Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/03518

 

 

 

                        

 

 

 

            

 

 2021           11          03                                         101/ШШ2021/03518

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, тоотод оршин суух, ID:, РД:, Америк улсын иргэн К-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, тоотод байрлах, РД:, О сургуульХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14.390.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Д.До, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Америк улсын иргэн К нь О сургуулийн Англи хэлний багшаар 2020 оны 8-р сараас хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд ажиллаж байсан. Гэтэл хууль зөрчиж О сургуулийн зүгээс гадаад багш нартай үндсэн ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, түүний үндсэн дээр жил болгон сунгалтыг хууль зөрчиж, хуулийн хугацаанд биш мэдэгдэл өгч ажлаас чөлөөлж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2021-08-31-ний өдөр дуусаж байсан, гэтэл 2021-05-20-ны өдөр хурал хийж тулгаж хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх талаар санал авсан байдаг. Ажлаас үндэслэлгүй халсан захирлын тушаал хүчин төгөлдөр бус, хууль зөрчиж гарсан. Сургуулийн захирал нь Б гэж хүн байдаг, тушаалыг Б гаргах байтал Г гэж хүн гаргасан, Г нь Бгийн эхнэр. Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж гэж багшийн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний үнийн дүнг олгосон. Хөдөлмөрийн гэрээг 2021-05-31-ний өдрөөр дуусгавар болгосон нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааг 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын цалин 7.195.000 төгрөгөөр тооцож, энэ хугацааны цалин хөлсөнд нийт 14.390.000 төгрөг шаардаж байна. К-ийн 2021 оны ээлжийн амралтын олговор нь "Хөдөлмөрийн тухай” хуульд заасан 15 хоног, “Боловсролын тухай хуулиар 43.1.2.-д заасан нэмэгдэл 33 хоног, нийт 48 хоногоор тооцогдож, нийт 11.859.941 төгрөг олгогдох ёстой. Энэхүү ээлжийн амралтын олговрыг О сургууль олгоогүй. Иймд 2021 оны ээлжийн амралтын мөнгө 48 хоногийн 11.859.941 төгрөгийг О сургуулиас тус тус гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч О сургууль ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Д.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. К нь манай сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан. 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд ажиллах боломжгүй болсон хүсэлтээ 2021-05-16-ны өдөр майлээр ирүүлсэн, “захидалдаа манай сургуульд ажиллаж байсандаа баяртай байна, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хүсэлтээ илгээгээд” өөрөө гарсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын тайлбарласан 05 сарын 20-ны хурлаар тулгаж ажлаас халсан гэдэг нь няцаагдаж байна. Тиймээс тушаалыг хөдөлмөрийн дотоод журмын 4.13.1 дэх хэсэгт заасны дагуу ажилчны өөрийн хүсэлтээр чөлөөлсөн байдаг. Г гэх хүн тушаал дээр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Г гэдэг хүн гадаад багш нарыг хариуцаж дотоод үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан хэдий тушаал дээр Б.Б захирал гарын үсэг зурсан. Итэй байнга майлээр холбогдож хичээлийн төлөвлөгөө, үйл ажиллагааг эрхэлдэг. Тиймээс гадаад багш нарыг халах эрхийг Д.Гд Б.Б захирал тушаалаар олгосон. К нь 2020 оны 08 дугаар сард ажилд орсон. 48 хоногийн амралтын мөнгийг бүтэн 1 жил ажилласан багш авах ёстой. Гэхдээ бид ээлжийн амралтын мөнгө 11.466.149 төгрөгийг бодож өгсөн. Энэ хүн 2021 оны 05 сарын 16-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд, цалинг нь олгосон байдаг. Нийт ажилласан саруудыг нь тооцоод үзэхээр нийт 37 хоног байсан. 37 хоногийг нь хууль журмын дагуу холбогдох татварыг төлөөд 06 сард 2 хуваагаад олгосон. 48 хоногийн амралтын мөнгө өгөх үндэслэл байхгүй. Манай бусад багш нар 08 дугаар сард ажилдаа ороод дараа жилийн 08 дугаар сард ажилдаа орох нь тодорхой учраас 48 хоногийн олговрыг бүрэн авдаг. Энэ хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарах нь тодорхой болсон учир бид хууль, дүрмийн дагуу тооцоог хийх ёстой, ажилласан хугацаанд нь ноогдох амралтын мөнгийг олгох ёстой гэдэг зарчмаар 37 хоногоор тооцож ээлжийн амралтын олговрыг бүрэн олгосон, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Америк улсын иргэн К нь хариуцагч О сургууль ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14.390.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 11.859.941 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О сургууль ХХК нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, ээлжийн амралтын олговрыг бүрэн олгосон, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлсөн тул нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаархи хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А нь төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байгаа нөхцөл байдлыг мэдэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлээ өмгөөлөгчөөр дамжуулан шүүхэд ирүүлсэн, хариуцагч тал хуульд заасан тайлбар, нотлох баримт гаргах хугацааг авах шаардлагагүй, хариу тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гарган явах боломжтой гэсэн тайлбарыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтов.

О бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоот “Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн англи хэлний багш К-ыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 2 тал/

Нэхэмжлэгч К-н ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14.390.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 11.859.941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч К нь өөрийн “@gmail.com хаягнаас 2021-05-16-ны өдөр “@gmail.com хаягт “Уг өргөдлөөр би О сургуульд ирэх хичээлийн жилд ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ завшааныг ашиглаж би өнгөрсөн жил намайг Монгол улсад үлдэх боломж тодорхойгүй, хэцүү байхад намайг ажилд авсанд талархсанаа илэрхийлж байна. Таны тусыг би хэзээ ч мартахгүй. Ирээдүйд ямар нэгэн байдлаар надтай холбоо тогтохыг хүсвэл @gmail.com болон дугаараар холбогдох боломжтой. О сургуульд амжилт хүсэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд надад дэмжлэг үзүүлсэнд дахин талархсанаа илэрхийлье” гэж өргөдлийг ирүүлжээ. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийсэн, мөн хариуцагч тал захидлыг хуульд зааснаар орчуулгын товчоогоор орчуулгыг хийлгэж баримтыг ирүүлсэн. /хх-ийн 17-18, 58-61/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.А нар багш К-г байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, сургуулиас 2021-05-20-ны өдөр хурал хийж гадаад багш нарт тулгаж хөдөлмөрийн гэрээг 2021-05-31-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас үндэслэлгүй халсан, К нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн багш К-ын @gmail.com хаягнаас 2021-05-16-ны өдөр “@gmail.com хаягт илгээсэн “О сургуульд ирэх хичээлийн жилд ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна” гэх агуулга бүхий захидал буюу хүсэлтийг ирүүлсэн, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр 2021-05-24-ний өдөр Англи хэлний багш К нь тойрох хуудсыг зуруулсан зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал няцаагаагүй, энэ үйл баримт дээр маргаагүй.  

Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар багш К-ын “@gmail.com хаягнаас 2021-05-16-ны өдөр илгээсэн захидал буюу хүсэлтийг өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг хуульд зааснаар гаргасан гэж үзэхээр байна.

Б.И нь О сургуулийн дэд захиралын ажил үүргийг гүйцэтгэдэг болох нь 2020 оны 11-р сарын 04-ний өдрийн Б/61 тушаалын баримтаар нотлогдож байна.

Хариуцагч О бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч К-д 2021 оны цалин 5,396,250 төгрөг, ээлжийн амралтын мөнгийг Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 06-р сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалд заасны дагуу 11,466,149 төгрөгийг бодож олгосон болох нь К-ын ээлжийн амралтын мөнгө бодсон тооцоолол, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлэн 2021-10-29-ний өдрийн архивын мэдээлэл, Х банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 19-22, 65 тал

Иймд нэхэмжлэгч К-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2021 оны 09-р сарын 1-ний өдрөөс 2021 оны 11-р сарын 03-ны өдрийг хүртэлхи хугацааны цалин 14,390,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 11,859,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлыг гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн

128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О сургууль ХХКомпанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,390,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 11,859,941 төгрөг гаргуулах тухай К-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА