Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00240

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00088 дугаар магадлалтай,

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Нд холбогдох, 

570.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Х.Н нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэхээр болж 300 хүний хүлээн авалтын захиалга өгч манай байгууллагатай гэрээ хийсэн. Гэрээний нөхцөлийг харилцан тохиролцохдоо үйлчилгээний хөлсийг 6 цаг х 50.000 төгрөг = 300.000 төгрөг, 2 төрлийн салат х 40.000 = 80.000 төгрөг, тахиа 250 х 300 = 75.000 төгрөг, мах 5 хонь х 20.000 = 100.000 төгрөг, цай чанах хөлс 35.000 төгрөг, мантуу 25.000 төгрөг, зөөгч 30.000 төгрөг, хөгжимчин /DJ/, дуучин 300.000 төгрөг, камер 100.000 төгрөг, хөтлөгч 100.000 төгрөг нийтдээ 875.000 төгрөг гарч байсныг 205.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн 670000 төгрөг байхаар тохиролцсон. Уг гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Х.Н- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Манай компани гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хүлээн авалтын ажиллагаа дууссаны дараа үйлчлүүлэгчээс мөнгөө нэхэмжлэхэд ор үндэсгүй шалтаг тоочиж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ муу байсан, цайны амт муу, хлорамин үнэртсэн тул мөнгө өгөхгүй, зөвхөн хөтлөгчийн 100.000 төгрөгийг өгнө гэж үлдсэн 570.000 төгрөгийг өгөхөөс татгалзсан. Тухайн үед цайнаас ямар нэгэн өөр төрлийн үнэр, амт байгаагүй ч гэсэн үйлчлүүлэгч шаардсанаар дахин цай чанаж өгч үйлчилгээ үзүүлсэн. Улмаар өдрийн чанасан цай болон уснаас шинжилгээ өгч үзсэн боловч ямар нэгэн хольц илрээгүй. Харин үйлчлүүлэгч Х.Н- нь төлбөр төлөхгүйн тулд хэрүүл маргаан гаргаж, бидний байгууллагын нэр хүндийг олны өмнө гутаасан явдалд гомдолтой байна. Иймд Х.Н-аас 570.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Нгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Н ХХК-ийн захирал Ж.Е-тэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Н соёл үйлчилгээний төвд хүүхдийнхээ үсэглэлийн баярын цайллагын хүлээн авалтыг хийсэн. Н соёл үйлчилгээний газрын тогооч нарын бэлтгэж хүлээн авалтад ирсэн зочдод хийсэн сүүтэй цайнаас хлорамин амтагдаж байна гэж ирсэн зочид гомдол гаргасан ба цайг буцааж дахин цай чануулахад хлорамины амт дахин гарсан тул ахлах тогооч Ө.Жаягаас ямар учиртайг нь тодруулахад хэлэх газарт нь хэл, надаас олж ав гэж намайг хэл амаар доромжилж буруугаа хүлээгээгүй ба захирал Ж.Е-, менежер Асылбек нар утсаа аваагүй. Зочид цай уугаагүй тул сэтгэл санаа тавгүйтэж, бидний нэр төр алдагдаж, зочид хүнд байдалтай байсан учраас би дэлгүүрээс очиж уух зүйл авчирсан. Цайнаас хлорамин амтагдаж байгааг тухайн үед Н үйлчилгээний газрын тогооч нар ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт зочдод цай өгөх боломжгүй болсон тул дэлгүүрээс нэмэлтээр жүүс, ундаа худалдан авч зочдыг дайлсан. Уг нэмэлт зардалд 240.000 төгрөг гарсан. Тэгээд цайллага дууссаны дараа бид хөтлөгчийн хөлс 100.000 төгрөгийг өгөөд, үлдсэн тооцоог захирал Ж.Е-тэй хийнэ гэж хэлээд тэндээс явсан. Маргааш нь захирал Ж.Е- залгаад бидний буруу боллоо, төлбөрт хэдэн төгрөг өгөхөө өөрөө мэдээд өг гэж хэлсний дагуу нэмэлтээр гарсан зардлаа хасаад 400.000 төгрөг өгөхөд авахаас татгалзсан. Н үйлчилгээний газар нь үйлчилгээний соёл байхгүй, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлдэггүй, өөрсдийн буруутай үйл ажиллагааг ухамсарлаж уучлалт гуйдаггүй зөвхөн нэг талыг барьж мөнгө олох зорилго агуулсан байдаг нь үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Тэдэнд мөнгө төлөхөөс татгалзсан зүйл байхгүй, тэдний буруутай үйл ажиллагаанаас болж бидний гаргасан нэмэлт зардал ус, ундаа 240.000 төгрөг, 20 литр сүүний үнэ 40.000 төгрөг нийт 280.000 төгрөгийг нэхэмжилж буй төлбөрөөс хасах хүсэлтэй байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 238 дугаар зүйлийн 238.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Нгаас үйлчилгээний хөлс 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК /захирал Ж.Е-/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 10.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00088 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Х.Н нь хүүхдийнхээ үсэглэлийн байрыг тэмдэглэхээр болж 300 хүний хүлээн авалтын захиалга өгч гэрээг бичгээр байгуулж, ажлын хөлс 670.000 төгрөг байхаар тохирсон. Дээрх гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах бүрэн боломжтой байсан ч хэвээр нь үлдээсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар "биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгож болно" гэж заасныг үндэслэж нэхэмжлэлээс 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн агуулагад нийцээгүй юм. Хариуцагчаас ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын хүлээсэн үүргээ зөрчсөнөөс болж өөрт нь учруулсан хохирлоо түүний нэхэмжлэгч байгууллагад төлөх үйлчилгээний хөлсний үлдэгдэл 570.000 төгрөгөөс хасаж тооцохыг хүссэн..." гэж буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлээс хальж буруу дүгнэлт хийсэн. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй юм. Энэхүү маргаан нь зөвхөн гэрээний биелэлттэй холбоотой, ганцхан шаардлага бүхий нэхэмжлэл байсан. Дээрх хуулийн заалтын дараагийн урьдчилсан нөхцөл болох "биелүүлэх хугацаа нь болсон байх" гэснийг мөн хангаагүй байсан. Н ХХК-ны зүгээс хариуцагчид төлөх ёстой, гүйцэтгэх ёстой хугацаа нь болсон ямар нэгэн өр, төлбөр байгаагүй. Мөн "хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлага" байх ёстой гэсэн урьдчилсан нөхцөлийг ч хангаагүй байсан. Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас гүйцэтгүүлсэн ажлын доголдлын улмаас өөрт учирсан хохирлыг хасаж тооцуулах тухай тайлбар гаргасан боловч энэ талаар шүүхэд шаардлага гаргаагүй. Энэ нь ч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Анхан шатны шүүх талуудын хооронд бий болсон иргэний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Маргаж буй гэрээний хэсэг болох цай чанахтай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ байна. Н ХХК нь 35.000 төгрөгөөр иргэн Нуркад цай чанаж өгөхөөр болж тохиролцдог. Чанасан цай нь хлорамин амтагдсан гэж хэлж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна хэний буруугаас болж хлор амтагдсан болох нь тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэгт анхан шатны шүүх нэг талыг баримтлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм. Хэрэгт гэрээний дагуу нэхэмжлэгч Н ХХК нь зөвхөн цайны усыг нь бэлдэж өгөх, сав суулга, түлээ галаар нь хангаж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэрээгээр хүлээгээгүй үүргээ зөрчиж гүйцэтгэсэн, эсхүл доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэж Н ХХК-ийн авах ёстой түрээсийн төлбөрөөс хасаж төлж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 219.1-т заасны дагуу хохирол гаргуулах гээд байгаа бол тусдаа шаардлага гаргаж, үүнийг дагуу нэхэмжлэгчээс тайлбар нотлох баримт авах ётой байсан. Тэгээд ч цайнаас хлорын амт гарсан асуудал хариуцагч Х.Нгийн авчирсан сүүтэй холбоотой байж болзошгүй байсан. Цайнаас яагаад хлор амтагдсаныг тогтоохгүйгээр шууд Н ХХК-ыг буруутгах үндэслэлгүй юм. 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийн үсэглэлийн баярт Н үйлчилгээний газраас чанаж өгсөн цайнаас үнэр гарсан асуудлаас болж ирсэн зочид нь цай уухгүй буцааснаас маргаан үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болсон. Шүүх бол цайнаас хлорын үнэр гарсан гэж дүгнэсэн. Харин талууд цайнаас хлор амтагдсан, хлор амтагдаагүй гэж маргасан. Анхан шатны шүүх маргааныг буруу дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх талуудын хоорондох маргааны буруу дүгнэж, агуулгыг нь ойлгохгүйгээр шийдвэр гаргасан байж болзошгүй байна. Цайнаас үнэр гаргасан зүйл байгаагүй. Үүнд хэн ч маргаагүй. Харин цайнаас хлор амтагдсан гэж маргаж байхад шүүх цайнаас үнэр гарсан гэж буруу дугнэлт хийсэн. Хариуцагчаас нийт 240.000 төгрөгийн ундаа нэмж авсан нь шууд хохиролд хамаарахгүй. 300 хүнд найр хийхэд угаасаа цайнаас гадна ундаагаар дайлдаг. Энэхүү 240.000 төгрөгт цай угаагүй учраас ундаагаар дайлсан гэж хэлж байгаа нь утаггүй зүйл. Иргэний хуулийн 219.1-ийг хэрэглэх урьдчилсан нөхцөл бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа заасан байх ёстой. Гэтэл тухайн үед үүрэг гүйцэтгүүлж байсан /хариуцагч/ Нурка нь Н ХХК-д үүргээ зөрчсөн гэж үзвэл залруулах боломж олгох ёстой байсан. Бодит байдал дээр үйлчлүүлэгч Х.Н нь цайнаас хлорын амт гарсан гэсний дагуу Н ХХК нэн даруй дахин цай чанаж өгч үүргээ биелүүлсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Н ХХК-ны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх ёстой байсан. Н ХХК нь хэрэглээний усаа СУАТ ХК-аас авдаг ба хэрэглээний усаа шинжлүүлсэн, усанд байх ёстой хлорын хэмжээ хэвийн байсан талаар нотлох баримтаа гаргаж өгсөн, харин дотоод журмаараа сүүтэй холбоотой ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд хариуцахгүй байхаар тусгасан бөгөөд үүнд хариуцагч талын төлөөлөл болсон хүн цайны сүүг нэмж хольсон болох нь тогтоогдсон. Цайнаас амт гарсан гэсний дараа Н ХХК нь үйлдвэрийн сүүгээр дахин чанасан цайнаас ямар нэгэн өөр амт гараагүй байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хүүхдийн үсэглэлийн баяр нь 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр болж өнгөрсөн байхад нэхэмжлэгч байгууллагаас усны хлорыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр буюу тухайн үсэглэлийн баяр өнгөрснөөс 2 хоногийн дараа усны хлорыг тодорхойлсныг тухайн өдрийн усны хлорыг тодорхойлсон гэж үзэх боломжгүй мэтээр дүгнэсэн нь буруу байна. Н ХХК нь хэрэглээний усыг СУАТ ХХК-аас авдаг учир СУАТ ХК-ны тухайн үед ашигласан уснаас дээж хлорын хэмжээ тогтоолгосон нь үндэслэлтэй байсан. Н ХХК нь СУАТ ХХК-ны усыг буцалгаж өгөх л үүрэгтэйгээр цай чанах ажиллагаанд оролцож үүрэг хүлээдэг ба хурай цай болон сүүг захиалагч нар өөрсдөө нэмдэг тогтсон журамтай. Харин цай чанах усанд Н ХХК-ийн зүгээс санаатай хлор нэмсэн, амт чанарыг нь өөрчлөх ямар нэгэн буруутай үйл ажиллагаа хийсэн болох нь тогтоогдоогүй. 3 дугаар сарын үед Өлгийн төвөөр малын сүүний хүрэлцээ муу байдгаас болж, зах дээр байдаг сүүний ченж нар чанаргүй малын сүү ихээр зардаг болсон, тухайн сүүгээр цай чанаснаас болж цайны амт чанар өөрчлөгдөж болзошгүй. Малын сүүг авахдаа амталж үзэхэд гашлаагүй, амт байхгүй байсан. Харин цайнд хийхдээ, халуун усанд холилдож сүүнээс ямар нэгэн амт гарсан байж болзошгүй гэж гэрчээр оролцсон ерөнхий тогоочийн мэдүүлгийг анхан шатны шүүх мушгиж тайлбарласан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Цайнаас асуудал гарсан гэж хэлэнгүүтээ Н ХХК дахин цай чанаж өгсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад дахиж чанаж өгсөн цайг авахаас татгалзсан явдал нь гэрээгээр тохиролцсон үнэ, төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Н ХХК, Х.Нгаас үйлчилгээний хөлс 570.000 төгрөг шаардаж, үндэслэлээ, хариуцагч нь тус компанийн үйлчилгээний газарт 2018 оны 3 дугаар сарын 03-ны хүүхдийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэж үйлчлүүлсний хөлсийг төлөөгүй гэжээ.

            Х.Н “...цайнаас хлормины үнэр гарснаас зочид цай уугаагүй буцаасан, ус, ундаа нэмж авч зардал гаргасан тул 240.000 төгрөгийг үйлчилгээний хөлсөөс хасч тооцуулна” гэж маргасан байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох тухайд хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.

           Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээдэг.

          2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Х.Н Н үйлчилгээний газарт хүүхдийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэж, хөлсөнд нийт 670.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, үйлчилгээний хөлсөөс хариуцагч 100.000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

            Баяр тэмдэглэх үед Н ХХК-ийн чанасан цайнаас хлормин амтагдсан шалтгаанаар зочид цай уугаагүй буцаасан, үүний улмаас Х.Н бөөний төвөөс нэмж 240.000 төгрөгийн ус, ундаа авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Цайны амт хариуцагчийн авчирсан сүүнээс болсон байх магадлалтай гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй байна.

            Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэлт зардлыг түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй.

          Хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болохыг хуулиар зөвшөөрсөн байна.

        Иймд хариуцагчид учирсан хохирлыг суутгаж, нэхэмжлэлээс нийт 330.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 238 дугаар зүйлийн 238.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00388 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00088 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7.850 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ