Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2022/00117

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/00117

 

К А Б --ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/03518 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К А Б --ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О а с -ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,390,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 11,859,941 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, Ч.Лхагвасүрэн, Д.Доржравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: К Б- Олонлог академи сургууль-ийн англи хэлний багшаар 2020 оны 08 дугаар сараас хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусч байсан, гэтэл 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хурал хийж, хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх талаар саналыг тулгаж авсан. Ажлаас үндэслэлгүй халсан захирлын тушаал хүчин төгөлдөр бус, хууль зөрчиж гарсан. Тушаалыг сургуулийн захирал Б.Баясгалан гаргах байтал түүний эхнэр н.Гантуяа гэж хүн гаргасан. Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний үнийн дүнг олгосон. Хөдөлмөрийн гэрээг 2021-05-31-ний өдрөөр дуусгавар болгосон нь үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын цалин 7,195,000 төгрөгөөр тооцож, нийт 14,390,000 төгрөг шаардаж байна. К Б- /Kurt Bringerud/-ийн 2021 оны ээлжийн амралтын олговор нь "Хөдөлмөрийн тухай хуульд заасан 15 хоног, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д заасан нэмэгдэл 33 хоног, нийт 48 хоногоор тооцогдож, нийт 11,859,941 төгрөг олгогдох ёстой байтал олгоогүй. Иймд 2021 оны ээлжийн амралтын мөнгө 48 хоногийн 11,859,941 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: К Б- нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуульд ажиллах боломжгүй болсон хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэйлээр ирүүлсэн, захидалдаа манай сургуульд ажиллаж байсандаа баяртай байна, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хүсэлтээ илгээгээд өөрөө гарсан. Иймд ажлаас тулгаж халсан гэдэг нь няцаагдаж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 4.13.1 дэх хэсэгт заасны дагуу ажилчны өөрийн хүсэлтээр чөлөөлсөн. Д.Гантуяа гэдэг хүн гадаад багш нарыг хариуцаж дотоод үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан хэдий ч тушаал дээр Б.Баясгалан захирал гарын үсэг зурсан. Гадаад багш нарыг халах эрхийг Д.Гантуяад Б.Баясгалан захирал тушаалаар олгосон. К Б- нь 2020 оны 08 дугаар сард ажилд орсон. 48 хоногийн амралтын мөнгийг бүтэн 1 жил ажилласан багш авах ёстой. Гэхдээ бид ээлжийн амралтын 11,466,149 төгрөгийг бодож өгсөн. Энэ хүн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд, цалинг нь олгосон байдаг. Нийт ажилласан саруудыг нь тооцоход нийт 37 хоног бөгөөд холбогдох татварыг төлөөд 06 сард 2 хуваагаад олгосон. 48 хоногийн амралтын мөнгө өгөх үндэслэл байхгүй. Манай бусад багш нар 08 дугаар сард ажилдаа ороод дараа жилийн 08 дугаар сард ажилдаа орох нь тодорхой учраас 48 хоногийн олговрыг бүрэн авдаг. Энэ хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарах нь тодорхой болсон учир ажилласан хугацааны амралтын мөнгийг олгох ёстой гэдэг зарчмаар 37 хоногоор тооцож ээлжийн амралтын олговрыг бүрэн олгосон, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О а с -ХХКомпанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 14,390,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын олговор 11,859,941 төгрөг гаргуулах тухай К А Б --ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: О а с -үндсэн ажлын байранд үндэслэлгүйгээр хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчсөн. Монгол Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн "хугацаагүй" гэрээ байгуулах үүрэгтэй. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохирлцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж тайлбарласны дагуу Хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хугацаатай байгуулж байгаа тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгаагүй бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусах байсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр 2021 оны 05 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргасан нь хууль зөрчсөн байна.

Анхан шатны шүүх К Б-ын цахим шуудангийн гэх хаягнаас Б.Ирмүүнд илгээсэн захидал буюу хүсэлтийг өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг хуульд зааснаар гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Олонлог академи сургуулийн зүгээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр англи хэлний багш нарыг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар шийдвэрээ хэлэхийг мэдэгдэж, хариугаа яаралтай өгөхийг шаардсан нь ажил олгогчийн зүгээс тависан шахалт, мөн мэдэгдэл гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлагагүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байх ёстой. К Б- ийм хүсэлт гаргаагүй.

Олонлог академи сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны Б/09 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд анхан шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Б.Баясгалан гэх хүн Олонлог академи сургуулийн захирал бөгөөд сургуулийн бүх албан тоот, шийдвэрийг гаргадаг. Олонлог академи сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, Д.Доржравдан нар Гантуяа гэдэг хүн гадаад багш нарыг хариуцаж дотоод үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан хэдий ч тушаал дээр Б.Баясгалан захирал гарын үсэг зурсан. Ирмүүнтэй байнга мэйлээр холбогдож хичээлийн төлөвлөгөө, үйл ажиллагааг эрхэлдэг. Тиймээс гадаад багш нарыг халах эрхийг Д.Гантуяад Б.Баясгалан захирал тушаалаар олгосон гэж тайлбарласан нь тушаал хуульд нийцээгүй болохыг нотолдог.

К Б-ын 2021 оны ээлжийн амралтын олговор нийт 48 хоногоор тооцогдож, 11,859,941.00 төгрөг олгогдох ёстой. Энэхүү ээлжийн амралтын олговрыг олгоогүй болох нь амралтын мөнгө бодсон тооцоолол, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийн зөрүүтэй дүн болон гүйлгээний утга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 19-22, 65 тал/. Ээлжийн амралтын мөнгийг 11,466,149 төгрөг гэж 37 хоногоор бодсон гэх боловч К Б-ын хүлээж авсан дүн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасаж тооцоолоход зөрөх бөгөөд 6,003,000.00 төгрөг нь ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж юм. 2021 оны ээлжийн амралтын 48 хоногийн мөнгөнд 11,859,941 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь цаашид ажиллах боломжгүй тухай хүсэлтээ гаргасан тул ажилласан хугацааных нь ээлжийн амралтын мөнгийг бодож олгосон. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэх гомдлын хувьд Д.Төртүвшинг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж хэлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хяналаа.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

3. Нэхэмжлэгч К А Б - нь О а с -ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,390,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 11,859,941 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 тоот тушаалаар К А Б --г англи хэлний багшийн ажлаас чөлөөлөхдөө өөрийнх нь гаргасан хүсэлтээр Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, сургуулийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. / хх-ийн 2/

5. Зохигчдын хооронд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал болон талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцсэн эсэх, ээлжийн амралтын олговрыг дутуу олгосон гэх асуудал маргааны зүйл болжээ.

6. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох талаар зохицуулсан. Талууд хөдөлмөрийн гэрээг 2020-2021 он буюу нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээг дуусгавар болгох тохиолдолд гэрээ дуусгавар болох өдрөөс 30 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэл өгөх талаар тохиролцсон ба ажилтан К А Б - гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх 48-52, 53-55/

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Дээр дурдсан талуудын хооронд бичгээр хийгдсэн хэлцлийн хувьд ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч К А Б - нь өөрийн цахим [email protected] хаягнаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагын дэд захирал /хх-47/ Б.Ирмүүний [email protected] цахим хаяг руу явуулсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл /хх-58-61/, хүсэлтийг нь орчуулсан бичгийн баримтуудаар /хх 17-18/ тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч К А Б - нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо дээр дурьдсанаар цахим хаягаар явуулж илэрхийлснийг хариуцагч О а с -ХХК Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хугацаанд ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлөхдөө түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тушаал гаргасан нь тухайн тушаалыг хууль зөрчсөн буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг тулгаж дуусгавар болгосон гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2021 оны ээлжийн амралтын мөнгөн олговорт 11,859,941 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх бөгөөд ээлжийн амралтын олговрыг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар олгох ёстой. Иймд хариуцагч О а с -ХХК нь хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон эсэхээс үл хамааран ажилтны ээлжийн амралтын олговрыг олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч К А Б-ын авбал зохих ээлжийн амралтын олговрыг тооцоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 11,859,941 төгрөгөөр тодорхойлсноос илүү байх боловч шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээр буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох талуудын зарчимд нийцнэ.

Хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх бичгийн баримтаас үзэхэд хариуцагч О а с -ХХК-аас нэхэмжлэгч К А Б--д 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6,003,000 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3,844,035 төгрөгийг үлдэгдэл тооцоо олгов гэсэн утгатайгаар тус тус шилжүүлснээс /хх 21-22/ үзэхэд хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болсонтой холбогдуулан ажилтанд 6,003,000 төгрөгийг ажлаас халагдсаны тэтгэмжид, 3,844,035 төгрөгийг ээлжийн амралтын олговорт тус тус олгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага дээрх мөнгөн шилжүүлгийг хийхдээ бичсэн гүйлгээний утгаар өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж болохоор байна.

Иймд хариуцагч О а с -ХХК нь нэхэмжлэгчийн 2021 оны ээлжийн амралтын мөнгөн олговрыг дутуу олгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн тодорхойлсон ээлжийн амралтын олговор 11,859,941 төгрөг гаргуулах шаардлагаас төлөгдсөн 3,844,035 төгрөгийг хасаж, 8,015,906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд тус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэх гомдлын тухайд хариуцагч О а с -ХХК нь хуулийн этгээдийн хувьд төлөөлөх эрхийг буруу хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/03518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч О а с -ХХК-аас 8,015,906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К А Б --д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,390,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад дурьдсугай гэснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О а с -ХХК-аас 143,204 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЦОГТСАЙХАН