Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00374

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00374

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03491 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Н ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үнэд 14,616,684 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дй, түүний өмгөөлөгч Н.Жамъяан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Г.Шинэцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.Пүрэвжав, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрчим хүчний яам болон Эрчим хүчний хөгжлийн төвтэй Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, А сум/ ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-034/2018 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэж тохиролцсон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болгосон. Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг захиалагч тал авахаар заасан байдаг бөгөөд барилгын зураг төсөл буруу байгаа талаар бид өнөөдрийг хүртэл хэлэлцсээр шийдэлд хүрээгүй. Энэхүү гэрээний туслан гүйцэтгэгч Н ХХК нь өөрийн материалаар барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блокон /СП-4/ суурьтай, 380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг угсармал 8300мм*1200мм*220мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний нийт үнэ 49,580,194 төгрөг бөгөөд үүнээс 30,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 20,000,000 төгрөгийг Н ХХК-ийн, Худалдаа хөгжлийн банкны 410046881 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9,500,000 төгрөгийг компанийн үүсгэн байгуулагч Ц.Гончигсүрэн Н ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Золбаярын Хаан банкны 5021606249 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг барилгын дотор талын шалны газрыг механизм оруулж ухах ажлын төлбөрт тухайн ажлыг гүйцэтгэсэн Б.Золзаяагийн 5001387795 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлсэн байна.

Гэрээний урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг болон нэмэлт 10,000,000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй, хэзээ дуусгах талаар тодорхойгүй, мөн гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой байна. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй Н ХХК нь гэрээ байгуулснаар барилгын норм ба дүрмийг баримтлах үүргээ биелүүлээгүй, барилгын үйлдвэрлэлд бэлтгэх шатандаа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, улмаар барьсан дутуу барилга нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар суулт өгч, хагарч цуурсан байдалтай байна. Тус компанийн [email protected] хаяг руу гэрэл зургийг илгээж, утсаар холбогдож бий болсон нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Ажил гүйцэтгэгч Н ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдөр ажлаа эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрийг хүртэл ажиллаад өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлаа зогсоож, хавар дулаарахаар барилгын гадна, дотно шаврын ажил, шал, тааз зэрэг үлдсэн ажлаа үргэлжлүүлэн дуусгахаар явцгаасан. Н ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдэх ажлын үр дүн болох 8мх10м-ийн хэмжээтэй барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байна. Ажлын үр дүнгийн доголдолтой байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байх тул урьдчилгаа төлбөр болон нэмэлт гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Олон нийтийн цахим мэдээлэлд нийслэлийн нутаг дэвсгэрт байнгын ашиглалтанд оруулсан барилга байгууламжийн мэдээ гэсэн гарчигтай мэдээллийн 766 дугаарт Н ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, автобусны буудлын засварын ажил гүйцэтгэгч Ө.Цэнд-Аюушийн гүйцэтгэгчээр ажилласан байна. Энэ нь Н ХХК нь адил цаг хугацаанд Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн А суманд нэгэн зэрэг ажил гүйцэтгэсэн байна гэж үзэж байна. Йимд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.йДн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны Сэлэнгэ, А сум ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөөлөх эрх бүхий гишүүн ба туслан гүйцэтгэгчийн хооронд Э ХХК-ийн захирал Б.Бямбацогт, Н ХХК-ийн захирал Б.Баярмөнх нар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 тоот гэрээ байгуулсан байна. Ноёдын туурь ХХК-ийн зурсан барилгын зураг нь буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй байгаа тул тухайн барилгыг томруулж 8мx10м хэмжээтэй болгосны дагуу барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блок /СП-4/ суурьтай, 380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг 8300*1200*220 мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийж гүйцэтгэхээр тохирч ажлын зургийг шинээр хийлгэж өгнө гэсний дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Манай компани дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-наас бэлтгэл ажил хийж 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өвлийн улиралд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл барилгын суурь, ханын өрөг, хучилт хаалга, болон угсралтын ажлыг дуусгасан болно. Э ХХК-ийн захирал Б.Бямбацогтын гарын үсэгтэй 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 398/2018 албан тоот ирүүлж гэрээний хугацаанд болон гэрээ сунгалт явцад манай байгууллага 2-3 хоног тутамд барилгын ажлын явцтай танилцаж үзлэг шалгалт хийж ирсэн боловч ажил дуусаагүй байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барилгын ажлыг дуусгах ... барилгын ажлын зургийг шинээр гаргаж өгөх тухай шаардлага тавьсан болно. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн хяналтын барилгын улсын байцаагч нар ирж барилгын ажлын чанар баримт бичгийг шалган үзээд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллага болох Э ХХК нь барилгын хуулийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, экспертизээр батлагдсан ямар ч зураггүйгээр ажлыг гүйцэтгэж байна гээд Э ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгнө, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийхийг зогсоолоо гэж үүрэг өгсөн болно. Харин 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барилгын ажлын зураг гэж мэйл хаягаар явуулсан байдаг. Ингээд дээр өгсөн шийдвэрийг хүлээж байтал 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барилгад гарсан доголдлын талаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд угсармал хавтангаар суурь хийж зураг зөрчиж хийснээс суулт өгч гадна хананд ан цав үүссэн гэж дүгнэсэн байна. Эндээс үзэхэд 8*10м хэмжээтэй цахилгааны хуваарилах байгууламжийн барилгад гарсан гэмтлийг зураг техникийн шийдвэр гаргаж засварлаж ашиглах бүрэн боломжтой бөгөөд энэ талаар олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн туршлага барилгуудад байдаг болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барилгад гарсан доголдол гарсан гэсэн нь батлагдсан зургийг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор өгнө, Сэлэнгэ аймгийн барилгын улсын байцаагчийн шийдвэрийг Э ХХК-д биелүүлээгүй болж барилгын ажил удаан хугацаагаар зогсож ус чийг буурь хөрсөнд орж суурь суултад орж хананд ан цав гарсан гэж үзэж байна. Энэ барилгын үндсэн ажлыг манай компани захиалагч Э ХХК-ийн гаргасан гэрээнд дурьдсан техникийн шийдлийн дагуу ажлыг гүйцэтгэсэн бөгөөд барилгыг ашиглаж боломжгүй гэсэн нотолсон баримт байхгүй бөгөөд барилгад гарсан гэмтлийг засаж ашиглах боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дйн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ноёдын туурь ХХК-ийн зурсан барилгын зураг нь буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй байгаа тул тухайн барилгыг томруулж 8x10м хэмжээтэй болгон барилгын хийц бүтээцийг угсармал суурийн блок /СП-4/ суурьтай ,380 мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг 8300*1200*220 мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийж гүйцэтгэхээр тохирч ажлын зургийг шинээр хийлгэж өгнө гэсний дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Манай компанид 2018 оны 11 дүгээр сарын 06-наас бэлтгэл ажил хийж 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өвлийн улиралд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл барилгын суурь, ханын өрөг, хучилт хаалга, болон угсралтын ажлыг дуусгасан болно. Э ХХК-ийн захирал Б.Бямбацогтын гарын үсэгтэй 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 398/2018 албан тоот ирүүлж гэрээний хугацаанд болон гэрээ сунгах явцад манай байгууллага 2-3 хоног тутамд барилгын ажлын явцтай танилцаж үзлэг шалгалт хийж ирсэн гэж тодорхойлсон байдаг боловч барилгад гарсан доголдлын талаар манай компанид огт хандаж байгаагүй болно. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн хяналтын барилгын улсын байцаагч нар ирж барилгын ажлын чанар баримт бичгийг шалган үзээд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч байгууллага болох Э ХХК нь барилгын хуулийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, экспертизээр батлагдсан ямар ч зураггүйгээр ажлыг гүйцэтгэж байна гээд Э ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн прокурорт өгнө, барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн хийхийг зогсоолоо гэж үүрэг өгсөн болно. Нэгэнт барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй ,батлагдсан барилгын ажлын зураг байхгүй байгаа тул гэрээг цуцалж, манай компанийн ажлын гүйцэтгэлийг Монгол улсад мөрдөж байгаа төсвийн норм үнэлгээний программ Estimator Рго-аар ажлын гүйцэтгэлийн төсөв хийхэд барилга угсралтын ажлын дүн нь 44,616,684 төгрөг болж байгаа бөгөөд санхүүжилт хийгдсэн 30,000,000 тооцож үлдэгдэл 14,616,684 төгрөгийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлд заасны дагуу Э ХХК-аас гаргуулж Н ХХК-д олгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Захиалагч Э ХХК нь 1,6-т заасны дагуу урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч компанийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч Н ХХК нь гэрээний 1.7-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа эхлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээгээр тохиролцсон ажлыг чанартай хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч энэ хугацаанд гэрээгээр тохиролцсон барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаагүй. Тус гэрээний дагуу гэрээт ажил гэрээний хугацаанд дуусаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барилгыг бүрэн битүүлж дуусгаж дотор талын ажил эхлэхэд бэлэн болгож дуусгахаар талууд тохиролцож, нэмэлт санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг тус гэрээг үндэслэн олгохоор өөрчилсөн. Хариуцагч Н ХХК нь хоёр талын байгуулсан гэрээний хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажил нь барилгын норм дүрэм, стандарт, барилгын тухай хууль зөрчиж гүйцэтгэсний улмаас тус барилгыг ашиглах боломжгүй байсан тул нэхэмжлэгч талын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 09/2019 дугаартай албан тоот мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлж гэрээнээс татгалзсан. Хариуцагч Н ХХК нь хоёр талын байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/2018 дугаартай гэрээний 3.5-д заасан үүргээ зөрчиж ажлаа дуусган хүлээлгэж өгөлгүй хаяж явсан. Иймд хариуцагч Н ХХК-ийн 2018 оны 11 дугаар сарын 05-ны өдөр 19/2018 тоот гэрээний дагуу барилгын үндсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 14,616,684 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 14,616,684 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 307,905 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 231,033 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 307,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дй, түүний өмгөөлөгч Н.Ж нарын давж заалдах гомдлын агуулга: ...Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, А сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж \РП\-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19\2018 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Э ХХК-ийн захирал Б.Бямбацогт, Н ХХК-ийн захирал Б.Баярмөнх нар баталгаажуулж гарын үсэг зурсан. Дээрх гэрээний 1.4-т Ноёдын туурь ХХК-ийн зурсан барилгын зураг буруу зурагдсан ба шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй тул тухайн барилгыг томруулж (8мх10м) харьцаатай болгож барих гэж заасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны агуулга нь ажил гүйцэтгэгч зөвхөн гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд шинээр суурилуулах тоног төхөөрөмж багтахгүй тул тухайн барилгыг томруулж (8мх10м) харьцаатай болгож барих үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний 2.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй учир хариуцагч Н ХХК нь барилгын зургаар тухайн барилга ямар хийцтэй баригдах байсныг мэдэх боломжгүй юм. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК нь Н ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилгыг буцааж хүлээлгэж өгөх үүрэг хүлээх бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд барилгын ажлыг дуусгаж чадаагүй нь Н ХХК-аас шалтгаалаагүй юм. Хариуцагч Н ХХК нь Сэлэнгэ аймаг, А сум, 6 дугаар баг, Баянхайрхан хэсэгт баригдах 6 кв-ийн хаалттай хуваарилах байгууламжийн барилгад хийж гүйцэтгэсэн ажлын төсөв нь 48,868,591 төгрөгийн төсөв хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх барилгын ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Н ХХК нь өөрийн материалаар барилгын хийц бүтцийг угсармал суурийн блокон СП-4 суурьтай, 380мм-ийн ердийн улаан тоосгон ханатай, хучилтыг угсармал 8300 мм*1200 мм*220 мм хэмжээтэй хучилтын хавтангаар хийхээр гэрээ байгуулсан гэж тодорхойлсон нь барилгын ажлын зургийг захиалагч өөрөө дур мэдэн өөрчилж захиалгаа өгсөн байна гэж үзэхээр байна. Мөн гэрээний 2.2-т Захиалагч...ажлын зураг техникийн шаардлага, ажил эхлэх зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримтыг ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор өгнө.. гэж заасан байх бөгөөд гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ захиалагч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбар мэдүүлгээр нотлогдсон байтал анхан шатны шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн. Гэрээний 1.7-д ажил гүйцэтгэх хугацаа нь хугацааг хуанлийн 20 хоногт багтаан гүйцэтгэх-ээр тохиролцсон байх бөгөөд захиалагч Э ХХК ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг шаардсанаар ажлыг эхлүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Талууд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний зүйл нь тоног төхөөрөмж байрлуулах барилга байгаа. Талууд анх тохиролцохдоо ...Ноёдын Туурь ХХК-ийн зурсан зураг алдаатай ба энэ нь хэмжээ алдсан зураг байдаг. Иймээс хэмжээнээс бусад нь батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэх ба барилга өөрчилсөнтэй холбоотой тодорхой өөрчлөлтүүдийг гүйцэтгэхээр гүйцэтгэлээр нь хангуулна гэж талууд барилгын зургийн хэмжээ алдаатай, бусад нь хэвээр учраас үүний дагуу барьж гүйцэтгэнэ гэж тохиролцож гарын үсэг зурсан. Тэгэхээр хэмжээг томсгосон зүйл байгаа. Ноёдын Туурь ХХК-ийн зурсан зурагт суурь нь цутгамал бетон суурьтай байна гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь өөрөө хугацаандаа ашиглалтад ороогүй, гэрээний зүйл доголдолтой байгаа. Доголдолтой болсон шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагддаг. Цутгамал төмөр бетон бүтээцтэй суурьтай байхыг угсармал хавтангаар шугам суурийг гүйцэтгэсэн нь хананд суулт өгч цуурсан. Үүнийг ашиглах боломжгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Ноёдын Туурь ХХК-ийн зурсан зурагт суурийг цутгамал бетон суурьтай байхаар заасан байхад угсармал хавтан суурийг гүйцэтгэгч тал хийснээс болж доголдол бий болсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш 20 хоногийн дотор гүйцэтгэх ёстой байхад хариуцагч тал хөрөнгө мөнгөний улмаас ажил удааширч байна, манай ажилчид цалингүй болоод ажил хийгдэхгүй байна гэх хүсэлтийг тавьсны үүднээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт гэрээг байгуулж хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл, үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацааг зааж өгсөн. Энэ хугацаанд үүрэг гүйцэтгээгүй. Тийм учраас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээнээс татгалзах албан мэдэгдлийг албан ёсоор явуулж гэрээнээс татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хуулийг хэрэглэсэн ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул бол анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 30,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч гэрээний дагуу үндсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 14,616,684 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байгаа гэж тайлбарлаж байна.

4. Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/2018 дугаартай Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, А сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламж /РП/-ийн барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, гэрээний 1.5-д ажлын нийт үнэ 49,580,194 төгрөг, гэрээний 1.6-д урьдчилгаа 20,000,000 төгрөг 1.7-д гэрээт ажлын хугацаа 20 хоног /хуанлийн/ урьдчилгаа төлбөр шилжүүлсэн өдрөөс гэрээт ажлын хугацааг тоолно гэж заажээ. /1хх.7-9/

4а. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19/2018-1 дугаартай гэрээгээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 19/2018 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, ажил гүйцэтгэх 20 хоногийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж, нэмэлт санхүүжилт болох 10,000,000 төгрөгийг энэхүү гэрээг үндэслэн олгохоор тохиролцсон байна. /1хх.10/

4б. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон урьдчилгаа шилжүүлсэн үнийн дүнгийн талаар маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байсан гэж тайлбарлаж, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Э ХХК нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, экспертээр баталсан ямар ч зураггүйгээр ажлыг эхлүүлсэн гэж маргасан байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулгаар Н ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл барилгын засвар гэж бичсэн байх бөгөөд Н ХХК-ийн дүрмийн 1.5-д Компани нь үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулна. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг энэ заалтад хамааруулахгүй гэж, 1.5.1-т Гадаад худалдаа, 1.5.3-т Барилгын засвар үйлчилгээ гэж заажээ. /1хх.30, 71/

Барилгын тухай хуулийн 4.1.15-т "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно гэж заасан байх бөгөөд хариуцагч Н ХХК нь А суманд байрлах шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, А сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламжийн /РП/-ийн барилга угсралтын ажил нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөвгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд ...Барилгын суурийг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, ул хөрсийг нягтруулаагүй улмаас сууринд суулт өгч гадна хананд ан цав үүссэн байна гэж, /1хх.105/

мөн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ... Дээрх барилгын суурийг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, ул хөрсийг нягтруулаагүйн улмаас сууринд суулт өгч, гадна хананд ан цав үүссэн байна. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ норм дүрмийн дагуу гүйцэтгээгүй тул цаашид энэхүү барилгыг ашиглах боломжгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтүүд гарчээ. /1хх.170-171/

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн А суманд байрлах шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП-ны /Сэлэнгэ, А сум/ ажлын хүрээнд хийгдэх шинээр баригдах 6 кв-ын хуваарилах байгууламжийн /РП/-ийн дутуу барилга нь гэрээгээр тохирсон чанарын шаардлагад нийцсэн гэж үзэхгүй бөгөөд ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 355.1 дахь хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд захиалагч Э ХХК гэрээгээ цуцлахыг шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Н ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,616,684 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж мэтгэлцэж байх боловч энэхүү шаардаж буй мөнгө нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасан, учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, ажил хүлээлцээгүй, Н ХХК 14,616,684 төгрөгийн зардал шингээсэн ажлыг гэрээний дагуу гүйцэтгэсэн гэж үзэх бодит үндэслэл нотлогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО