Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03492

 

 

 

 

 

 

 

 

2021 11 01 101/ШШ2021/03492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 22 Б байр, 15 тоот хаягт оршин суух, Зуутраг овогт Лосолын ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 22 Б байр 5 дугаар орц, 0 тоот хаягт байрлах,******* СӨХ-нд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Баатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* 2017 онд******* СӨХ-д жижүүр, орлого хариуцсан байцаагчаар ажилд орж 3 ажил ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 20 сарын ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг хариуцагч******* СӨХ-ноос гаргуулж өгнө үү. Л.******* шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдоод, ажилдаа орохоор******* СӨХ дээр очиход ажилд нь аваагүй, бүр хөөгөөд гаргасан байсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудсыг танай шүүхээс авсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах гэсэн боловч төлбөр төлөх боломжгүй байгаа гэв.

 

Хариуцагч******* СӨХ-ны төлөөлөгч Т.Баатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Л.******* өөрөө ажилдаа эргэж орох хүсэлгүй буюу 2020 оны 7 угаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 601 дүгээр тогтоол гарснаас хойш өнгөрсөн бүх хугацаанд ажилдаа оръё гэж нэг ч удаа ирж байгаагүй. Л.******* зүгээр сууж байгаад мөнгө авах сонирхолтой байна. Түүнийг ажилд анх авсан тушаал байгаа бөгөөд шүүх ажилд нь тогтоочихсон тул заавал дахиж тушаал гаргахгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ хуулийн этгээдийн эрхгүй этгээд. Цаана нь оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байгаа. Л.*******г халагдсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон хугацааны мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийг 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч урьдчилаад 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гээд 20 сарын мөнгө нэхэж байгаа. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тооцож үзэх ёстой гэж үзэж байна. Сар болгон 450,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгөх санал тавьж байна. Энэ хүмүүс СӨХ-ны төлбөрөө төлдөггүй байж ажилд нь эгүүлэн авахгүй байгаад саад учруулсан нөхцөл байдал байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч******* СӨХ-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Асар СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/01 дугаартай тушаалаар, тус СӨХ-ны байцаагч Л.*******г мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01771 дүгээр шийдвэрийг хариуцагч******* СӨХ сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Л.*******гийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш Л.*******г ажилдаа орохоор огт ирээгүй, түүнийг ажилд анх авсан тушаал байгаа бөгөөд шүүх ажилд нь тогтоочихсон тул заавал дахиж тушаал гаргахгүй хэмээн маргаж байх боловч Л.*******г ажилд эгүүлэн тогтоосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, хяналтын шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэж, Л.*******г ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч******* СӨХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж зааснаар, Л.*******г ажилд эгүүлэн томилох үүргээ биелүүлээгүй, түүнийг ажилд томилсон тушаал гаргаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасныг баримтлан, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс Л.*******г ажилгүй байсан бүх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэйн дээр нийт 20 сарын цалин гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана.

Нэхэмжлэгч Л.************** СӨХ-ны байцаагчаар ажиллаж байхдаа сард 500,000 төгрөгөөр цалинжиж байсныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлал тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар түүний цалинг 500,000 төгрөгөөр тооцож олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, хариуцагч******* СӨХ-ноос нийт 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА