Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03491

 

 

 

 

 

 

 

2021 11 01 101/ШШ2021/03491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 57а байр, А корпуст байрлах, ******* ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 1-54 тоотод байрлах,******* ХХК д холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 14,616,684 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Далантай, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвтэй Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/ ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-034/2018 дугаартай гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэж гэрээнд заасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 2019 оны 6 дугаар сарын 01 гэж өөрчилсөн.

Энэ гэрээний Гүйцэтгэгч тал нь ******* ХХК бөгөөд Захиалагч нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв болно.

Захиалагч талаас өгсөн 1.4 Ноёдын туурь ХХК-ийн зурсан барилгын зураг буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй байгаа тул тухайн барилгыг томруулж (8мх10м) харьцаатай болгож барих. Хэмжээнээс бусад нь батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэх ба Барилга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тодорхой... өөрчлөлтүүдийг гүйцэтгэлээр гаргаж хангуулах... гэж Гэрээний 1.4 дэх заалтад заасан байна.

Барилгын тухай хуульд зааснаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Захиалагч тал авахаар заасан байдаг бөгөөд барилгын зураг төсөл буруу байгаа талаар бид өнөөдрийг хүртэл хэлэлцсээр шийдэлд хүрээгүй байна.

Гэрээнд заасан хугацаанд хуваарилах байгууламжийн ажлыг хийлгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/2018 дугаартай Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэх төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөлтэй Компаниар мэргэжлийн ажлыг гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон.

Энэхүү гэрээний туслан гүйцэтгэгч******* ХХК нь өөрийн материалаар барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блокон /СП-4/ суурьтай, 380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг угсармал 8300мм*1200мм*220мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийхээр гэрээ байгуулсан байна.

Гэрээний нийт үнэ: 49,580,194 төгрөг бөгөөд үүнээс 30,000,000 төгрөгийг:

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 410046881 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9,500,000 төгрөгийг Компанийн үүсгэн байгуулагч Ц.Гончигсүрэн******* ХХК-ийн үүсгэн байгуулагч Далантай овогтой Золбаярын Хаан банкны 5021606249 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг барилгын дотор талын шалны газрыг механизм оруулж ухах ажлын төлбөрт тухайн ажлыг гүйцэтгэсэн Б.Золзаяагийн 5001387795 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлсэн байна.

Гэрээний үнэнд: барилгын материал болон ажиллах хүч, тээвэр, даатгалын зардал болон бусад холбогдох бүх зардлууд орсон байна. /Гэрээний 1.5 дахь заалт/

Гэрээний урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг болон нэмэлт 10,000,000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй, хэзээ дуусгах талаар тодорхойгүй, мөн гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой байна.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй******* ХХК нь гэрээ байгуулснаар Барилгын норм ба дүрмийг баримтлах үүргээ биелүүлээгүй, барилгын үйлдвэрлэлд бэлтгэх шатандаа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, улмаар барьсан дутуу барилга нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар суулт өгч, хагарч цуурсан байдалтай байгаа талаар тус Компанийн [email protected] хаяг руу гэрэл зургийг илгээж, утсаар холбогдож бий болсон нөхцөл байдлын талаар хэлсэн.

Ажил гүйцэтгэгч******* ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдөр ажлаа эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрийг хүртэл ажиллаад өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлаа зогсоож, хавар дулаарахаар барилгын гадна, дотно шаврын ажил, шал, тааз зэрэг үлдсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгахаар явцгаасан.

Нартын хаяа ХХК-тай байгуулсан Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр байгуулсан ажлын үр дүн болох 8 метр х 10 метр-ийн хэмжээтэй барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байна.

Ажлын үр дүнгийн доголдолтой байх тул Иргэний хуулийн ...352 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлага гэсэн зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байх тул урьдчилгаа төлбөр болон нэмэлт гэрээгээр шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

Нартын хаяа ХХК нь урьдчилгаа болон нэмэлт гэрээгээр нийт 30 000 000 төгрөгөөр тооцож, шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг урьдчилан төлсөн болно.

Олон нийтийн цахим мэдээлэлд /hhtp://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/DUGNELT_DUGAAR_2018_12sar.xlxs/ Sheet 1 хэсэгт: Нийслэлийн нутаг дэвсгэрт байнгын ашиглалтанд оруулсан барилга байгууламжийн мэдээ гэсэн гарчигтай мэдээллийн 766 дугаарт:******* ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны хооронд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, автобусны буудлын засварын ажил гүйцэтгэгч Ө.Цэнд-Аюушийн Гүйцэтгэгчээр /40 сая төгрөг/ ажилласан байна.

Энэ нь******* ХХК нь адил цаг хугацаанд Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэгэн зэрэг ажил гүйцэтгэсэн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Далантай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам,250 кВт АТП-ны Сэлэнгэ.Мандал сум/ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд ******* ХХК-ийн захирал Б.Бямбацогт******* ХХК-ийн захирал Б.Баярмөнх нар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 тоот гэрээ байгуулсан байна.

Гэрээний 2.2-т заасны дагуу Туслан гүйцэтгэгч гишүүний хийх ажлын тоо хэмжээ, өртгийг урьдчилан тохирох бөгөөд ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлэх зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримтыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор хүлээлгэн өгнө... гэсний дагуу ажлын зураг бичиг баримтыг хүсэхэд дараах хариу шийдвэрийг өгсөн болно.

Ноёдын Туурь ХХК-ийн зурсан барилгын зураг нь буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй байгаа тул тухайн барилгыг томруулж 8x10 хэмжээтэй болгон дагуу барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блок /СП-4/ суурьтай, 380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг 8300*1200*220 мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийж гүйцэтгэхээр тохирч ажлын зургийг шинээр хийлгэж өгнө гэсний дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм

Энэ тохиролцооны талаар ******* ХХК нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд тодорхойлсон байна.

Манай компани дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-наас бэлтгэл ажил хийж 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өвлийн улиралд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл барилгын суурь, ханын өрөг, хучилт хаалга, болон угсралтын ажлыг дуусгасан болно

******* ХХК-ийн захирал Б.Бямбацогтын гарын үсэгтэй 2018 оны 12 дугаар сарын 24-нд 398/2018 албан тоот ирүүлж Гэрээний хугацаанд болон гэрээ сунгалт явцад манай байгууллага 2-3 хоног тутамд барилгын ажлын явцтай танилцаж үзлэг шалгалт хийж ирсэн боловч ажил дуусаагүй байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор барилгын ажлыг дуусгах ... барилгын ажлын зургийг шинээр гаргаж өгөх тухай шаардлага тавьсан болно.

Энэ нь өвлийн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй, барилгын ажлын зургийг манай компани хийдэггүй тусгай зөвшөөрөлтэй зургийн компани хийдэг болохыг тайлбарласан бөгөөд хавар дулаалахаар барилгын гадна, дотор шавардлага ,шал таазны ажлыг үргэлжлүүлэх, барилгын ажлын зургийг зургийн компаниар хийлгүүлж бидэнд өгөхийг мэдэгдэж ажил зогссон юм

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн хяналтын барилгын улсын байцаагч нар ирж барилгын ажлын чанар баримт бичгийг шалган үзээд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллага болох ******* ХХК нь барилгын хуулийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, экспертизээр батлагдсан ямар ч зураггүйгээр ажлыг гүйцэтгэж байна гээд ******* ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгнө, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийхийг зогсоолоо гэж үүрэг өгсөн болно.

Энэ тухай шийдвэр нь ******* ХХК-д байх ёстой бөгөөд үүнийг тус компаниас авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд, энэ зөрчлийн дагуу барилгын ажлыг эхлэх цааш үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байгаа тухай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байна.

2019 оны 3 сард барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийх талаар манайд хандсан тул манай компаниас 2019 оны 3 дугаар сарын 11-нд албан тоот хүргүүлж ажлыг үргэлжлүүлэн хийхэд ажил эхлэх зөвшөөрлийг хуулийн дагуу авч, батлагдсан ажлын зургийг манай компанид өгөх, төлбөрийг нь бид өгнө гээд авахуулсан гадна цахилгааны 2 сая төгрөгийн үнэтэй кабелын үнэ, 2018 онд хийгдсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 10 сая төгрөгийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл энэ талаар ямар ч шийдвэр өгөөгүй өнөөдрийг хүрсэн юм.

Харин 2019 оны 4 дүгээр сарын 22-нд барилгын ажлын зураг гэж мэйл хаягаар явуулсан байдаг.

Ингээд дээр өгсөн шийдвэрийг хүлээж байтал 2019 оны 10 дугаар сарын 28-нд тус шүүхэд нэхэмжлэл гарган барилгын ажилд доголдолтой тул баригдсан барилгын ажилд зарцуулсан төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байгааг манай компанид 11-р сард мэдэгдсэн байдаг.

Үүнээс хойш гэрээ хийсэн Б.Баярмөнх нь олдохгүй удааширснаас болж өнөө хүрсэн бөгөөд харин 2021 оны 1 сард хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон хэргийн материалтай танилцсан болно.

Харин шүүхэд ирүүлсэн хэрэгт авагдсан танилцахад зураг төслийн Ноёдын туурь" ХХК 2018 онд хийсэн барилгын ажлын зураг,мөн Мод арч ХХК-д 2018 онд хийсэн гэх 2019 оны 3 дугаар сарын 12-нд баталгаажсан гэх зургийг анх удаа үзэхэд суурь нь угсармал блок,хана нь 38 хана, хучилт угсармал хавтан байгаа нь захиалагчийн зүгээс өгсөн шийдвэртэй адилхан бөгөөд манай компани тэр дагуу ажлыг гүйцэтгэсэн нь баталгаажиж байгаа болно.

Барилгад гарсан доголдлын талаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд угсармал хавтангаар суурь хийж зураг зөрчиж хийснээс суулт өгч гадна хананд ан цав үүссэн гэж дүгнэсэн байна.

Эндээс үзэхэд 8*10 хэмжээтэй цахилгааны хуваарилах байгууламжийн барилгад гарсан гэмтлийг зураг техникийн шийдвэр гаргаж засварлаж ашиглах бүрэн боломжтой бөгөөд энэ талаар олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн туршлага барилгуудад байдаг болно.

Тухайн барилгыг гүйцээн барьж ашиглахаар ******* ХХК нь иргэн У.Сэргэлэнтэй 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулан барилгын үлдэгдэл ажлыг хийлгүүлсэн бөгөөд дээврийн ажлыг технологийн дагуу хийгүйгээс болж ус нэвчсэн байгаа гэсэн нь манай компанид хамаарахгүй асуудал юм.

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барилгад гарсан доголдол гарсан гэсэн нь батлагдсан зургийг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор өгнө, Сэлэнгэ аймгийн барилгын улсын байцаагчийн шийдвэрийг ******* ХХК-д биелүүлээгүй болж барилгын ажил удаан хугацаагаар зогсож ус чийг буурь хөрсөнд орж суурь суултад орж хананд ан цав гарсан гэж үзэж байна

Энэ барилгын үндсэн ажлыг манай компани захиалагч ******* ХХК-ийн гаргасан гэрээнд дурьдсан техникийн шийдлийн дагуу ажлыг гүйцэтгэсэн бөгөөд барилгыг ашиглаж боломжгүй гэсэн нотолсон баримт байхгүй бөгөөд барилгад гарсан гэмтлийг засаж ашиглах боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам,250 кВт АТП-ны /Сэлэнгэ.Мандал сум/ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд ******* ХХК-ийн захирал Б.Бямбацогт,******* ХХК-ийн захирал Б.Баярмөнх нар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 тоот гэрээ байгуулсан болно.

Ноёдын Туурь ХХК-ийн зурсан барилгын зураг нь буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй байгаа тул тухайн барилгыг томруулж 8x10 хэмжээтэй болгон барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блок /СП-4/ суурьтай ,380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай.хучилтыг 8300*1200*220 мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийж гүйцэтгэхээр тохирч ажлын зургийг шинээр хийлгэж өгнө гэсний дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм.

Манай компанид 2018 оны 11 дүгээр сарын 06-наас бэлтгэл ажил хийж 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өвлийн улиралд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл барилгын суурь, ханын өрөг,хучилт хаалга, болон угсралтын ажлыг дуусгасан болно.

Энэ хугацаанд ажлын нэмэлт санхүүжилтийн талаар хүсэлт тавьж байсан боловч ******* ХХК шийдэхгүй байсан тул захирал ажилтай Б.Баярмөнхийн хувийн машиныг барьцаалан зээл авч дээрх ажлыг гүйцэтгэсэн болно.

******* ХХК-ийн захирал Б.Бямбацогтын гарын үсэгтэй 2018 оны 12 дугаар сарын 24-нд 398/2018 албан тоот ирүүлж гэрээний хугацаанд болон гэрээ сунгах явцад манай байгууллага 2-3 хоног тутамд барилгын ажлын явцтай танилцаж үзлэг шалгалт хийж ирсэн гэж тодорхойлсон байдаг боловч барилгад гарсан доголдлын талаар манай компанид огт хандаж байгаагүй болно

Энэ нь Иргэний хуулийн 352.4-т ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй тул энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байдаг нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.

Өвлийн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй, барилгын ажлын зургийг манай компани хийдэггүй тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн компани хийдэг болохыг тайлбарласан бөгөөд, хавар дулаалахаар барилгын гадна, дотор шавардлага, шал таазны ажлыг үргэлжлүүлэх, барилгын ажлын зургийг зургийн компаниар хийлгүүлж бидэнд өгөхийг мэдэгдэж хоёр тал зөвшилцөж ажил зогссон юм

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн хяналтын барилгын улсын байцаагч нар ирж барилгын ажлын чанар баримт бичгийг шалган үзээд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллага болох ******* ХХК нь барилгын хуулийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, экспертизээр батлагдсан ямар ч зураггүйгээр ажлыг гүйцэтгэж байна гээд ******* ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгнө, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийхийг зогсоолоо гэж үүрэг өгсөн болно.

Энэ тухай шийдвэр нь ******* ХХК-д байх ёстой бөгөөд үүнийг тус компаниас авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд, энэ зөрчлийн дагуу барилгын ажлыг эхлэх цааш үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байгаа тухай 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн нэхэмжлэлдээ тодорхой байгаа тул ажлыг цааш үргэлжлүүлэх хууль эрх зүйн боломжгүй байгаа нь манай компани гэрээг дуусгавар болсон гэж үзэж байна.

2019 оны 3 сард барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийх талаар манайд хандсан тул манай компаниас 2019 оны 3 дугаар сарын 11-нд албан тоот хүргүүлж ажлыг үргэлжлүүлэн хийхэд ажил эхлэх зөвшөөрлийг хуулийн дагуу авч, батлагдсан ажлын зургийг манай компанид өгөх, төлбөрийг нь бид өгнө гээд авахуулсан гадна цахилгааны 2 сая төгрөгийн үнэтэй кабелын үнэ, 2018 онд хийгдсэн ажлын гүйцэтгэлээс 10 сая төгрөгийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч энэ талаар ямар ч шийдвэр өгөөгүй өнөөдрийг хүрсэн юм.

Нэгэнт барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй ,батлагдсан барилгын ажлын зураг байхгүй байгаа тул гэрээг цуцалж, манай компанийн ажлын гүйцэтгэлийг Монгол улсад мөрдөж байгаа төсвийн норм үнэлгээний программ Estimator Рго-аар ажлын гүйцэтгэлийн төсөв хийхэд барилга угсралтын ажлын дүн нь 44,616,684 төгрөг болж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн 30 000 000 тооцож үлдэгдэл 14,616,684 төгрөгийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн заалтын дагуу Элекрикком ХХК-иас гаргуулж******* ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 дугаартай "Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/" ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2, 1.4, 1,5-д зааснаар талууд гүйцэтгэх ажил, ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх график зэргийг тодорхой тусгаж гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний ажлын хөлсөнд барилгын материал болон ажиллах хүч, тээвэр, даатгалын зардал болон бусад холбогдох бүх зардлууд орсон.

Дээрх гэрээний дагуу хариуцагч******* ХХК нь "Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/" ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг, гэрээний 1.4-т заасны дагуу /8м*10м/ хэмжээтэй батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэж, 1.7-д зааснаар Гэрээт ажлын хугацаа 20 хоног байна, Урьдчилгаа шилжүүлсэн өдрөөс гэрээт ажлын хугацааг тооцохоор талууд харилцан тохиролцсон. Захиалагч "*******" ХХК нь 1,6-т заасны дагуу урьдчилгаа 20 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч компанийн дансанд шилжүүлсэн.

Хариуцагч "Нартын хаяа" ХХК нь гэрээний 1.7-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа эхлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээгээр тохиролцсон ажлыг чанартай хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч энэ ;хугацаанд гэрээгээр тохиролцсон барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаагүй.

Барилгын ажил хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн улмаас гэрээт ажил удааширч байна гэсэн "Нартын хаяа" ХХК-ийн хүсэлтийн дагуу талууд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 119/2018-1 дугаартай "Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/" ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төлөөлөх эрх бүхий үүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу гэрээт ажил гэрээний хугацаанд дуусаагүй тул 18 оны 12-р сарын 06-нд барилгыг бүрэн битүүлж дуусгаж дотор талын ажил эхлэхэд бэлэн болгож дуусгахаар талууд тохиролцож, нэмэлт санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг тус гэрээг үндэслэн олгохоор өөрчилсөн.

Нэхэмжлэгч "*******" ХХК нь тус гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн санхүүжилтийн 9,500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гончигсүрэн "Нартын хаяа" ХХК-ийн үүсгэн байгуулагч Золбаярын дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг барилгын дотор талын шалны газрыг механизм оруулж ухах ажлын төлбөрт тухайн ажлыг гүйцэтгэсэн Б.Золзаяагийн дансанд тус тус шилжүүлсэн.

Гэвч хариуцагч "Нартын хаяа" ХХК нь ажилчид ажлаа хаяад явсан өөр ажилчид ажлыг үргэлжлүүлэн гэх тайлбар хэлээд гэрээт ажлыг тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй ажлыг хаяж явсан.

Хариуцагч "Нартын хаяа" ХХК нь хоёр талын байгуулсан гэрээний хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажил нь барилгын норм дүрэм, стандарт, барилгын тухай хууль зөрчиж гүйцэтгэсний улмаас тус барилгыг ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэгч талын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09/2019 дугаартай албан тоот мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлж гэрээнээс татгалзсан.

Хариуцагч "Нартын хаяа" ХХК нь хоёр талын байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/2018 дугаартай гэрээний 3.5-д заасан үүргээ зөрчиж ажлаа дуусган хүлээлгэж өгөлгүй хаяж явсан.

Иймд хариуцагч "Нартын хаяа" ХХК-ийн 2018 оны 11 дугаар сарын 05-ны өдөр 19/2018 тоот гэрээний дагуу барилгын үндсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 14,616,684 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр барилгыг бүхэлд нь ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Энэхүү гэрээгээр ашиглах боломжтой, 8*10-ийн харьцаатай барилга барих зориулалттай байсан. Энэхүү гэрээгээр үр дүн гараагүй. Гэрээ зөрчигдсөн талаар нотлох баримтууд авагдсан байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны баримт буюу үнийг тогтоосон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу үнэлэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлд,******* ХХК-д өөрийн материалаар барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блокон СП-4 суурьтай, 380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг угсармал 8300мм*1200мм*220мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийхээр гэрээ байгуулсан гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл захиалагч тал угсармал суурьтай барилгыг бариач гэх асуудлыг тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээнд заасан хугацаанд гэрээний нөхцөлийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан хугацаанд ажлыг угсармал суурьтайгаар ажлыг хийсэн. Гэвч барилгын хананд цууралт үүссэн. Цууралт үүссэн шалтгаан нь цутгамал суурьтай хийх байсан барилгыг угсармал суурьтай хийснээс цууралт үүссэн. Энэ доголдол үүссэн гэм буруу нь захиалагчийн буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс 5 хоногийн дараа зургийг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэвч зургийг хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгч зургийг хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч хүлээлгэж өгсөн гэх зураг нь 2019 оны 3 дугаар сард албан ёсны байгууллагаар баталгаажсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 2018 онд зурсан зургийг өгсөн гэж тайлбарлаж байна. Тэр зураг дээр цутгамал бетонон хийцтэй гэж зурагдсан. Энэ зургуудыг өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэх байсан ажил нь дутуу хийгдсэн нь захиалагчийн өөрийн гэм буруугаас үүдэлтэй. Зураг төсөлгүйгээр ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэг нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн ******* ХХК-д оногдуулсан шийтгэл дээр байгаа. Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулийн 12.5.2-д заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл зураг төслөө гаргаж өгч, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр ******* ХХК-д шийтгэл оногдуулсан байдаг. Энэ үүрэг нь Барилгын тухай хууль тогтоомж болон Зөрчлийн тухай хууль тогтоомж болон захиалагч ******* ХХК-ийн буруу гэдэг нь тогтоогдож байгаа юм. ******* ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас шийтгэл оногдуулсан байдаг. Үүнээс хэд хоногийн дараа 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээгээ цуцлах талаар мэдэгдлийг ирүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК руу хариу мэдэгдлийг ирүүлсний дагуу******* ХХК-иас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зураг төсөл байхгүй ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэх мэдэгдэл ирсэн тул барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Мөн үлдэгдэл санхүүжилтийг шийдэж өгөөч гэж мэдэгдсэн. Шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны зураг төсөлгүйгээр ажлыг хийж гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа юм. Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд барилгад доголдол үүссэн нь захиалагч компанийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдож байна. Ажил гүйцэтгэгч бол гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 12 дугаар сард 44,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, үүнээс 30,000,000 төгрөгийг авсан.

14,616,684 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх үүрэгтэй. Энэ эрхийнхээ дагуу 14,616,684 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж 30,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний дагуу үндсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 14,616,684 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 дугаартай Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, Мандал сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нэртэй гэрээ /цаашид гэрээ гэх/ байгуулж, ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаар шугамын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг******* ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, гэрээний дагуу гүйцэтгэх ажлын нийт үнэ 49,580,194 төгрөг, урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн өдрөөс 20 хоногийн хугацаанд ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19/2018-1 дугаартай, дээрх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг талууд байгуулж, гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэгчид захиалагчаас шилжүүлснийг дурьдаж, гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэх 20 хоногийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж, барилгыг мөн өдөр бүрэн дуусгаж, дотор талын ажил эхлэхэд бэлэн болгохоор харилцан тохиролцож, нэмэлт санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг энэхүү гэрээг үндэслэн олгохоор тогтжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр барилгын ажлыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага тавьж зогсоосон үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлахдаа, гэрээний 2.2-т заасанчлан, ажил гүйцэтгэгчийн хийн ажлын тоо хэмжээ, өртгийг урьдчилан тохиролцох, ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлэх зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримтыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш хоногийн дотор ажил гүйцэтгэгчид өгөх үүргээ захиалагч биелүүлээгүй, ажил эхлэх зөвшөөрөлгүйгээс шалтгаалж төрийн эрх бүхий байгууллага ажил зогсоосон гэж маргасан.

Гэвч хариуцагч нь дээр дурьдсан ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлсний дээр гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, улмаар гэрээний дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрээ байгуулагдах тухайн үед гэрээний 2.2-т дурьдаж буй ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлэх зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримт бүрэн бус болохыг талууд хэн аль нь мэдэж байсан ч харилцан тохиролцож гэрээ байгуулж, ажил эхэлсэн, улмаар шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтэд /хх.-170/ дурьдсан объект баригдсан үйл баримт тогтоогдов.

Гэрээ байгуулагдаж урьдчилгаа төлбөр 20,000,0000 төгрөгийг шилжүүлж, гэрээний 2.2-т тухайлан заасан тохиролцоо биелээгүй нөхцөлд барилгын ажил эхэлсэн тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талууд харилцан тохиролцож, нэмэлт хугацаа тогтоож, нэмэлт санхүүжилт олгосон үйл баримт нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тухайлан заасан нэмэлт хугацааг тогтоосон болохыг илтгэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч нь 14,616,684 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар шаардахдаа, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж мэтгэлцэж байх боловч энэхүү шаардаж буй мөнгө нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасан, учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, ажил хүлээлцээгүй,******* ХХК 14,616,684 төгрөгийн зардал шингээсэн ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн гэж үзэх бодит үндэслэл нотлогдсонгүй.

Тодруулбал, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Сэлэнгэ аймаг, Мандал сум, 6 дугаар баг, Баянхайрхан хэсэгт баригдах 6 кв-ийн хаалттай хуваарилах байгууламжийн барилга нэртэй 48,868,591 төгрөгийн өртөг бүхий төсвийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд тухайлан заасан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч******* ХХК-иас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 14,616,684 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 307,905 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 231,033 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 307,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА