Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/03608

 

 

 

 

                        

 

 

 

            

 

 2021           11          09                                         101/ШШ2021/03608

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот, РД:, Б овогт Д-ийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, өөрийн байранд байрлах, РД:, М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 33,256,132 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б миний бие 1995 оны 05-р сараас “М" ХХК-ийн харъяа “Хажуу-Улаан”-ны уулын үйлдвэрт нягтлан бодогчоор анх ажилд орж, тасралтгүй 19 жил ажиллаж байгаад Зэрэгцээ алтны үйлдвэрээс 2014 оны 7-р сард ажлаас халагдсан. Халагдсан шалтгаан нь тухайн үед үйлдвэрийн удирдлага солигдож, удирдлага экскаватор ЭШ-10/60 сумыг 60 сая төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг өөрийн дураар захиран зарцуулах гэхэд “М” ХХК-ийн зөвшөөрлөөр зарцуулна гэсэн чинь чамтай хамтарч ажиллаж чадахгүй гээд хөдөлмөрийн гэрээг цуцлуулж, халах тушаал үйлдсэн юм. Би тэр үед шүүх энэ тэр гэж явалгүйгээр халагдаж 5 жил ажилгүй, цалин хөлсгүй хохирсон.

Гэтэл 2019 оны 6-р сард “М” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Д.Б нь намайг дуудаж Зэрэгцээ алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаач гэхээр нь би өмнөх явдал шиг болохын биш биз гэхэд Д.Бт: -Үгүй ээ, “М” ТӨҮГ-ын захирал Б. М бид хоёр ТӨБЗГ-тай дөрвөн жилийн гэрээ хийсэн. Тийм учир тэтгэвэрт гартлаа ажиллаж болно гэхээр нь би өмнө нь энэ ажлыг хийж байсан учир зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 06-р сараас Зэрэгцээ алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор дахин томилогдон очоод ажиллаж байтал 2020 оны 03 сарын 01-нээр “Ш” алтны үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, Зэрэгцээ болон “Ш” алтны хоёр үйлдвэрийг нэгтгэх үйл ажиллагааг гүйцэтгэж дууссан. Нэгдэх процесс нь ажиллагаа ихтэй, санхүүгийн программын хувьд хүндрэлтэй асуудлууд их тулгарч байсан. Гэвч ажиллах хугацаанд эмх замбараагүй ажлыг нь хэдэн сар нойр Хоолгүй сууж арай гэж цэгцэнд нь оруулсан.

"М” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежерээс тухайн үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн гэрээний хамт миний 2021 оны 01 сарын 04-ний өдрийн гэрээг 2021 оны 02-р сарын 04-ний өдөр ирүүлсэн дотор нь хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03-р сарын 1 хүртэл сунгав гэсэн байсан. За ингээд би ажлаас халагдах ямар алдаа зөрчил гаргалаа гэж бодож эхлэв.

2020 оны 12-р сард Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С. Г нь Ш алтны үйлдвэрийн захирлыг түр орлож байхдаа хаягдал элсийг худалдан борлуулах талаар танилцуулахад:

1. “М” ТӨҮГ-ын зөвшөөрөл байх ёстой 2. Хуульчтай “Худалдах, худалдан авах” гэрээ хийгдэх ёстой 3. Комиссын бүрэлдэхүүнд ерөнхий инженер байх ёстой 4. Хувь хүнд бус аж ахуй нэгжид худалдах ёстой гэдэг шаардлагыг би тавьсан юм.

Гэтэл комиссын ахлахаар намайг томилсон тушаал гаргасан учир би хянах ёстой хүн ахлах байх боломжгүй гэж татгалзсан. С.Г надад хуульч, ерөнхий инженерээр яахын бэ гээд худалдах ажлыг зохион байгуулсан. Уг элсийг борлуулсан чинь аж ахуй нэгжийн нэр дээр С.Гын жолооч нь худалдан авсан байсан. Энэ үйлдэл нь гэрээг цуцлах үндэс болсон гэж үзэж байна. Ингээд миний тавьсан шаардлага таалагдаагүй учир цаашид хууль бус үйл ажиллагаа явуулахад саад болох хүн байна гэж үзээд намайг ажлаас халуулахаар дээд байгууллага “М” ТӨҮГ-ын захирал М руу саналаа гаргаж хандсан байсан. М захирал намайг яаж ажиллаж байгааг мэдэх ёстой. С.Г нь “М” ТӨҮГ-ын захирал Мтай Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт хамт ажиллаж байсан инженер техникийн ажилчид, нэг үеийн найзууд юм. Би өөрийгөө ажлаас халагдах болтлоо ямар ч хууль бус үйлдэл үйлдээгүй ба өөрийн хувьд ажлаа сайн хийж байсан гэж үзэж байна. Ажиллах хугацаандаа хуулийн хүрээнд шударгаар ажилласны төлөө хэсэг хөрөнгө завших хүмүүсийн таалалд нийцсэнгүй бололтой.

Ингээд “М” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Баас утсаар та намайг гуйж ажилд оруулчихаад одоо яагаад гэнэт ажлаас халах болов гэж асуусан юм. Гэтэл Б нь харин М захирал 2020 оны 12-р сарын 31-ээр ажлаас хална гэхээр нь энэ хүн жилийн эцсийн тайлан гаргах ёстой 2021 оны 03-р сарын 01 хүртэл хойшлуулж өгөөч гэж хэллээ гэсэн байдаг.

Намайг ажлаа хийж байхад зар сонин дээр “Ерөнхий нягтлан бодогч авна” гэсэн зар тавьсан байх жишээтэй. Тэгснээ намайг зарын дагуу “Ш” алтны үйлдвэрт ерөнхий нягтлан бодогчоор ажилд авна уу гэсэн өргөдөл бичиж өг гэж олон удаа бичихийг шаардсан. Тэгэхэд нь би яахаараа ажлаа хийж байгаа мөртлөө дахин ажилд оруулж өгөөч гэж өргөдөл бичдэг юм, би гайхаж байна гээд өргөдөл өгөөгүй. Тэдний санаа бол зарын дагуу шинээр ажилд орохоор ирсэн хүмүүстэй шалгаруулалтанд оруулан тэнцсэнгүй гэж халах санаа гэж үздэг.

Нэхэмжлэгч Д.Б надтай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дуусахаар байсан боловч гэрээний хугацаа дуусах үед байгууллагаас сунгах эсэх талаар ямар нэгэн асуудал яригдаагүй учир гэрээг маань хуулийн дагуу анх заасан хугацаагаараа сунгасан гэж ойлгож, ажил үүргээ гйүцэтгэж байхад буюу 2021 оны 02-р сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх материал ирсэн ба тус өөрчлөлтөөр Хөдөлмөрийн гэрээний маань хугацааг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл сунгалаа гэсэн байна. Тус хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт нь одоо байгаа гэрээний нөхцлийг дордуулж байгаа тул зөвшөөрөх боломжгүй. Иймээс гэрээний өөрчлөлтийг баталгаажуулалгүй буцаалаа гэсэн хариуг 2021 оны 02 сарын 24-нд бичиж М ТӨҮГ-ын санхүү хэлтсийн санхүүч Б.Ц-д цахимаар илгээсэн. Миний явуулсан бичгийг аваад Ерөнхий нягтлан бодогч Б үүнийг юу гэж ойлгох уу гээд өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар гэх болсон учир би өргөдөл өгөхгүй ээ, та нар ажлаас халах санаачилга гаргаснаараа өөрсдөө халчихаа гэсэн. Би уг нь тэтгэвэрт гартлаа ажиллах хүсэлтэй байсан. 2021 оны 02-р сард “Ш” алтны үйлдвэрийн захирлаар Б.Ч захирал томилогдсон, гэтэл миний талаа буруу ойлгуулж танилцуулсан байсан ба захирлын зөвлөхөөр томилогдсон Чандмань тушаал гарснаас хойш надтай ажлын 2 цаг ч ажиллаагүй байж өглөө 9 цагт дуудаж захирал Чагнаадоржтой надаас алдаа дутагдал хайчихсан миний ажлыг дүгнэсэн бололтой ажлын байрны дарамт үзүүлсэн бөгөөд энэ хурлын бичлэг нь байгаа. Энд яригдсан яриа нь "М" ТӨҮГ-ын захирал Мын цахим хурал дээр дарамталсантай утга нэг байсан. “Ш” алтны үйлдвэрийн захирал Чнадад 3 болон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж хүссэн өргөдөл бичиж өг гэж удаа дараа шаардаж байсан. Би өргөдөл өгөөгүй. “М” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч Б 6 сарын тэтгэмж авах гээд байгаа юм уу гэхээр нь надад тэтгэмж өгсөн ч яахав, өгөөгүй ч яахав тушаалаа л гаргачих би ажлаа өгөхөд бэлэн байна гэж хэлсэн. Хэрвээ өргөдлөө өгөхгүй бол тушаал чинь өөр утгаар гарна, би чамайг гуйж ажилд оруулсан, одоо ажлаас гарчихаач гуйж байна гэсэн. "М" ТӨҮГ-ын М захирал байнга наад нягтлангаасаа өргөдөл авч ажлаас нь хал, 1 сарын тэтгэмж өгөөд явуул, шүүхээр яваад юу олж долоодог юм, би хэлтсийн дарга нарыг ажлаас халж чадаад байхад ганц нягтлан халж чадахгүй гэж байнга намайг хүнд байдалд оруулж байна гэж ерөнхий нягтлан Б над руу утсаар ярьсан. “М” ТӨҮГ-ын ахлах нягтлан бодогч Б.У санхүү хэлтсийн санхүүч Б.Ц нараар байнга өргөдөл өгүүлэх талаар утсаар яриулж, эдийн засагч И.Г нь тэтгэмж хүссэн өргөдөл өгчих гэж найзын хувиар хэлж байна гэсэн. Ш алтны үйлдвэрийн захирал Ч“Алтан гадас” одон авч өгье гэсэн тэгэхээр нь би “Хөдөлмөрийн хүндэт медаль аваагүй болдог юм уу гэхэд болдог гэсэн. Миний инээд хүрээд өнгөрсөн. Мөн Улаанбаатарт ажилд оруулж өгье гэсэн. Намайг бүр ажлаас гаргахын мөрөөдөл болсон хүмүүс байсан. Ингээд миний бие өргөдлөө өгөөгүй байхад 2021.03.23-ны өдөр Б\40 тоот тушаалаар ажлаас халсан байдаг. Уг тушаалын хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д алууд харилцан тохирсон” гэсэн байсан. Тэд надтай тохиролцох гээд өргөдлөө өг гэсэн боловч би өргөдлөө өгөөгүй байхад яахаараа тохиролцсон болж байна вэ. Мөн 3 сарын тэтгэмж авахаар тохиролцсон гэж ажлаас халах "М" ТӨҮГ-ын захирлын 2021 оны 03 сарын 23-ны No Б/40 тушаал гаргаснаа 2021 оны 03 сарын 29-нд танилцуулж, ажлаас халсанд гомдолтой байна. Иймд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна, тулган шаардаж ажлаас халж болохгүй, урьд эрхэлж байсан М ТӨҮГ-ийн Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдөр болох 2021 оны 03 сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл ажлын 166 хоног ба дундаж цалин хөлс тооцох тухай 53 дугаар тушаалын 7а дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын дунджаар тооцоход нэг сард 4,306,493 төгрөг, нэг өдөрт 200,302 төгрөг, үүнийг 166 хоногоор тооцоход 33,256,132 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийлгэж, шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Ш” алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлтээр тоот хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгаж ажил олгогчийн гэрээний нэмэлтийг нэхэмжлэгч Д.Бт хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй гэрээ байгуулаагүй ажиллаж ирсэн. Хугацаа дууссаны дараа Д.Бт шаардлага тавьсан ажлын байрны тодорхойлолт болон бусад баримт бичиг дээр ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаал байвал мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой, та мэргэшсэн нягтлан бодогчийнхоо сургалтад суугаад ажиллах бүрэн боломжтой гэдэг байдлаар шаардлага тавьсан. Сүүлд гэрээг 3 сарын хугацаатай сунгасан. Тэр нь тайлан тооцоо байгаа учраас ажил үүргийг хэрэгжүүлэх үүднээс сунгасан. Тухайн 3 сараар сунгагдсан гэрээ хийгдээд Д.Бт мэдэгдсэн, мэдэгдсэний дараа майл ирүүлсэн, тэр нь 3 сараар гэрээг хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг. Гэхдээ дуудаад уулзахаар хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь уулздаггүй, зөвшөөрөлгүй гэрээг цуцалсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Д.Бт ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг тавьсан, өөртэй нь уулзсан. Тухайн хүн 3 сарын тэтгэмж өгчих, тэтгэмж өгвөл би өргөдлөө өгнө, харин та нар тушаал шийдвэрээ гаргачих гэсэн. Иргэн Д.Бтэй анх хөдөлмөрийн гэрээг байгуулахад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хуулийн зохицуулалтын дагуу ажилтантай харилцан тохиролцож хугацаатай байгуулсан ба уг гэрээний хугацаа дуусмагц ажил олгогчийн зүгээс гэрээний хугацааг сунгаж ажиллуулсан бөгөөд тус сунгасан гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх сунгаж тус гэрээ нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болсон байдаг. 2021 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл цалин хөлс авсан гэж үзэж байгаа. Ажил олгогчийн зүгээс тоот хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Д.Бтэй уулзаж, харилцан тохиролцсоны дагуу 3 сарын цалинтай /үндсэн болон нэмэгдэл/ тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байдаг бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан бол тус тэтгэмжийг буцааж шилжүүлэх байсан бөгөөд одоо хүртэл шилжүүлээгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлгүй тэтгэмжийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх сонирхолтой байна гэж үзэхээр байна. Иймд иргэн Д.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М ТӨҮгазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 33,256,132 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь “хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцож хугацаатай байгуулсан, хугацаа дуусмагч ажил олгогчийн зүгээс гэрээг сунгаж ажиллуулсан ба 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай холбогдуулан нэхэмжлэгчтэй харилцсан тохиролцсоны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргасан.

М ТӨҮГазрын захирлын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 43.1, 43.2, 59.1 дэх хэсэг, Д.Бийн өргөдлийг тус тус үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Ш алтны үйлдвэрт ерөнхий нягтлан бодогч Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 5 тал/

Нэхэмжлэгч Д.Б нь Ш алтны үйлдвэрт 2020-03-02-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон болох нь зохигчийн тайлбар, 2020-03-02-ны өдрийн Б/31 дүгээр тушаал, 2020-03-04-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 13, 60 тал/

Нэхэмжлэгч Д.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

Зохигчдын байгуулсан дугаар хөдөлмөрийн гэрээний 7 дугаар заалтанд “энэхүү гэрээг Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дах хэсэгт зааснаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд хүчинтэй байна” гэж тохиролцжээ.

 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлхи хугацаатай байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан” ажил олгогоос 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдэл гэрээ хийсэн, нэмэлт хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн. Гэрээний талуудын тэгш эрхийн зарчмын дагуу харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан. Гэхдээ талууд байнгын ажил байр дээр хугацаатай гэрээ байгуулж байгаа үндэслэл, шаардлага нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй, байнгын ажлын байр байхад ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчжээ. 

Хэдийгээр ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д олгосон боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд уг хуулийн зохицуулалт хамаарна. Хэрэгт авагдсан баримтуудаар Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажилтныг хугацаатайгаар ажиллуулах шалтгаан нөхцөл бүрдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Ажилтан Д.Бийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаал болох Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч нь байнгын ажлын байр болох дээр талууд маргаагүй.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлхи хугацаатай байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан” ажил олгогчоос 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдэл гэрээ хийсэн, нэмэлт хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөр байгуулж, цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн, мөн Д.Б өөрөө чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж зөвшилцсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр саын 04-ний өдөр нэмэлт хөдөлмөрийн гэрээ хийсэн гэх тайлбарыг нотлох баримт гэж хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан баримтыг шүүхэд ирүүлсэн. Уг гэрээнд ерөнхий нягтлан бодогч Д.Б гарын үсэг зураагүй байна. /хх-ийн 33 тал/

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон.

Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч албан тушаал нь хэвээр байгаа, уг албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчиж ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэмэгдлийн MR-20-05-219 дугаар гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний хугацааг дуусгавар болохоор заасан хэдий ч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хугацаа буюу 2020 оны 12 дугаар 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажил олгогч ажилтанд мэдэгдээгүй” байх тул хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар мөн хугацаагаар гэрээг сунгагдсан гэж үзэхээр байна.

Ажил олгогч 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан, Д.Бтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон асуудлыг зөвшилцөж өөрийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул Д.Бийг Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох.

Ажилгүй байсан хугацааны цалинг Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар /1 сард ногдох сарын цалинг 4,306,423 төгрөг, 1 хоногийн цалинг 200,302 төгрөгөөр тооцож/ 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрйг хүртэл 154 хоногийн цалин 19,712,462 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 13,543,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Ажилтан Д.Бт олговол зохих цалин 19,712,462 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бийг М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын харьяа Ш алтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 19,712,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,543,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Д.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 326,712 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА