Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0274

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2017/0274

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, Ч ө ч, В оффисийн барилгын 0 дүгээр давхарт байрлах А ХХК,

Хариуцагч: Нийслэлийн татварын газар, Нийслэлийн татварын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийн хариуцлагаас А ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, А ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлснөөр тооцох буюу бүртгэхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Б.И, өмгөөлөгч Н.М нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2014 онд Нийслэлийн татварын газраас шалгалт хийж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 тоот актаар 70.367.635.4 төгрөгийн нөхөн татвар, 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү, нийт 114.492.484.9 төгрөгийн төлбөр ногдуулсныг манай компани хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй.

Улмаар хяналт шалгалтын актаар тогтоосон нөхөн татвар болон торгууль, алданги, хүүгийн төлбөрийг Улаанбаатар хотын банкны 2611009664 тоот данс руу төлөхийг татварын хяналт шалгалтын актын хавсралтаар мэдэгдсэн тул нөхөн татвар 70.367.635.4 төгрөгийг эхний ээлжинд төлөх зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 71.000.000 сая төгрөгийг төлсөн.

Дээрх байцаагчийн акт нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө гарсан тул хяналт шалгалтын актаар тогтоосон торгууль, алданги, хүүгийн төлбөрөөс татвар төлөгчийг чөлөөлөх ёстой.

А ХХК нь актаар тогтоогдсон 44.149.894.5 төгрөгийн торгууль, алданги, хүүгийн төлбөр өршөөгдөх боломжтой болсон тул актаар тогтоогдсон нөхөн татварын төлөгдөөгүй үлдэгдлийг гүйцээн төлсний дараа Нийслэлийн татварын газарт хандан, торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлд хамруулах тухай хүсэлтийг удаа дараа гаргахад Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/502 албан бичгээр ...өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төлсөн 20 сая төгрөгийг нөхөн татварт тооцон, торгууль, алданги, хүүгийн төлбөрөөс 20 сая төгрөгийг өршөөлд хамруулах боломжтой... гэсэн боловч, нэгэнт хүү, торгууль, алданги төлөгдсөн гэдэг үндэслэлээр өршөөлд хамруулахгүй гэсэн байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг эхний нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан гаргасан.

А ХХК-ийн нөхөн татварт төлсөн 71 сая төгрөгийн 44.149.894.5 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу алданги, торгууль, хүү гэсэн дарааллаар татаж авсан, одоо нөхөн татварын өртэй гэж гарч ирж байгаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, хариуцлагаас өршөөгдөх татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхол буюу Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу татварын хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх боломжийг үгүйсгэсэн нөхцөл байдалд хүргээд байна.

Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд татвар барагдуулах дарааллыг тогтоосон боловч энэ нь татварын өрийг татварын алба, татварын улсын байцаагчаас албадан барагдуулах харилцаанд үйлчлэх буюу татварын албанаас өр барагдуулахад баримтлах ерөнхий дарааллыг тогтоосон болох нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Хэрэв татвар төлөгч тухайн татварын төлбөрийг аль хугацааны ямар татварт хамаарахыг заагаагүй... гэдэг нь татвар төлөгч тайлангаар тодорхойлогдсон татварын өр, хяналт шалгалтын актаар тогтоогдсон татварын өр зэрэг төлбөрөө төлөхдөө зориулалтыг заах буюу өөрийн хүсэл зоригоор сонгож төлөх боломжтой болохыг илэрхийлсэн байна. Мөн хуулийн 56.2-т ... заагаагүй бол татварын өр төлөх дарааллыг татварын алба тусгайлан тогтооно гэж заасан нь татвар төлөгч тодорхой хугацааны болон тодорхой төрлийн татварыг төлж байгаагаа дурдаагүй бол татварын алба Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, эсхүл өөр байдлаар тусгайлан дараалал тогтоох уу гэдэг нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа бөгөөд А ХХК-ийн хувьд сайн дурын үндсэн дээр өөрөө актаар тогтоосон нөхөн татварын хэмжээгээр буюу 71 сая төгрөгийг төлсөн учир дээрх заалт хамаарахгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Татварын газрын дарга асан Х.Т 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/502 тоотоор өгсөн хариунд Өршөөл үзүүлэх тухай хуулиас хойш төлсөн 20 сая төгрөгийг торгууль, алданги, хүүгийн төлбөрт төлснөөр тооцож болно гэсэн нь А ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлсөн төлбөрийн талаар татварын алба тусгайлан дараалал тогтоож байгаа бодит хэлбэр гэж үзэж байна. Энэ ч үүднээс хариуцагч тал 26 сая төгрөгийг нөхөн татварт тооцож болно гэж хариу тайлбар өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлгогдож байна.

А ХХК нь Анхны ардчилсан сонгууль ялж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 51 сая төгрөгийг төлсөн бөгөөд бидний нийт төлсөн 71 сая төгрөгийг нөхөн татварт тооцож, алданги, хүү, торгууль болох 44 сая төгрөгийн хариуцлагаас чөлөөлөхийг Нийслэлийн татварын газрын даргад даалгаж өгнө үү.

А ХХК нь үндсэн өр төлбөрөө барагдуулахаар хяналт шалгалтын актын төлбөр гэж тухайлан утгыг зааж, нөхөн татварыг хэсэгчлэн төлсөн бөгөөд баримтын нийлбэр дүн нь нөхөн татварын дүнтэй нийцэж байгаа. Татварын алба нь данснуудаа тодорхой зааж өгөх ёстой, нэг данс өгсөн учраас тэр данс руу нь хийх үүрэг үүссэн. Иймд татвар төлөгчийн хууль ёсны итгэл, ашиг сонирхлыг хамгаалах зарчмын үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Ч.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу А ХХК-ийг өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги 44.149.894.5 төгрөгийн хариуцлагаас чөлөөлүүлэх асуудлыг судалж үзлээ.

А ХХК-ийг Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн байна.

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нар А  ХХК-д хяналт шалгалт хийж, нийт 114.492.484.9 төгрөгийн акт тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь зөрчлийг хүлээн зөвшөөрсөн.

Нэгэнт захиргааны актаар тогтоосон төлбөрийг 14 хоногийн дотор төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж, татвараа төлчихөөд, одоо болохоор ямар үндэслэлээр шилжүүлж өг гээд байгаа юм бэ? Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхөн төлбөр нь нэг дансанд орж, түүнээс хуулийн дагуу ногдлуудаа хаагаад, дууссан тохиолдолд нөхөн татвараа хаадаг. Гэтэл "А" ХХК нь шилжүүлэг хийсэн утган дээрээ Нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө гэж бичсэн бол нөхөн төлбөр лүү хаах ёсгүй, нөхөн төлбөрийн мөнгө байхад татварын тайлангийн өрийг хаах ёсгүй юм. Энэ заагийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвараар гарсан өр буюу дутуу ноогдлыг төлөх данс нь тодорхой. Нөхөн төлбөр, хүү, алдангийг төлөх данс тодорхой. Гэтэл нэхэмжлэгч талын нөхөн татвар нь нэмэгдсэн өртгийн албан татвар байтал мөнгөө төлөхдөө татварын тайлангаар төлөх өрийг дутуу ногдолоор төлнө гэсэн утгыг нөхөн төлбөрт хийвэл тэр бичилтийг хийсэн байцаагч буруутай, харин нөхөн төлбөрт хийсэн мөнгөөр татварын тайлангийн өрийг барагдуулбал мөн тухайн байцаагч буруутай.

А ХХК-д тавигдсан татварын улсын байцаагчийн акт нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар сарын 10.2-д заасан хугацаанд хамаарч байгаа тул өршөөлийн хуульд хамрагдах бүрэн боломжтой.

А ХХК нь актаар тогтоосон төлбөрийг хэсэгчлэн төлсөн байх бөгөөд Татварын алба Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу төлсөн төлбөрийг хүү, торгууль, алданги, нөхөн татвар гэсэн дарааллаар суутгаж авсан.

А ХХК нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө төлсөн буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5.000.000, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5.000.000, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15.000.000, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10.000.000, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16.000.000, нийт 51.000.000 төгрөгийг нөхөн татварт суутгах боломжгүй. Харин зөрүү 6.875.150.5 төгрөг, өршөөлийн хууль батлагдсанаас хойш төлсөн 20.000.000 төгрөг, нийт 26.875.150.5 төгрөгийг нөхөн татварт суутгах боломжтой. Нэхэмжлэгчийн төлсөн 71 сая төгрөгийг бүхэлд нь нөхөн татварт тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дүгээр актаар 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн алданги, нийт 44.124.849.5 төгрөг ногдуулсан байхад 44.149.894.5 төгрөг гэж нэхэмжилсэн нь алдаатай байна. Өөрөөр хэлбэл 750.45 төгрөгөөр илүү нэхэмжилсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь анх тус шүүхэд Нийслэлийн татварын газрын даргад холбогдуулан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу А ХХК-ийг өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.149.894.5 төгрөгийн хариуцлагаас А ХХК-ийг чөлөөлж, торгууль, хүү, алдангид төлсөн 44.149.894.5 төгрөгийг дээрх актаар тогтоогдсон нөхөн татварт тооцон суутгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.149.894.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.149.894.5 төгрөгийн хариуцлагаас А ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, А ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлснөөр тооцох буюу бүртгэхийг даалгах гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Т нар нь Нийслэлийн татварын газартай харьцдаг А ХХК-ийн 2009-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар 3.125.588.367.3 төгрөгийн зөрчилд 70.367.635.4 төгрөгийн нөхөн татвар, 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү, нийт 114.492.484.9 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч А ХХК нь дээрх акт болон актаар тавигдсан төлбөрийн дүнтэй маргаагүй бөгөөд харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль, алданги, хүүгийн төлбөрийг өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.894.5 төгрөгийн хариуцлагаас А  ХХК-ийг чөлөөлүүлэхийг даалгуулах, А ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлснөөр тооцох буюу бүртгэхийг даалгуулахаар маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.149.894.5 төгрөг гэж тодорхойлсон байх боловч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 тоот акт дахь торгууль, алданги, хүүгийн дүн нь 44,124,849.5 /23.403.250,1+20,687,205+34,394.4/ байх тул акт дээрх дүнгээр тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Нэг: Нийслэлийн Татварын газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44,124,849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44,124,849.5 төгрөгийн хариуцлагаас А ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах шаардлагын тухайд:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах-аар, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... этгээдийг өршөөн хэлтрүүлэх-ээр, 10 дугаар зүйлийн 10.1-д Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарах-аар, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөх-өөр тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан байх бөгөөд хууль тогтоогчид энэхүү хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөхөөр тогтоожээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ гэжээ. Эндээс үзэхэд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь өөрөө захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл юм.

Нэхэмжлэгч А ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 71.000.000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, банкны орлогын мэдүүлгийн хуулбар, төлбөрийн баримт, дансны хуулга[1] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч А ХХК нь өршөөлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 51.000.000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч нь уг мөнгийг актаар тогтоогдсон нөхөн татварт төлсөн гэж маргаж байх боловч энэхүү үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх мөнгийг банкинд тушаахдаа төлбөрийн зориулалтыг хяналт шалгалтын актын төлбөр гэж бичсэнээс үзэхэд уг төлбөрийг дан ганц актаар тогтоосон нөхөн татварт төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч А ХХК нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар татварын өрөнд хамааруулж, нэхэмжлэгч А ХХК-ийн өршөөлийн хууль гарахаас өмнө татварын өр /нөхөн татварт төлсөн гэх/-нд төлсөн 51.000.000 төгрөгнөөс 44.124.849.5 төгрөгийг тухайн татварт ногдох алданги, торгууль, хүүд суутган тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд төлөөгүй татварын өрийг татварт ногдох алданги, торгууль гэсэн дарааллаар суутгасныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө актаар тогтоосон алданги, торгууль, хүүд ногдуулсан 44.124.849.5 төгрөг төлөгдсөн. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн алданги, торгууль, хүү төлөх үүрэг дуусгавар болсон байх тул актаар ногдуулсан 44.124.849,5 төгрөгийг өршөөлийн хуульд хамааруулах, хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А ХХК-д Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн актаар торгууль, хүү, алдангид ногдуулсан нийт 44.124.894.5 төгрөгийг Өршөөлийн хуульд хамруулан, өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байхын зэрэгцээ хариуцагч Нийслэлийн татварын газрын даргын актаар ногдуулсан 44.124.849,5 төгрөгийг өршөөлийн хуульд хамааруулах, хариуцлагаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нийслэлийн татварын газарт холбогдох А ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлснөөр тооцох буюу бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татварын төлбөрт төлсөн 71.000.000 төгрөгийг уг актаар ногдуулсан 70.367.635.400 төгрөгийн нөхөн татварт нөхөн тооцуулахаар маргажээ.

Нэхэмжлэгч А ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/188 дугаар албан бичгээр Нийслэлийн татварын газарт ... төлж барагдуулсан төлбөрийн зохих хувийг үндсэн төлбөрөөс барагдуулах ...-аар хүсэлт гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/502 дугаар албан бичгээр ... 20.000.000 төгрөгийн төлөлтийг нөхөн татварт суутган тооцоолол хийж болох тул харьяа дүүргийн татварын хэлтэст хүсэлт гарган хандах боломжтой ... гэсэн хариуг хүргүүлж байжээ. Улмаар нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16/197 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ... 20.000.000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцуулах-аар хүсэлт гаргаж байжээ.

Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар татварын алба нь татвар төлөгчийн илүү төлсөн татварыг тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, эсхүл татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох ёстой.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 71.000.000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь хяналт шалгалтын актаар тогтоосон дээрх татварын төлбөрөөс 44.124.849.5 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу тухайн татварт ногдох алданги, торгууль, хүүд суутган тооцсон болох нь тогтоогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.3-т зааснаар хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй /татварын албаны шалгалтаар тогтоосон/ татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль татварын өрөнд хамаарах бөгөөд ийнхүү төлөөгүй татварын өрийг (татвар, алданги, торгууль)-ийг барагдуулах дарааллыг хууль тогтоогчид Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хуульчлан тогтоожээ. Харин хууль тогтоогчид Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг явуулах дараалал-ыг тогтоосон байх тул хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг төлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дарааллыг баримтлах нь зөв гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... хураан барагдуулахтай холбоотой харилцаанд татварын дараалал баримтлах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Харин актаар тогтоосон алданги, торгууль, хүүгийн 44.124.849.5 төгрөгийн төлбөрөөс илүү төлөгдсөн 6.875.150,5 /51.000.000-44.124.849.5/ төгрөг, мөн өршөөлийн хууль дагаж мөрдөгдсөнөөс хойш төлсөн 20.000.000 төгрөг, нийт 26.875.150,5 төгрөгийг нь нөхөн татварт суутган тооцохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул актаар тогтоосон нөхөн татварт 26.875.150.5 төгрөгийг суутган тооцох үндэслэлтэй байна.

Иймд захиргааны акт гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул актаар тогтоогдсон нөхөн татварт 26.875.150.5 төгрөгийг суутган тооцохыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаартай хяналт шалгалтын актаар тогтоосон нөхөн татварт А ХХК-иас төлсөн 26.875.150.5 төгрөгийг суутган тооцсон шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийн хариуцлагаас А ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаартай хяналт шалгалтын актаар тогтоогдсон нөхөн татварт А ХХК-иас төлсөн 44.124.849.5 /нийт төлсөн 71.000.000 төгрөгөөс нөхөн татварт тооцогдож, хангасан 26.875.150.5 төгрөгийг хассан дүн/ төгрөгийг төлснөөр тооцуулах буюу бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн татварын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН