Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00001

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00001

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/03158 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох гэм хорын хохиролд 7 513 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрээр ...Г.О- нь Тоёота приус 30 маркийн 96-93 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч П.Б- миний өмчлөлийн Субару форестер 19-71 УАЕ улсын дугаартай автомашинд 6 300 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Зөрчил гарч, хохирол үүссэнээс хойш П.Б- миний бие Г.О-ээс учруулсан хохирлоо барагдуулж өгөөч гэж удаа дараа утсаар холбогдсон боловч бие муу байгаа, эмнэлгээр явж байгаа, боломж бололцоо байхгүй гэсэн байр суурьтай өнөөдрийг хүрсэн. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд зааснаар миний автомашинд 6 300 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлын үнэлгээ хийсний төлбөрт 298 000 төгрөг, мөн ослын газраас Нийслэлийн замын цагдаагийн газрын журмын хашаа хүртэлх ачилтын төлбөрт 120 000 төгрөг, автомашины оношилгоонд 95 000 төгрөг, журмын хашааны төлбөрт 700 000 төгрөг тус тус төлж, нийт 7 513 000 төгрөгийн хохирол болон гарах ёсгүй зардал гарсан. Иймд Г.О-ээс гэм хор учруулсны төлбөрт 7 513 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний нөхрийн бие маш муудаж яаралтай эмнэлэг рүү авч явах шаардлага бий болсон тул нөхрөө хажуудаа суулган тус тээврийн хэрэгслийг яаран жолоодож явах үедээ дээрх ослыг гаргасан. Мөн 9693 УНГ улсын дугаартай приус-30 маркийн автомашины өмчлөгч н.Чинзориг гэж хүн байдаг. н.Чинзориг нь тухайн тээврийн хэрэгслийг унах эрхийг Г.О-т олгосон байдаг. Хуульд зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан тул Г.О-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.О-ээс 6 908 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 605 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-ээс 125 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэт капитал лизинг ХХК нь хариуцагчийн эзэмшиж байсан буюу осол үйлдсэн 9693 УНГ тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болох нь харагддаг. Тус тээврийн хэрэгсэл ямар хэлцлийн үндсэн дээр эзэмших эрх нь бусдад шилжсэн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тус компаниас гаргуулж өгөхийг хүссэн бөгөөд тус тээврийн хэрэгслийг ашиглах эсхүл эзэмших эрх олгосон эсэхийг тодруулж байж шүүхийн шийдвэр үндэслэлтэй болох юм. Гэтэл шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ хуульд нийцээгүй байхад уг үнэлгээг үндэслэн 6 908 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч Г.О-т холбогдуулан гэм хор учруулснаас учирсан хохиролд нийт 7 513 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар хариуцагч Г.О- нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 96-93 УНГ улсын дугаартай тоёото приус маркийн автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж, нэхэмжлэгч П.Б-ын жолоодож явсан 19-71 УАЕ улсын дугаартай субару форестер автомашинтай мөргөлдсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны үзлэгийн баримт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх6-28/

Иймд нэхэмжлэгч П.Б- нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй буюу хариуцагч Г.О- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч П.Б- нь дээрх ослын улмаас өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар тогтоолгоход 6 300 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хохирлын үнэлгээний төлбөрт 298 000 төгрөг, оношилгооны төлбөрт 95 000 төгрөг, автомашин ачуулах төлбөрт 120 000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон байна. Харин авто ачилт, журмын хашааны төлбөрт 700 000 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, талуудын тайлбар, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Тээврийн цагдаагийн албаны үзлэгийн баримт, шийтгэлийн хуудас зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийг нэхэмжлэгчийн автомашинд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь зөв боловч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцлага хүлээх үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн атлаа мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулаагүй, тус тээврийн хэрэгслийг ашиглах эрхийг Нэт капитал лизинг ХХК-иас хариуцагч Г.О-т олгосон эсэхийг тодруулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ/2021/03158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 499 дүгээр зүйлийн 499.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН