Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2018/00088

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний хөлснөөс үлдсэн 570000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Н ХХК нь 1999 оноос эхэлж зоогийн газар, хурим найрын хүлээн авалтын үйлчилгээний чиглэлээр 19 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр У нь хүүхдийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэхээр болж 300 хүний хүлээн авалтын захиалга өгч манай байгууллагатай гэрээ хийсэн. Гэрээний нөхцөлийг харилцан тохиролцохдоо үйлчилгээний хөлсийг 6 цаг х 50000 төгрөг=300000 төгрөг, 2 төрлийн салат х 40000=80000 төгрөг, тахиа 250 х300=75000 төгрөг, мах 5 хонь х 20000=100000 төгрөг, цай чанах хөлс 35000 төгрөг, мантуу 25000 төгрөг, зөөгч 30000 төгрөг, хөгжимчин /DJ/, дуучин 300000 төгрөг, камер 100000 төгрөг, хөтлөгч 100000 төгрөг нийтдээ 875000 төгрөг гарч байсныг 205000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн 670000 төгрөг байхаар тохиролцсон.

Уг гэрээг бичгээр байгуулж, гэрээнд У хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Манай компани гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хүлээн авалтын ажиллагаа дууссаны дараа үйлчлүүлэгчээс мөнгөө нэхэмжлэхэд ор үндэсгүй шалтаг тоочиж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ муу байсан, цайны амт муу, хлорамин үнэртсэн тул мөнгө өгөхгүй, зөвхөн хөтлөгчийн 100000 төгрөгийг өнгө гэж үлдсэн 570000 төгрөгийг өгөхөөс татгалзсан.Тухайн үед цайнаас ямар нэгэн өөр төрлийн үнэр, амт байгаагүй ч гэсэн үйлчлүүлэгч шаардсанаар дахин цай чанаж өгч үйлчилгээ үзүүлсэн. Улмаар өдрийн чанасан цай болон уснаас шинжилгээ өгч үзсэн боловч ямар нэгэн хольц илрээгүй. Харин үйлчлүүлэгч У нь төлбөр төлөхгүйн тулд хэрүүл маргаан гаргаж, бидний байгууллагын нэр хүндийг олны өмнө гутаасан явдалд гомдолтой байна. Иймд Х.У-аас 570,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Х.У миний бие Н ХХК-ийн захирал Ж.Е-тэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Н соёл үйлчилгээний төвд хүүхдийнхээ үсэглэлийн баярын цайллагын хүлээн авалтыг хийсэн. Н соёл үйлчилгээний газрын тогооч нарын бэлтгэж хүлээн авалтад ирсэн зочдод хийсэн сүүтэй цайнаас хлорамин амтагдаж байна гэж ирсэн зочид гомдол гаргасан ба цайг буцааж дахин цай чануулахад хлорамины амт дахин гарсан тул ахлах тогооч Ө.Ж-гаас ямар учиртайг нь тодруулахад “хэлэх газарт нь хэл, надаас олж ав” гэж намайг хэл амаар доромжилж буруугаа хүлээгээгүй ба захирал Ж.Е, менежер гэх А нар утсаа аваагүй. Казахын ард түмэн цай их уудаг. Зочид цай уугаагүй тул сэтгэл санаа тавгүйтэж, бидний нэр төр алдагдаж, зочид хүнд байдалтай байсан учраас би дэлгүүрээс очиж уух зүйл авчирсан. Цайнаас хлорамин амтагдаж байгааг тухайн үед Н үйлчилгээний газрын тогооч нар ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт зочдод цай өгөх боломжгүй болсон тул дэлгүүрээс нэмэлтээр жүүс, ундаа худалдан авч зочдыг дайлсан. Уг нэмэлт зардалд 240,000 төгрөг гарсан. Тэгээд цайллага дууссаны дараа бид хөтлөгчийн хөлс 100,000 төгрөгийг өгөөд, үлдсэн тооцоог захирал Ж.Е-тэй хийнэ гэж хэлээд тэндээс явсан. Маргааш нь захирал Ж.Е манай нөхөр рүү залгаад бидний буруу боллоо, төлбөрт хэдэн төгрөг өгөхөө өөрөө мэдээд өг гэж хэлсний дагуу нэмэлтээр гарсан зардлаа хасаад 400,000 төгрөг өгөхөд авахаас татгалзсан.

            Нэхэмжлэлд үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзсан, цайнаас хлорамины амт илрээгүй гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Тус Н үйлчилгээний газар нь үйлчилгээний соёл байхгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлдэггүй, өөрсдийн буруутай үйл ажиллагааг ухамсарлаж уучлалт гуйдаггүй зөвхөн нэг талыг барьж мөнгө олох зорилго агуулсан байдаг нь үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Тэдэнд мөнгө төлөхөөс татгалзсан зүйл байхгүй, тэдний буруутай үйл ажиллагаанаас болж бидний гаргасан нэмэлт зардал ус, ундаа 240,000 төгрөг, 20 литр сүүний үнэ 40,000 төгрөг нийт 280,000 төгрөгийг нэхэмжилж буй төлбөрөөс хасах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 238 дугаар зүйлийн 238.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.У-гаас үйлчилгээний хөлс 330000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК /захирал Ж.Е/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг гаргахдаа шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж хэсэгчлэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

“Н” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр У нь хүүхдийнхээ үсэглэлийн байрыг тэмдэглэхээр болж 300 хүний хүлээн авалтын захиалга өгч гэрээ байгуулсан байна. Гэрээний нөхцөлийг харилцан тохиролцохдоо үйлчилгээний хөлсийг 6 цаг *50’000 төгрөг = 300’000 төгрөг, 2 төрлийн салаат * 40000 мянгаар 80000 төгрөг, тахиа 250*300 төгрөг= 75’000, Мах, 5 хонь *20000=100’000, цай чанах хөлс 35’000, Мантуу 25’000 төгрөг, зөөгч 30’000 төгрөг, хөгжимчин /DJ/, дуучин 300’000 төгрөг, камера 100’000 төгрөг, тамада 100’000 төгрөг” нийтдээ 875’000 төгрөг гарч байсныг 205’000 төгрөгийг хөнгөлөлт үзүүлэн 670’000 төгрөг байхаар тохиролцсон байжээ. Уг гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Хозыханы У хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хүлээн авалтын ажиллагаа дууссаны дараа үйлчлүүлэгчээс мөнгөө нэхэмжлэхэд ор үндэсгүй шалтаг тоочиж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан тул шүүхэд гэрээний биелэлттэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар "биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгож болно" гэж заасныг үндэслэж нэхэмжлэлээс 240000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус болсон.

1. Хариуцагчаас ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын хүлээсэн үүргээ зөрчсөнөөс болж өөрт нь учруулсан хохирлоо түүний нэхэмжлэгч байгууллагад төлөх үйлчилгээний хөлсний үлдэгдэл 570000 төгрөгөөс хасаж тооцохыг хүссэн..." гэж буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлээс хальж буруу дүгнэлт хийсэн. Энэхүү маргаан нь зөвхөн гэрээний биелэлттэй холбоотой, ганцхан шаардлага бүхий нэхэмжлэл байсан. 

2. Дээрх хуулийн заалтын дараагийн урьдчилсан нөхцөл болох "биелүүлэх хугацаа нь болсон байх" гэснийг мөн хангаагүй байсан. Н ХХК-ны зүгээс хариуцагчид төлөх ёстой, гүйцэтгэх ёстой хугацаа нь болсон ямар нэгэн өр, төлбөр байгаагүй.

3. Мөн "хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлага" байх ёстой гэсэн урьдчилсан нөхцөлийг ч хангаагүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ижил төрлийн харилцан шаардлага байгаагүй. Харин хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас гүйцэтгүүлсэн ажлын доголдлын улмаас өөрт учирсан хохирлыг хасаж тооцуулах тухай тайлбар гаргасан боловч энэ талаар шүүхэд шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд бий болсон иргэний эрх зүйн харилцааг ч буруу тодорхойлсон. Маргаж буй гэрээний хэсэг болох цай чанахтай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ байна. Н ХХК нь 35000 төгрөгөөр иргэн Уд цай чанаж өгөхөөр болж тохиролцдог. Чанасан цай нь хлорамин амтагдсан гэж хэлж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна хэний буруугаас болж хлор амтагдсан болох нь тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэгт анхан шатны шүүх нэг талыг баримтлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийн үсэглэлийн баярт Н үйлчилгээний газраас чанаж өгсөн цайнаас үнэр гарсан асуудлаас болж ирсэн зочид нь цай уухгүй буцааснаас маргаан үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болсон. Цайнаас үнэр гаргасан зүйл байгаагүй. Үүнд хэн ч маргаагүй. Харин цайнаас хлор амтагдсан гэж маргаж байхад шүүх цайнаас үнэр гарсан гэж буруу дүгнэлт хийсэн. Хариуцагчаас нийт 240000 төгрөгийн ундаа нэмж авсан нь шууд хохиролд хамаарахгүй. Н ХХК нь цайнаас амт чанар гарсан гэсэн тул дахин цай чанаж өгч үүргээ биелүүлсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Н ХХК нь хэрэглээний усаа СУАТ ХК-аас авдаг ба хэрэглээний усаа шинжлүүлсэн, усанд байх ёстой хлорын хэмжээ хэвийн байсан талаар нотлох баримтаа гаргаж өгсөн, харин дотоод журмаараа сүүтэй холбоотой ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд хариуцахгүй байхаар тусгасан бөгөөд үүнд хариуцагч талаас цайны сүүг нэмж хольсон болох нь тогтоогдсон. Цайнаас амт гарсан гэсний дараа Н ХХК нь үйлдвэрийн сүүгээр цай чанахад ямар нэгэн өөр амт гараагүй байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хүүхдийн үсэглэлийн баяр нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр болж өнгөрсөн байхад нэхэмжлэгч байгууллагаас усны хлорыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр буюу тухайн үсэглэлийн баяр өнгөрснөөс хоёр хоногийн дараа хлорыг тодорхойлсныг тухайн өдрийн усны хлорыг тодорхойлсон гэж үзэх боломжгүй мэтээр дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч Н ХХК нь хэрэглээний усыг СУАТ ХХК-аас авдаг учир СУАТ ХК-ны тухайн үед ашигласан уснаас дээж хлорын хэмжээ тогтоолгосон нь үндэслэлтэй байсан. Н ХХК нь СУАТ ХХК-ны усыг буцалгаж өгөх л үүрэгтэйгээр цай чанах ажиллагаанд оролцож үүрэг хүлээдэг ба хуурай цай болон сүүг захиалагч нар өөрсдөө нэмдэг тогтсон журамтай байсан байна. Харин цай чанах усанд Н ХХК-ны зүгээс санаатай хлор нэмсэн, амт чанарыг нь өөрчлөх ямар нэгэн буруутай үйл ажиллагаа хийсэн болох нь тогтоогдоогүй. 3 дугаар сарын үед Өлгийн төвөөр малын сүүний хүрэлцээ муу байдгаас болж, зах дээр байдаг сүүний ченж нар чанаргүй малын сүү ихээр зардаг болсон, тухайн сүүгээр цай чанаснаас болж цайны амт чанар өөрчлөгдөж болзошгүй. Малын сүүг авахдаа амталж үзэхэд гашлаагүй, амт байхгүй байсан. Харин цайнд хийхдээ, халуун усанд холилдож сүүнээс ямар нэгэн амт гарсан байж болзошгүй гэж гэрчээр оролцсон ерөнхий тогооч Х.Ө-ийн мэдүүлгийг анхан шатны шүүх албаар мушгиж тайлбарласан байна.Гэрээний цай чанахтай холбоотой тохиролцсон 35000 төгрөгийн үйлчилгээтэй холбоотой маргаж байгаа болохоос хүүхдийн үсэглэлийн баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн, бусад үйлчилгээний талаар маргаагүй болно. Цайнаас асуудал гарсан гэж хэлэнгүүтээ Н ХХК дахин цай чанаж өгсөн, доголдлыг нэн даруй арилгасан байхад дахиж чанаж өгсөн цайг авахаас татгалзсан явдал нь гэрээгээр тохиролцсон үнэ, төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Х.У-д холбогдуулан үйлчилгээний хөлс 570000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч “цай чанах үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй тул зочдоо дайлсан ус, ундааны үнэ 240000.00 төгрөг, сүүний үнэ 40000.00 төгрөг, нийт 280000.00 төгрөгийг хасаж төлнө” гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагч Х.У нь хүүхдийнхээ үсэглэлийн баярыг “Н” үйлчилгээний төвд тэмдэглэхээр, үйлчилгээний нийт зардалд 670.000 төгрөг төлөхөөр тус компанийн захирал нэхэмжлэгч Ж.Е-тэй харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

Үсэглэлийн баярыг тэмдэглэх хүлээн авалтын үеэр “Н” үйлчилгээний төвийн чанасан цайнаас хлорамин амтагдсаны улмаас зочид цай уугаагүй, улмаар зохион байгуулагч талаас зочдыг цайгаар дайлаагүй, харин Цамбагарав дэлгүүрээс 240000.00 төгрөгөөр нэмэлт ус, ундаа худалдан авч зочдоо дайлсан нь Баян-Цамбагарав” ХХК-ийн зарлагын баримт /хавтаст хэргийн 24 хуудас/, гэрч З.Д, М.Р /хавтаст хэргийн 39-43 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч үйлчилгээний байгууллага цай чанах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлчлүүлэгчээс гаргасан нэмэлт зардлыг нийт үйлчилгээний хөлснөөс хасаж, үлдсэнийг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 238 дугаар зүйлийн 238.1, 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад хариуцагчаас гаргасан нэмэлт зардлыг нийт үйлчилгээний хөлснөөс хасаж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж хариуцагч тал маргаж, гомдол гаргасан байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн хариу тайлбарыг бусад нотлох баримттай харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд заасан дээрх үндэслэлээр үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс “цайнаас хлорамины амт гарсан нь бидний буруугаас болоогүй, хариуцагчийн өөрийнх нь өгсөн сүү, “СУАТ” ХХК-иас авч буй уснаас болж амтагдсан байх магадлалтай” гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын гаргасан “...Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7850.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК