Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/03226

 

 

 

 

 

 

 

 

2021 10 18 101/ШШ2021/03226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Баянхайрханы 7 дугаар гудамж, 90 тоот хаягт оршин суух, Дамдин овогт Цогбаясахын *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Элизабет хотхон, 215 дугаар байранд байрлах, Сентури лэндмарк ХХКд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 29,983,404 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.******* би 2015 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сэнтури Лэндмарк ХХК-тай №14 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Борлуулалтын менежер албан тушаал эрхлэн ажиллаж байсан.

Анх ажилд ороход энэ манай компанийн бүх ажилтантайгаа байгуулдаг гэрээ гэж Компанийн зүгээс нэгэнт бэлдсэн гэрээг үзүүлж гарын үсэг зуруулсан. Би яагаад нэг жилийн хугацаатай байгаа эсэхийг тодруулахад манай компани бүх ажилчидтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулдаг, жил бүр гэрээний хавсралтад гарын үсэг зурж сунгалт хийнэ гэж хэлсэн. Миний зүгээс гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх, гэрээг хугацаагүй байгуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч боломжгүй манай хуулийн компаниас бэлдэж өгсөн төсөл өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан.

Миний бие Элизабет хотхоны 215 дугаар байрны 510 тоотод байрлах Борлуулалтын албанд таван борлуулалтын менежерийн хамт ЛУО ЗЭН ЛУН захирлаар удирдуулан 2015 оноос эхлэн өдийг хүртэл 4 гаруй жилийн нэг ч алдаа дутагдал гаргалгүй, сахилгын зөрчил авалгүй өөрийн бүх хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган компанид ажиллаж эхэлсэн. Манай компанийн борлуулалтын журамд сард 1-2 тооны байрыг худалдан борлуулах журамтай байдаг бөгөөд миний бие ажиллах хугацаандаа 100 гаруй байр худалдан :орлуулж өөрийн журмаар хүлээсэн үүргээ хэд дахин даван биелүүлэн ажиллаж ирсэн.

Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай компанийн Санхүүгийн албаны дарга ЛЬЮ ЖЭН нь манай борлуулалтын албаны өрөөнд орж, ёс бусаар авирлан орилж хашгирч эхэлсэн миний бие та ингэж болохгүй шүү дээ гэхэд намайг хэл амаар доромжлон, манай компаниас яв, чи хэрэггүй, би чамайг ажлаас чинь халуулна гэсэн.

Захирлыг гарсны дараа манай албаныхан надад ЛЬЮ ЖЭН даргатай хэрэлдвэл яаж ийгээд ажлаас халуулдаг шүү дээ наад хүн чинь манай Хятад талын хөрөнгө оруулагчийн хүү бас зөвхөн 2019 онд л гэхэд манай компанид ажиллаж байсан 2 нягтлан, 2 хүний нөөцийн ажилтан, 1 инженер нар бүгд даргад хууль ёсны шаардлага тавиад халагдаж зарим нь ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн одоо чи 6 дахь нь болох нь гэж хэлсэн.

Би арай ч үгүй байлгүй дээ би энэ компанид бүх хүч хөдөлмөрөө зарцуулан амжилттай сайн ажиллаж байхад намайг халахгүй байх гэж бодож байтал төд удалгүй сар хүрэхгүй хугацааны дараа намайг үндэслэлгүйгээр ажлаас, халж тушаал гаргасан.

Санхүүгийн албаны дарга ЛЬЮ ЖЭН нь үргэлж ажил дээр Монгол ажилчид руу ёс бусаар авирлаж, оффисын элдэв хэрэгслүүдийг хүмүүс рүү шидэж, эмэгтэй ажилтнуудад ажлын цагаар бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргаж, ажилтнуудыг дарамтлан доромжилдог байсан бөгөөд 2019 оны 3 сард хүртэл манай байгууллагын нягтлан тэсэлгүй цагдаа хүртэл дуудаж байсан. Түүнийг ч мөн адил ажлаас нь халсан байдаг. Манай компанийн удирдлагууд бүгд БНХАУ-ын иргэд бөгөөд миний бие бусад удирдлагуудад энэ тухай байдлыг таслан зогсоохоор хандахад ямар ч нэмэргүй наад хүний чинь ард том захирал байдаг учир яаж ч чадахгүй гэдэг байсан.

Миний энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа хамгийн гол шалтгаан нь Монгол ажилтнуудаа өмгөөлж хамгаалснаас болж хууль бусаар халагдсан тул маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид БНХАУ-ын талын захирлуудыг дахин Монгол ажилчдыг ёс бусаар дарамтлах, тэдгээрт хууль бусаар хандаж доромжлох явдал гаргуулахгүйн тулд шүүхэд хандаж байгааг шүүгч таныг хүлээн авч ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт худалдан борлуулсан байр тус бүрээс урамшуулал тооцон олгож байсан тухайг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтуудыг гарган өгсөн бөгөөд миний бие ажиллаж байх хугацаандаа нийт 108 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд нийт 20,840,000 төгрөгийн урамшуулал авах ёстойгоос 16,260,000 төгрөгийг авсан бөгөөд 4,580,000 төгрөгийн урамшууллыг аваагүй байгаа юм.

Иймд Сэнтури Лэндмарк ХХК нь намайг хууль бусаар буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 29,983,404 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах хууль ёсны шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан огноог тооцоод үзэхээр нийт 449 ажлын өдөр байна. Ажлын нэг өдрийн дундаж хөлс 66,778 төгрөг байна. Хариуцагч талаас нийт 29,983,404 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ц.*******ийн 2020 ны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй Сентури лэндмарк ХХК-ийн зүгээс танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Сентури лэндмарк ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралтын үйл ажиллагаа юм. Энэ утгаараа барилгын төсөл хэрэгжүүлэн ажилладаг ба үйл ажиллагааныхаа хүрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах шаардлага тулгардгийн улмаас борлуулалтын менежерүүдийг ажилд авдаг.

Нэг үгээр хэлбэл, барилгын төслийн ажлын хүрээнд борлуулалтын менежерүүдийг авч ажиллуулсаар ирсэн. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгч Ц.*******тэй орон сууцуудыг худалдан борлуулах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр борлуулалтын менежерийн албан тушаалд ажилд авсан.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Ц.*******тэй харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Үүнийг ч хуулийн хүрээнд хориглоогүй байдаг.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байсан тул бид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа талаарх мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид танилцуулсан болно.

Улмаар, Компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн байдаг.

Ийнхүү Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй болно.

Иймд Ц.*******ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, урамшуулал олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Манай компани бол барилгын үйл ажиллагаа эрхэлдэг. 2019 онд Элизабет төслийг хэрэгжүүлж, борлуулагч нарыг авч ажиллуулсан. Компанийн хувьд барьсан байраа худалдан борлуулж, гаргасан зардлаа нөхөж авахаар тооцдог. Тухайн үед нэлээдгүй борлуулагчийг авч ажиллуулсан. 891 ширхэг байр ашиглалтад орж, 2019 оны сүүлд 211 байр үлдсэн. Ц.*******ийн хөдөлмөрийн гэрээ 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болохоор байсан. Бидний зүгээс 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах болж байгааг мэдэгдсэн. Ц.******* өөрөө гарын үсэг зурж, албан ёсоор ажлаас чөлөөлөгдсөн. Байрыг худалдан борлуулж дуусах хугацаа нь дан ганц манай компанийн мэдэх зүйл биш.

Хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд дуусгавар болгочихсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Борлуулалтын урамшуулал гэж ярьж байна. Өөрөө хөтөлж байсан гэж хэлээд нэг цаас гаргаж ирдэг ч тайлбарлах гэхээр сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. Өөрөө зохиогоод байдаг юм шиг байгаа юм. 108 байр зарсан гэж хэлж байгаа ч яг үнэндээ 62 байр зарсан байдаг. 62 байр зарсан бол урамшууллыг ингэж тооцно шүү гэж хэлдэг байсан. Хүмүүстэй тохирсон бол тохирсон хүнээсээ мөнгөө нэхсэн нь зүйтэй байх. Компанийн хувьд 12 дугаар сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөд өгөх ёстой байсан цалин, хөлс, нөхөн олговор зэргийг өгсөн. Ийм учраас ажил хүлээлцэх актан дээр гарын үсэг зураад ажлаас гарсан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баримтгүй зүйл ярьж байна. Манай компанид ажиллаж байх хугацаанд цалин хөлсийг шимтгэл суутгалгүй өгдөг байсан. Бидний зүгээс цалин хөлсийг хасаад байсан зүйл байхгүй. Бэлгийн дарамтад оруулсан гэж хэлж байгаад харамсаж байна. Хууль бус зүйл хийдэг гэж биднийг хэлж байна. Өөрийнх нь гаргасан хүсэлтийг харахаар төлбөрийн гүйцэтгэлээсээ зөрдөг. Энэ компанийн мэдээллийг аваад байгаа нь ямар ашиг сонирхолтой гэдгийг бид мэдэхгүй байна. Нэхэмжлэгч ажлаас гарахдаа тойрох хуудсан дээрээ өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халагдсаны дараа 1 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой гэж байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны 11 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэгт өгсөн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаас харахад хаяг тодорхойгүй үндэслэлээр 2 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна. Хамгийн сүүлд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Монголд ирсэн лавлагааг аваад 21 хоногийн тусгаарлалтанд байсан талаар яриад байна. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж дээрээс харахад нэхэмжлэлийг 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авсан байна. Энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, шаардах эрхгүй асуудал харагдаж байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг 2015-2019 оныг хүртэлх 4 жилийн урамшууллыг одоо нэхэж байгаа нь ямар учиртай юм. Тойрох хуудсаа зуруулахдаа энэ төлбөр мөнгөний асуудлаа яагаад шийдэж болоогүй юм бэ. Гэрээний хугацааг харилцан тохиролцоод сунгахгүй болгосон гэдэг нь хавтаст хэрэгт өгсөн үйл баримтаар нотлогдож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29,983,404 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сэнтури лэндмарк ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19/209 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн, тус компанийн борлуулагч ажилтай Ц.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, Ц.*******ийг ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан хэмээн маргаж байх боловч нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасныг зөрчөөгүй буюу хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Ц.******* болон*******ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.2-т Энэхүү гэрээнд ажилтан болон ажил олгогч нар хамтран гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв гэрээний хугацаа дуусгавар болох дөхсөн ч аль нэг тал нь гэрээг цуцлах тухай санал гаргаагүй тохиолдолд ажилчин нь үргэлжлүүлэн ажиллах ба гэрээг автоматаар сунгасан гэж үзнэ хэмээн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй гэж заасныг зөрчсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Ц.*******ийн ажиллаж байсан борлуулагчийн ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр-ыг тодорхойлсон, ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийн шинжүүдийг агуулаагүй байна.

 

Гадаад худалдаа, барилга угсралтын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй тус компанийн борлуулагч нь ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг гүйцэтгэдэг гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

 

Мөн түүнчлэн, Ц.******* нь*******ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 2.2-т заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус 1 жилээр сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 02, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гарын үсэг зурж гэрээний хугацааг сунгасан,*******ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйгаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19/191 дугаартай албан бичгээр Ц.*******д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж, ажилтнаар гарын үсэг зуруулсан байх тул энэхүү хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т тухайлан заасантай нийцсэн, талууд харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн*******ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19/209 дугаартай тушаалыг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь*******ХХК-д ажиллаж байх хугацаандаа орон сууц борлуулж, урамшуулал авч байсан гэж үзэхээр тайлбарыг зохигч талуудын хэн аль нь илэрхийлж байх боловч нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа хэдэн байр борлуулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нийт 108 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, 20,840,000 төгрөгийн урамшуулал авах болзол хангасан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул урамшууллын үлдэгдэл 4,580,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, хариуцагч*******ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29,983,404 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах тухай Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА