Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00329

 

 

 

 

*****-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03602 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ***********т холбогдох

 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, *****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүх, Т.Кунайым, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, О.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүхийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ***** нь ************ шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 тоот тогтоолоор түүний эзэмшлийн арилжааны банк дахь дансыг битүүмжлүүлснийг 2021 оны 6 сарын сүүлээр Хас банк ХХК дах дансаар гүйлгээ хийх үедээ мэдсэн.

Улмаар нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчийн түүний дансыг битүүмжилсэн тогтоолтой танилцахад уг тогтоол нь төлбөр төлөгч ****** ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дугаар захирамжийн дагуу олгосон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн *****-ийн хувийн дансыг битүүмжлэн, түүний хувийн хөрөнгөнд халдсан. Уг захирамжид нэхэмжлэгч *****ийг төлбөр төлөгч гэж тодорхойлсон зүйл байгаагүй.

Хариуцагч байгууллагаас *****-ийн хувийн эзэмшлийн дансанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүний хувийн эзэмшлийн дансыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.

Мөн Компанийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч ***** нь ****** ХХК-д оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч түүний хувийн хөрөнгөнд халдсан. Тодруулбал дээр дурдсан маргаан бүхий тогтоолоор төлбөр төлөгч ****** ХХК-аас 130,818,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө төлбөрт хүрэлцэхгүй байх тул компанийн 33,3 хувийн хувьцаа эзэмшигч *****-ийн арилжааны банк дахь харилцах дансыг дээрх төлбөрийн хувьд ногдох хэмжээгээр битүүмжилсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дах заасныг зөрчсөн.

Хэдийгээр ***** нь****** ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, 2017 оноос хойш гадаадад албан үүрэг гүйцэтгэж байгаад, өнгөрсөн 6 сард Монгол улсад ирсэн. Компанийн санхүүгийн тайлантай танилцаж байсан удаа байхгүй. Иймд ************ шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, *****т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ************ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 дүгээр захирамжаар ****** ХХК-аас 130,818,800 төгрөг гаргуулж ****** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ****** ХХК-ийн захирал ****** шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй.

Иймээс төлбөр төлөгч ****** ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банк дахь харилцах дансыг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мэдэгдэл хүргүүлэхэд данс эзэмшдэггүй тухай хариу ирсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагааг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах заалтыг удирдлага болгон төлбөр төлөгч ****** ХХК-ийн үүсгэн байгуулагч, 33,4 хувийг эзэмшигч ******, үүсгэн байгуулагч, 33,3 хувийг эзэмшигч *****, үүсгэн байгуулагч, 33,3 хувийг эзэмшигч ***нарын хөрөнгийг тодруулж, арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг хувьд ногдох хувьцааны хэмжээгээр зогсоосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ***********т холбогдох, төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай ************ 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, *****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.а.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар компанийг иргэний эрх зүйн харилцааны бие даасан субъект болох, мөн хувьцаа эзэмшигчийн компанид бусдын өмнө хүлээх хариуцлагыг баталгаажуулсан байдаг.

Гэтэл шүүхээс компани болон хувьцаа эзэмшигч нь хоёр нь тусдаа бие даасан иргэний эрх зүйн субъект байх талаарх үндсэн зарчмыг зөрчиж, "******" ХХК-аас төлбөр гаргуулах тухай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд, гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч гэж заагаагүй, төлбөр гаргуулахаар тодорхойлоогүй хувьцаа эзэмшигч *****-ийн арилжааны банк дахь харилцах хадгаламжийн данс дахь хувийн мөнгөн хөрөнгийг компанид эзэмшдэг 33,3 хувийн хувьцааны хувьд ногдох хэсгээр битүүмжилж, хасалт хийсэн ажиллагааг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүхээс ийнхүү дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсгийн заалтаар баталгаажуулсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгөөр тухай хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага хязгаарлагддаг гэх агуулгыг буруу тайлбарлаж 33,3 хувийн хувьцаанд ногдох хэмжээгээр нөхөж хариуцлага хүлээх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль бус болсон.

Маргаан бүхий тогтоолын дагуу битүүмжилсэн *****-ийн эзэмшлийн харилцах, хадгаламж дахь мөнгөн хөрөнгө нь *****-ийн "******" ХХК-д эзэмшдэг хувьцаанд оруулсан хөрөнгө биш. Гэтэл шүүх Компанийн тухай хуулийн дээрх заалтын агуулгын буруу тайлбарлаж, компанийн эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн мөнгө хөрөнгөө өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн

4.б. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон талаар: Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч компаниас төлбөр гаргуулах тодорхой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 49, 50 дугаар зүйлд заасан журмаар бүрэн явуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч "******" ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх, мэдэгдэл хүргүүлсэн эсэх, төлбөр төлөгч "******" ХХК-ийн дансыг битүүмжилж, түүнээс хасалт хийх талаар шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэгдэж, тогтоолын хэрэгжилтийн хангасан эсэх талаар нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Харин хэрэгт "******" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн дансыг битүүмжилж хасалт хийх тогтоол байдаг.

Нэхэмжлэгч *****-ийн дансыг битүүмжилж, хасалт хийх тогтоол 2020 оны 01 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн атал хавтаст хэрэгт авагдсан "******" ХХК-ийн данс болон эд хөрөнгөтэй эсэх талаарх албан бичиг, арилжааны банкнуудаас лавлагаа шаардсан нь тогтоол үйлдэгдсэнээс хойно гарсан байдаг. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч "******" ХХК-ийн нийт эд хөрөнгө санхүүгийн байдлыг бүрэн тогтоогоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль заасан журам, дарааллаар нь явуулаагүй он цагийн хувьд зөрүүтэй нь тодорхой байна. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв талаас нь бүрэн дүгнээгүй төлбөр төлөгч "******" ХХК-ийн эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хариуцагчаас бүрэн, хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт "******" ХХК-ийн эд хөрөнгө төлбөр хүрэх эсэхийг шийдвэр гүйцэтгэгч бүрэн тогтоосон байх тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийн. хувийн дансыг битүүмжлэх, хасалт хийх тогтоолыг үйлдсэн нь буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь Компанийн тухай хууль ганцхан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шалган тогтоосон бол мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалтыг хэрэглэх утга агуулга байхгүй, тус зүйл заалт дахь зааглагдаагүй хөрөнгөнд хувьцаа эзэмшигч *****-ийн шүүхийн шийдвэр гарснаас хойш үүссэн түүний эзэмшлийн хувийн данс дахь мөнгөн хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2018 онд ****** ХХК-д холбогдох баримт бичиг *********** ирж, тус байгууллагыг хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа авсан боловч хөрөнгө тогтоогдоогүй. Хувьцаа эзэмшигчдийн талаар лавлагаа гаргуулахад н.Ц, н.Б, ***** нар тус тус 33,3 хувийн хувьцаа эзэмшиж байсан. ****** ХХК 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулахад хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хүртэж байсан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт хувьцаа эзэмшигч нь оруулсан хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Хэдэн төгрөгийн ашиг хүртсэн тухай баримтаа гаргаж өгөх эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Хөрөнгө зааглагдсан эсэх талаар баримт гаргаж өгөх эрх н.Ц, н.Б, ***** нарт нээлттэй байсан. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй. н.Цогт, н.Баярмагнай, ***** нар энэ үндэслэлээр маргаж дансаа нээлгэвэл Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэр биелэгдэх зарчим алдагдана. ***** нь компанийн үйл ажиллагаанд оролцож байсан учраас 2018 онд шүүхийн шийдвэр гарсныг мэдээгүй гэж тайлбарлах үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч ***** нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ************ шийдвэр гүйцэтгэгчийн 18260824/01 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, *****т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 26/

3.Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

5.*********** нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00434 дугаартай захирамж, мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгч ***** нь ****** ХХК-ийн хувьцааны 33,3 хувийг эзэмшдэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагч ************ шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 18260824/01 дугаартай тогтоол гаргаж, төлбөр төлөгч ****** ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкинд байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн хэмжээ болох 131,404,822 төгрөгийн хувьд ногдох хувьцааны 43,363,592 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, битүүмжлэгдсэн данснаас 43,363,592 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дансанд шилжүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэхийг даалгажээ. /хх-37,38,60,70,79,93,97,98/ Уг тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан байна.

5а.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулах эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцаж болохоор Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт заажээ.

5б.Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хувийн эд хөрөнгөөс заагласан, эсхүл зааглаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх газраас дээрх ажиллагаатай холбоотой төлбөр төлөгч компанийн дүрэм, санхүүгийн бүртгэл тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт зэргийг гаргуулахаар шаардсан, мөн нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

5в.Мөн нэхэмжлэгч *****-ийн битүүмжлэгдсэн харилцах болон хадгаламжийн дансыг ****** ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг эсэх нь тодорхойгүй байна.

5г.Анхан шатны шүүх, төлбөр төлөгч ****** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй хөрөнгийн талаар Нийслэлийн газрын алба, Татварын ерөнхий газар, Автотээврийн газар, арилжааны банкууд руу явуулсан лавлагаа, мэдээлэл зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *****-ийн эзэмшдэг хувьцааны хэмжээгээр түүний арилжааны банк дах хувийн дансыг битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

5д.Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид төлбөр төлөгч компанийн өр төлбөрийг хариуцуулсан үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлийг нотолсон баримт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үзнэ.

5е.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай Төлбөр төлөгчийн арилжааны банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх хэсгийн нэхэмжлэгч *****т холбогдох хэсгийг хүчингүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03602 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18260824/01 дугаартай Төлбөр төлөгчийн арилжааны банкнууд дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4-т заасан нэхэмжлэгч *****т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД