Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00087

 

О.У-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэртэйО.У-гийн нэхэмжлэлтэй, Х.Х-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч О.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов. 

           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4 настай монгол үнээ нэг буюу 650,000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20,000 төгрөг бүгд 670,000 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие жирийн танил Х.Х-д 2016 оны 5 дугаар сарын дундуур өөрийн амины Хар алаг зүсмийн, сүүний чиглэлийн тарлан үүлдрийн үнээг итгэмжлэн маллуулахаар өгсөн. Х.Х-гаас 2017 оны 11 дүгээр сард үхрээ авах гээд Х руу утсаар ярьтал “тэр таны үхэр алга болоод хэдэн сар өнгөрч байна” хэмээн хариу өгсөн. Хариуцагч Х.Х нь нэгэнт миний үхрийг итгэмжлэн авч маллаж хариулахаар амлаж аман хэлцэл хийж, үхрийг надаас хүлээн авсан байсан тул уг үхрийг бүрэн бүтэн байдлыг хариуцаж алдвал цаг хугацаанд нь мэдэгдэж, эрэл сураг тавьж хайж олох үүрэгтэй. Энэ талаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д хадгалагчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч Х.Х нь уг үүргийг ноцтой зөрчсөн тул төлбөр хариуцах нь зайлшгүй. Иймд Х.Х-гаас 4 настай монгол үнээ нэг буюу 650,000 төгрөг, Өлгий сумын үнэлгээний газарт үнэлгээний хураамжид төлсөн 20,000 төгрөг бүгд 670,000 төгрөгийг төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие О.У гэдэг хүнийг танихгүй.Төрөл садангийн холбоо, харилцаагүй, дотно харьцаж байгаагүй. Магадгүй зүс үзэж байсан байх. Насаар их зөрөөтэй хүн байх гэж нэхэмжлэлийг нь аваад бодож байна. О.У гэх хүн надад итгэмжлүүлэн үхэр, мал хариуцуулан маллуулж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлаж байна. Би О.У-гийн гэр орон, хаана байдаг, ямар малтайг мэдэхгүй. О.У нь надад ямар малаа баримт үйлдэж харилцан гэрээ хийж хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч тогтоолгоно биз. Харин аав маань олон хүнтэй харьцаж байдаг бөгөөд зарим иргэдийн малыг гаднаас нь харж хариулан хамгаалж явдаг тусч хүн. Тэгж аавын бусдад тусалж байсан сэтгэлийг ашиглан алдуул малаа төлүүлэх гэж зүтгэж байсныг нь харсан. Энэ О.У нь аавтай тохирсон байдлаа надтай андуурч эсвэл надыг айлган сүрдүүлж байж малаа төлүүлж авахаар санаархаж байж магадгүй. Иймд миний бие энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-ийг тус тус баримтлан хариуцагч Х.Х-ааас 4 настай монгол үнээ нэг буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,000 (хорин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ҮҮнд:

1. О.У-тай би өөрийн зүгээс дотносож танилцаж байгаагүй, малыг нь маллаж өгнө гэж амаар болон бичгээр ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, мөн амлаагүй.

2. Нэхэмжлэгч О.У нь шүүхэд өмгөөлөгч Х.Зулхашаас эчнээгээр хууль зүйн туслалцаа авч нэхэмжлэл болон тайлбараа бичүүлэн хуулийн зүйл заалтыг тусган оролцсон бөгөөд намайг гэнэдүүлж шүүх хуралд өмгөөлөгчгүй оруулж элдэв гүтгэлэг зэргээр дайран давшилж нэхэмжлэлээ хангуулж дөнгөлөө. Тодруулбал: Миний монгол хэл мэдэхгүй бөгөөд огт боловсролгүй уулын мухарт, мал маллаж, сул дорой амьдардаг болхи байдлыг минь овжин ашигласан ба шүүх миний энэ эрх зүйн байдлыг анхаараагүй. Хэдийгээр би хууль мэдэх ёстой, мөн үүрэгтэй байсан хэдий ч тэгэх чадваргүй байдлыг минь шүүх мэдэж байсан бөгөөд “Үхэр нь алдагдсан уу? үхсэн үү, чи хариуцаж төлөх ёстой” гэж шүүх хуралд тулгасан байдлаар асууж нэхэмжлэгчид ашигтай байдал бий болгож шийдвэрлэсэн.

3. Би шүүх хуралд болон тайлбартаа: “Нэхэмжлэгч нь миний аавд үхрээ захисан байж болно. Үүнд нь би хамаагүй бөгөөд оролцохгүй. Би аавын хэлснээр “бусдын 2 тугал хариулах гэж 2016 онд ядаж байснаа” анхан шатны шүүхэд хэлсэн. Энэ тугалууд О.Ун тугалууд гэдгийг би тухайн үед мэдээгүй. Би хариуцагч биш, аавтай тохирсон бололтой. Анх аав тугалуудын тухай нэг хүнтэй утсаар ярьж, тугалууд чинь тогтохгүй байна, аваад яв гэж хэлсэн, мөн би ч гэсэн аваад яв гэж тэр хүнд утсаар хэлж байсан. Утсаар ярьсан хүний хан гэдгийг мэдээгүй. Тэр үед нэг тугал нь алга болчхоод хөрш С-ийн сүрэгт байсныг нь мөн аав тугалын эзэн гэх хүнд утсаар хэлүүлж байж эзнээр авхуулсан. Тэр үед О.У “одоо нэг тугал танайд байгаа, бүх талаар нь тохирчихсон байгаа гэхэд нь би “Таны тэр тугалыг чинь би хариуцахгүй. Учир нь та аавтай тохирсон бол аавд хэлж захиад явна биз, Би хариуцахгүй аваад яв. Тэгээд ч ганц тугал дасаагүй газраа тогтдоггүй юм” гэж хэлсэн. Энэ яриаг тэрээр шүүхэд надтай тохирсон. Түүнд хивэг, хужир буулгаж өгч авгайг нь Өлгийгөөс машин хөлсөлж хүргүүлсэн гэж шууд заль мэх хэрэглэн гүтгэж гүжирдэж байсан ба тайлбартаа ч шүүхийг итгүүлэхээр энэ мэт олон юм бичсэн байна. Аман хэлэлцээр хийсэн гэж огт нотлогдоогүй юм бичсэнийг шүүх нотлогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь аавтай аман хэлэлцээр хийснээ шүүхэд яагаад бичээгүй, хэлээгүй нь эргэлзээтэй. Хуулийн зөвлөх нь “Шууд Х.Х-г барьж авч түүгээр оролд” гэж зөвлөснөөс болсон гэж бодож байна. Учир нь О.У нь аавтай харьцаж тохироод 2 тугалыг хариуцуулсан гэдгээ шүүхэд хэлбэл миний ааваас /Ха-аас/ нэхэмжлэлээ авч чадахгүй гэж бодоод юм мэдэхгүй надыг оролдсон байгаа юм.

4. О.У нь намайг малд явсан үед 2016 оны 5 дугаар сарын эхэнд байх аавтай хамт ирж 2 тугалаа орхиж явжээ. Би малаас ирээд аавд утсаар “энэ ямар учиртай тугалууд вэ? тогтохгүй ш дээ” гэхэд “түр харья, тогтохгүй бол би эзэнд нь өгч явуулна” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын үед байх нэг тугал нь алга болчихсон ерөөсөө хотонд тогтсонгүй. Хүний мал дасаж заншаагүй газар орон, мал сүрэг дотор тогтохгүй болоод зожиг болж ганцаар явдаг юм. Тэр тугалууд нь алга боллоо гэж хэлсэн. Аав нэг хүний утасны дугаар өгч энэ хүнд тугал чинь алга боллоо эрт хайгаад олж ав гэж хэл гээд утсаар энэ байдлыг хэн нэгэнд хэлүүлсэн. Тэр нь одоогийн энэ нэхэмжлэгч байсныг тухайн үед мэдээгүй. Аавын хэлүүлснийг хэлсэн. Гэтэл бүр надыг Өлгийд ирж тугалдаа хивэг, хужир авсан эхнэр хүүхдээ үнэгүй хүргүүлж 100.000 гаруй мянган төгрөгөөр хохирсон гэж огт худал гүтгэсэн. Эхнэрийг Өлгийд байхад аав нэг машинд хийсэн. Тэр О.Ун машин байсныг тухайн үед мэдээгүй. Мөн хивэг хужирт аваагүй. Бүхэл бүтэн 2 жил өнгөрсөн хойно том үхэр болгон нэхэмжилсэн байна.

5. Анх аав шүүхэд итгэмжлэлээр оролцож наад тугалын асуудлыг би сайн тайлбарлаж өгч О.У-д ойлгуулна гэхэд О.У нь шүүхэд яаран сандран өмгөөлөгчөөр хүсэлт гаргуулж шүүхээр дуудуулан намайг шүүх хуралд гэнэт оруулсан байсныг шүүх хурлын дараа би хэргийн материалтай өмгөөлөгчийн тусламжаар танилцаад ойлгосон. Шүүх итгэмжлэл нь байхад аавыг оролцуулж хариуцагч хэн байсныг нь ойлгож, тогтоох боломжийг судлаагүй, хайнга хандаж миний эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзэж байна. Би хариуцагч биш төлбөр төлөхгүй тухайгаа шүүхэд хэлсэн бөгөөд энэ талаар шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.

6. Шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч нь шүүгчийн асуултад: “Надад утсаар үхэр чинь алга болсон олж ав” гэж хэлсэн. Хар алаг нь ойр нэг айлын малд нийлсэн байна ав гэсэн” гэж хариулсан нь бичигджээ. Тэр үе бол 2016 оны 5 дугаар сарын сүүлчээр аав надаар тугал чинь тогтохгүй байна, ирж ав” гэж О.У-д утсаар хэлүүлсэн үе юм. Дараа нь ирж нэг тугалаа С, Ж нарын үхэр сүргээс олоход би очиж аавын хэлснээр ачилцаж өгсөн. Тэр үед энэ хүнийг харсан ба би нөгөө тугалаа ав гэхэд аавтай чинь ярьж тохирсон явж байг удахгүй авна гэж аавтай ярьж байсан.

7. Хоёр тугал нь эр тугал байсан. Хэрэг дотор эм байсныг нотлоогүй атлаа нэхэмжлэгч нь бүдүүн нас бие гүйцсэн монгол үүлдрийн эм саалийн үнээ байсан гэж үнэлгээчинтэй үгсэн тохирч үнэлгээ гаргуулсныг би хүлээн зөвшөөрөхгүй. Анх авч ирсэн 2 тугал нь эр байсан тул надаар эм үхэр болгон өлүүлэхийг хүссэн шунахай зангаар нэхэмжилснийг шүүх тодруулаагүйгээр нэхэмжлэлийг нь хангасанд гомдолтой байна.

8. Нэхэмжлэгч нь тооллогод ямар зүсмийн, ямар хүйсийн үхэр тоолуулсан эсэх, одоогийн хар алаг зүсмийн гэх тугал, бяруу, үнээ гэгчийг малын тооллогод тоолуулж эзэмшин, өмчилж байсныг нэхэмжлэгч нь шүүхэд нотлоогүй байхад шүүх нь нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх өмгөөлөгчийн цаасанд бичсэн хэдэн зүйл, заалтыг үндэслэж хуулийг буруу хэргэлж, буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн овсгоо зан гаргаж харьцсанд итгэж нэхэмжлэлийг нь хангасан гэж үзэж байна.Үүнээс гадна нэхэмжлэгч нь цагдаа, баг, сумын холбогдох албан тушаалтанд алдуул малаа тэмдэглүүлээгүй, үхэр алга болсныг шалгуулаагүй гэдгийг нэхэмжлэгч хэлж байхад, алдагдсан үхэр гэгч нь нэхэмжлэгчид байсан эсэхийг тогтоолгүйгээр хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгч надаас “Үхэр алга болсон уу? гэхэд би тугал нь алга болсон бөгөөд түүнд мэдэгдсэн” гэж хэлсэн. Энэ хариултыг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж гэмгүй иргэн надыг хохироосонд гомдолтой байна.

Иймд хариуцан итгэлцлийн харьцааны үндсэн дээр гэж намайг шууд тулган хэлмэгдүүлэн буруутгаж О.У-гийн малыг маллах ёстой байснаас хариуцан эзэн болоогүйгээс үхэр алдсан гэж 650000 төгрөг төлүүлэх болсон тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 422 дугаар 422.1.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч О.У нь Х.Х-д холбогдуулан 4 настай монгол үхэр буюу 650000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “2016 оны 5 дугаар сарын дундуур өөрийн хар алаг зүсмийн, сүүний чиглэлийн тарлан үүлдрийн үнээг итгэмжлэн маллуулахаар өгсөн. Х.Х-гаас 2017 оны 11 дүгээр сард үхрээ авах гэж асуухад таны үхэр алга болоод хэдэн сар өнгөрч байна гэсэн. Нэгэнт миний үхрийг итгэмжлэн авч маллаж хариулахаар амлаж аман хэлцэл хийж, үхрийг надаас хүлээн авсан байх тул бүрэн бүтэн байдлыг хариуцаж, алдвал цаг хугацаанд мэдэгдэж, эрэл сураг тавьж хайж олох үүрэгтэй” гэж тайлбарлаж, хариуцагч “О.У гэх хүнийг танихгүй, надад итгэмжлүүлэн үхэр, мал хариуцуулан маллуулж байгаагүй. Надад гэрээ, хэлцэл хийж мал хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтаар нотлоно биз. О.У нь аавтай тохиролцсон бол би мэдэхгүй, намайг малд явсан хойгуур хоёр бярууг хашаанд уяад үлдээсэн байсан. 3 хоногийн дараа хоёр бярууг алдчихсан нэхэмжлэгчид утасдаж хэлсэн, О.У нь миний эцэг Ха-тай ирж нэг бярууг авч С-ийн үхэрт байсан бярууг үлдээж явсан байсан. Би дахин утасдаж нэг бярууг салгаж аваад явсан яаж байгаа юм бэ, би маллаж чадахгүй гэж хэлсэн, тэр “үхэрт явж байг, та нар гаднаас харж байхгүй юу” гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сард дахин алга болсон тэр өдөрт өөрт нь хэлсэн түүнээс хойш над руу холбогдоогүй би энэ хэргийн хариуцагч биш” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох хоёр бярууг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй, маргааны үндэслэл болсон бярууг хариуцагч Х.Х-гийн үхэрт байхгүй, С-ийн үхэрт байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон ба нэг бярууг өөр газраас олж авч С-ийн үхэрт байсан хар алаг бярууг үлдээж явснаас үзэхэд дахин хариуцагч Х.Х-д уг бярууг хүлээлгэж өгөөгүйгээс үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалах үүрэг үүсээгүй байна. Учир нь нэхэмжлэгч О.У нь анх хоёр бяруу алга болох үед хариуцагчийн эцэг Ха-тай хамт бяруугаа хайж яваад улаан алаг бяруугаа Ж-ын үхрээс олж авч яваад хар алаг бярууг С-ийн үхэрт байхыг нь үзээд тэнд орхиж явснаас хариуцагч Х.Х-д уг бярууг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан тул учирсан хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.У-ийн 4 настай монгол үхэр буюу 650000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20630 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.У-ын хариуцагч Х.Х-гаас 4 настай монгол үхэр буюу 650000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 20000 төгрөг бүгд 670000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20630 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20630 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч Х.Х-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ