Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/03602

 

 

 

 

 

 

 

2021 11 08 101/ШШ2021/03602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 51 байр 14 тоот хаягт оршин суух, Раднаа базар овогт Занабазарын *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүхийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах*******т холбогдох,

 

төлбөр төлөгчийн арилжааны банкнууд дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, З.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, А.Энх-Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын 18260824/01 тоот тогтоолын дагуу арилжааны банк дахь түүний эзэмшлийн дансыг битүүмжлүүлсэн талаар 2021 оны 6 сарын сүүлээр гадаадад албан үүргээ гүйцэтгэж яваад монгол улсад ирээд цалингаа авахаар Хас банк дахь дансаар гүйлгээ хийх үедээ мэдсэн.

Улмаар Шийдвэр гүйцэтгэгчийн түүний дансыг битүүмжилсэн тогтоолтой танилцахад уг тогтоол нь төлбөр төлөгч хуулийн этгээд болох Эгнэгт ХХК-иас төлбөр гаргуулах тухай тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дүгээр тогтоолыг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн З.*******ийн хувийн дансыг битүүмжлэн түүний хувийн хөрөнгөнд халдсан байсан. Тус шүүхийн 434 дүгээр шүүхийн шийдвэрт ямар нэг байдлаар З.*******ийг төлбөр төлөгч гэж тодорхойлсон зүйл байгаагүй. Ийм ч байх боломжгүй учир нь З.******* нь Эгнэгт ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, 2017 оноос хойш гадаад оронд албан үүрэг гүйцэтгэж байгаад өнгөрсөн 6 сард Монгол улсад ирсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн З.*******ийн хувийн эзэмшлийн дансанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хувийн хөрөнгөнд халдсан нь иргэний хуулийн 101.1-т заасан өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг зөрчиж, өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад иргэний хууль тогтоомжийг зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн талаар: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1-т Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр... шийдвэр байна" гэж заасан байдаг. Мөн хуулийн 32.3-т төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж заасан байдаг.

18260824/01 дугаарт тогтоолдоо дурдаад байгаа тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дугаартай шүүхийн шийдвэр нь иргэн З.*******т холбогдуулж гараагүй. Харин төлбөр төлөгч нь Эгнэгт ХХК-д холбогдуулан гарсан байна.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргал нь иргэн З.*******ийн хувийн хөрөнгөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох баримт бичиггүйгээр, сайн дураараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүний хувийн эзэмшлийн дансыг битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.

Компанийн тухай хуулийг зөрчсөн талаар: Компанийн тухай хуулийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байдаг.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Эгнэгт ХХК-иас 130,818,800 төгрөг гаргуулах тухай шийдвэртэй гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө төлбөрт хүрэлцэхгүй байх тул компанийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигч З.*******ийн арилжааны банк дахь харилцах дансыг дээрх төлбөрийн хувьд ногдох хэмжээгээр битүүмжилсэн нь хувьцаа эзэмшигч компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн.

Тодруулбал, хувьцаа эзэмшигч З.******* нь зөвхөн Эгнэгт ХХК-д оруулсан хөрөнгө буюу хувьцаанд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч түүний хувийн хөрөнгөнд халдсан байна.

Мөн З.******* нь уг компанийн үйл ажиллагаанд үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш оролцож байгаагүй, Эгнэгт ХХК-ийн санхүүгийн тайлантай танилцаж байсан удаа байхгүй.

З.******* нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах хуулийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба түүний гаргасан гомдлыг хангах татгалзсан байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 тоот тогтоолыг хүчингүй болгон явуулсан ажиллагааг цуцалж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, А.Энх-Учрал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дүгээр захирамжаар Эгнэгт ХХК-иас 130,818,800 төгрөг гаргуулж Брайт Даймонд ХХК-д олгохоор захирамжилжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Эгнэгт ХХК-ийн захирал М.Баярмагнайд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгч Эгнэгт ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банк дахь харилцах дансыг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй тухай хариу ирсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагааг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг удирдлага болгон төлбөр төлөгч Эгнэгт ХХК-ийн үүсгэн байгуулагч, 33.4 хувийг эзэмшигч М.Баярмагнай, үүсгэн байгуулагч, 33.3 хувийг эзэмшигч З.*******, үүсгэн байгуулагч, 33.3 хувийг эзэмшигч Н.Цогт нарын хөрөнгийг тодруулж, арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг хувьд ногдох хувьцааны хэмжээгээр зогсоосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч З.Баттүвшин нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, З.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Эгнэгт ХХК-иас нийт 130,818,800 төгрөг гаргуулж Брайт даймонд ХХК-д олгохоор зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-/ны өдрийн 18260824/01 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор, төлбөр төлөгч Эгнэгт ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Цогт, З.*******, М.Баярмагнай нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны дэлгэрэнгүй мэдээллийг арилжааны банкнуудаас шаардаж, шүүхийн шийдвэрээр төлөх төлбөр 130,818,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 406,022 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 180,000 төгрөг, нийт 131,404,822 төгрөгийн хувьд ногдох хувьцааны хэмжээ болох 43,363,592 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг арилжааны банкнуудад даалгажээ.

 

Эгнэгт ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Н.Цогт, З.*******, М.Баярмагнай нар бүртгэлтэй бөгөөд тус компанийн 33,3 хувийн хувьцааг нэхэмжлэгч З.******* эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 01 дүгээр сарын 13-/ны өдөр 18260824/01 дугаартай тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ., 86 дугаар зүйлийн 86.1.-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна. гэж тус тус заасныг баримталсан нь үндэслэл бүхий болжээ.

 

Тухайлбал, хариуцагч нь төлбөр төлөгч Эгнэгт ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй хувьцааны мэдээлэл, өмчлөх, эзэмших эрхтэй газар, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй эсэх, тус компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөнд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдсан эсэх, компанийн үүсгэн байгуулагч нарын болон компанийн эзэмшилд тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаар тодруулж, эзэмших, өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч ажилласан болох нь хавтаст хэргийн 37-69 дүгээр талд авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд Эгнэгт ХХК-ийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т тухайлан заасан нөхцөл байдал үүсчээ.

 

Дээр дурьдсан баримт бичгийг гүйцэтгэхэд төлбөр төлөгчийн эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

 

Тухайлсан харилцааг зохицуулсан хууль тогтоомж буюу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэж заасныг баримтлан, Эгнэгт ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд ногдох хувьцааны хэмжээгээр төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******т холбогдох, төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, З.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА