Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00132

 

 

 

 

 

 

 

 

 

Ж -рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03503 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж-рын хариуцагч А- ТӨХК-ийн эрх хүлээн авагч Т-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,250,015,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,250,015,500 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч А- ТӨХК нь Ж-тай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2016/ШЗ-01 тоот зээлийн гэрээ байгуулан, 1,500,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажилд зориулж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1,204 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор тус газрыг татан буулгаж, Т-т шилжүүлсэн. Иймд Т-т холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2016/ШЗ-01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,500,000,000 төгрөг, алданги 750,000,000 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 2,250,015,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор төрийн өмчийн зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг татан буулгах комиссыг байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А36 тоот тушаалаар татан буулгах комиссыг байгуулаад, ажиллах журам, комисст оролцох бүрэлдэхүүнийг томилсон. Засгийн газрын 2018 оны 9 дүгээр тогтоолын дагуу А- төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах ажлын хүрээнд татан буулгах комиссын ажиллах удирдамжийг батлан гаргасан. Иргэний хуулийн 32 дугаар зүйл нь татан буулгах дарааллыг нарийвчлан зохицуулсан болохоос төлбөр төлөх ойлголт биш. Ямар нэг эрх залгамжлахаар шилжээгүй. Өөр хуулийн этгээдэд эрх залгамжлал шилжихгүй, зөвхөн татан буулгах комиссын ажил хийгээрэй, бусад нэхэмжлэгчдийн өр төлбөрийг дэс дараалалтай барагдуулах заалт юм. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг татан буулгах комисс нь болохоос хуулийн этгээдийг татан буулгах явцад өөр хуулийн этгээдийн эрх үүргийг эрх залгамжлалын дагуу өөр хуулийн этгээдэд хүлээлгэхгүй гэдгийг тайлбарлаад байгаа юм. Татан буулгаад комисс ажиллаад комиссын шийдвэрээр та нарын, нэхэмжлэгчдийн өгсөн өргөдөл, хүсэлтийн дагуу энэ компани ямар хөрөнгөтэй юм тэр хөрөнгийг нь ийш нь өгье, тэрийг нь энд өгье гэж хуваарилах ажиллагааг хийж байгаа. Гэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг энд оруулж байгаа болохоос биш Т- энэ компанийн бүх өрийг төл гэсэн зүйл байхгүй гэжээ.

 

3.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас газрын тосны үйлдвэр байгуулах зориулалтаар 1,500,000,000 төгрөгийг А- Т- Голомт банкны 1415104869 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт нь иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Маргалдагч талууд эрх залгамжлах талаар маргалдаж байна. Тухайн 2018 оны Засгийн газрын тогтоолоор А- төрийн өмчит компанийг татан буулгаж, татан буулгах ажлыг Т-, Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцуулсан. Өнөөдрийн байдлаар Т- нь төрийн өмчийн эд хөрөнгийг хариуцах, түрээслэх, хариуцагч талын асуултанд хариулсан байдлаар тухайн өр төлбөрийг барагдуулахад ямар нэгэн зөрчилтэй зүйл байхгүй гэж дүгнэж байна. Хариуцагч тал тухайн авсан мөнгөө хэрхэн зарцуулсан, тухайн зарцуулагдаж байгаа этгээдүүд нь үүргээ биелүүлсэн үү, биелүүлээгүй юу гэдэг дээр хэлэлцэхгүй. Хоёр төрийн байгууллага, шүүх, прокурорын байгууллага гээд төрийн байгууллагууд хоорондоо энэ асуудлыг ярихаас илүү хариуцагч тал 1,500,000,000 төгрөг юунд зарцуулагдсан бэ гэдэг дээр анхаарлаа хандуулаад, ямар компаниар ороод энэ мөнгө нь гарсан, ямар зарцуулалт хийсэн, зарцуулалт нь Монгол Улсад хэрэгтэй байсан юм уу гэдэг дээр өөр өөрсдийн ажил үүрэгтээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Дүгнэхэд Т- нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2,250,015,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж -арт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,408,027 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь энэ хэргийн хариуцагч биш юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ж-рын хооронд зээлийн гэрээний эрх, үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл гаргаагүй бөгөөд татан буугдсан А- ТӨХК-ийн эрх залгамжлагч биш юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай тогтоолоор А- ТӨХК-ийг татан буулгасан бөгөөд хариуцах байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байсан. Тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 дугаар тушаалаар татан буулгах комиссыг байгуулж, ажиллах удирдамжийг баталсан. А- ТӨХК-ийг татан буулгах комиссын бүрэлдэхүүнд Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газруудын эрх бүхий албан тушаалтан орсон бөгөөд үүнээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг эрх залгамжлагч гэж үзэж, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,250,015,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж -арт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу А- ТӨХК-ийг татан буулгах комисст хамаарах асуудал юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж -ар нь хариуцагч А- ТӨХК-ийн эрх хүлээн авагч Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,250,015,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус газрыг татан буулгаж, эрх залгамжлал Т-т шилжсэн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч татан буулгах комиссийн үйл ажиллагаа явагдаж байгаа, Т- нь өр төлбөрийг эрх залгамжлалаар хүлээн аваагүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Ж- УТҮГ нь А- ТӨХК-тай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ж- УТҮГ нь газрын тос боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажилд зориулж, 1,800,000,000 төгрөгийн зээлийг, хүүгүй, барьцаагүй, 10 сарын хугацаатай, зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч А- ТӨХК нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-16-р тал/

 

Дээрх зээлийн гэрээний 3.2-т зээлийн санхүүжилтээс 1,500,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 10 хоногийн дотор ... шилжүүлнэ, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг төслийн гүйцэтгэлээс хамаарч шилжүүлнэ гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч Ж- УТҮГ нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000,000 төгрөгийг зээлдэгч А- ТӨХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлт, хөрөнгө шилжүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэх зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 164, 167-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв дүгнэжээ. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, сангийн үйл ажиллагаа, өр авлагыг Ж-арт шилжүүлснээр тус газар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болсон байна. /хх-ийн 66-67-р тал/

 

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор А- ТӨХК-ийг татан буулгаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 дугаар тушаал гарч А- ТӨХК-ийг хууль тогтоомжид нийцүүлэн татан буулгах үүрэг бүхий комиссийг байгуулсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 219-р тал/

 

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, татан буулгах комисс томилогдсоноор хуулийн этгээдийг удирдах бүрэн эрх уг комисст шилжих тул татан буугдсан хуулийн этгээд болох А- ТӨХК-ийн өрийг Т-т хариуцуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1,500,000,000 төгрөг, алданги 750,000,000 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 2,250,015,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн.

 

Нотариатын үйлчилгээний хөлс 15,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардал гэж үзнэ. Анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөх ноцтой алдаа биш байх тул энэ агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ