Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00201

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Жнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03492 дугаар шийдвэртэй

Л.Жнгийн нэхэмжлэлтэй “Р” СӨХ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, хариуцагчийн төлөөлөгч Т.Баатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Л.Жн 2017 онд “Р” СӨХ-д жижүүр, орлого хариуцсан байцаагчаар ажилд орж 3 ажил ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан.

Л.Жн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдоод, ажилдаа орохоор “Р” СӨХ дээр очиход ажилд аваагүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудсыг шүүхээс гарсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлдөг урьдчилсан төлбөрийг төлөх боломжгүй байгаа.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 20 сарын ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг “Р” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Л.Жн өөрөө ажилдаа эргэж орох хүсэлгүй байгаа. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 601 дүгээр тогтоол гарснаас хойш ажилдаа нэг удаа ч ирж байгаагүй.

Л.Жн зүгээр сууж байгаад мөнгө авах сонирхолтой байна. Түүнийг ажилд анх авсан тушаал байгаа бөгөөд шүүх ажилд нь тогтоочихсон тул заавал дахиж тушаал гаргахгүй. СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага. Цаана нь оршин суугчдын эрх, ашиг хөндөгдөж байгаа.

Л.Жнг халагдсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон хугацааны мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч урьдчилаад мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гэж 20 сарын цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцож үзэх ёстой. Сар болгон 450,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгөх санал тавьж байна.

Ажилд нь эгүүлэн авахгүй байгаад саад учруулсан нөхцөл байдал байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Р” СӨХ-оос 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Жнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Р” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Жнд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 2,779,545 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 16 сар 2 хоногийн цалин авах ёстой. Л.Жн нь Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол гарсан өдрөөс хойш ажилдаа орох бүрэн боломжтой байсан. Гэтэл нэг удаа ч ажилдаа ирээгүй, шүүхээс ажилд эгүүлэн тогтоосноор ажил хийх эрх нь сэргэсэн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ажлаа хийх гэтэл эгүүлж авахгүй саад учруулсан асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө ажлаа хийх, ажилдаа ирэх хүсэлгүй байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг 36.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх Л.Жнгийн сарын дундаж цалинг 500,000 төгрөгөөр тооцсон. Бодит байдалд гарт олгох цалин 450,000 төгрөг байсан. Цалингийн цэсийг нотлох баримтаар өгсөн. Тиймээс 7,220,450 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсэг болох 2,779,545 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Л.Жн нь сарын цалин 500,000 төгрөг авдаг байсан. Анхан шатны шүүхэд цалин хөлс 450,000 төгрөг гэж яригдаагүй. Л.Жн ажилдаа орохгүй байсан зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ажилдаа орохоор очиход хаалга нь цоожтой, цоожоо сольсон. Улмаар 3 сар өнгөрсний дараа Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд гүйцэтгэх хуудас бичүүлэхээр хандсан. Уг хүсэлт хэрэгт авагдсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очихоор мөн тэмдэгтийн хураамж авдаг. Л.Жн нь цалин орлогогүй, тэтгэвэр авдаг хүн. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд уг гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Жн нь хариуцагч “Р” СӨХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001771 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1656 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00601 дугаар тогтоолоор Л.Жнг “Р” СӨХ-ны байцаагчийн /орлого, цэвэрлэгээ хариуцсан/ ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. “Р” СӨХ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй, уг зөрчлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 20 сар үргэлжилсэн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан энэ хугацаан дахь олговрыг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.Жн “Р” СӨХ-ны байцаагчаар ажиллаж байхдаа сард 500,000 төгрөгөөр цалинжиж байсныг тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж зөв дүгнэсэн. Түүнчлэн хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргасан ажиллагсдын цалингийн тооцооны хүснэгт гэх баримтад Л.Жнгийн 2019 оны 7-12 сарын цалингаас хүн амын орлогын албан татвар суутгаагүй дүнг сарын 500,000 төгрөг гэж тусгасан нь дээрх үйл баримтыг давхар нотолж байна.

Иймд хариуцагч “анхан шатны шүүх Л.Жнгийн сарын дундаж цалинг 500,000 төгрөгөөр тооцсон, бодит байдал дээр 450,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/03492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,423 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА