Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/03503

 

 

                        

 

 

 

            

 

 

 2021           11          02                                         101/ШШ2021/03503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, байранд байрлах, РД:, Ж газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, байрлах, А цогцолбор Төрийн өмчит хувьцаат компанийн эрх хүлээн авагч Т газарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.250.015.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, прокурор Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Б.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А цогцолбор ТӨХК нь Ж сангаас 2016-02-16-ны өдөр 2016/ШЗ-01 тоот зээлийн гэрээ байгуулан 1.500.000.000 /Нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн санхүүжилтээр 10 сарын хугацаатай газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажилд зориулж зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1204 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2018-01-10-ны өдрийн 09 тоот тогтоолоор тус газрыг татан буулгаж Т Газарт шилжүүлсэн. Иймд, Т Газарт холбогдуулан 2016-02-16-ны өдөр 2016/ШЗ-01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2020-04-30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1.500.000.000 төгрөг, алданги 750.000.000 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 2.250.015.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Т Газарт 2018-03-01-ний өдөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад удаа дараа хандаж өр төлбөрийг барагдуулах асуудлыг тавьж байсан. Монгол улсын засгийн газрын 2018-01-10-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар А цогцолбор ТӨХК-ийн эрх залгамжлагч нь Т газар хариуцах байгууллагаар шийдвэрлэгдсэн учир хариуцагчаар татсан гэв.

Хариуцагч А цогцолбор Төрийн өмчит хувьцаат компанийн эрх хүлээн авагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2018-01-10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор төрийн өмчийн зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Т газрыг татан буулгах комиссыг байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Т газраас 2018-01-30-ны өдрийн А36 тоот тушаалаар татан буулгах комиссыг байгуулаад, ажиллах журам, комисст оролцох бүрэлдэхүүнийг томилсон. Засгийн газрын 2018 оны 9 дүгээр тогтоолын дагуу А цогцолбор төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах ажлын хүрээнд татан буулгах комиссын ажиллах удирдамжийг батлан гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараах үндэслэлээр татан буулгана, 32.1.4 дэх хэсэгт хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол гэсэн байдаг. Энэ бол Засгийн газрын эрх бүхий шийдвэр гарсан. 32.2 дахь хэсэгт татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг ба татан буулгах комисс нь ямар үйл ажиллагаа хийхийг хуульчилсан. 32.12 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална гээд хуульд зохицуулсан. 32 дугаар зүйл бол татан буулгах компанийг ийм ийм дарааллаар татан буулгана, нэхэмжлэгчид мэдэгдэнэ, компани өр төлбөрийг барагдуулна гэсэн ийм үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байхад төлбөр төлнө гэдэг ойлголтоор ойлгож болохгүй. Энэ бол ямар нэгэн эрх залгамжлахаар шилжээгүй. Өөр хуулийн этгээдэд эрх залгамжлал шилжихгүй, зөвхөн татан буулгах комиссын ажил хийгээрэй, бусад нэхэмжлэгчдийн өр төлбөрийг дэс дараалалтай барагдуулаарай гэсэн заалт юм. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг татан буулгах комисс нь болохоос хуулийн этгээдийг татан булгах явцад өөр хуулийн этгээдийн эрх үүргийг эрх залгамжлалын дагуу өөр хуулийн этгээдэд хүлээлгэхгүй гэдгийг тайлбарлаад байгаа юм. Татан буулгаад комисс ажиллаад комиссын шийдвэрээр та нарын, нэхэмжлэгчдийн өгсөн өргөдөл, хүсэлтийн дагуу энэ компани ямар хөрөнгөтэй юм тэр хөрөнгийг нь ийш нь өгье, тэрийг нь энд өгье гэж хуваарилах ажиллагааг хийж байгаа. Гэхдээ Т газрыг энд оруулж байгаа болохоос биш Т Газар энэ компанийн бүх өрийг төл гэсэн зүйл байхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 сарын 16-ны өдөр Х яамнаас газрын тосны үйлдвэр байгуулах зориулалтаар 1,500,000,000 төгрөгийг А цогцолбор Т Газар Голомт банкны 1415104869 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт нь иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Маргалдагч талууд эрх залгамжлах талаар маргалдаж байна. Тухайн 2018 оны Засгийн газрын тогтоолоор А цогцолбор төрийн өмчит компанийг татан буулгаж, татан буулгах ажлыг Т Газар, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцуулсан. Өнөөдрийн байдлаар Т Газар нь төрийн өмчийн эд хөрөнгийг хариуцах, түрээслэх, хариуцагч талын асуултанд хариулсан байдлаар тухайн өр төлбөрийг барагдуулахад ямар нэгэн зөрчилтэй зүйл байхгүй гэж дүгнэж байна. Хариуцагч тал тухайн авсан мөнгөө хэрхэн зарцуулсан, тухайн зарцуулагдаж байгаа этгээдүүд нь үүргээ биелүүлсэн үү, биелүүлээгүй юу гэдэг дээр хэлэлцэхгүй орхилоо. Хоёр төрийн байгууллага, шүүх, прокурорын байгууллага гээд төрийн байгууллагууд хоорондоо энэ асуудлыг ярихаас илүү хариуцагч тал 1.500.000.000 төгрөг хааччихсан бэ гэдэг дээр анхаарлаа хандуулаад, ямар компаниар ороод энэ мөнгө нь гарсан, ямар зарцуулалт хийсэн, зарцуулалт нь Монгол улсад хэрэгтэй байсан юм уу гэдэг дээр өөр өөрсдийн ажил үүрэгтээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Дүгнэхэд Т Газар нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,                           

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж газар нь хариуцагч Т газарт холбогдуулан А цогцолбор ТӨХК-ний 2016-02-16-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.500.000.000 төгрөг алданги 750.000.000 төгрөг, нотариатын зардалд 15.500 төгрөг нийт 2.250.015.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т газар нь татан буулгах комиссын үйл ажиллагаа явагдаж байгаа, эрх залгамжлал шилжээгүй тул А цогцолбор Төрийн өмчит хувьцаат компанийн өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон А цогцолбор Төрийн өмчит хувьцаат компани нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1.800.000.000 төгрөгийг Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажилд зориулж хүү болон барьцаагүйгээр, 10 сарын хугацаатай 1.500.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор зээлдэгчийн Голомт банкин дахь тоот дансанд шилжүүлэх, үлдэх 300.000.000 төгрөгийг төслийн гүйцэтгэлээс хамаарч дээрх дансанд шилжүүлэхээр тохирчээ. /ХХ-ийн 11-16 хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний дагуу 1.500.000.000 төгрөгийг зээлдэгчийн Голомт банк ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 164-168, 188, 192 дугаар тал/

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

Тус гэрээгээр хариуцагч А цогцолбор Төрийн өмчит хувьцаат компани нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 16ы өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн, 232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, Зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 16ы өдөр дууссан ба үүнээс хойш гүйцэтгээгүй үндсэн үүргээс алданги тооцон 750.000.000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Монгол улсын Засгийн газрын 2018-01-10-ны өдрийн 09 тоот тогтоолоор тус газрыг татан буулгаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хариуцах байгууллагаар томилсон байна. “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална” гэжээ... Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-32.9 дэх хэсэгт зааснаар Т Газар хуульд заасан ажиллагааг хийх үүрэгтэй байна.   

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1.500.000.000 төгрөг, алданги 750.000.000 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 2.250.015.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Т газар”-аас 2.250.015.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11.408.027 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА