Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0036/з |
Дугаар | 221/МА2017/0119 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2017/0119
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 897 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 897 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 768 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй хүчин төгөлдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гарч бүртгэсэн байсан бол тухайн цаг үед буюу нэхэмжлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг шийдвэрлэх боломжтой байсан байна.
Учир нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн а-447 дугаартай захирамжаар 49.05 гектар талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид эзэмшүүлсний дараа тухайн талбай дээр давхцуулан, талбайн хэмжээгээ ихэсгэж 69.2 гектар талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019310 дугаартай өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст дугаар өргөдөл ... гаргах үед нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга манайд ирүүлээгүй, ... тус өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцалтай байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтад заасныг тус үндэслэн “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна.
Кадастрын хэлтэс нь уг өргөдөлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг ... нэхэмжлэгчид хүргүүлэхдээ ... түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдлийг ... бүртгэлээс хасагдсаны дараа уг талбайд дахин ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсэн.
Үүний дараа “Өмнийн говийн баялаг “ХХК-ийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Гүн” нэртэй 49.05 гектар талбайтай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а-557 дугаартай захирамжийг Кадастрын хэлтэс ирүүлснийг мөн сарын 15-ны өдөр бүртгэн авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломж нээлттэй болсон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 897 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд шүүх захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хуулийн дээрх заалттай холбогдуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу зайлшгүй тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
“Өмнийн говийн баялаг” ХХК Ашигт малтмалын газрын даргад холбогдуулж “2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөхийг даалгах”[1] тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Өмнийн говийн баялаг” ХХК-д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших “Баялаг” нэртэй 49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”[2], Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг даалгах”[3] гэх байдлаар тодорхойлсныг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн а/447 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Гүн-2” нэртэй газарт 49.06 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн боловч тодорхой шалтгааны улмаас “Өмнийн говийн баялаг” ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Чиглэл, мэдээлэл хүсэх” тухай 10 дугаар албан бичгээр ““Улаан хас” чулууг түгээмэл тархацтай байгалийн баялагт хамааруулж ойлгохгүй, ердийн ашигт малтмалын ангилалд хамаарах мэдээлэл тархсан, тухайн чулууг аль ангилалд хамаардаг талаар чиглэл, мэдээлэл өгөх”-ийг Ашигт малтмалын газрын Геологийн албанаас хүссэн бөгөөд Ашигт малтмалын газар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/7495 дугаар албан бичгээр ““Улаан хас” чулуу нь метал бус өнгөт эрдэнийн чулууны урлаг чимэглэлийн чулууны ангилалд багтдаг, түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд хамаарахгүй, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахыг анхааруулсан”-аар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газарт гаргасан, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга өргөдлийг хянан шийдвэрлэж, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр “дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай давхацсан” үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болох нь,
үүний дараа Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаар захирамжаар “Гүн-2” нэртэй 49.05 гектар талбайд “Өмнийн говийн баялаг” ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг мөн өдрөөс хүчингүй болгосон, үүнтэй холбогдуулж, нэхэмжлэгч компаниас дахин ““Өмнийн говийн баялаг” ХХК-аас түгээмэл тархацтай байгалийн баялаг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайгаа ердийн ашигт малтмалын хэлбэрт хөрвүүлэн шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 28-нд, түүнчлэн “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн өргөдөл гаргасан талбайд “Универсал нобле машинери” ХХК шивэлт хийж орсон зэрэг асуудлаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гаргасан зэрэг нь тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани гомдол, нэхэмжлэлийг гаргаагүй байх бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн а/557 дугаар захирамж гарсны дараа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагад дахин ханджээ.
Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт өгөх, өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн тухайн шаардлагыг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь заалттай нийцэхгүй байна.
Түүнчлэн дээрх ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгэхийн зэрэгцээ түүнтэйгээ холбогдуулж нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагыг тодруулж, хариуцагч төрийн захиргааны байгууллагын ямар эс үйлдэхүйтэй холбогдуулж тухайн шаардлагыг гаргасныг тодруулах, ялангуяа хэрэгт авагдсан “Өмнийн говийн баялаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүсч удаа дараа гаргасан хүсэлт, өргөдлүүд, тухайлбал, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын хэлбэрт хөрвүүлэн шийдвэрлэж өгөх, өөрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан үндэслэлээр өргөдлийг буцаасныг, эсхүл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд “Универсал нобле машинери” ХХК-ийн нэрээр шивэлт хийгдсэн зэрэг асуудлаар хариуцагчид хандсан хүсэлтүүдийн алинтай нь холбогдуулж гаргасныг тодруулж, түүнтэй холбогдуулж холбогдох баримтуудыг цуглуулж эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэхээр байна.
Үүнээс гадна хэргийн оролцогчдын тайлбарт цугларсан баримттай холбогдуулж нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргасан талбайд давхцуулан “Универсал нобле машинери” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эсэх, мөн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/10 дугаар тогтоолоор дээрх талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэхийг холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж тодруулах шаардлагатай.
Иймд, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9100 дугаар захирамжаар хариуцагчийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар сольсон атлаа шүүхийн шийдвэрт хариуцагчийг хуучин нэрээр бичсэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар татан оролцуулсан захирамжийг гаргаагүй, хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо зөрүүтэй байгаа зэрэг зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] Хэргийн 1, 16 дахь тал
[2] Хэргийн 95 дахь тал
[3] Хэргийн 128, 138 дахь тал