Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/03158

 

 

 

 

 

 

 

2021 10 14 101/ШШ2021/03158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 4 бэрх хотхон 423 тоот хаягт оршин суух, Олдгой бөө овогт Пүрэвийн Бямбагаравын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 5-100 тоот хаягт оршин суух, Харчин овогт Гүрийн Оюунчимэгт холбогдох,

 

Гэм хорын хохирол болох 7,513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр уулын замд өөрийн өмчлөлийн Субару порестор 19-71 УАЕ улсын дугаартай авто машинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн*******ийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд орсон. Тус үйлдэгдсэн зөрчилтэй холбогдуулж Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс ЗТО-695 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж улмаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэр гарсан. Тус шийдвэрээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо Уулын замд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14.45 цагийн орчим Гүрийн Оюунчимэг нь Тоёота приүс 30 маркийн 96-93 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарч *******ын өмчлөлийн Субару форестор 19-71 УАЕ улсын дугаартай авто машинд 6,300,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болно. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч Цагдаагийн хошууч Д.Төгсбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр П.Бямбагарав надад иргэн*******т шийтгэл ногдуулсан тухай хариу мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Тус хариу мэдэгдэх хуудсаар*******ийг буруутай болохыг тогтоож Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан, мөн та өөрт учирсан хохирлыг нөхөн гаргуулахаар холбогдогч*******ийн оршин суугаа нутаг дэвсгэрийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсан болно. Зөрчил гарч, хохирол үүссэнээс хойш ******* миний бие*******ээс учруулсан хохирлоо барагдуулж өгөөч гэж удаа дараа утсаар холбогдсон боловч бие муу байгаа, эмнэлгээр явж байгаа, боломж бололцоо байхгүй, одоо яая гэхэв дээ гэсэн байр суурьтай учруулсан хохирлоо барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Дээр дурьдсан зам тээврийн ослоос үүдэж үнэлгээний зөвшөөрөл бүхий Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд зааснаар миний өмчлөлийн Субару порестор 19-71 УАЕ улсын дугаартай авто машинд 6,300,000 төгрөгийн хохирол учирсан, Ашид билгүүн ХХК-д хохирлын үнэлгээ хийсний төлбөрт 298,000 төгрөгийг тушаасан, мөн ослын газраас Нийслэлийн замын цагдаагийн газрын журмын хашаа хүртэлх ачилтын төлбөрт Их тээвэр ХХК-д 120,000 төгрөгийг тушаасан, авто машины оношилгоонд Мио марк мастер ХХК-д 95,000 төгрөгийг тушаасан, Нийслэлийн замын цагдаагийн газрын журмын хашааны төлбөрт 700,000 төгрөг нийт 7,513,000 төгрөгийн хохирол болон гарах ёсгүй зардал гарсан болно. /мөнгө тушаасан бүх баримт зөрчлийн хэрэгт авагдаж, хуулбар үнэн даруулж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа болно/

Иймд ******* миний бие*******ээс гэм хор учруулсны төлбөрт 7,513,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Батхишигтэй 2013 ноос хойш хамт амьдарсан. Миний нөхөр Ж.Батхишиг нь 2020 оны 7 сараас бие нь муудаж би нөхрөө асарч тойлдог байсан. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Батхишигийн бие маш муудаж яаралтай эмнэлэг рүү авч явах шаардлага бий болсон тул нөхрөө хажуудаа суулган тус тээврийн хэрэгслийг яаран жолоодож явах үедээ дээрх ослыг гаргасан. Мөн 9693 УНГ улсын дугаартай приус-30 маркийн автомашины эзэн Чинзориг нь тус машиныг худалдаж борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.******* бол н.Батхишиг гэдэг хүнтэй 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 9693 улсын дугаартай приус-30 маркийн машин хашаанд нь байдаг байсан. Энэ машины өмчлөгчөөр н.Чинзориг гэж хүн байдаг. н.Батхишигийн биеийн байдал 2013 оны 7 дугаар сараас хойш муу байж байгаад осол гардаг өдөр******* нь н.Батхишигийг эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байхад уг осол болсон. н.Чинзориг нь тухайн тээврийн хэрэгслийг унах эрхийг*******т олгосон байдаг. Хуульд зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох авто ачилт, журмын хашаанд төлсөн 700,000 төгрөг, эвдэрсэн автомашины хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 298,000 төгрөг, 19-71 УАЕ улсын дугаартай автомашинд 6,300,000 төгрөгийн хохирол учирсныг Ашид билгүүн ХХК тогтоосон, оношлогооны төлбөрт төлсөн 95,000 төгрөг, автомашин ачуулахад төлсөн 120,000 төгрөг хэмээн нийт 7,513,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч******* нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15:45 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд, Тоёота приус-30 маркийн, 96-93УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож яахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр, эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана, 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөний улмаас Субару форестер маркийн 19-71 УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ЗТО-695 дугаартай зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, Зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч холбогдогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдврлэх ажиллагааны тэмдэглэл,*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

Зам тээврийн осолд өртсөн Субару форестер маркийн 19-71 УАЕ улсын дугаартай автомашины өмчлөгч ******* мөн болох нь хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул дээрх ослоос үүдэлтэй хохирлыг арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******т учирсан хохирлыг хариуцагч Г.Оюунчимэг хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар эвдэрсэн автомашины хохирлын үнэлгээ хийлгэхэд 298,000 төгрөг төлсөн, 19-71 УАЕ улсын дугаартай автомашинд 6,300,000 төгрөгийн хохирол учирсныг Ашид билгүүн ХХК тогтоосон, оношлогооны төлбөрт 95,000 төгрөг төлсөн, автомашин ачуулахад 120,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх боловч авто ачилт, журмын хашаанд 700,000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зам тээврийн осолд өртөж, өөрийн автомашиныг журмын хашаанд байлгаж байх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, автомашинаа журмын хашаанаас авч чадахгүй цаг алдсанаас 700,000 төгрөг төлж хохирсон гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын11-ний өдрийн 178 дугаартай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоож мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор бэлэн байдлын зэргийг бууруулж, 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.

Мөн түүнчлэн, зам тээврийн осол гарсан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд явуулж дуусгасан байна.

Дээр дурьдсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 19-71 УАЕ улсын дугаартай автомашиныг түр саатуулах хашаа /байр/-нд байсан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулж, бусад хугацаанд хамаарах төлбөртэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор, нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-нд шилжүүлэх, байрлуулах үйл ажиллагаагаар суудлын автомашиныг ачихад 60,000 төгрөг, 1 хоног саатуулахад 5,000 төгрөгөөр тогтоосон байх тул дээр дурьдсан 19 хоногийн 95,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тоёота приус-30 маркийн, 96-93УНГ улсын дугаартай автомашины өмчлөгч нь өөр хүн байдаг тул хариуцагч******* хохирлыг хариуцахгүй хэмээн маргаж байх боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. гэж хуульчлан зохицуулсан, хариуцагч*******ийн гэм буруу нь дээр дурьдсанаар тогтоогдсон тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******ээс 6,908,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 605,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 125,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Т.ГАНЧИМЭГ