эрдэнэчимэгт тайлбарласан нь өмнөх шүүхийн шийдвэрт авагдсан мэдүүлгүүд болон тайлбараар нь нотлогддог. Илтэд болгоомжгүй болон болгоомжгүй гэх 2 ойлголт нь тусдаа ойлголт. Гэтэл Я.О- нь дээрх тайлбарыг нэхэмжлэгч Г.Н-ын эх Д.Эрдэнэчимэгт итгүүлж, өөр хүний дансаар 2 удаа мөнгө авсан, тухайн үедээ энэ танай гарааш гэж зааж өгч, сүүлдээ ашиглуулж байснаас үзэхэд Д.Эрдэнэчимэгийг илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр Г- ХХК-аас лавлах, тодруулах боломжтой байсан хэдий ч нэгэнт хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд захиалагчид гарааш танилцуулж компаниа төлөөлж байсан Я.О-д итгэж, Я.О-аар дамжуулан Г- ХХК-тай харьцаж байгаа гэж бодсон нь болгоомжгүй үйлдэл байж болох ч илтэд болгоомжгүй үйлдэл биш юм. Дээрх үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Я.О- нь өршөөлд хамрагдан эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тухайн үед ч гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн. Улмаар 5 жилийн дараа Г.Н- нь Г- ХХК-ийг хариуцагчаар татсан. Давж заалдах гомдолд илт болгоомжгүй хандсан гэж дурдаж байна. н.Эрдэнэчимэг нь Г.Н-ын ээж бөгөөд Г.Н-ыг төлөөлж, 2012 оны 05 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууц авсан. Гэхдээ орон сууцны төлбөрийг 4 удаа тушаасан. Манай компанитай харилцаа холбоотой байсан. 2012, 2013 онд 2 удаа дансаар мөнгө тушаасан.

 

Гэтэл 2013 оны 06 дугаар сард Я.О-аас гарааш авна гээд хувь хүний хоорондын харилцаагаар харилцсан. Таньдаг хүн гарааш авах гэж байгаа гээд Я.О-д бэлэн мөнгө өгсөн байдаг. 2013-2014 онд хэд хэдэн удаагийн үйлдлээр 16,000,000 төгрөг өгсөн. Гэтэл энэ хугацаанд буюу 2013 оны 10 дугаар сарын манай компаниас орон сууцаа хүлээж авсан. Нилээд хугацаа өнгөрсний дараа биднээс огт асуухгүйгээр болохгүй болохоороо залилуулсан гэж тайлбарлаж, Гангар инвест ХХК-ийн эрх бүхий хүнтэй гэрээ байгуулсан гэдэг. Гэрээ нь хүчин төгөлдөр биш. Нэхэмжлэгчийн тайлбарт 2014 оны 10 дугаар сард нөхөж байгуулсан, гарын үсэг зурагдаагүй гэж хэлдэг. Яагаад гарын үсэг зурагдаагүй нь ойлгомжтой. Я.О- нь залилсан. Нэхэмжлэгч нь илт болгоомжгүй буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар санаатай буюу илтэд болгоомжгүй хандсанаас болоод хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор компаниас Я.О-д гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлан зөв шийдвэрлэсэн гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт хөдөлмөрийн гэрээ, гарааш захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, кассын зарлагын ордер, Хаан банк ХХК болон Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлэг зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

Дээрх баримтууд нь зохигч, гуравдагч этгээд болон банкны үйлдсэн баримтууд байх ба тус баримтуудад Улсын Ерөнхий Прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамааруулж нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь уг баримтууд нь хуулбар үнэн тэмдэг дарж буй прокурорын байгууллагын өөрийнх нь үйлдсэн баримт биш юм. /хх-ийн 61-66, 86-р тал/

 

Зохигч, гуравдагч этгээд болон банкнаас гаргаж буй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... гэж заасан шаардлагад нийцсэн байх учиртай. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй байхад энэ талаар тодруулах, лавлах, хуулийн шаардлага хангуулах, ийнхүү шаардлагад нийцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогчоос хуульд заасан шаардлага хангасан баримт гаргах боломжгүй болжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03791 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ