Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/03609

 

 

 

 

 

 

                        

 

 

 

            

 

 2021           11          09                                         101/ШШ2021/03609

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг өөрийн байранд оршин байрлах Х банк ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, РД:, Т овогт С-ийн Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,776,903.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Н нь У банктай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тоот Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 4,835,329.28 (дөрвөн сая найман зуун гучин таван мянга гурван зуун хорин есөн төгрөг, хорин найман мөнгө) төгрөг; Зээлийн үндсэн хүү: 931,932.96 (есөн зуун гучин нэгэн мянга есөн зуун гучин хоёр төгрөг, ерэн зургаан мөнгө) төгрөг; Нэмэгдүүлсэн хүү: 5,141.29 (таван мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг, хорин есөн мөнгө) төгрөг; Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 4,500.00 (дөрвөн мянга таван зуун төгрөг) төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан тоот Зээлийн гэрээ-г шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч С.Н-ээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 5,776,903.53 (таван сая долоон зуун далан зургаан мянга есөн зуун гурван төгрөг, тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, *******,*******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч буюу хариуцагч С.Н нь 2018 оны 06 сарын 25-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж Х банкнаас 10,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлээд төлбөрийг хуваарийн дагуу төлж чадаагүй. Энэ талаар зээлдэгчид мэдэгдсэн боловч зөрчлөө арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир шүүхэд хандсан. Иймд үндсэн зээл 4,835,329.28 төгрөг, хүү 931,932.96 төгрөг, алданги 5,141.29 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 5,776,903.53 төгрөгийг гаргуулан Х банканд олгож өгнө үү. Хариуцагчийн хувьд бид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уулзалт хийхэд төлбөрийг бүрэн төлнө гэж байсан ч дахин уулзалт хийхэд төлөхгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч С.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,835,329.28 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 931,392.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,141.29 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 5,776,903.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2021-10-26-ны өдрийн 18184 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-ийн хүсэлтийг хангаж, хариуцагч С.Н-г шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ба тэрээр 2021-11-09-ний өдөр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, хариуцагч Н-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Н-д 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан хэдий ч хариуцагч Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч У банк ХХК болон хариуцагч Н нар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатайгаар 10,000,000 төгрөгийн үнэ бүхий, сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 9-10 дугаар тал/

            У банк ХХК, Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Улмаар У банк ХХК нь нэхэмжлэгч Х банк ХХК-тай нэгдсэн болох нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын 20, 21 дугаарт дурдсан бичилтээр тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/

Иймд Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дээрх зээлийн гэрээний дагуу үүсэх эрх, үүрэг нь нэхэмжлэгчид шилжсэн байх тул Х банк ХХК нь энэхүү зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй.

 Энэхүү зээлийн гэрээний дагуу олгосон зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй боловч зээл олгогдсон болох нь хэргийн 14 дүгээр талд байх гараар бичсэн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь зээл олгосон эсэх болон уг гараар бичсэн баримтын талаар маргаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу У банк ХХК нь үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Нгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,835,329.28 төгрөг, зээлийн хүү 931,392.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,141.29 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 5,776,903.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Х банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107,380.46 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н-ээс 107,380.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,835,329.28 төгрөг, зээлийн хүү 931,392.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,141.29 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 5,776,903.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 107,380 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н-ээс 107,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА