Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01560

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01560

 

 

Ц.М-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02684 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ГХОХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Ц.М- би 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн С ГХОХХК-тай 14 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын менежер албан тушаал эрхлэн ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Анх ажилд ороход бүх ажилтантай байгуулдаг гэрээ гэж компанийн зүгээс бэлдсэн гэрээг үзүүлж, гарын үсэг зуруулсан. Би яагаад нэг жилийн хугацаатай байгааг тодруулахад манай компани бүх ажилчидтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг, жил бүр гэрээний хавсралтад гарын үсэг зурж сунгалт хийнэ гэж хэлсэн. Миний зүгээс гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх, гэрээг хугацаагүй байгуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч боломжгүй, манай хуулийн компаниас бэлдэж өгсөн төсөл, өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж заасан. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-т дурдсан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод багтаагаад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмуудын агуулгыг илэрхийлнэ гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.1-т С ГХОХХК-ийн өмчлөлийн байрны борлуулалтын албанд борлуулагчаар ажиллана, гэрээний 3.1.1-т холбогдох багаж хэрэгслээр хангаж өгнө гэж заасан, тогтоосон горим журмын дагуу гэсэн хуулийн шаардлагын хувьд хөдөлмөрийн дотоод журамд авагдсан гэж үзэж байна. Баталсан норм үнэлгээ, цалин хөлсний хувьд гэрээний 1.2-т цалин 900,000 төгрөг, зарсан байр болгоноос 200,000 төгрөгийн урамшуулал авна гэсэн, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гэсэн хуулийн шаардлага нь гэрээний 1.3-т өдөрт 8 цаг долоо хоногт 40 цаг ажиллана гэж маш тодорхой заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т ажил олгогч нь шилдэг ажилтнаа олж тодорхойлон тэдний урт хугацааны турш үр ашигтай ажиллуулахыг эрмэлзэнэ гэсэн нөхцөлүүдийг заасан. Өөрөөр хэлбэл, Ц.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээ учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж байгуулсан хугацааны заалт нь хууль зөрчсөн заалт байгаа учраас хүчингүй гэж үзэж байна. Хууль зөрчиж хийсэн хүчингүй заалтад тулгуурлаж гарсан ажлаас халах тушаал мөн адил хүчингүй. Ц.М- нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажилд орсон. Эдгээр баримтуудыг авч үзэхээр Ц.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байнгын ажлын байрны гэрээ байдаг, байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой хуулийн заалтыг зөрчсөн гэрээ гэж ойлгогдож байгаа. Иймд иргэн Ц.М-тэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, үүнд үндэслэж гарсан ажлаас чөлөөлөх тушаал хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч Ц.М-ийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ц.М- сүүлийн 3 сар буюу 2019 оны 09 дүгээр сард 1,173,369 төгрөг, 10 дугаар сард 1,085,000 төгрөг, 11 дүгээр сард 1,748,000 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байгаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажлын сүүлийн 3 сар цалин хөлсний нийлбэр дүн нь 4,006,691 төгрөг, үүнийг ажлын 22 хоногт хуваахад 1 өдрийн дундаж цалин хөлс нь 60,707 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан, энэ өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 628 ажлын өдрийн цалин хөлс 38,123,996 төгрөг болж байгаа, энэ хугацаанд Ц.М- ийм хэмжээний орлого олох эрхтэй байсан, хууль зөрчсөн шийдвэрийн улмаас хохирсон байна гэдэг үндэслэл харагдаж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 38,123,996 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдах тушаал гарсан, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлтэл хариуцагч компанийн гүйцэтгэх захирал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явсан, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирсэн, хэрэгт Онцгой байдлын ерөнхий газраас хэзээ ирээд хэд хоног тусгаарлагдсан бэ гэдгийг тодорхойлсон. Үүний хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ биелүүлээд хугацаанд нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч шүүх, хууль тогтоомж, монгол хүнийг үл хүндэтгээд нэхэмжлэлээ гардаж авдаггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилдоггүй. Тус компанийн хүний нөөцийн менежер Одонгоо гэдэг хүн бид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан, гарын үсгээ зурсан гэдэг, хүлээж авчхаад захиралдаа мэдэгдсэн үү гэхэд мэдэгдсэн гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаад шүүхийн зүгээс хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй гэж үзэж байна. Ц.М- ажиллаж байх хугацааны үед зарсан байрныхаа урамшууллыг авахаар шаардсан. Ц.М- 2015-2019 оны хооронд ажиллаж байх хугацаандаа байрууд зарсан, үүнээсээ урамшуулал авах эрх нь үүссэн, өөрөөр хэлбэл зарсан 1 байрнаас 200,000 төгрөгийг урамшуулал авах эрх үүссэн. Урамшууллыг авах үндсэн нөхцөл нь байр зарах бөгөөд байр зарчихвал урамшуулал өгнө гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлаад урамшууллыг авах эрх бүхий этгээд учраас урамшуулал шаардаж байгаа.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

СЛ ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралтын үйл ажиллагаа бөгөөд барилгын төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах шаардлага тулгардгийн улмаас борлуулалтын менежерүүдийг ажилд авдаг. Өөрөөр хэлбэл, барилгын төслийн ажлын хүрээнд борлуулалтын менежерүүдийг авч ажиллуулсаар ирсэн. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ц.М-тэй орон сууц худалдан борлуулах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр борлуулалтын менежерийн албан тушаалд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Ц.М-тэй харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээг нэг жилээр сунгаж явж байгаад 2019 онд цаашид хугацаа сунгах боломжгүй гэж үзсэний үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа талаарх мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд компанийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. СЛ ХХК нь 2014 оноос хойш Баянзүрх дүүрэгт байрладаг Элизабет хотхоны төсөл дээр ажилласан, одоогоор ковид вирусийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад үүнээс өөр барилгын төсөл хэрэгжүүлж чадаагүй. 2014 оноос эхэлсэн Элизабет хотхоны ажил буюу барилгын ажил нь онцлогтой, тухайн ажилд төрийн байгууллагаас авдаг эрх нь хугацаатай олгогддог, хөрөнгө оруулагч, санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал, ажлын цар хүрээ тодорхой, хүрэх үр дүн нь тодорхой ажил байдаг. Барилгын мэргэжилтэн, инженерүүдийг авч ажиллуулж, барилга баригдаж дуусахад байрыг борлуулах шаардлага гардаг учраас борлуулалтын хүмүүсийг авч ажиллуулдаг, мөн захиргааны хүмүүс ажиллуулдаг. Тийм учраас хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ талаар тодорхой заасан, харилцан тохиролцоод хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар бүр тодорхой болсон. СЛ ХХК нь Ц.М-тэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа хүчээр тулган шаардаж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Ц.М-ийг хэзээ ч хамаагүй халахад бэлэн байхын тулд хугацаатай гэрээ хийчихээд түүнийгээ ашиглаад ямар нэгэн шалтгаанаар халсан зүйл байхгүй. Эхнээсээ дуусах хүртэлх үйл баримт, цаг хугацааны дарааллыг харах юм бол нэхэмжлэгч өөрөө Элизабет хотхоны төсөл дээр ажиллаж байснаа мэдэж байгаа, 4, 5 жил ажиллахдаа үүнийгээ мэдэхгүй байх боломж байхгүй гэж бодож байна. Тушаал хуульд нийцсэн, Ц.М-ийн эрхийг зөрчсөн, хөндсөн зүйл байхгүй учраас тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч 4,610,000 төгрөгийн борлуулалтын урамшууллын асуудал ярьдаг, ажлаа хүлээлцээд гарахдаа санхүүгийн тайлан тооцоогоо дуусгасан, Ц.М-тэй холбоотой өр төлбөр компанид байхгүй. Урамшуулал тооцдог журам, зарчмаа тайлбар дээрээ дэлгэрэнгүй бичиж өгсөн. Урамшуулалтай холбоотой шаардлагыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс СЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал байхгүй байсан нь нэхэмжлэлийг гардуулж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг. Гэвч энэ нөхцөл байдал нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох үндэслэл болохгүй. Анх нэхэмжлэл гаргаад шүүхээс буцаж байсан цаг хугацаанд гүйцэтгэх захирал Монгол улсад байсан болох нь албан ёсны лавлагаагаар харагдаж байгаа. Хэрэгт хариуцагчийн хаяг тодорхойгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2 захирамж авагдсан, хоёулаа гомдол гаргах эрхтэй захирамж байсан ч гомдол гаргаагүй, хуульд зааснаар эрэн сурвалжлуулах эрхтэй байсан, эрэн сурвалжлуулаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь аль аль талаас үл хамаарсан байж болох бүх арга, үр дагаврыг нь бууруулах үйл ажиллагааг хуулийн дагуу хийснийхээ дараа ярих ёстой. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид авсан лавлагаагаар гүйцэтгэх захирал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хилээр гарсан байдаг, гүйцэтгэх захирал байхгүй байлаа гээд компани татвар төлөх үүргээсээ чөлөөлөгдөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээсээ чөлөөлөгдөөгүй, цалин хөлс олгох үүргээс чөлөөлөгдөөгүй, тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч СЛ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй.

4.б. Нотлох баримтыг буруу үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийг хуульд заасан хугацаандаа гаргасан үндэслэлээ нотлох баримтаар нотолсон атал үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.в. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан бөгөөд энэ тухай гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу хуульд заасан 1 сарын дотор гомдол гаргах үүргээ бүрэн биелүүлсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5, 75.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж шүүхийн дуудах хуудсыг хариуцагчид хүргүүлсэн. Түүнийг хариуцагчийн зүгээс хүлээн авсан атлаа хууль тогтоомжид заасан нэхэмжлэлийн хувийг гардан авах үүргээ биелүүлээгүй, шүүх болон хуулийг үл хүндэтгэн шүүхийн ажиллагаанд оролцох хүнээ итгэмжлэн томилоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эрэн сурвалжлуулах, албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Цагдаагийн байгууллагын зүгээс ...Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрээс явсан... гэх албан тоотыг хүргүүлсэн. Улмаар хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын нутаг дэвсгэрт ирж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл эрх бүхий байгууллагын тусгаарлалтад байсан, мөн 14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын албан тоотоор нотлогдсон. Гэтэл шүүх гэрийн тусгаарлалтад байсан хугацааг оруулан тооцохгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж шийдвэрлэсэн хууль тогтоомж, тухайн үед мөрдөгдөж байсан Онцгой байдлын дүрэм журмыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадалгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Шийдвэрийн урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах хэсэгт гомдол гаргаагүй болно.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч СЛ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшууллын 4,580,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компани эрхлэн явуулдаг үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.М- хариуцагч СЛ ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ажилд авах тухай тушаалаар борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэхээр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар түүнээс хойш уг гэрээг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, энэ үеэс хойш уг гэрээг дахин сунгаагүй боловч нэхэмжлэгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан талаар талууд маргаагүй байна.

 

3. Хариуцагч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул цаашид сунгахгүй байх талаар мэдэгдсэн байх ба хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 19/209 дугаартай гаргасан тушаалдаа нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгохоор заасан байна. /1хх 6, 80/

 

4. Хариуцагч талаас 2019 оны эцэст 211 байр борлуулагдаагүй үлдэж, төслийн хүрээнд дахин орон сууц дахин шинээр ашиглалтад орохгүй болсон тул олон борлуулагчийн шаардлагагүй болсон гэж тайлбарласан атлаа zangia.mn сайтад борлуулалтын менежер ажилд авах тухай зарыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нийтлүүлсэн нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон байна. /1хх 76-79, 150-153/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан ба хариуцагч СЛ ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрөлтэй компани байна. Борлуулагчийн ажил, албан тушаал нь тухайн байгууллагын байнгын үйл ажиллагаанд шаардлагатай албан тушаал биш байж болох боловч, нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш дээр дурдсанчлан борлуулагч ажилд авах тухай зарыг нийтэлсэн үйлдэл нь хариуцагчийн хувьд байнгын ажлын байр биш гэх тайлбарыг няцаах нотлох баримт болно.

 

6. Мөн хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээр дурдсан тушаалыг гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр бус мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй болжээ.

 

6.а. Хариуцагч буюу ажил олгогч тал уг тушаалдаа хэдийгээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон тухай бичсэн байх боловч тухайн өдөр нь ажлын өдөр буюу мягмар гариг байх ба энэхүү тушаалыг хэзээ, хэрхэн үйлдэх давуу эрх ажил олгогч талд байна. Хариуцагчийн тушаалд дурдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг дуусгавар болгосон гэх бичвэр гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг тодорхойлохгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч гэрээг дуусгавар болох 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрээ гаргаагүй өнгөрүүлснээр гэрээний хугацаа дахин сунгагдсан гэж үзэхээр байна.

 

7. Нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хариуцагчийг гадаад улсад зорчсон, хаягтаа байхгүй үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 13, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буруугүй бөгөөд хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийг Монгол Улсад ирсэн болохыг мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй юм.

 

7.а. Хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд болох БНХАУ-ын иргэн Luo Zenglong 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Буянт ухаа боомтоор УБ-Бээжин аяллын онгоцоор, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн онгоцоор улсын хилээр нэвтэрсэн байх ба Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэлээр Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгахаар шийдвэрлэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Новотел зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан байна. /1хх 201, 209/

 

7.б. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, бүх нийтийн хөл хориог 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосон нийтэд илэрхий үйл баримт байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

8. Нэхэмжлэгч нь 2015-2019 онуудын хооронд орон сууц худалдан борлуулсан урамшуулалд 4,580,000 төгрөгийг гаргуулахаар, шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байх ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны урьдчилан шийдвэрлүүлсэн талаар нотлох баримтгүй, уг шаардлагыг гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ шаардлагын тухайд давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

9. Нэхэмжлэгч Ц.М-ийн 2019 оны 8, 9, 10 дугаар саруудад авсан 1 сарын цалингийн дундаж нь 1,119,456 төгрөг, 1 өдрийн дундаж нь 50,884 төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдсон байна. /1хх 40/ Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч СЛ ХХК-ийн борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 2 жил, 6 сар, 6 хоногийн олговорт 33,888,984 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч СЛ ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-ийг С ГХОХХК-ийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33,888,984 төгрөгийг хариуцагч С ГХОХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас 327,395 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ